Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0679/З |
Дугаар | 128/ШШ2022/0057 |
Огноо | 2022-01-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.О ,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч Ц.О нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/7* дүгээр тушаалын Ц.О д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1 Нэхэмжлэгч нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/23* дугаар тушаалаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт оршин * уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор орших *ны хязгаарлалтын бүсэд 0.09 га газарт зуслангийн зориулалтаар газар ашиглах эрхтэй болсон.
2.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр тушаалаар “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон.
2.3. Хариуцагч маргаан бүхий актаа гаргахдаа “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг...” үндэслэсэн байна.
2.4.Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “…Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан нь захиргааны байгууллагаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах тохиолдолд захиргааны актыг чиглэсэн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах шаардлагатай байтал энэ талаар надад огт мэдэгдээгүй, газрын хувийн хэрэг надтай холбоо барих хангалттай баримт байх ёстой атал мэдэгдэх ямар ч ажиллагаа хийлгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан.
Энэхүү тушаал гарсан гэдгийг би сая наадмын амралтын өдрүүдэд хөрш зэргэлдээ байгууллагаас олж мэдэн улмаар зургийг нь дарж шүүхэд болон Сайдад хандсан. Сайдын зүгээс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр огноолсон “Хариу өгөх тухай” 01/3573 дугаар албан бичгээр “...төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй...” гэсэн.
Захиргааны байгууллагаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулах ёстой.
Гэтэл хуулиар заасан дээрх үйл ажиллагааг явуулаагүй, газар эзэмших гэрчилгээг цуцалсан талаар надад өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байгаа энэхүү үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/7* дүгээр тушаалын Ц.О д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү....” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий А/7* дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу газар ашиглах эрхийг цуцалсан. Ц.О нь 2011 оны А/23* дугаар тушаалаар 0,095 га газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшсэн. Зуслангийн зориулалтаар зундаа гэр барьж гардаг. Шүүхийн үзлэгээр Ц.О ы эзэмшлийн амбаар, гэрийн буйр тусгагдсан. Зуслангийн зориулалттай зундаа гарч зусдаг гэх нөхцөл байдал тогтоогддог. Зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг хариуцагчаас тайлбарлахдаа Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор газраа хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 жил дараалан ашиглаагүй гэсэн тайлбарыг үндэслэсэн байдаг. Уг тайлбарт дурдсанаар зориулалтын дагуу үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж бариагүй, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй зэргийг ойлгохоор заасан. Тиймээс энэ тайлбар зуслангийн зориулалтаар олгосон газарт хамааралгүй ч зуслангийн зориулалтаар ашиглаж байгаа гэдэгт уг тайлбарыг агуулгаар нь хамааруулж ойлгож болохоор байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гурвалсан гэрээг 2011 онд газар ашиглах эрх олгосноос хойш огт байгуулаагүй. Нэхэмжлэгчийн хувьд албан ёсоор гэрээ байгуулах хүсэлтийг бичгээр гаргаж байгаагүй боловч хуулийн дагуу гэрээ байгуулах ёстой гэж ойлгоод очиж уулзаж амаар хүсэлтээ гаргаж байсан зүйл байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т газар эзэмших, ашиглах гэрээнд төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх үүргийг хуульчилсан. Гэрээ байгуулаагүй учраас төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдалд байсан. 2017 оноос хойш газрын төлбөрийн асуудал байгааг хүлээн зөвшөөрдөг. 2017 оноос өмнөх газрын төлбөрийг тухай бүрт нь төлөөд явдаг байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 411 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 647 дугаар шийдвэр, түүнийг хянасан Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар 18-ны өдрийн 527 дугаартай тогтоолуудаар нэхэмжлэгчийн ашиглах эрх олгогдсон газар нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг хязгаар, итгэлцүүрийн тоог утгыг тогтоох тухай журам нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2018 оны 6 дугаар сарын хугацаанд шинээр батлагдаж гараагүй, хуульд заасан ажиллагаа явагдаж байгаа гэх үйл баримт Иргэний шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харагддаг. 2017 оноос хойш газрын төлбөрийн хувьд эдгээр журмууд хүчингүй болсон, газар ашиглах гэрээ байгуулагдаагүй учраас төлбөр төлөгдөөгүй.
Газрын төлбөр төлөөгүйтэй холбоотой баримтын хувьд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон * уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас төлбөр төлөөгүй иргэдийн жагсаалтыг гаргаж хүргүүлсэн байдаг. Уг жагсаалтад Ц.О ы нэр байхгүй. Тиймээс 2017 оноос өмнө газрын төлбөрийг төлдөг байсан нь энэ баримтаар нотлогдоно. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээс гадна маргаан бүхий захиргааны актад дурдсан газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 жил ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг. 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1. 35.3.3. 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" 365 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг зөрчиж байсан.
…Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журамд газар ашиглагч иргэн нь 3 сарын дотор гурвалсан гэрээг байгуулж хууль болон гэрээнд зааснаар газрын төлбөрийг төлж үйл ажиллагаа явуулахаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл гэрээг байгуулж газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй байна.
Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ***-*/**** тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.
Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн болно.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв:Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байхаар байна.
4.2. Харин Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэжээ.
4.3.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулж, гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулсан ба тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байна.
4.4.Харин хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтаас үзвэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт оршин * уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор орших *ны хязгаарлалтын бүсийг тусгай хамгаалалтад авахаас өмнө зуслангийн зориулалтаар байшингийн суурь өмчилдөг байсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/23* дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсний[1] дотор нэхэмжлэгч Ц.О багтжээ.
4.5.Энэ захирамжийг үндэслэн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Богд хан уулын дархан цаазат захиргааны дарга Д.Ш-ээс нэхэмжлэгч Ц.О д * уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 0,095 га газрыг зуслангийн зориулалтаар ашиглах эрхийн 2011/46 дугаар гэрчилгээг олгожээ.
4.6. Хариуцагчийн газар олгосон захирамжийн 2-т “газар ашиглах зөвшөөрөл авсан иргэдтэй гэрээ байгуулж, газар ашиглалтын байдалд нь хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Богд хан уулын дархан цаазат захиргааны дарга даалгажээ.
4.7. Шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг үзвэл нэхэмжлэгч өөрийн газрыг 3 талаас нь хашаалсан, харин газрын эргэн тойрны орчинд суурьшлын бүс бий болсон байдалтай,[2] тэдгээрийн газар ашиглах эрх хэвээр байсан.
4.8. Бодит байдалд нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9-д заасан “... зуслангийн барилга байгууламж барих...” хориглосон үйл ажиллагаа хийгээгүй. Харин улирлын чанартай гэр барьж түр байрлахыг нь газраа зориулалтын дагуу ашиглаж байсныг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
4.9.Түүнчлэн маргаан бүхий актын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/7* дүгээр тушаалын үндэслэлд дурдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон * уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд төлбөр төлөөгүй иргэд, аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргаж хүргүүлсэн байдаг[3]. Уг жагсаалтад Ц.О ы нэр байхгүй.
4.10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэжээ.
4.11. Шүүх энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлэн энэ талаар баримтыг цуглуулах ажиллаагааг хийсэн боловч нотолгооны ач холбогдол бүхий баримт олдоогүй болно.
4.12. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан 3 талт гэрээ байхгүй тул хуульд заасан гэрээ байгуулснаар газар ашиглагчид газар ашиглах эрх, үүрэг хүлээлгэх талаар нэхэмжлэгчийг буруутган дүгнэлт өгөх боломжгүй.
4.13.Нөгөөтээгүүр нэхэмжлэгч батлагдаагүй 3 талт газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээргүй юм.
4.14. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит үнэнийг тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй.
4.15. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн газраа ашиглах талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа, 3 талт гэрээ байгуулаагүй шалтгаан, зуслангийн зориулалтаар газар ашиглах тохиолдолд төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох зэрэг өөрөөс шалтгаалах нөхцөл байдлыг тодруулалгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болжээ.
Тав: Бусад:
5.1. Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 –д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим.
5.2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд бодит нөхцөл байдалд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах”, “захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх”, “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмуудад нийцэхгүй байна.
5.3. Иймд дээрх үндэслэлүүдээр * Уулын *анд байрлах 0.095 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр тушаалын иргэн Ц.О д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан Ц.О-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/7* дүгээр тушаалын Ц.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР