Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 01494

 

                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

                                                        

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.О-нь Ч.Б-2004 онд танилцаж дотносон улмаар 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулж №0066284 дугаартай гэрчилгээ авч гэр бүл болсон. Бидний дундаас 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр том хүү Б.Д охин О.Э төрсөн. Ингээд бид 2014 оны намар хүртэл хамтран амьдарч байсан ба тус намраас одоог хүртэл тусдаа амьдарч би Улаанбаатар хотод бага охины хамт, харин нөхөр Ч.Б нь Орхон аймагт хүүгийн хамт амьдарч байна. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин О.Э.өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Э-г миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагва-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О, Ч.Б нар нь 2004 онд танилцаж 2005 онд хүү Б.Д нь төрж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан байдаг. Мөн 2014 онд бага охин нь төрсөн. С.О, Ч.Б нар нь 2014 оны намраас тусдаа амьдрах болж С.О-нь бага охиноо аван Улаанбаатар хот руу явсан байдаг. Гэрлэгчид нь өнөөдрийг хүртэл эвлэрэх талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, цаашид дахин  хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул С.О, Ч.Б нарын гэрлэлтийг цуцалж, бага охин О.Э эх С.О-ийн асрамжинд үлдээж, том хүү Б.Д-ийг эцэг Ч.Б-ын асрамжинд үлдээхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасны дагуу гэр бүл цуцлалтын хэрэгт гэрлэгчид өөрсдийн биеэр шүүх хуралдаанд ирэх ёстой байдаг ч нэхэмжлэгч С.О-нь эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай, мөн бага насны хүүхэдтэй учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаанд оролцоно гэдгийг бичгээр мэдэгдсэн. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ... Гэрлэгчид аль аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн гэрлэлтийн үр дүнд бий болсон хоёр хүүхэд байгаа. Охин Э хэдийгээр эхээрээ овоглодог ч гэсэн Ч.Б нь эцгийн хувьд мөн үүрэг хүлээх ёстой гэдгийг тодруулж хэлмээр байна. Охиныг аавтай нь уулзуулахгүй байсан зүйл байхгүй. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн талаар болон хүүхдүүдийн асрамжийн тухайд маргаагүй, хэн аль нь хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй гэсэн. Гэрлэгчид нь олон жил тусдаа амьдарсан, хэн аль нь цаашдаа буцаж эвлэрэх саналгүй байх тул гэрлэлтийг цуцлахад саад болох зүйл алга байна гэж үзэж байна. Тиймээс хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэхгүй гэснийг дурьдаж, хүү Б.Дөлгөөнийг эцэг Ч.Бын, охин О.Энх-Энэрэлийг эх С.Оюумаагийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүрэнжавын Оюумаагийн нэхэмжлэлтэй, гэр бүл цуцлуулах, хүүхдээ асрамжинд авах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид тусдаа амьдраад олон жил болсон тул эвлэрэх болон цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлуулах болон охин О.Э эхийнх нь асрамжинд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ... Тусдаа амьдраад удаж байгаа тул одоо гэрлэлтийг цуцлахад татгалзах зүйл байхгүй. Одоо хэн хэн нь өөр амьдрал зохиож байгаа, ...ихээхэн хэмжээний зээлийн асуудал үүссэн учир бид хоёр мөнгө төгрөгийн асуудлаар маргалдаж салсан. С.О-тухайн үед хувиараа бизнес хийдэг байсан. Нэг удаа бизнес нь уналтанд орж их хэмжээний өр зээлэнд орсноос болж бидний  хооронд маргаан үүссэн учраас салсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О-нь хариуцагч Ч.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч С.О, хариуцагч Ч.Б нар нь 2004 онд танилцаж, 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр том хүү Б.Д, 2014 оны 08 дугаар сарын 25-нд охин О.Э нар төрсөн бөгөөд 2014 оны сүүлээс одоог хүртэл зохигчид тус тусдаа амьдарч, том хүү Б.Д эцэг Ч.Б-ын асрамжинд, бага охин О.Энх-Энэрэл эх С.Оюумаагийн асрамжинд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хүү Б.Д-ний ФД05303117 тоот регистртэй 1143 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин О.Энх-Энэрэлийн ФА:14282566 тоот регистртэй 6101001638 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2006 оны 09 дүгээр сраын 27-ны өдрийн 0066284 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Орхон аймаг Баян-Өндөр сумын засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын А/348 дугаартай Б.А-ын ургийн овог эцгийн нэр, нэр өөрчлөх тухай захирамжийн хуулбар, Басбаярын Анирын нэр өөрчилсөн тухай 0000269243 тоот гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Гэрлэгчид зан, харьцааны хувьд таарч тохирохгүйн улмаас удаан хугацаагаар буюу 2014 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа ба цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр С.О, Ч.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн О.Э өөрийнхөө асрамжид авна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, 2005 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Д-ийг хариуцагч Ч.Б нь өөрийнхөө асрамжинд авна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул тэдний саналын дагуу хүүхдийн асрамжийг шийдвэрлэв.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч.Б, С.О нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Д /ФД05303117/-ийг эцэг Ч.Б ын, 2014 оны 08 дугаар сарын 25-нд төрсөн охин О-Э /ФА:14282566/-ийг эх С.О-ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.О-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-аад олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ