Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/ШШ2022/0013

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Я /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 24-601 тоот, РД:ЧП72061807 /

 

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянан шийдвэрлэх тухай” 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, иргэдийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох нар оролцов.

 

Хэргийн индекс: 221/2022/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Д.Я нь “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

         

          2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянан шийдвэрлэх тухай” 29 дүгээр тогтоолоор “Өмгөөлөгч Ж.Б Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоож, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн К.Б 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” 61 дүгээр захирамжийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

    

3. Д.Я нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Миний нөхөр С.Цагсан 2017 онд өвчнөөр насан эцэслэсэн. Насанд хүрээгүй 3 хүүхэдтэй үлдэж, сэтгэл санааны хүнд байдалд байх үед нөхрийн маань залуу насандаа бүтээж бий болгож, гэр бүлийн маань хөдөлмөр хөлс шингэсэн үл хөдлөх эд хөрөнгийг С.Ц агсны 3 хүүхэд, эхнэр нь өвлөж авах явдлыг зогсоох зорилгоор С.Ц агсны маань төрсөн 2 дүү С.Ч, С.О нар намайг хуульч мэргэжилтэй гэдэг дээр нь л үндэслэж эрүүгийн гэмт хэрэгтэн болгохоор оролдож эхэлсэн.

С.Ч, С.О нарт хэрэг бүртгэлтийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Ж.Бийн ёс зүйн асуудлаар Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан боловч маш тодорхой баримт бүхий энэ асуудлаар ёс зүйн маргаан үүсгэхээс татгалзсан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 61 дүгээр захирамж гарсныг эс зөвшөөрч Мэргэжлийн хариуцлагын хороонд хандсан.

Мэргэжлийн хариуцлагын хороо гомдлыг хянахдаа материаллаг хууль хэрэглээний алдаа болон процессын хууль, журмаа баримтлаагүй тул тус шүүхэд хандаж байгаа юм.

4.1. Материаллаг хууль хэрэглээний алдаа гэж үзэж буй асуудал:

4.1.1. Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 4.1.3, 4.1.4 дэх заалтууд, 14.1.14, 15.1.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан “өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, тэдгээрийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээлэл өмгөөллийн нууцад хамаарна, өмгөөлөгч нь өмгөөллийн нууцыг хадгалах үүрэгтэй” гэх заалтуудыг зөрчсөн тухай гомдлоо гаргасан. Тодруулбал, 2018 оноос хойш Ц.Э, Ц.Ү, Ц.Ц, Д.Я гэх 4 хүний өвлөх эрх баталгаажих 1 жилийн хугацаатай уралдуулан, хэрэг бүртгэлтийн гэх зохиомол гэмт хэрэг гэгчийг үйлдсэн болгох гэж цагдаа, шүүхийн байгууллагад үндэслэлгүй гомдол гаргаж 4 жил болсон. Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2 удаа, Нийслэлийн Прокурорын Газар 1 удаа, Улсын Ерөнхий Прокурорын Газар 1 удаа хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт шалгалтын ажиллагаа явуулаад, С.Цагснаас өвлөх эрх, өв залгамжлалтай холбоотой энэ маргааныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай хариу өгч ирсэн байдаг.

4.1.2. Гэтэл 2020 оны хавар, дуучин н.А өлсгөлөн зарлангуут, улс төрийн сонгууль дөхсөн, улс төрийн идэвхжил өндөр байгаа цаг үеийг далимдуулан, хуулийн байгууллагуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх зорилгоор, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр прокурорын хонгил, нотариатын хонгил, улсын бүртгэлийн хонгил гэх мэтээр элдвээр цоллуулж Д.Я намайг бичиж харлуулж эхэлсэн. Өдөр тутмын бүхий л хэвлэл, бүх л сайт, сошиал орчинд зураг хөрөгтэй тавигдаж, нас барсан ахынхаа 3 өнчин хүүхдийн амьдралаар тоглож буй Ж.Бийн үйлчлүүлэгч С.Ч, С.О нарын эдгээр үйлдэл өнөөдөр ч үргэлжилж байна.

4.1.3. Ж.Бийн өмгөөллийн нууцыг задруулсан, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж буй зүйл нь, тэрээр, зөвхөн өөрт нь хандаж хаягласан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Б танаа өөрийнх нь гаргасан гомдлын хариу болох Улсын ерөнхий прокурорын  газрын эрх бүхий албан тушаалтны албан тоотыг эх хувиар нь С.Чт олгосон.

4.1.4. С.Ч нь Чингэлтэй Дүүргийн Ардчилсан намын дэд дарга. С.Ч хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдах тоолонд нэр төрд халдах ажиллагааг зэрэг явуулдаг тухай өмгөөлөгч нь дараах мэдээлэлтэй.

2019 оны 10 дугаар сараас эхлэн Монголын Хуульчдын Холбооны 4 дүгээр их хурлын үйл ажиллагааны үеэр н.О, Д.Я нарын нэр төрд халдаж шүүхээр тогтоогдоогүй гэмт хэргийг үйлдсэн мэтээр бичиж гүтгэх хуудас тарааж байсныг, үүндээ хариуцлага хүлээж байсан тухай,

2020 оны 01 дүгээр сард фэйсбүкт н.О, Д.Я нарын зургийг тавьж байгаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мэтээр гүтгэж, нэр төрд халдсан тухай мэдээлэлтэй, эдгээр мэдээлэл Ж.Б өмгөөлөгчөөр нь ажиллаад байгаа хэрэг бүртгэлтийн хэрэгт нь авагдсан байдаг. Тэрээр мэдээгүй, мэдэхгүй байх боломжгүй, өөрөө ч Г.Б агсны хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа мөн л шалгаж дуусаагүй хэрэгт хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж хэргийн нууц задруулах байдлаар ажилладаг арга барилтай хүн юм байна гэж ойлгож байна.

4.1.5. Хуульч хүн бүхэн ар гэр үр хүүхэд, хувийн амьдралтай, хүний л туулдаг бүх л жаргал зовлонг адилхан туулж амьдардаг. Өвийн маргаантай асуудал ах дүү хооронд байлаа гээд 1995 оны буюу 25 жилийн өмнө нэг төгсөлт байсан гэдгээр нь ингэж хиймлээр хуульчдыг хооронд “хонгил” болгож харлуулж, тэрхүү баримтыг нь өмгөөлөгч гаргаж өгч байх нь ёс зүйгүй асуудал гэж хүн болгон л хэлж байна.

4.1.6. Ийм бусармаг асуудлыг энэ хэргээр таслан зогсоох ёстой гэж би үзэж байна. Улс төрийг хууль шүүхээс ангид байлгахад нэг алхам болно гэж би боддог. Тиймээс ч шүүхэд хандахад хүрч байна.

4.1.7. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ж.Б өмгөөлөгчид хандсан Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар Хариу мэдэгдэх хуудсыг эхээр нь С.Чт гаргаж өгөх ямар ч шаардлага байгаагүй. Учир нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Иргэн С.Ч танаа Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар Хариу мэдэгдэх хуудсыг №4/631 тоотоор өгсөн, өмгөөлөгч өөрийн албан тоотыг эхээр нь дахин өгөх ямар нэг шаардлага байхгүй. Тэрээр ямар зорилгод, юунд ашиглагдах эрсдэлтэйг сайн мэдэх ч С.Чт өөрийн хүсэл зоригоор өгсөн гэдгээ хүлээдэг.

4.1.8. Мөн өөрт нь хандсан бичгийг зөвшөөрөлгүй нийтэлсэн тухайд С.Чтай ямар нэг гомдол маргаан үүсгээгүй, нэгдмэл ашиг сонирхолтой гэж дүгнэхээр.

4.1.9. Өмгөөллийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм /14.8, 14.9, 16.1.4, 18.1, 32.1, 41.1.2, 45.3.2, 46.9, 56.1.5, 59.1/ гээд холбогдох хууль тогтоомжийн олон заалт зөрчигдөж байхад, Мэргэжлийн Хариуцлагын Хороо маргаан үүсгэхээс татгалзсан захирамжийг зөв, үндэслэлтэй гэж байгаа нь буруу юм.

4.2. Процессын журам зөрчигдсөн тухай

4.2.1. Өмгөөллийн нууцыг задруулж эх баримт бичгийг гаргаж өгснөөр, эхээр нь бүх хэвлэлээр хэвлэн нийтлээд байгаа тухайд гомдлоо гаргахад, гомдлын бүрдлийг хангуулахын тулд би өөрт байхгүй мэдээлэл буюу, өмгөөлөгч Ж.Б-ийн тухай мэдээлэл Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны сайт хаана ч мэдээлэл нь байхгүй, ямар товчоо нөхөрлөлд хамрагддаг нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаад байдаг. Энэ тухайд лавлагаа авахуулахаар хүсэлт гаргахад хянан шалгагч шийдвэрлэж өгөөгүй, одоо ч энэ байдал бүрхэг хэвээр.

4.2.2. С.Чт тусад нь хариу нь яг тэр өдрөө гарчхаад байхад, Ж.Б өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ өөрийн албан бичгийг гаргаж өгөх ямар нэг хууль зүйн шаардлага огтоос байхгүй болохыг нотлохын тулд С.Чт прокуророос өгсөн хариу албан тоотын хуулбарыг шуудангаар илгээсэн. Энэ тухай лавлагааг тухайн байгууллагаас авахуулах хүсэлт тавьсан ч ямар нэг ажиллагаа хийгээгүй.

4.2.3. Эцэст нь хуралдаанд өвчний учир цахимаар оролцох хүсэлт тавьсан ч оролцуулаагүй, ийм боломж олгоогүй, 12 дугаар сарын 05 ба 06-ны өдрүүдэд хурлын өмнө гаргаж өгсөн баримт, хүсэлтэд ямар нэг хариу өгөөгүй. Мэтгэлцүүлээгүй, процессын эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байгаа.

4.2.4. Өмгөөлөгч Ж.Б нь өөрөө прокурорын байгууллагад ажиллаж байсан хуульч, тэрээр хариу тайлбартаа 2005-2007 онд миний үйлчлүүлэгч маргаж буй барилгыг ганцаараа барьсан гэх мэтээр тухайн цаг хугацаанд хараад зогсож байсан мэтээр дүгнэлт хийж байх зэргээс нь ямархуу ёс зүйтэй хуульч вэ гэдэг нь харагдана.

4.2.5. Иргэн хүнд биш хуульч өмгөөлөгч хүнд өөрт нь тухайлан гаргасан хуулийн байгууллагын албан ёсны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичгийг эхээр нь гаргаж өгч, тэр нь бусдын нэр төрд халдах хэрэгсэл болж байгаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгэж, маргаан үүсгэж хянан шалгах ёстой гэж үзэж байна” гэж тодорхойлжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хариу тайлбартаа: “...Иргэн Д.Я нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч Ж.Бт холбогдуулан гомдол гаргасан.

5.1. Уг гомдлын дагуу маргаан хянан шийдвэрлэх журмын хүрээнд хянан шалгах ажиллагааг явуулж тус хорооны гишүүн К.Б 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 61 дугаартай захирамжаар маргаан үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

5.2. Хорооны гишүүний гаргасан “Маргаан үүсгэхээс татгалзах” тухай захирамжид гомдол гаргагч Д.Ягоос гомдол гаргасан бөгөөд гомдолд холбогдох маргаан хянан шийдвэрлэх хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдан 29 дүгээр тогтоолоор татгалзах захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

5.3. Захиргааны хэргийн шүүхэд иргэн Д.Ягоос гаргасан гомдлын шаардлагын агуулга нь Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдлын агуулгатай адил байх бөгөөд өмгөөлөгч Ж.Бийн ёс зүйн зөрчлийг шалган тогтоож түүнд хариуцлага тооцуулах тухай үйл баримтын талаар дурдсан байна.

5.4. Хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд гишүүдээс “...Өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчтэйгээ холбоотой байх, түүний эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн үйлчлүүлэгчид мэдээ, мэдээллээр хангаж байх, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж байх үүрэгтэй талаар Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тодорхойлсон..., өмгөөлөгч Ж.Б нь өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасныг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чаас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/368 дугаар тоот хариу мэдэгдэх хуудсыг өмгөөлөгчийн нэр дээр хаяглан ирүүлснийг өөрийн үйлчлүүлэгчид мэдэгдэж танилцуулсан, хариу мэдэгдэх хуудсыг өгсөн явдал нь хууль болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл гэж үзэхээргүй байна...” гэж дүгнэсэн.

5.5. Иймд өмгөөлөгч Ж.Б нь өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн үүргээ зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, гомдол гаргагчийн гомдлын шаардлагад дурдсан асуудалд хариуцагч нь хамааралгүй тул Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5.6. Хороо маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш эрхийг хангахын тулд хүсэлт бүрийг шийдвэрлэж маргаан хянан шийдвэрлэх зарчмын хүрээнд шийдвэрлэсэн болно” гэжээ.

6. Иргэдийн төлөөлөгч С.Б: Мэргэжлийн хариуцлагын хороо зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.Ягийн гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдлыг хянан шийдвэрлэх тухай” 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хянаад, уг тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг дахин шалгуулахаар тус хороонд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдлыг хянан шийдвэрлэх тухай” 29 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” 61 дүгээр захирамжийг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Д.Ягоос “... Улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/368 дугаар хариу албан бичгийг өмгөөлөгч Д.Батхуяг нь С.Ч, С.От нарт өгсний улмаас олон нийтийн цахим сүлжээнд миний болоод олон хүмүүсийн фото зураг, нэр зөвшөөрөлгүйгээр нийтлэгдэж, болсон үйл явдлыг гуйвуулж, гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг үнэн  мэт харагдуулах гол хэрэгсэл болсон. Энэ нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 4.8, 14.9, 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 ахь заалтуудыг зөрчсөн” гэж тайлбарлан Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан, уг гомдлыг хянаад “өмгөөлөгч Ж.Б нь хууль болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд гомдолд тусгасан нөхцөл байдлыг нотлох баримт сэлтийг гомдол гаргагчаас ирүүлээгүй” гэж дүгнэн маргаан үүсгэхээс татгалзах санал гаргажээ.

4. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн К.Б нь хянан шалгагчийн дээрх саналыг хүлээн авч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Бт холбогдуулан маргаан үүсгэхээс татгалзсан байна.

5. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 11.2-т “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой үйл баримтыг тодорхой, үнэн зөвөөр, эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно”, 47 дугаар зүйлийн 47.1-д “гомдолд дурдсан үйл баримт зөрчилд хамаарахааргүй бол хянан шалгагч маргаан үүсгэхээс татгалзах тухай санал гишүүнд хүргүүлэх”, 88 дугаар зүйлийн 88.2-т “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 88.3-д заасан “Шийдвэрийн үндэслэл нь дэлгэрэнгүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” гэж тус тус зааснаас үзвэл хянан шалгагчийн маргаан үүсгэхээс татгалзсан саналыг хүлээн авсан гишүүний захирамжийг хэвээр үлдээхэд гомдолд дурдсан асуудал нь зөрчилд хамаарах эсэхийг тогтоосны үндсэн дээр дүгнэлт өгөх зохицуулалттай байна.

6. Тодруулбал, хянан шалгагч нь гомдлыг хүлээн авснаас хойш зөвхөн өмгөөлөгч Ж.Бийн тайлбарыг үндэслэн маргаан үүсгэхээс татгалзах санал хүргүүлсэн, уг санал Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд хүргэгдэж, улмаар нэхэмжлэгчийн гомдлоор “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” 61 дүгээр захирамжийг хянан хэлэлцэх хуралдааны тогтоол гарах хүртэл хугацаанд өмгөөлөгч Ж.Бийг зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй байна.

7. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Гомдолд хариу өгөх тухай” 1/368 дугаар албан бичиг нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Бт хаяглагдсан, уг албан бичгийг тэрээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрөө биечлэн гардан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар[1] тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчээс Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан “өмгөөлөгч Ж.Б нь өөрт хаяглагдсан албан бичгийг бусдын нэр төрд халдах материал болгон үйлчлүүлэгчдээ өгсөн” гэх гомдолд дурдсан дээрх албан бичиг нь хэрхэн олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн эсэх нь тодорхойгүй, уг албан бичгийг өмгөөлөгч Ж.Б өөрөө гардан авсан атлаа “хэрхэн олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэнийг мэдэхгүй ... Улсын Их Хурлын Тамгын газраас задарсан байх боломжтой” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд түүнийг хууль болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй гэж урьдчилан дүгнэх боломжгүй.

8. Учир нь нэхэмжлэлд дурдсан өмгөөлөгч Ж.Бийн гаргасан асуудал нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно”, 14 дүгээр зүйлийн 14.9-д “Өмгөөлөгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг үйлчлүүлэгчид зөвлөх эсхүл үйлчлүүлэгч болон бусдын ийм агуулга бүхий саналыг дэмжихийг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Өмгөөлөгч нь гуравдагч этгээдэд хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ гуравдагч этгээдэд хүндрэл учруулах, цагийг нь үрэх, эсхүл тухайн этгээдийн эрхийг зөрчиж үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн эсэхтэй холбоотой байх тул өмгөөлөгч Ж.Б уг зөрчлийг гаргасан эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр шийдвэрлэхээр байжээ.

9. Иргэдийн төлөөлөгч С.Б хариуцагчийн шийдвэрийг зөв гэж дүгнэсэн боловч шүүх гомдлын үндэслэлийг шалган тогтоох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй үндэслэлээр гомдлыг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй болно.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай байх тул тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг дахин шалгуулахаар буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдлыг хянан шийдвэрлэх тухай” 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар мөн хороонд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 103 дугаар тал