Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Ө Дд холбогдох 2328000000135 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Биеийн байцаалт: ...      

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Ө.Д нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Т-ы бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.Д-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын малчин, цаг муу учраас одоогоор Ханхонгор сумын нутагт отроор явж байгаа. 2023 оны 05 дугаар сарын 25-ны шөнө гэртээ унтаж байхад энд отроор ирээд танилцсан Б гэх хүн ирээд надтай яриа байна манайд очъё гээд намайг сундлаад Б өөрийн гэртээ ирсэн. Тэнд Б-ийн эхнэр нь байсан. Баавуугийн гэрт бид хоёр 0.33, 0.5 граммын 2 архи уусан, тэр архи дууссан. Тэнд би унтаж байтал хүн намайг нүүрэнд миний хамар хэсэг газарт 2 удаа цохисон. Би тэр үед сэрсэн. Тэгсэн Д гэх хүн байсан. Намайг цохичоод больсон. Хамрын дээд хэсгээс цус гарсан. Б-ийн авгай болох Ш аймагт Дундсайханд Х гэх айлд би хүргүүлж ирсэн. Би Ш-ийн жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Би дүү болох Ж эмнэлэг рүү хүргүүлж 5 оёдол тавиулсан... Би ямар нэгэн хүсэлт байхгүй. Д гэх хүнтэй уулзсан. Уучлалт гуйсан бөгөөд бид хоёр одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Бид хоёр хоорондоо тохирсон. Мал таргалахаар мал зарж 700,000 төгрөг өгөхөөр болсон. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй бөгөөд Ө.Дтай учраа олсон, одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/  

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Т-ы биед хамрын язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/  

Шүүгдэгч Ө.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “....Өмнөговь аймгийн үеийн хүмүүс бол миний найз нөхөд, би ер энэ олон жил хүний биед гэмтэл энэ тэр учруулж байгаагүй. Намайг  нутгийн хүмүүс мэднэ. Би хүний сайн сайхны төлөө юм хэлдэг. Одоо цаг өөр болж, дүү нар залуучууд үг авах нь ховор болсон байна. Г.Т-ы биед би гэмтэл учруулсан. Тухайн үед Т энэ байна гэж бодож өшиглөөгүй дүү хүмүүс мал энэ тэрдээ явахгүй архи уулаа гэж уурлаад Бг загнаж туйлаад байж байхад толгой дээгүүрээ дээлээ нөмөрсөн цамцны малгай нь хаасан байсан хүнийг өшиглөсөн. Тэр нь Г.Т байсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй бөгөөд уучлалт гуйсан. Бид хоёр учраа олсон. Мал ахуй тарга тэвээр авахаар 700.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байгаа. Одоо мал муу байхад хүнд муу юм өгөөд дэмий гэж бодоод таргалахаар өгөхөөр болсон Г.Т зөвшөөрсөн.” /хавтаст хэргийн 28 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:  

Шүүгдэгч Ө.Д нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 46 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Ө.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.  

Шүүгдэгч Ө.Д-ы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ө.Д нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Т-ы бие эрх чөлөөнд нь халдаж хамрын язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ө.Д-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ты эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 16-17 дахь тал/-ээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ө.Д нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т-ы бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т мөрдөн байцаалтын шатанд “Мал таргалахаар мал зарж 700.000 төгрөг өгөхөөр болсон... Ө.Д-тай учраа олсон, одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 10 дахь тал/ гэж мэдүүлсэн байх ба 700.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн  болох нь хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Ды хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 43 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 31 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Ө.Д-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.   

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын мэтгэлцээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ө.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.   

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Ө.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,  

Шүүгдэгч Ө.Ды хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ө.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж буй нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш торгох ялыг биелүүлэх үүрэг болгосон хугацаа байх ба хэсэгчлэн төлүүлэх хугацаа гэж үзэх боломжгүй юм.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан зүйлчилснийг хасаж зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал болон хэргийн үйл баримт  зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэлээ. Харин энэ нь тус шүүхэд тогтсон хууль хэрэглээний нэгдсэн нэг ойлголтод нөлөөлөх асуудал юм.

Шүүх шүүгдэгч Ө.Д-ы  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ө.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ө.Д нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ө Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Шүүгдэгч Ө.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Ө.Д хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т-д 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.        

6. Шүүгдэгч Ө.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ө.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

            

                                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ