Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/02642

 

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/02642

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х ХХК -д холбогдох

 

Хамтран зээлдэгч биш болохыг тогтоолгож, зээлийн төлбөрт төлсөн 9 444 584 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 7 сард нас барсан өөрийн эцэг Д.Б-ийн оршуулгын зардлыг харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс авах гэж очоод Ханд тэтгэврийн зээлтэй гэдгийг мэдсэн бөгөөд намайг тус зээлийг төл гэсний дагуу 2019 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэл 000000 тоот өөрийн дансаас болон бусад данснаас 000000 гэх дугаартай банкны ажилтантай холбогдож зээлийн төлбөрөөс 6 500 000 төгрөг төлсөн. 2019 оны 9 сард зээлийн мэдээллийн талаар лавлах гэсэн боловч хамтран зээлдэгч биш тул мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбар өгсөн бөгөөд 2019 оны 10 сарын 01-ний өдөр тухайн зээл авсан Налайх дүүрэгт байрлах Хны салбараас очиж асуухад мөн хамтран зээлдэгч биш гэсэн. Би аав Д.Б зээлийг 13 сар төлж байсан болохыг хэлэхэд тухайн салбарын ажилтан Та төлөх ёстой гэж ямар нэг тайлбаргүйгээр дайрсан учир Х ХХК-ийн 1800-1917 дугаар утсанд хандаж, энэ тухай шалгуулах хүсэлт гаргасан боловч 2019 оны 10 сарын 10-ны өглөө миний нэр дээр зээлийн данс шинээр үүсгэсэн болохыг мобайл банк ашиглах үедээ мэдсэн тул дахин Хны лавлах руу болсон асуудлын талаар хэлэхэд шалгаад эргэн хариу мэдэгдэнэ гэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө миний 000000 тоот данснаас 2 944 584 төгрөг зээл төлөв гэсэн утгаар шууд хасалт хийсэн мэдээлэл миний 000000 дугаар утсанд ирсэн. Тухайн үед Монгол банк, Хнуудад гомдол гаргасан боловч 2 ажилтны буруутай үйлдэл байна гэх амаар хариу өгсөн бөгөөд ямар хариуцлага тооцсон талаар хэлээгүй. энэ үндэслэлгүй мөнгө суутгаснаас болоод миний хийдэг ажлын гүйцэтгэлд хохирол учирсныг надад хариуцуулсан. Иймд намайг Д.Бтэтгэврийн зээлийн хамтран зээлдэгч биш болохыг тогтоож, Х ХХК-аас миний данснаас үндэслэлгүйгээр зээлийн төлбөрт авсан нийт 9 444 584 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг нэхэмжлэлийн шаардлагад саяын гаргаж ирүүлсэн 4 550 000 төгрөгийн актын төлбөр ороогүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Б болон түүний хүү Б.М нар 2018 оны 2 сарын 07-ны өдөр Х ХХК-ийн Налайх гордок салбартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 10 722 249 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Нэхэмжлэгч Б.М нь тэтгэврийн зээлийн гэрээний үүргийг хангагдаж дуусах хүртэл өөрийн орлогоор батлан дааж, эргэн төлөлтөд хариуцлага хүлээхээ илэрхийлж, зээл хүссэн өргөдөл болон гэрээнд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242.1-д заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байна. 2018 оны 7 сарын 19-ний өдөр зээлдэгч Д.Б нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх нь гэрээ болон хуулиар хүлээсэн үүрэг нь юм. Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М нь 2018 оны 8 сарын 20-ны өдөр Хны Налайх гордок салбарт хандаж, тэтгэврийн зээлийн гэрээний хамтран зээлдэгч тул зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, сар бүр өөрийн цалингийн 000000 тоот данснаас хасалт хийж суутгахыг зөвшөөрсөн хүсэлтийг Хинд бичгээр гаргаж өгсөн байдаг. Үндсэн зээлдэгч нас барснаас хойш хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М нь үлдэгдэл төлбөрийг төлж байсан бөгөөд эргэн төлөгдөх хуваарийг зөрчсөн тул тэтгэврийн зээлийн гэрээний 1.3.4-т заасны дагуу түүний данснаас таталт хийсэн. Харин тухайн үед манай банкны ажилтан илүү төлөлтөөр мөнгө суутгаж авсан нь үнэн. Яг хэдэн төгрөгийг илүү авч, одоо хэдэн төгрөгийн илүү төлөлттэй байгаа талаар тайлбар хэлэхгүй зүйлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М хариуцагч Х ХХК-нд холбогдуулан Тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгч биш болохыг тогтоолгож, надад учруулсан 9 444 584 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шаардсан нэхэмжлэл гаргажээ.

Харин нэхэмжлэгч Б.М нь би хамтран зээлдэгч биш учраас зээлийн төлбөрт төлсөн 9 444 584 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарлав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие эцэг Д.Батсуурийг тэтгэврийн зээл авсныг мэдээгүй бөгөөд 2018 оны 7 сард аав Д.Боршуулгын зардлыг авах гэж очих үедээ мэдсэн бөгөөд намайг тус зээлийг төл гэсний дагуу 2019 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэл 000000 тоот өөрийн дансаас ... 6 500 000 төгрөг төлсөн байсан бөгөөд үүнийг банкны ажилтантай холбогдож мэдсэн. 2019 оны 9 сард зээлийн мэдээллийн талаар лавлах гэсэн боловч хамтран зээлдэгч биш тул мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбар өгсөн ..., 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө миний 000000 тоот данснаас 2 944 584 төгрөг зээл төлөв гэсэн утгаар шууд хасалт хийсэн мэдээлэл утсанд ирж, ямар ч үндэслэлгүйгээр миний данснаас мөнгө суутгаж авсанд гомдолтой байна. гэх тайлбар гаргаж холбогдох бичгийн нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Х ХХК ...Нэхэмжлэгч Б.М нь тэтгэврийн зээлийн гэрээний үүргийг хангагдаж дуусах хүртэл өөрийн орлогоор батлан дааж, эргэн төлөлтөд хариуцлага хүлээхээ илэрхийлж, зээл хүссэн өргөдөл болон гэрээнд гарын үсэг зурсан. 2018 оны 7 сарын 19-ний өдөр зээлдэгч Д.Б нас барсан тул Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М нь 2018 оны 8 сарын 20-ны өдөр Хны Налайх гордок салбарт хандаж, тэтгэврийн зээлийн гэрээний хамтран зээлдэгч тул зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, сар бүр өөрийн цалингийн 000000 тоот данснаас хасалт хийж суутгахыг зөвшөрсөн байдаг. Үндсэн зээлдэгч нас барснаас хойш хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М нь үлдэгдэл төлбөрийг төлж байсан бөгөөд эргэн төлөгдөх хуваарийг зөрчсөн тул тэтгэврийн зээлийн гэрээний 1.3.4-т заасны дагуу түүний данснаас таталт хийсэн болно гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Х ХХК, Д.Б нарын хооронд 2018 оны 2 сарын 07-ны өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр өмнөх зээлийн 6 368 049,27 төгрөгийн зээл дээр нэмж 4 354 200 төгрөгийг, нийт 10 722 249,27 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, сар бүр 534 295 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа 2020.02.01-ны өдөр дуусахаар гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээнд хамтран зээлдэгчээр Батсуурийн М /РД:УЕ85090117/ орж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-25-30/

Гэрээний дагуу зээлийн төлбөр 2018 оны 3 сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 сарын 1-ний өдрийг хүртэл зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдсөн байх ба зээлдэгч Д.Б нь зээлийг авснаас хойш 4 сарын дараа 2018 оны 7 сард нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.М нь 2018 оны 8 дугаар 20-ны өдөр ...Д.Бүлдэгдэл зээл болох 7 452 000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдөр 534 295 төгрөгийг түүний 000000 тоот Хны цалингийн данснаас хасалт хийж суутгахыг зөвшөөрсөн тайлбараа Налайх дүүргийн Хны салбарт бичгээр гаргаж өгсөн байна./хх-ийн /

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ., талуудын байгуулсан гэрээний 2.3.1-т хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ гэснээр зээлдэгч Д.Б нь нас барснаар зээлдэгчийн эрх, үүрэг хамтран зээлдэгч Б.Мад шилжсэн байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.М нь тэтгэврийн зээлийн гэрээний хамтран зээлдэгч болох нь дээрх үйл баримтаас тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Мын хамтран зээлдэгч биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүйн дээр Б.М нь дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Б.М нь үлдэгдэл зээл болох 7 452 000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдөр 534 295 төгрөгийг түүний 000000 тоот Хны цалингийн данснаас хасалт хийж суутгахыг зөвшөөрсний дагуу түүний данснаас сар бүр Д.Б, Б.Батмөнх нарын 5757034512 тоот данс руу зээлийн төлбөрт суутгал хийгдэж, 2019 оны 8 сарын 14-ний өдрийн байдлаар нийт 4 712 597,12 төгрөгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлжээ. /хх-ийн6-9/

Харин хариуцагч Х ХХК нь дээрх гэрээний үүрэгт хамтран зээлдэгч Б.Маас 2019 оны 10 сарын 10-ны өдөр зээлийн төлбөрийг суутгахдаа төлөх төлбөрөөс илүү суутгасан нь хэрэгт авагдсан дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч маргаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн картаар Б.М нь 2019 оны 08 сарын 14-ний өдрийн байдлаар нийт 834 123 төгрөгийн дутуу төлөлттэй байсан байх ба 2019.09.10-ны өдрийн 534 295 төгрөгийн, нийт 1 368 418 төгрөгийг төлөөгүй байсан байх бөгөөд 2019 оны 10 сарын 10-ны өдөр Х ХХК нь зээлийн төлбөрт мөн өдрийн төлөлтийн 534 295 төгрөгийг суутгахдаа нэхэмжлэгчийн данснаас үндэслэлгүйгээр 1 041 871 төгрөгийг суутгажээ.

Тодруулбал, хариуцагч Х ХХК нь тэтгэврийн зээлийн гэрээний 1.3.4-т ...зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний 1.2-т заасан хуваарьт хугацаанд төлөөгүй 30-с дээш хоног хэтэрсэн бол ...хамтран үүрэг гүйцэтгэгчийн банк дахь бусад данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ. гэж тохиролцсон хэдий ч зээлдэгчийн төлөх төлбөрөөс үндэслэлгүйгээр 1 041 871 төгрөгийг илүү авсан буруутай байна.

Иймд хариуцагч Х ХХК-иас 1 041 871 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мад олгож, илүү нэхэмжилсэн 8 402 713 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч Б.М нь Хны ажилтан 2019.10.10-ны өдөр үндэслэлгүйгээр мөнгө суутгаснаас болж надад 4 550 000 төгрөгийн төлбөр тавигдсан гэх тайлбар гаргаж баримтаар Ти Эм Би Эн ХХК-ийн албан бичиг болон төлбөр тавигдсан акт гэх 2 хуудас баримтыг ирүүлсэн боловч дээрх нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчид учирсан хохирлолтой холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, түүнчлэн уг нэхэмжлэлийн шаардлагад актаар тогтоосон 4 550 000 төгрөгийг нэхэмжлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 1 041 871 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мад олгож, нэхэмжлэгчийн Тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгч биш болохыг тогтоолгох шаардлагыг, илүү нэхэмжилсэн 8 402 713 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 263 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 29 555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ