Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой ************* холбогдох эрүүгийн 2327000000075 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ***** аймгийн ************сумын ********дугаар баг “********* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, ************ овогтой ******** /РД:****************/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ************ нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр **********аймгийн *********сумын ******* дугаар багийн нутагт ************хонь хариулсан хөлс болох 200 000 төгрөг өг гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар цээж хэсэгт нь гараараа цохиж, өшиглөж хохирогч ******************* 8 дугаар хавирганы хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ************** нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ********* аймгийн *******сумын ******** дугаар багийн нутагт *********хонь хариулсан хөлс болох 200 000 төгрөг өг гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар цээж хэсэгт нь гараараа цохиж, өшиглөж хохирогч *********8 дугаар хавирганы хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************үйлдсэн болох нь

Хохирогч **************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 05-09 дүгээр хуудас/, гэрч **************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 11, 13 дугаар хуудас/, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн үзлэг хийсэн №256 тоот “...1.********** биед цээжний баруун талд 8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Эмчлүүлэгчийн карт болон цээжний рентген зургийг үндэслэн дүгнэлтийг гаргав. 5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтлүүд байна. цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 6. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***************нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч **************эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ****************дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол  зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ гэмт хэргийн хохирогч ************** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 17.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******овогтой ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ************* нь оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогтой ********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ***************240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ************** нь оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 17.4 дүгээр зүйлийн 7-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА