| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2019/02844/И |
| Дугаар | 183/ШШ2019/02591 |
| Огноо | 2019-12-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2019/02591
| 2019 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2019/02591 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А /РД:-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 9 788 614 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн төлөөлөгч Ч.Байгаль, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009-2013 онд Хан-Уул даргын 3 газрын Төрийн захиргааны, удирдлагын хэлтэст Архив, бичиг хэргийн эрхлэгч, 2013-2017 онд Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2017 оны 2 сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 сарын 1-ний өдөр хүртэл Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэст гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангахгүй гэдэг үндэслэлгүй шалтгаанаар 2018 оны 2 сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар намайг тус дүүргийн 1-р хорооны зохион байгуулагчийн үүрэгт ажлаас халсан. Дээрхи захиргааны актууд нь Төрийн албаны болон бусад холбогдох хуулийг зөрчсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 11 сарын 05-ны өдөр хэлэлцэж, тухайн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 700 155 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учир албадан биелүүлэх хүсэлтийг захиргааны шүүхэд гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Хариуцагч захиргааны байгууллага ажилд томилох, цалин олговор нөхөн олгох шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага ажилд томилох, цалин олговор нөхөн олгох шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, миний хуулиар олгогдсон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу 3 сарын цалингийн дунджаар нэг сарын цалин хөлсийг тооцож, 2017 оны 11 сарын цалин 914 171 төгрөг, 12 сарын цалин 1 386 282 төгрөг, 2018 оны 1 сарын цалин 936 171 төгрөг, нийт 3 236 624 төгрөгөөс 3 сарын хоол унааны хөнгөлөлт 567 000 төгрөгийг хасч, үлдэх 2 669 624 төгрөгийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин 889 874 төгрөгийг 11 сараар тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 9 788 614 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн 3 газрын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Дүүргийн 3 газрын 2019 оны 4 сарын 22-ны өдрийн 11/777 дугаар албан чигээр Н.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргуулахаар ХУД-н нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч тус хэлтсийн 2019 оны 5 сарын 03-ний өдрийн 345 дугаар албан бичгээр даатгуулагч иргэдийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн хариу ирсэн. Шинээр нөхцөл байдлын улмаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг дахин хянуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч нарыг ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан эсэхийг тодруулах, мэдэх боломжтой байсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, тус шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Н.А нь өөр байгууллагад ажил эрхэлж байсан байж болзошгүй байгаа тул Н.Агийн 2018 оны 11 сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын лавлагаа гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байсан, хэрэв ажиллаж байсан гэдэг нь тогтоогдвол цалингийн зөрүүг хасаж, үлдэгдлийг тооцох боломжтой гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А хариуцагч Хан-Уул дүүргийн 3 газарт холбогдуулан 2018 оны 11 сарын 6-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 788 614 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 9 476 046 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Н.А нь Хан-Уул дүүргийн 3 газрын Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэст гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/38, 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Б/54 тоот тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр Н.Аг Хан-Уул дүүргийн 3 газрын Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэст гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон байх бөгөөд дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 9-21/
Гэвч хариуцагч байгууллага нь дээрх тушаалын дагуу Н.Аг уг ажилд нь авч ажиллуулахгүй, ажиллах нөхцлөөр хангахгүй, ажил үүргийг нь эрхлүүлэхгүйгээр нэхэмжлэлд дурдсан 12 сар 18 хоног болж, улмаар энэ хугацааны цалин хөлсийг олгохгүйгээр хохироосон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласныг, хариуцагчийн төлөөлөгч ...шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Н.А нь өөр байгууллагад ажил эрхэлж байсан байж болзошгүй байгаа тул дээрх хугацааны нийгмийн даатгалын лавлагаа гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байсан, хэрэв ажиллаж байсан гэдэг нь тогтоогдвол цалингийн зөрүүг хасаж, үлдэгдлийг тооцох боломжтой. гэсэн тайлбар гаргаж маргажээ.
Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Хариуцагч Хан-Уул дүүргийн 3 газар нь дээрх хүчинтөгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн өөр ажил эрхэлж байсан эсэх нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгч Н.Аг ажилд нь эгүүлэн ажиллуулж, цалин хөлс өгөх үүргээ биелүүлээгүй хэрнээ хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан тайлбар гаргаж, маргасан нь үндэслэлгүй юм.
Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговроо нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундажаас 1 сарыг нь 914 171 төгрөгөөр тооцож, нийт 11 сарын 9 788 614 төгрөг гаргуулахаар тооцсныг дараах байдлаар тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Н.Агийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр 1 сарын дундаж цалин хөлсийг 738 171 төгрөг гэж тогтоосон байх ба ажлын нэг өдрийн цалинг 34 333 /738 171:21,5/ төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцож, ажилгүй байсан 2018 оны 11 дүгээр сарын 6-н өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 12 сар 18 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 9 476 046 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 476 046 төгрөгийг хангаж, үлдэх 312 568 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн 3 газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 476 046 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, илүү нэхэмжилсэн 312 568 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Агийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Хан-Уул дүүргийн 3 газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн 3 газраас улсын тэмдэгтийн хураамжинд 166 566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ