Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 131

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

              Улсын яллагч:                     Л.Энхтайван

              Шүүгдэгч                               Д.Цэцэнхүү

               Түүний өмгөөлөгч:              Р.Атарцэцэг

               Хохирогч:                             Ч.Отгонтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн Тэмээчин овогт Дорждэрэмийн Цэцэнхүүд холбогдох эрүүгийн  201618000300 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 1977 оны 11 дүгээр сарын 12-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын  5 дугаар баг, 3 дугаар хэсэг 046 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 177 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Дархан-Уул аймаг дахь ШШГА-ны Хорих 445 дугаар ангид ял эдэлж байхдаа биеэр 3 жил 09 сар 18 хоног эдэлж  шагналын 114 сар 15 хоногоор шагнагдаж, одоо үлдсэн 2 жил 2 сар 27 хоногийн хорих ялыг 2013 оны 06-р сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Тэмээчин овогт Дорждэрэмийн Цэцэнхүүд РД: /МЮ77111590/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Цэцэнхүү нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим эхнэр Ч.Отгонтуяагийн бие эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Шүүгдэгч Д.Цэцэнхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “….2016 оны 10 дугаар сарын 17-нд эхнэр маань пиво уугаад сууж байна гэж андууч уурлаад хэрүүл хийж “эхнэрийгээ гэр рүүгээ харья” гээд тэврээд явсан чинь толгой түрүүгүй цохиод байхаад нь цохичихоод түлхэж унагаагаад явсан. Гэтэл унахдаа гэмтсэн юи шиг байна лээ. Тэгээд би эхнэрээсээ зугтаж 3 хоног алга болчихсон. Гэтэл манай эхнэр намайг олуулах гээд цагдаад өргөдөл бичиж өгсөн байсан гэв.

2.Хохирогч Ч.Отгонтуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би ажил дээрээ байж байгаад цайны цагаараа нөхөртэйгөө банк явж байсан чинь утсанд нь “хаана байна, хаана байгаа газар чинь яваад очъё” гэсэн мэссэж ирсэн. Тэгэхээр нь би тэр дугаар руу нь залгасан чинь эмэгтэй хүн байхаар нь цохиж аваад хөөгөөд явуулсан. Тэгээд ажлаа тараад оёдолчин орж юм оёулаад сууж байтал манай нөхөр ирээд намайг “явъя” гээд байсан учраас маргалдаж ноцолдож хашаа мөргөж унасан. Өмнө хийсэн хэргээс нь болж нөхрийгөө их дарамталдаг гэдгээ ойгосон. Би хашраая гэж бодоод цагдаад өгсөн. Одоо гомдолгүй. Хэрэгт холбогдсоноос болоод ажилдаа явахгүй байгаа. Ажилд нь явуулмаар байна. Би ажил хамт олныхоо хүмүүстэй хамт хааяа гарч орохоор өөрөө уудаггүй учраас бачимддаг юм уу яадаг юм хэрүүл хийх гээд байдаг. Хүчирхийлэл гэхээсээ илүү хэрүүл маргаантай байдаг. Нөхрийгөө найз нөхөдтэйгөө архи уусан үед нь би цагдаад дуудаад өгчихдөг гэв.

   3.Хохирогч Ч.Отгонтуяагийн 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Тэр өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд багийн оёдлын байранд, оёдолчин эгчид хувцас оёулах гээд өгчихсөн байсан юм тэрийгээ авах гээд ороод сууж байтал манай нөхөр Цээгий гаднаас орж ирээд, харъя гэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ? гэсэн чинь гаръя гээд хувцас хунараас зуураад байхаар нь үгүй, гээд Өлзий эгчтэй гарч бие засах гээд гартал, гадаа зогсож байгаад миний үснээс зулгаагаад газарт унагаагаад гар хөлөөрөө өшиглөж цохиод, зодож байхад Өлзий эгч ирээд салгаад босготол Цээгий зугатаад явчихсан. ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 7 дугаар хуудас/

4.Гэрч Ш.Өлзийбаярын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Тэр өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд Отгонтуяа хувцасаа оёулах гэж манайд орж ирсэн юм, тэгээд сууж байтал удалгүй нөхөр гэх залуу орж ирээд, чи машинтай архи уугаад явсан байна гээд эхнэрийгээ гэртээ харъя гэсэн чинь Отгонтуяа харихгүй би гарч биеэ заслаа гээд гараад явсан. Тэгээд удалгүй гадаа Отгонтуяа орилох дуу чимээ гарахаар нь би араас нь гарсан чинь нөхөр нь хашаагаар гарах гээд явж байса, тэгээд Отгонтуяа бид хоёр манайд ороход Отгонтуяагийн зүүн дух орчимд цус гарсан, үс толгой нь өвс шороо болчихсон байсан. Тэгээд би эгч рүү залгаж хэлээд, эгч нь цагдаа дуудсан гэсэн, тэд нар хамт гараад явцгаасан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

5.Гэрч Д.Түвшинхоролын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Цэцэнхүү миний төрсөн дүү байгаа юм. Согтууруулах ундаа ууж хэрэглээд байдаггүй, хааяа найз нөхөдтэйгээ жаахан уудаг байх байнга архи ууж согтуурдаг хүн бишээ. Отгонтуяа манай бэр болоод 17 жил болж байна. Хааяа хэрүүл болсон гэж сонсож байсан. Зодож зодолдож байсныг мэдэхгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

6.Шинжээч эмчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №428 тоот:

1.Ч.Отгонтуяагийн бие тархи доргилт, баруун дээд зовх, нуруу, зүүн гуяанд цус хуралт, духанд зулгаралт, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

7.Шүүгдэгч Д.Цэцэнхүүгийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн”...Тэр өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхнэр бид хоёр гэр бүлийн асуудлаас болоод жаахан маргаантай байсан юм. Тэгэд орой 20цагийн орчимд эхнэр ирэхгүй болохоор нь би гэрээс гараад хайгаад явж байтал, манай багт байрлах оёдлын цехийн гадна манай машин зогсож байхаар нь яваад ортол манай эхнэр Ч.Отгонтуяа, оёдлын Өлзий эгчтэй 2.5 литрийн савтай пиво дундаа тавьчихсан уугаад сууж байхаар нь машинтай явж байж архи пиво уугаар гэртээ харъя гэж эхнэрт хэлэхэд, манай эхнэр намайг өөрөө гэртээ харь би харихгүй, миний яах яамд ямар хамаатай юм гэх мэт зүйл хэлээд агсараад байсан. тэгээд эхнэр гарч биеэ заслаа гэхээр нь араас нь гарч тэвэрч аваад ханиа гэр рүүгээ явъя гээд араас нь тэвюрээд авсан чинь эхнэр орилж хашгираад миний толгой нүүргүй цохиод дайраад байхаар нь би эхнэрийнхээ гар мөр, нуруу хэсэгт 2 удаа цохиод цааш явтал араас ирээд зууралдаад байхаар нь эхнэрийг цааш түлхтэл нашаа налаад унасан. Тэгээд би гэр рүүгээ явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

8.Шүүгдэгч Д.Цэцэнхүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн”...Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар тодорхой ярьсан нэмж яриад байх зүйл байхгүй ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  27 дугаар хуудас/

9.Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол холбогдох баримтууд /хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас/

10.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  80 дугаар хуудас/.

11.Ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн сулласан захирамж /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

12.Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас/

13.Захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  38-73 дугаар хуудас/ зэрэг болно.  

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудад шүүх

                                          дараахи дүгнэлт хийв.

                       

         Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цэцэнхүүг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим эхнэр Ч.Отгонтуяагийн бие эрх чөлөөнд халдаж, “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

            Прокурорын газраас шүүгдэгч Д.Цэцэнхүүд холбогдуулан үйлдэж ирүүлсэн  сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

 “Ч.Отгонтуяагийн бие тархи доргилт, баруун дээд зовх, нуруу, зүүн гуяанд цус хуралт, духанд зулгаралт, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, Ч.Отгонтуяагийн эрх чөлөөнд халдсан талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, гэрч Ш.Өлзийбаярын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагууд хангагдсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар шүүх цугларсан нотлох баримтуудыг нотолгооны эх сурвалжаа болголоо.

            Иймд шүүгдэгч Д.Цэцэнхүүг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим эхнэр Ч.Отгонтуяагийн бие эрх чөлөөнд халдаж, биед нь “тархи доргилт, баруун дээд зовх, нуруу, зүүн гуяанд цус хуралт, духанд зулгаралт, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Хохирогч Ч.Отгонтуяа нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Д.Цэцэнхүүтэй сайн дураар эвлэрч байгаагаа илэрхийлж байгаа ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн заалтуудтай нийцэж байгаа тул “ хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн” гэж үзэх үндэслэл болж байна. Прокурорын газраас шүүгдэгч Д.Цэцэнхүүг урьд нь ял шийтгэлтэй, ялтай байх хугацаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлд зааснаар дуусаагүй байгаа  тул хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрэх боломжгүй гэж үзсэн байна.

            Шүүгдэгч Д.Цэцэнхүү нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4-д зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2 жил 2 сар 27 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан байна. Тэнссэн хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна. Гэтэл шүүгдэгч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлджээ.

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т  “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтаныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэжээ. Шүүх Д.Цэцэнхүүд өршөөлийн хуулийн энэ зүйл хэсэг хамаарна гэж үзэв. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна. Энэ хуулиар Д.Цэцэнхүүгийн ялтай байдал арилсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйл заалтууд нь холбогдох байгууллага, албан тушаалтнаас шийдвэр, эрх зүйн баримт бичиг гаргалгүйгээр шууд хэрэгжихээр хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Цэцэнхүүг хуулийн дээрх зүйл заалтуудад хамруулан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой байна.

        Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Шүүх, “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.Цэцэнхүү нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  295, 296, 297,  298 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тэмээчин овогт Дорждэрэмийн Цэцэнхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Д.Цэцэнхүүд холбогдох хэргийг “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Д.Цэцэнхүү нь энэ хэргийн улмаас  бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

        

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                             Б.НАЦАГДОРЖ