Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0056

 

 

 

                                      

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК, /РД:60*****/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/7* дүгээр тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Хоёр: Хэргийн нөхцөл байдал болон процессын түүхийн талаар:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар “С” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт оршин Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор орших Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 0.2 га газрыг ашиглах 2016/0070 дугаар гэрчилгээ олгожээ.[1]

2.2. Нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийг гэрчилгээ олгосноос хойш 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Х” ХХК-тай “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх” гэрээг байгуулж[2], аялал жуулчлалын бааз байгуулах орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан,[3] 2021 онд  “аялал жуулчлалын бааз”-ын төслийн газрын байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг тус тус хийлгүүлсэн[4].

2.3. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2019/119 тоот гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй байгуулсан бол Хан-Уул дүүргийн Засаг дарга уг гэрээнд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулаагүй байна.

2.4.Мөн Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд “Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардалд 1,000,000 төгрөг шилжүүлж байжээ[5].

2.5. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа[6], Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна.

2.6. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр тушаалаар[7] “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож, уг шийдвэрээ  2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 546 дугаар “Тусгай хамгаалалттай газар нутаг газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” албан бичгээр дээрх маргаан бүхий тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан болохыг мэдэгдсэн байна[8].

Гурав: Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:

3.1.Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулахаар хандаж, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээг байгуулсан. Үүний дараа Хан-Уул дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан ч баталж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээ байгуулагдаагүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэгч компанийн зүгээс газар дээрээ үйл ажиллагаа явуулах зорилгоор зураг төсөл, хамтран ажиллах гэрээ болон өөр шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Бодитоор үйл ажиллагаа явуулах гэхээр хажууд нь орц гарцыг хааж газар олгож аж ахуйн нэгжүүд зам барьсан нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн газар дээр шороон овоолго үүсгэсэн. Энэ асуудлыг шийдвэрлэх явцад маргаан бүхий А/7* дүгээр тушаал гарсан. Энэхүү тушаал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан заалтуудыг үндэслэл болгож зөрчсөн гэж гарсан.

3.3.Гэвч нэхэмжлэгч нь 2020 оны газрын төлбөрүүдийг төлсөн. Хан-Уул дүүргийн Татварын албанаас 2 удаа нэхэмжлэх ирсэн. Уг нэхэмжлэхийн дагуу газрын төлбөрийг төлсөн. Өмнө нь газрын төлбөрийн нэхэмжлэх ирээгүй. Газар ашиглахтай холбоотой гурван талт гэрээ өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй. Газрын төлбөр төлөх үүрэг, газар ашиглах зориулалт зэрэг нь гэрээ байгуулагдсанаар бодитоор бий болно. Хан-Уул дүүргийн Засаг даргаас гэрээг баталгаажуулаагүй. Маргаан бүхий тушаал гарахдаа хэдэн төгрөгийн төлбөрөөс хэдийг нь төлөөгүй гэж буруутгаад байгаа үндэслэл нь тодорхой бус. Жагсаалт аваад төлбөр төлөөгүй гэж буруутгаж байгаа байгаа ч хэдэн төгрөгийн төлбөр төлөөгүй гэсэн буруутгаж байгаа үндэслэл байхгүй.

3.4.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг хариуцагч байгууллагаас хэрхэн тогтоосон талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баримт шаардахад энэ үндэслэлийг хэрхэн тогтоосон талаарх баримт байхгүй.

3.5.Холбогдох хуулиас үзэхэд ашиглаагүй гэдгийг газар дээр нь очиж үзлэг хийх, баримтаар баталгаажуулах, гэрээ хэлэлцээр байгуулсан эсэх, зураг төслөө батлуулсан эсэх баримт материалыг лавлаж асуугаад ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй гэж нотлох баримтыг бий болгох ёстой. Акт гаргахдаа нотлох зүйлсээ нотлох баримтаар тогтоох ёстой. Энэ шаардлага хангагдаагүй. Хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-3/5988 тоот “Эрүүгийн цагдаагийн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрх авсан аж ахуйн нэгжүүд мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар гэмт хэрэгт орооцолдоод байна, энэ хүрээнд 660 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул хүчингүй болгуулах” тухай албан бичгийг үндэслэсэн.

3.6.Гэмт хэрэг илрүүлэх зэрэг нь мөрдөн байцаагчийн ажил. Мөрдөгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ажиллагаа хийж, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг тогтоохгүй. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагын хэрэгжүүлэх үүрэг. Энэ эрхэд нь халдсан асуудлаар мэдэгдэл өгөөд байхад шууд үндэслэж газраа ашиглаагүй гэдгийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн мөрдөн шалгах хэлтсээс тогтоосон гэдэг байдлаар шууд тогтоосон. Газрын тухай хуульд заасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хуулиар хүлээсэн үүрэгт хамаарахгүй зүйлээр захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна. Нэхэмжлэгч газраа ашиглах зорилгоор зураг төсөл, өөр бусад ажиллагаануудыг хийсэн. Гэвч эдгээр баримтуудыг хариуцагч байгууллагаас шалгаж тогтоогоогүй, өөр байгууллагын жагсаалтад үндэслэсэн нь хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй үйл ажиллагаа болсон. Тиймээс маргаан бүхий актын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2017, 2018, 2019 онуудад төлөөгүй, 2020 онд Татварын албанаас нэхэмжлэх ирсний дагуу төлсөн гэдгээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая хэллээ. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага. Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн олгодог. Мөн хуулийн 30 дугаар зүйлд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эрх, үүргийг тодорхой заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд байдаг. Энэ утгаараа Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулж газраа ашигласан, газрын төлбөрөө төлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн. Уг албан бичгийн хавсралтын 137-д “С” ХХК бичигдсэн байдаг. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн мөрдөн шалгах хэлтсээс мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн асуудлаар шалгалт хийсэн, мөрдөгчийн шалгалтын хавсралтад “Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгаа ирсэн. Уг судалгааны хавсралтын 496 дугаарт “С” ХХК-ийн нэр орсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасны дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гурвалсан гэрээг байгуулсан. Үүний дараа Хан-Уул дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан ч баталж өгөөгүй гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Хан-Уул дүүргийн Засаг дарга гурвалсан гэрээг баталсан, батлаагүй нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хамаагүй.

3.8.Гурвалсан гэрээ байгуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа талаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад явах эрх нь байсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 болон 17 дугаар зүйлд хүсэлт гаргаад хариугаа 30 хоногийн дотор авах, 30 хоногийн дотор хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйд холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд нэхэмжлэл гаргаад явах эрх нь байсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж газрын төлбөрийн эрх үүсэхээр заасан. Газар ашиглах гэрчилгээ 2016 онд олгосноос хойш газрын төлбөр төлөх эрх нь үүссэн.

3.9.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан. Нэхэмжлэгч компани 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А-44 дүгээр тушаалаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай авсан. Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 3 сарын дотор сунгуулах хүсэлтээ өгөх ёстой. Гэтэл “С” ХХК газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтээ өгөөгүй. Газар ашиглах эрхийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр газар дуусах ёстой. Маргаан бүхий акт уг хугацаанаас хойш сарын дараа гарсан. Иймд газар ашиглах эрхгүй этгээд буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий 170 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгож, эдгээр иргэн аж ахуй нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсны дотор нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэр орсон байна.

4.3.Хариуцагчаас дээрх маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ “...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр[9] газар ашиглах эрхийн зөвшөөрөл авсан боловч тухайн газартаа үйл ажиллагаа явуулаагүй 660 аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал...” гэж тайлбарласан.

4.4. Гэтэл хариуцагч байгууллагаас дээрх судалгаа, албан бичигт дурдсан үйл баримтыг нягтлан  шалгалгүйгээр шууд дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж байгаа нь учир дутагдалтай.

4.5. Тодруулбал, нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гурвалсан гэрээ байгуулагдаагүй байх тул “С” ХХК гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй буюу Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээргүй байна.

4.6. Учир нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө.”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас Монгол Улсын иргэн ...-д ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3-т  газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байх бөгөөд уг гэрээ байгуулснаар газар ашиглагчид газар ашиглах эрх, үүрэг үүснэ” гэжээ.

4.7.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай гурвалсан гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байх ба уг гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулжээ.

4.8.Харин энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн[10]  “С” ХХК-тай газар ашиглах гэрээг байгуулаагүй байх тул нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх;” үүргийг хэрэгжүүлэхийг шууд шаардах боломжгүй.

4.9.Гэсэн хэдий ч “С” ХХК болон Хан-уул дүүргийн Засаг дарга нарын хооронд гурвалсан гэрээг байгуулан газрын төлбөрийн хэмжээг  эцэслэн тохиролцож, батлаагүй ч нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг зохих ёсоор төлж байсан хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 16/1549 дүгээр албан бичигт “...2020 оны татварын хэлтсийн хуулгаар 1,131,384 болон 1,697,076 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн ...” зэргээр тогтоогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй юм.

4.10.Түүнчлэн нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрх олгосон гэрчилгээнд заасан зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр “Төгрөг баян хангай” ХХК-аар газрын төлөв байдлын үнэлгээ, “Хан Монгол экологи” ХХК-аар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон “ББСМО” ХХК-аар аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг[11] тус тус боловсруулан Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ гаргуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдад хандсан байсан.

4.11. Шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг зэргээс үзвэл гадна зам талбайн пассад хийгдэхээр газар шорооны ажил эхлүүлсэн байдалтай, тухайн орчинд суурьшлын бүс бий болсон байдалтай байсан болно[12].

4.12. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч газраа ашиглахаар тодорхой арга хэмжээнүүд авч байсан боловч захиргааны байгууллагаас санаачилга гарган гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан.

4.13. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит үнэнийг тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй.

4.14. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн газраа ашиглах талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар, тухайлбал барилга барих үйл ажиллагаатай холбоотой техникийн нөхцөлүүд авах, зураг төсөл боловсруулах ажиллагаа явуулж байгаа эсэх, энэ нь ямар шалтгаанаар удааширсан зэргийг тодруулж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байдал байгаа эсэхийг тогтоогоогүй нь хууль бус болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Богдхан Уулын Нүхтийн аманд байрлах 0.2 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/7* дүгээр тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

[1] 1 хавтас хэргийн 8-9 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 17-198 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 14, нотлох баримтаар ирүүлсэн”орчны нарийвчилсан үнэлгээний”  тайлан

[4] 1 Хавтас хэргийн 11-12 хуудас, нотлох баримтаар ирүүлсэн “орчны төлөв байдлын” тайлан

[5] 1 Хавтас хэргийн 13 хуудас

[6] Хавтас хэргийн 49-53 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 5 хуудас

[8] 1 хавтас хэргийн 6 хуудас

[9] Хавтас хэргийн 49 хуудас

[10] Хавтас хэргийн 169 хуудас

[11] Хавтас хэргийн 171-173 хуудас

[12] Хавтас хэргийн 91-95 хуудас