Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 02

 

 

Б.Г-д холбогдох

                                                                   эрүүгийн хэргийн тухай                                                                                 

     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Хяналтын прокурор: Б.Догмиддорж,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр, Э.Эрдэнэбаатар,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Саранчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Cум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Г-д холбогдох, эрүүгийн 1920001370128 дугаартай, 2 хавтас, 328 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө саатуулагдсан иргэн Б.О-н 6,6 грамм жинтэй шар өнгийн монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авсны улмаас 561000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-аас 561 000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалуулахаар,

Шүүгчдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт хэргээ ойлгож ухаарсан, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, учруулсан гэмт үйлдэлдээ чин санаасаа гэмшиж байгаа. Цаашид нийгэмд биеэ зөв авч явах бүрэн боломжтой тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэн оногдуулах боломжтой юм. Шүүгдэгч нь эхнэр, бага насны охинтойгоо ам бүл гурвуулаа амьдардаг. Иймд хохирол төлбөргүй, хохирогчтой уулзаж уучлалт гуйсан мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх Б.Гыг гэм буруутайд тооцохдоо нотлох баримтаар үнэлсэн эд мөрийн баримт болох сидид анх хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам баримтлан үзлэг хийсэн, хурааж авсан талаар үйлдэгдсэн тэмдэглэл, холбогдох бусад баримт хэрэгт бэхжүүлэгдээгүй тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүлжүүлэх байрны бичлэгт агуулагдан үлдсэн төхөөрөмж нь цахим эд мөрийн баримтад тооцогдоно гэж үзэж байна. ...Гэтэл хяналтын камерын бичлэгийг төхөөрөмжөөс сидид бичлэг хуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг хангасан уу гээд үзэхэд хэргээс ийм зүйл харагдахгүй байна. Ямар үндэслэл журмаар, хэзээ, хаана, ямар төхөөрөмжөөс хуулбарласан нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй тул хуульд зааснаар цуглуулсан, бэхжүүлсэн, хуулийн шаардлага хангасан эд мөрийн баримт гэж нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсээс ирүүлсэн сиди гэж тусгасан байсан. Тэгэхээр анх хийсэн албаны шалгалтын баримт болон сидид бичлэгийг хуулбарласан гэж ойлгогдохоос цаашгүй, хэзээ, хэрхэн, яаж хуулбарлаж бэхжүүлсэн тухай баримт байхгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага мөрдөн шалгах ажиллагаагаар хангагдаагүй байна. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтыг судлахад ...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн өглөө эрүүлжүүлэх хүлээлцээгүй, бөгж байсан эсэх нь бүртгэл тэмдэглэл гэх баримтаар тогтоогдоогүй, 4 хоногийн дараа алга болсон гэдгийг мэдсэн. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буюу 5 дахь хоног дээр бичлэгийг шүүж үзсэн. Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд Б.Г нь баруун гараараа үл мэдэгдэх зүйл аваад халаас руугаа хийж авсан гэж бэхжүүлсэн, түүнээс биш бөгж авсан гэх үйл баримт бичлэгээс харагдаагүй, тогтоогдоогүй байна. Үүнээс дүгнэхэд бөгж 2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө хураагдсанаас хойш 4 хоногийн аль ч хугацаанд алдагдсан байх магадлалтай. Үүнийг үгүйсгэсэн үйл баримт хэрэгт авагдаагүй. Эд мөрийн баримт сидиг зөвхөн Б.Гын сейф онгойлгосон 2 удаагийн үйлдлийг тусгайлан хэсэгчилж хуулбарласан. Түүнээс биш 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 42 минутаас хойш буюу хураагдсанаас хойш 4 хоногийн дараа буюу 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацааны үйл баримтыг бүхэлд нь хуулж баримтжуулаагүй. Зөвхөн Б.Гт хамааралтай үйлдлийг хуулж авсан байсан. Уг хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар татсан, хяналтын камерын бичлэгийг 7-14 хоног хадгалагддаг, сэргээгдэх боломжгүй гэдэг. Өмгөөлөгч миний зүгээс үзэхэд хяналтын камерын бичлэгийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр анх сидинд хуулбарлахдаа энэ журмыг баримтлан хуулах боломж, бололцоо байсан гэж үзэж байна. Гэтэл журмыг баримтлан аваагүй байна. ...Б.Г баруун гараараа үл мэдэх зүйл авсан гэх бичлэгийг үзсэн гэрчүүдийн мэдүүлэг болон дээр дурдсанаар хуулийн шаардлага хангаагүй сиди бичлэгийг үндэслэн ял оногдуулсан нь хүний эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь би дүү О-д 2019 оны 01 дүгээр сард “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрээс бөгжийг 497 000 төгрөгөөр авч өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ алдагдсан гэх бөгжний өөрийнх нь орц, сорьцыг шинжиж, жинлэж үзээгүй, ижил төстэй бөгжтэй харьцуулж үнэлсэн үнэлгээний дүгнэлтээр 561 000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон нь хохирол үндэслэлтэй тогтоогдоогүй гэж үзэж байна. Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа болсон байна.

4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нилээн хэдэн удаа зарлагдсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн товыг шүүгдэгчид мэдэгдээгүй, оролцуулахгүйгээр хийсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүх нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан...” гэв.

Хяналтын прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Тухайн CD-д байгаа бичлэгийг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан. СD-тэй холбоотой гэрч нарыг анхан шатны шүүх хуралдаан дээр асууж мэдүүлэг авсан. Бөгжийг граммлаж шинжлээгүй, шууд эд зүйлийн үнэлгээ гаргасан гэж хэлж байна. Бөгж хулгайд алдагдсан учир граммлах боломжгүй. Урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж байна. Энэ тухай мэдэгдсэн. Нэг өмгөөлөгч нь гэм буруугүй гээд нөгөө өмгөөлөгч нь гэм буруугаа хүлээсэн гээд байна. Миний ойлгож байгаагаар Б.Г гэх хүн гэм буруугаа хүлээгээд хохирол, төлбөрөө төлсөн гэж ойлгож байна. Прокурорын зүгээс тайлбар өгөхдөө Дорноговь аймаг Замын-Үүд сумын сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гт 6 сар хорих ял эдлүүлэхээр шийдсэн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны 2019/ШЦТ/146 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Учир нь: Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч Б.Г нь 2019 оны 03-р сарын 06-07-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байхдаа эрүүлжүүлэх байранд саатуулагдсан иргэн Б.О-н өмчлөлийн эд зүйл болох 6.6 гр жинтэй монетон бөгжийг түр хураан авч тус хэлтсийн сейфэнд хадгалсан үед нь хулгайлж, бусдад 561000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Н.У /1-р хх-ийн 23-27/, Х.С /1-р хх-ийн 31-33/, Ж.Э /1-р хх-ийн 188-191/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г /1-р хх-ийн 20-21/ нарын мэдүүлэг, тус хэлтсийн цагдаагийн хэлтсийн камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-16/ зэргээр тус тус тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба хохирогчийн хувьд хохирлоо төлүүлэхийг хүссэн бол яллагдагч Б.Г нь хэрэгт Ж.Э-г шалгуулах, хяналтын камерын бичлэгийг дахин шалгуулахыг хүссэн байна.

Ж.Э нь 2019 оны 03-р сарын 06-07-нд шилжих шөнө Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн цагдаагаар шүүгдэгч Б.Гтай хамт үүрэг гүйцэтгэсэн, хяналтын камерын бичлэгт “...Б.Г нь гадуураа цагдаагийн албаны өвлийн курткатай орж ирээд эрүүлжүүлэх байрны төмөр сейфийг нэг бүрчлэн онгойлгож байхад түүний араар шар өнгийн цагдаагийн албаны хантааз өмссөн цагдаагийн алба хаагч өнгөрөх ба түүний дараа жижүүрийн мөрдөгч Б.Г нь тухайн цагдаагийн алба хаагчийн явсан зүг рүү 2 удаа харж байгаад тус төмөр сейфнээс баруун гараараа үл мэдэгдэх зүйл аваад халаас руугаа хийж дахин тэр зүг рүү 2 удаа харна” гэж /1-р хх-ийн 15/ тэмдэглэгдсэн ба тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...өглөөний 06 цагийн орчим ... Б.Г сейфнүүдийг онгойлгож үзээд байхаар нь тэрээр сейфэнд хориглосон зүйл байгаа эсэхийг өөрийн биеэр эрүүлжүүлэх байранд хяналт шалгалтыг хийж байгаа юм байх гэж бодоод араар нь өнгөрөөд амрах өрөөнд байгаа хүмүүсийг шалгасан юм” гэж /1-р хх-ийн 190-р тал/ мэдүүлсэн нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн дүрс болон тэмдэглэлтэй тохирч байгаа ба түүний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан “мэдүүлэг авах журам”-д нийцэж авагдсан, үнэн зөв мэдүүлэг гэж үзлээ.

Дүрс бичлэг болон тэмдэглэл, бусад гэрчүүдийн мэдүүлэгт цагдаа Ж.Э энэ хэрэгт хамааралтай гэх сэжиг бүхий үндэслэл тогтоогдоогүй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

 Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны эмч Н.У /1-р хх-ийн 23-26/ нь эрүүлжүүлэгдсэн иргэн Б.О-н биеэс бөгж болон бусад эд зүйлийг хураан тус байрны 6 номерын сейфэнд хадгалсан ба шүүгдэгч Б.Г нь уг сейфнээс 04 цагийн орчимд тамхи, 06 цагийн орчимд юу нь үл мэдэгдэх зүйлийг авч халаас руугаа хийсэн болох нь тус тус мөрдөгчийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-16/, хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг ...нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан  “хулгайлах” гэмт хэргийн шинжүүдэд тус тус нийцсэн.

Анхан шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялын доод хэмжээ ба ял шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, “Шударга ёсны зарчим”-д нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Г нь төрийн тусгай албан хаагч, хууль сахиулах байгууллагын ажилтан ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.5-д заасан ял хүндрүүлэх нөхцөлд хамаарч байх тул түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол гаргахдаа хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяраас гаргасан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатараас гаргасан шүүгдэгч Б.Г-д анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгийг хууль бусаар гаргуулсан, хэрэгт бичлэгийг хуулбарлаж өгсөн Б.Ч-г хамаатуулан шалгуулах, хохирлыг 561000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь үндэслэлгүй байна.

Учир нь: хохирогч Б.О-н эхнэр М.А нь 2019 оны 03-р сарын 12-ны өдөр Замын-Үүд дэх Сум дундын Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу албаны шалгалт хийсэн ба Дорноговь аймгийн Цагдаагийн газраас жижүүрийн мөрдөгч Б.Г-ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар явуулсан хүсэлтийн дагуу тус хэлтсээс 2019 оны 05-р сарын 13-ны өдөр албан бичгээр мэдээлсний дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.

Албаны шалгалт хийх үед шалгагдсан эрүүлжүүлэх байрны дүрс бичлэгийг мөрдөгч Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хуулбарлуулан авч уг дүрс бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдэж, бичлэгийн хамт хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасан хэрэгт нотлох баримтыг олж авах журмыг зөрчөөгүй ба түүнд нийцүүлж эдгээр нотлох баримтыг хэрэгт олж авсан гэж үзэхээр байна.

Мөн гэрч Б.Ч нь 2019 оны 03-р сарын 06-07-нд шүүгдэгч Б.Г-ын хамт эрүүлжүүлэх байрны жижүүрээр ажилласан ба нийтийн хэв журам хамгаалах хэсгийн даргын тушаалын дагуу уг өдрийн эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 72-74/-ээр тогтоогдсон, гэрч Б.Ч нь энэ хэрэгт хамааралтай эсэх талаарх сэжиг бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Тодруулбал: Хяналтын камерын бичлэгт эрүүлжүүлэх байрны сейфнүүдэд дан ганц шүүгдэгч Б.Г л онгойлгож, эд зүйл авч байгаа дүрс бичигдсэн,  гэрч Б.Ч уг сейфнүүдийг онгойлгож, эд зүйл авсан гэх дүрс бичлэг болон өөр бусад үндэслэл бүхий нотлох баримт энэ хэрэгт байхгүй.

Алдагдсан бөгжийг хэрэгт 561000 төгрөгөөр үнэлэгдсэн, хэргийн оролцогч нарын зүгээс үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргаагүй байна.

 Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатараас гаргасан дээрх үндэслэлүүд үндэслэлгүй байна.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс гаргасан шүүгдэгч Б.Г-д холбогдох шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Cум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяраас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Г-н  цагдан хоригдсон 31 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                   А.САЙНТӨГС