Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 03

 

 

Б.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Хяналтын прокурор: Ө.Мөнхнавч,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Саранчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Пид холбогдох, эрүүгийн 1919003160165 дугаартай, 1 хавтас, 237 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.П-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Манханы 3-6 тоот хашаандаа эхнэр Б.Г-г өшиглөж зодон хүзүүний нугасны аалзан хальсан доорх цус харвалт, нугасны эдийн няцрал, их тархины баруун зүүн тал бөмбөлөгийн суурь, чамархай, гадна хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, толгойн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэг холбогджээ.

Анхан шатны шүүх: Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-н цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч Б.П нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй ба хохирогчийн хууль ёсны төлөлөгч О.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.П-н өмсөж явсан  улаан өнгийн зүүн дээд хэсэгтээ энгэртээ “ММ” гэсэн бичигтэй ажлын цамц, улаан өнгөтэй өмд, хар өнгийн пүүзэн гутал, хүрэн өнгийн ширэн бүс, амь хохирогч Б.Г-н өмсөж явсан гялгар материалтай хар эрээн өнгийн урд энгэр хэсэг нь цахилгаантай малгайтай цамц, урд энгэр хэсэгтээ зурагтай, цагаан өнгийн фудболк, бор шаргал өнгийн хөхний даруулга, хар өнгийн ягаан оруулаг буюу канттай бэлтгэлийн өмд, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн 1 хос углаашийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заасан. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр заасан зарчмын заалтыг харгалзан үзэх, мөн түүний 2-14 насны 4 хүүхэд өнчрөн биеийн эрүүл мэндийн байдал тааруу эмээгийнхээ асрамжид үлдсэн ба эцэг Б.П нь зохих ял шийтгэлээ тодорхой хугацаанд эдэлж дууссаны дараа үр хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжил төлөвшил, боловсрол мэргэжил эзэмшүүлэх зэрэг эцэг хүний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх цаг хугацаа болон нөгөөтэйгүүр Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхэд эцэг /эх/-тэйгээ амьдрах, тэдний анхаарал, хайр халамжинд байх хуулиар хамгаалсан хүүхдийн эрх, ашиг сонирхол, хүүхдүүдийн эдгээр эрхээ эдлэх цаг хугацаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 12 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү...” гэжээ. 

Хяналтын прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.П-д холбогдох хэргийг Дорноговь аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн. Б.П-д холбогдох эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээд үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын хэмжээ, гэм бурууд тохирсон байна гэх зарчмыг баримталж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Тиймээс Дорноговь аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/184 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Учир нь: шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгээс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн гомдолд бичсэн асуудлаар хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 09-р сарын 10-11-нд шилжих шөнө эхнэр Б.Г-г “эвдэрсэн машинаа хөдөө эзэнгүй орхилоо” гэсэн үндэслэлээр уурлаж гэртээ болон хашаандаа өшиглөж зодсоны улмаас хүзүүний нугасны аалзан хальсан доорх цус харвалт, нугасны эдийн няцрал, их тархины баруун зүүн тал бөмбөлөгийн суурь, чамархай, гадна хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, толгойн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий учрах үедээ амь насанд нь аюултай хүнд гэмтлүүдийг учруулж амь насыг нь хохироосон болох нь насанд хүрээгүй гэрч Г.Г /хх-ийн 50-51/,  гэрч Т.А /хх-ийн 54-56/, С.У /хх-ийн 43/, Д.Б /хх-ийн 48-49/, М.У /хх-ийн 84/, О.М /хх-ийн 46-47/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М /хх-ийн 80-81/ нарын мэдүүлэг, амь хохирогчийн биед задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 02/096 тоот дүгнэлт /хх-ийн 102-104/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/ зэргээр тус тус тогтоогдсон ба үйл баримтыг шүүгдэгч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд өгсөн мэдүүлгүүдээрээ болсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.

Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

Шүүгдэгч Б.П нь хохирогчийг хэд хэдэн удаа толгойн тус газар нь өшиглөж зодсоны улмаас хохирогчид хүзүүний нугас, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд гэмтлүүд учруулсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.4-т тус тус зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарч байгаа нь шинжээчийн 02/096 тоот дүгнэлт, гэмтлийн зэрэг тогтоох журам зэргээр тогтоогдсон,  хохирогч зодуулж байх явцад газар дээрээ нас барсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан бол” гэсэн шинжид нийцсэн.

Өөрөөр хэлбэл: насанд хүрээгүй гэрч Г.Г-н мэдүүлсэн /1-р хх-ийн 50-51/-ээр шүүгдэгч Б.П гэртээ ууртайгаар орж ирж эхнэрээ эхлээд 2 удаа бөгсөн тус газар нь өшиглөсөн, хохирогч гэрээсээ зугтааж гараад нуугдсан байхад   араас нь гарч эрж хайж олон түүнийг урд хоншоорыг нь төмөрлөсөн уул, уурхайн ажилд зориулагдсан гуталтай хөлөөр хохирогчийн толгойн тус газар нь хэд хэдэн удаа өшиглөсөн нь тогтоогдсон байна. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь: хохирогчийн толгойн тус газар нь төмрөөр тоноглосон ажлын гутлаар хэд хэдэн удаа өшиглөж зодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсэн атлаа түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэнд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд наймаас арван таван жилийн хорих ял оногдуулах боловч анхан шатны шүүх шүүгдэгчийн ар гэрт 02-14 насны 4 хүүхэд өнчрөн үлдсэн байдал болон хувийн байдлыг харгалзан 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон “шударга ёсны зарчим”-д нийцсэн байна.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгээс гаргасан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.П-н цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                     А.САЙНТӨГС