| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00654/и |
| Дугаар | 01452 |
| Огноо | 2019-12-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 01452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Бямбасүрэн, Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Н--ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б холбогдох
Гэм хорын хохирол 1.948.813 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Давж заалдах шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 07 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Улаанбаатар хотруу ажлаар явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг Нарийн хөндий гэх газар өөрийн Nissan Tida маркийн ДАР 65-97 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед Орхон аймгийн харьяат Б,Батзаяа гэгч нь эсрэг урсгалаас гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж sonata-6 маркийн ОРО 49-97 улсын дугаартай машинаар миний машиныг мөргөж миний бие эрхтэн болон сэтгэл санаа эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулан өнөөдрийг хуртэл нэг ч төгрөг өгөхгүй хохироож байна. Тухайн хэрэг учрал болох үед цагдаагийн ажилтан ирж зохих ажиллагааг хийж Б.Бгаг эсрэг урсгалаас гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, мөн өөрийн эзэмшлийн бус машиныг жолоодож явсан гэх мэт 100 хувь буруутайг тогтоосон. Миний бие нь тухайн өдөр тус Баянгол сумын эмнэлгийн яаралтай тусламжийг авч мөн тэр өдрийн орой нь Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт үзүүлэн хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэснээр 2017 оны 07 сарын 20-ноос 07 сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын "Ачтан" эмнэлэгт, 07 сарын 31-нээс 08 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд West уламжлалтын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Гэвч миний биеийн байдал муудаж ослоос үүдсэн гэмтлээс шалтгаалж мэс засалд орох болсон тул дахин Улаанбаатар хотод "Ачтан" эмнэлэгт хэвтэн 2017 оны 08 сарын11-нд мэс засалд орсон. Энэ хугацаанд Б.Б нь нэг ч удаа надтай холбогдоогүй бөгөөд мэс засалд орохын өмнө Улаанбаатар хотод нэг удаа уулзан эмчилгээний зардал гаргаж өгөөч гэж гуйсан боловч харин миний өөдөөс “танд өгөх мөнгө алга надад сая төгрөг байна, танд өгч чадахгүй, миний хүүхэд хатгаа авчихаад байна тийм учраас би еөрийнхөэ хүүхдийг эмчлүүлнэ” гэсэн хариу өгсөн тул би гэрлүүгээ буцан Ерөө лүү ирж өөрийн тэтгэврийн зээлийг авч очин мэс засалд орсон. Б.Б нь миний эмчилгээний зардал ослоос үүдэн надад гарч байгаа хохирол зардлыг төлж намайг хохиролгүй болгох ёстой боловвч машинд гарсан эвдрэлийг гүйцэд засаагүй, Улаанбаатар хотод дэнжийн мянгын орчим нэг айлын хашаанд цасанд дарагдсан байдалтайгаар 11 дүгээр сард олж авсан /зарим засварыг би өөрөөсөө мөнгө гарган зассан болно/ Миний биед гарсан гэмтэл, сэтгэл санааны хохиролд одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй байна. Миний бие нь тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэн орон нутагтаа ирсэн боловч одоо болтол бие маань сайн тэнхэрч өгөхгүй байгаа бөгөөд би өөрөө тэтгэврийн мөнгөөр амьдардаг тул ихэнхи мөнгөө эмэнд зарцуулж байна. Иймд С.Н- би Б.Бгаас ослын дараах эмчилгээний зардал 1.264.000 төгрөг, тухайн уед Зуүнхараагийн Цагдаагийн газарт хэрэг шийдвэрлэгдэж байсан тул Зүүнхараа луу явсан зардал 225.812 төгрөг, эмний мөнгө 30.251 төгрөг эмнэлэгт хэвтэж байх үед авсан хүнсний зардал 59.468 төгрөг, машинд гаргасан зардал 177.500 төгрөг, тэтгэврийн зээлийн хүү 3 сарын 191.782 төгрөг, нийт 1.948.813 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд эмчилгээний болон бусад зардал болох нийт 1.948.813 төгрөгийг Б.Бгаас гаргуулж өгнө үү. ... Нэхэмжлэл дээрээ West эмнэлэг гэж би алдаатай бичсэн байж болно. Гэхдээ энэ бол хараагүй иргэдийн бариа заслын төв юм. Намайг эмчлүүлж байхад Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25-р эмийн сангийн тэнд байсан. Би энэ ослын улмаас толгойгоо даахгүй байсан. Би тэнд л эмчилгээ хийлгэж хөл дээрээ босож ирсэн нь үнэн. Гэхдээ энэ газар нь эмнэлэг биш юм билээ. Намайг барьж эмчилгээ хийсэн хүнтэйгээ уулзахад “бид хараагүй хүмүүс учраас ямар нэг байдлаар шүүхэд тодорхойлолт хийхийг хориглодог” гэж хэлсэн. Нэгэнт заавал албан ёсны эмнэлгийн тодорхойлолт хэрэгтэй гэж үзэж байгаа бол би “West” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн баримтан дахь үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. ... Эмнэлгийн баримтан дахь баар код солигдсон талаар мэдэхгүй байна. Надад хуурамчаар баримт бүрдүүлэх шаардлага байхгүй. Ачтан эмнэлгийн нэг өдрийн төлбөр 60.000 төгрөг, нийт 600.000 төгрөг гарахад миний даатгалаар 150.000 төгрөгийг хөнгөлж 550.000 төгрөг болж байсан. Хагалгааны төлбөрийн баримт хэрэгт байгаа. Би бүх баримтыг хавсаргасан. Эмний 30.000 төгрөгийн баримт өгсөн. Уг нь бол үүнээс ч их мөнгөөр эм тариа авсан ч байгаа баримтын хүрээнд л нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Машины тухайд машиныг маань засаж өгсөн гэж надтай огт хүлээлцээгүй, огт уулздаггүй. Эмнэлэгт хэвтэж байхад нэг ч удаа холбогдож байгаагүй. Нэг удаа би хүүхдээрээ хөөцөлдүүлэн байж холбогдоход Б.Бгийн эхнэр нь “одоо 1 сая төгрөг л байна. Гэхдээ хүүхдүүд өвдсөн учир таньд өгөх боломж алга” гэж хэлээд тасалж байсан. ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй энэ хүн өмнөх шүүх хуралдаан дээр мөн л ингэж хэлж байсан. Өмнө тал харваж байсан гэдгээ би өөрөө хэлж байсан. Яг осол болоход миний даралт маш өндөр болж дахин харвах маш өндөр эрсдэлтэй байсан. Би өөрийнхөө биеэр тоглоом хийхгүй. Миний тархинд цус хураагүй, хэвлийд цус хурсан учраас би хэвлийн хагалгаанд орсон. Ачтан эмнэлгээс гарахдаа би толгойгоо даахгүй байсан, “West” эмнэлэгт бариа засал хийлгэж байж л би дахиж хөл дээрээ босож ирсэн. Ингэж хүнийг хамаагүй гүтгэж байгаад үнэхээр гомдолтой байна. Би худал хэлж хүнээс мөнгө авахгүй гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Н- надаас хохиролд 1.948.813 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.
Үүнд: 1. 2017-07-19-ны өдөр авто ослын улмаас С.Н-ийн авто машинд эвдрэл гарсан учир би өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний авто машиныг Улаанбаатар хотод бүрэн засварт оруулж өгсөн учир авто машины 177.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.
2. С.Н- банк хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж банкны өмнө зээл болон хүү төлөх үүрэг зээлдэгч болох С.Н-т байгаа учир би түүний өмнөөс түүний зээлдэж авсан зээлийн хүүг төлөх үүрэг хүлээхгүй учир зээлийн хүү гэж нэхсэн 191.782 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.
З. Эмчилгээ, хүнсний зүйлийн үнэ гэж нийт 1.264.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч С.Н-ийн биед учирсан гэмтэлд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр түүний биед тархи доргилт,хэвлийн өмнөд өөхөн эд дэх цусан хураа, баруун хөхөнд нь цус хуралт бүхий гэмтэл үүссэн гэсэн дүгнэлт гарсан байсан. Дээрх гэмтэл нь түүний хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн байсан. Эмчилгээний зардалд төлбөр өгөх гэтэл тухайн үед мөнгө авахгүй байсан. С.Н-ийн нэхэмжлэлээс харахад 2 удаа эмнэлэгт хэвтэж нэг удаа бариа заслын эмчилгээ хийлгэсэн гэжээ. Эмчилгээний зардлын хувьд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн төлөх болно.
4. Эдгээрээс 59.468 төгрөгийн хүнс авч идсэний төлбөр гэжээ. Энэ төлбөрийг мөн хариуцан төлөх үндэслэл байхгүй.
5.Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Баянгол сум ороход нийт замын зардал нь 225.812 төгрөг гарах учиргүй юм.Үүнийг мөн бодит зардлын баримтуудыг үндэслэн төлөх болно. Одоогийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаас нийт 428.750 төгрөг болж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 428.750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Тодруулбал машиныг нь бүрэн засаж өгсөн учир машинд засвар үйлчилгээ хийсэн мөнгө, замын зардал, “West” эмнэлэгт үзүүлсэн мөнгө, мөн Ачтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд дахь баар код болон эмнэлгийн нэршил зөрүүтэй байгаа учраас эдгээр зөрүүтэй баримтууд дахь мөнгөн дүн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн Б.Бг эмнэлэгт эргэж очъё гэхээр нэхэмжлэгч өөрөө ирэх хэрэггүй гэж хэлсэн гэдэг. Тиймээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс 428.750 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н- нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэм хорын хохирол 1.948.813 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба, хариуцагч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаас 428750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.
Хариуцагч Б.Б 2017 оны 07 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг Нарийн хөндий гэх газар Sonata-6 маркийн ОРО 49-97 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Nissan Tida маркийн ДАР 65-97 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж, уг машиныг жолоодож явсан нэхэмжлэгч С.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл, Nissan Tida маркийн ДАР 65-97 улсын дугаартай машинд 2108000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч, д/ч Л.Наранбаатарын 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 30-ны 861 дугаартай, 09 сарын 27-ны өдрийн 1009 дугаартай дүгнэлтүүд, осол болсон үед авсан гэрэл зургууд, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн материалаас хуулбарласан баримтууд /хх-ийн 4-11, 27-33, 71-74-р тал/-аар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь дээрх зам тээврийн ослын улмаас гэмтэл авч 2017 оны 07 дугаар сарын 19-ний орой нь Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт үзүүлэн хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсний дагуу 2017 оны 07 сарын 20-ноос 07 сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын "Ачтан-Элит" клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэж байгаад түүний биеийн байдал муудаж, ослоос үүдсэн “...хэвлийн өмнөд хананы өөхөн эд дэх цусан хураа...” бүхий гэмтлээс шалтгаалж, мэс засалд орох болсон тул "Ачтан-Элит" клиникийн эмнэлэгт дахин хэвтэж эмчлүүлж, 2017 оны 08 сарын11-ны өдөр мэс засалд орсон болох нь эрүүл мэндийн дэвтэр, Ачтан-Элит клиникийн эмнэлгийн өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, хэт авиан оношилгоо, мэс заслын тэмдэглэл, эмчлүүлэгчийн үзлэгийн тэмдэглэл, /хх-ийн 49-61,119-155-р тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас ослын дараах эмчилгээний зардал 1.264.000 төгрөг, тухайн үед Зүүнхараагийн цагдаагийн газарт хэрэг шийдвэрлэгдэж байсан тул Зүүнхараа руу явсан зардал 225.812 төгрөг, эм тарианы мөнгө 30.251 төгрөг, эмнэлэгт хэвтэж байх үед авсан хүнсний зардал 59.468 төгрөг, машинд засвар хийсэн зардал 177.500 төгрөг, тэтгэврийн зээлийн 3 сарын хүү 191.782 төгрөг, нийт 1.948.813 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Н- нь “ ...би нэхэмжлэл дээрээ West эмнэлэг гэж алдаатай бичсэн байж болно. Гэхдээ энэ бол хараагүй иргэдийн бариа заслын төв юм. Намайг эмчлүүлж байхад Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25-р эмийн сангийн тэнд байсан. Би энэ ослын улмаас толгойгоо даахгүй байсан. Би тэнд л эмчилгээ хийлгэж хөл дээрээ босож ирсэн нь үнэн. Гэхдээ энэ газар нь эмнэлэг биш юм билээ. Намайг барьж эмчилгээ хийсэн хүнтэйгээ уулзахад “бид хараагүй хүмүүс учраас ямар нэг байдлаар шүүхэд тодорхойлолт хийхийг хориглодог” гэж хэлсэн. Нэгэнт заавал албан ёсны эмнэлгийн тодорхойлолт хэрэгтэй гэж үзэж байгаа бол би “West” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн баримтан дахь үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна...” гэж тайлбарласан ба “West” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, төлбөр төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Шүүх дээрх зардлуудаас хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан баримтад үндэслэн “Ачтан-Элит” клиникийн эмнэлэгт эмчлүүлсний зардалд 1.091.500 төгрөг, Зүүнхараа руу явсан бензиний зардалд 205.812 төгрөг, эм авсан зардалд 30.251 төгрөг, нийт гэм хорын хохиролд 1.327.563 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас эвдэрсэн машиныг засуулсан зардлыг гаргуулан авсан байх тул машинд сэлбэг авч тавихад гарсан зардал 177.500 төгрөг, мөн нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтэж байх үед авсан хүнсний зардал 59.468 төгрөг, тэтгэврийн зээлийн 3 сарын хүү 191.782 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 621.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 1.327.563 /нэг сая гурван зуун хорин долоон мянга таван зуун жаран гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 621.250 /зургаан зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.131 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 36.191 төгрөгийг гаруулан нэхэмжлэгч С.Н-т олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Л.АРИУНЦЭЦЭГ