| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 221/2025/0019/З |
| Дугаар | 221/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/ШШ2025/0018
Т.Х-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалсан: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Х
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бс, иргэдийн төлөөлөгч А.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Х нь “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгч Т.Х-ыг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9, 14.1.11, 14.1.12 дахь хэсэг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.3-д зааснаар “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Т.-Хоос тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
3.1. “Өмгөөлөгч Т.Х миний бие иргэн Ч.А-н гомдлоор Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар орж мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Өмгөөллийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.3 хэсгийн 31.3.3 зааснаар “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох" хариуцлага хүлээлгэсэн.
3.2. Т.Х нь 2021 оны 09 сарын 22 өдөр өмгөөллийн “Хонгор партнерс консалтинг” ХХК байгуулан үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Уг компаниар өмгөөлөгч Б.Б-тэй хамтран ажиллаж хэргийн төлөвлөгөөг гарган хамтран ажилласаар ирсэн. Улмаар 2024 оны 02 сард иргэн Ч.А нь өөрийн хүү А.Т-н өмгөөлөгчөөр ажиллуулахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг манай компанийн хуульч Б.Б бид хоёртой байгуулсан. Өмгөөлөгч Б бид хоёрын зүгээс нийт ажиллаж байгаа хэрэг дээрээ төлөвлөгөө гаргаж хийх ажлууд болон оролцох ажиллагаануудаа хуваарилан авч ажилласан болно. Дээрх хугацаанд миний зүгээс өмгөөлөгч Бийг компанийн удирдлагын хувьд зааварчлан чиглүүлж хэргийн талаар зөвлөлдөн ажилласан болно. Ахлах хуульч Б.Б нь А.Т-тай уулзалт хийж тогтмол хууль зүйн зөвлөгөө үзүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудад оролцож ирсэн. Ингээд уг хэргийн анхан шатны шүүх хуралдаан болоход миний бие өмгөөлөгч Б.Б болон Ц.Д нарын хамт хуралдаанд оролцсон. Үүний дараа мөн өмгөөлөгч болон үйлчлүүлэгчтэй зөвлөлдөж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан болно.
3.3. Гэтэл Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Д.М гишүүн Д.Б, А.К, Д.Н, Г.Т, С.Х, Г.Ц, Ц.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж намайг нэг ч ажиллагаанд оролцоогүй гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.4. Миний бие өөрийн үүсгэн байгуулсан компаниар зохион байгуулалт хийж өмгөөлөгч Бтэй хамтран хэргүүдийг хуваарилан оролцох ажиллагаануудыг тодорхой болгон шүүх хуралдаанд хамтран оролцож давж заалдах гомдлыг боловсруулан ажилласан болно.
3.5. Иймээс Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Д.М гишүүн Д.Б, А.К, Д.Н, Г.Т, С.Х, Г.Ц, Ц.Г нарын 2024 оны 11 сарын 12 өдрийн МТ/2024/37 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Ч.А-гаас өмгөөлөгч Т.Х-т холбогдуулж гаргасан гомдолд мэргэжлийн хариуцлагын хороо 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолоор нь 8 гишүүний бүрэлдэхүүнтэй өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасаж шийдвэрлэсэн. Хороо тус тогтоолыг гаргахдаа дараах 11 үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасаж шийдвэрлэсэн.
4.1. Өмгөөлөгч Т.Х, иргэн Ч.А нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний 1.2-т: Хууль зүйн туслалцаа нь үйлчлүүлэгчийг өмгөөлөх, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, тайлбар гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах, хавтас хэрэгтэй танилцах, амаар болон бичгээр хууль зүйн лавлагаа, мэдээлэл, зөвлөгөө өгөх, уулзалт хийх, анхан давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол, хүсэлт, тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох хэлбэрээс бүрдэнэ гэжээ.
4.2. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гомдол гаргагч иргэн, хариуцагч өмгөөлөгчийн тайлбар зэргээр өмгөөлөгч Т.Х нь Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Учир нь өмгөөлөгч Т.Х-н үйлчлүүлэгч А.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх буюу хүнд гэмт хэрэгт холбогдсон. Энэ нь 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгүүлэх санкцтай гэмт хэрэг.
4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т бүх насаар хорих ял оногдуулж болох сэжигтэн яллагдагч шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулахыг хориглосон байдаг.
4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч А.Т-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 3-4 удаагийн шүүхийн хэлэлцүүлэг болсон, өмгөөлөгч Т.Х нь биечлэн болон цахим хэлбэрээр огт оролцоогүй.
4.5. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч А.Т-н хэргийн материалтай танилцаагүй.
4.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоохтой холбоотой хүсэлт, гомдол гаргаагүй.
4.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан өөрийн үйлчлүүлэгч болох яллагдагч А.Ттай нэг ч удаа очиж уулзаагүй.
4.8. Өмгөөлөгч Т.Х нь бичгээр ирүүлсэн тайлбартаа: гомдол гаргагч Ч.А-тай утсаар холбогдож ярьж ойлголцсон гэсэн байдаг ч, хуралдаан дээр Ч.А нь үүнийг үгүйсгэсэн.
4.9. Өмгөөлөгч Т.Х нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “шуурхай, бүрэн, тууштай байх”, 4.1.3. “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 4.1.5 “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”, 4.1.6. “хүнлэг, энэрэнгүй байх” зарчмыг ноцтой зөрчсөн байна.
4.10. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2. “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.9. үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах, 14.1.11-д “шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох”, 14.1.12-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д ”хууль зүйн үйлчилгээний зорилгод хүрэх арга замын талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх”, 16.1.3-д "үйлчилгээний явцын талаар тухай бүрд нь үйлчлүүлэгчид мэдээлэх”, 16.1.4-т “үйлчлүүлэгчийн мэдээлэл хүссэн үндэслэл бүхий хүсэлтийг шуурхай хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул иргэн Ч.А-н гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
4.11. Өмгөөлөгч Т.Х-н гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн цар хүрээ, хор хохирол зэргийг харгалзан үзэж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзсэн.
Иймд өмгөөлөгч Т.Х-н гомдол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гомдол гаргаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.
5. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хянав.
2. Нэхэмжлэгч Т.Х нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Т.Х нь иргэн Ч.А-тай “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд тус гэрээний дагуу эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцох байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж Ч.А-гаас Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “ ... А.Т-тай цагдан хорих 461-р ангид очиж нэг ч удаа уулзаагүй, санал хүсэлт гаргаагүй, хэргийн материалтай танилцаагүй, ар гэрт нь болон А.Т-т тайлбар мэдээлэл өгөөгүй, хэл амаар доромжилсон ...” гэж тайлбарлажээ.
2.2. Түүний гаргасан гомдлын дагуу Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн МҮ/63 дугаар тогтоолоор өмгөөлөгч Т.Хт холбогдуулан маргаан үүсгэж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаар тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгч Т.Х-ыг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.9, 14.1.11, 14.1.12 дахь хэсэг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.3-д зааснаар “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
2.3. Нэхэмжлэгчээс гомдолдоо “2024 оны 02 дугаар сард иргэн Ч.А нь өөрийн хүү А.Т-н өмгөөлөгчөөр ажиллуулахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг манай компанийн хуульч Б.Б бид хоёртой байгуулсан. Өмгөөлөгч Б.Б бид хоёрын зүгээс нийт ажиллаж байгаа хэрэг дээрээ төлөвлөгөө гаргаж хийх ажлууд болон оролцох ажиллагаануудаа хуваарилан авч ажилласан. Дээрх хугацаанд компанийн удирдлагын хувьд зааварчлан чиглүүлж, хэргийн талаар зөвлөлдөн ажилласан. Анхан шатны шүүх хуралдаан болоход миний бие өмгөөлөгч Б.Б болон Ц.Д хамт хуралдаанд оролцсон, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл намайг нэг ч ажиллагаанд оролцоогүй гэж дүгнэлт хийсэн” гэжээ.
2.4. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан болон холбогдсон өмгөөлөгчийн тайлбар, үндэслэл, түүнд хамаарах баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс судалж, үнэлэлт өгөх байдлаар нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.
2.5. Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/37 дугаар тогтоолын Үндэслэх нь хэсгийн 2-д “Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гомдол гаргагч иргэн, хариуцагч өмгөөлөгчийн тайлбар зэргээр өмгөөлөгч Т.Х нь Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна ... ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, учир дутагдалтай, хууль зүйн хувьд гомдол гаргагчийн гаргасан гомдол тус бүрт холбогдуулан үндэслэл болгож буй нотлох баримтыг ялгаж салгаж заагаагүй, тэдгээрт өгөх хууль зүйн дүгнэлт, тайлбарыг ялгамжтай байдлаар тайлбарлан тусгаагүй байх тул давж заалдах шатны шүүх Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрт эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.
2.6. Тодруулбал, нэхэмжлэгчийг буруутгаж буй зөрчил тус бүрийг шалган тогтоож, холбогдох нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлээгүй, гол буруутгаж буй зөрчилтэй холбогдуулан холбогдох баримтуудыг цуглуулаагүй, Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, 35.1.1-д “хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлсэн хүн, хуулийн этгээд, албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болон маргаанд холбогдох өмгөөлөгчөөс тайлбар авах”, 35.1.2-т “хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүй, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал болон маргаанд ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлын талаар нэмэлт баримт сэлт, мэдээлэл цуглуулах”, 35.1.3-д “хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүйн талаар мэдэх этгээдээс тайлбар авах” гэж тус тус заасан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээгүй байна.
2.7. Тухайлбал өмгөөлөгч Т.Х- “нийт ажиллаж байгаа хэрэг дээрээ төлөвлөгөө гаргаж хийх ажлууд болон оролцох ажиллагаануудаа хуваарилан авч ажилласан. Дээрх хугацаанд компанийн удирдлагын хувьд зааварчлан чиглүүлж, хэргийн талаар зөвлөлдөн ажилласан. Анхан шатны шүүх хуралдаан болоход миний бие өмгөөлөгч Б.Б болон Ц.Д-н хамт хуралдаанд оролцсон, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан” гэж тайлбарласан байх тул гомдол гаргагч Ч.А-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ анх байгуулсан хугацаа буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд А.Т-н хэрэгт сар бүр ямар төлөвлөгөө гарган ажиллаж байсан талаарх баримт, тус хууль зүйн товчоо нь хэдэн өмгөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг болох, дээрх хугацаанд “Өмгөөллийн ******” ХХК нь нийт хэдэн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байсан талаарх холбогдох баримтуудыг тодруулж, эдгээрт хууль зүйн дүгнэлт өгөх хэрэгтэй.
2.8. Мөн гомдол гаргагч Ч.А-гаас “ ... Б.Б өмгөөлөгч цөөхөн хэдэн удаа очихдоо хууль зүйн туслалцаа үзүүлээгүй” гэсэн гомдол гаргасан байх тул гомдлын энэ талаарх үндэслэлийг тодруулж, дүгнэлт хийх шаардлагатай.
2.9. Түүнчлэн гомдол гаргагч Ч.А-гаас “ ... хэрэг мөрдөн байцаалтад байх хугацаанд мөрдөгч н.И-с “... өмгөөлөгч нараас хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурж хүлээж авахгүй, гомдол хүсэлт гаргаагүй” гэж хэлж байсан, мөн Баянзүрх дүүргийн прокурор н.Г “... хэргийн материалтай танилцах болон гомдол хүсэлт гаргахгүй юм уу” гэж удаа дараа хэлж байсан ...” гэсэн гомдол гаргасан байх тул энэ талаар мөрдөн байцаагч, прокурор нараас тодруулахаас гадна хавтаст хэргээс өмгөөлөгч Т.Х-н хэргийн материалтай хэдэн удаа танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа хүсэлт, гомдол гаргаж байсан эсэхийг тодруулж, дүгнэлт хийх шаардлагатай
2.10. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 89 дүгээр зүйлийн 89.1-д “Тогтоол нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.” 89.2-т “Удиртгал хэсэгт тогтоолын дугаар, гаргасан он, сар, өдөр, газар, даргалагч болон бусад гишүүн, нарийн бичгийн дарга, хянан шалгагч, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, хуралдаанд оролцсон орчуулагч, хэлмэрч, шинжээчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, маргааны товч агуулгыг заана.” 89.3-т “Үндэслэх хэсэгт дараах зүйлийг дэлгэрэнгүй, ойлгомжтой тусгана:” 89.3.1-д “зөрчлийн хэлбэрийг тогтоосон маргааны нөхцөл байдал”, 89.3.3-т “хариуцагчийг буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн хянан шалгагч, хариуцагчийн саналын үндэслэл болгосон баримт”, 89.3.4-т “хуралдаанаар тогтоогдсон зөрчлийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж тус тус заасны дагуу тогтоол нь ойлгомжтой дэлгэрэнгүй байдлаар тусгагдахаар заасан байх бөгөөд маргаан бүхий МТ/37 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт тусгагдсан зөрчлүүд нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн аль зөрчилд хамаарч байгаа болох, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн байдал, зөрчлийн гэм бурууг хянасан хянан шалгагчийн санал зэргийг тусгаагүй нь журмын ноцтой зөрчилд тооцогдоно.
2.11. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэжээ
4. Мэргэжлийн хариуцлагын хороо хууль, журмаар тогтоосон маргаан хянан шийдвэрлэх журмын хүрээнд дээр дурдсан үндэслэлээр үл хязгаарлан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын хүрээнд бүрэн дүүрэн цуглуулж, тэдгээрт үндэслэн хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэйг жич тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөлөгч Т.Хоос Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/2024/37 дугаартай тогтоолыг” хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ