Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2019/03277

 

 

2019 12 17

184/ШШ2019/03277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:С.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Х.Б-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 17,602,150 төгрөг гаргуулах, байрнаас албадан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 21,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Х.Бтай 2017 оны 09 сарын 12-ны өдөр 0005526.. гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201049... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, .. дугаар байр, .. тоот 47,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хувь лизингээр худалдахаар тохирч гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөр аваагүй бөгөөд сар бүрийн 20-нд 1,200,000 төгрөгийг төлж байхаар, мөн жил бүрийн 4 дүгээр сарын 20-нд 10,000,000 төгрөгийг төлж байхаар тохиролцон гэрээ байгуулж байрыг хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээг байгуулахад ямар нэгэн хүү тооцоогүй харин төлөхөөр тохирсон төлбөрөө цаг хугацаандаа төлж чадаагүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувь алданги авах, мөн төлбөрөө төлөхгүй гурван сар болсон тохиолдолд гэрээг дангаар цуцлах энэ үед орон сууцны нийт үнийн дүнгээс 10 хувийн торгууль тооцож гэрээг цуцлагдсанд тооцно гэж тохирч харилцан гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хавсралтад төлбөр төлөх хугацаа болон тухайн сар бүр төлөх хэмжээг харилцан тохиролцож тусгасан.

Миний нөхөр Б.Э Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, .. дугаар байр гэсэн хаягтаа 24 айлын орон сууцыг захиалгаар бариулж улсын комисст хүлээлгэж өгсөн. Ашиглалтанд орсоны дараа .. тоот 2 өрөө орон сууцыг Б.О болон түүний эхнэр Б.Онарт худалдан үл хөдлөхийн гэрчилгээг Б.О болон түүний эхнэр Г.Чнарын нэр дээр гаргаж өгсөн. Үл хөдлөхийн гэрчилгээ гарсаны дараагаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.О болон түүний эхнэр Г.Ч нар нь манай орон сууцны барилгаас 3 өрөө рүү шилжиж орох хүсэлтэй байгаагаа хэлж, зөрүү мөнгийг төлж шилжиж нүүсэн. Ингээд 2 өрөө .. тоот орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээг дараагийн хүнд зарж борлуул гээд эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад бэлэглэх, нэр шилжүүлэх, гэрээ хэлцэл байгуулах төлбөр тооцоо гүйцэтгэх гэх зэрэг эрхийг олгож нотариатаар орон итгэмжлэл бичсэн. Ингээд бид дараагийн худалдан авагч болох Х.Бтай тухайн орон сууцыг худалдахаар тохиролцон гэрээ хийсэн. 2018 оны 4 дүгээр сарын 20-нд гэрээний хавсралтад заасан ёсоор 10 сая төгрөг төлөх болох үед хүүхэд өвчтэй төлж чадахгүй байна гэж хэлээд 2018 оны 10 сар хүртэл хойшлуулахыг хүссэн. Хашаа байшингийн бичиг баримт гарч байгаа зараад мөнгийг чинь өгнө гэж тайлбарлаж байсан. Энэ үед хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэрээний дагуу алданги болон үндсэн төлөх ёстой дүнгээ төлөхийг шаардсан. 2018 оны 10 сар болохд төлбөрөө мөн л төлөөгүй. Үүнээс хойш хэд хэдэн удаа уулзаж төлбөр төлөхийг сануулж ярилцаад мөн л янз бүрийн шалтаг хэлсээр байсан ба 2019 оны 1 сард манай гэр бүлийн хүн Б.Э очиж уулзсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 20-нд төлөх ёстой 10 сая төгрөгийг энэхүү тохирсон хугацаандаа төлчихвөл өмнөх жилийн төлөгдөөгүй 10 сая төгрөгийг бүх төлөлт дууссаны дараа буюу 2020 оны 4 сарын 20-ноос хойш сар бүр 1,200,000 төгрөгөөр хувааж төлөхөөр аман тохиролцоо хийсэн. Бас 2019 оны 4 сарын 20-ны төлөлтөө хийгээгүй үед байраа суллаж, гэрээний дагуу алданги, торгууль төлөхөөр тохирсон. Ингээд 2019 оны 4 сарын 20-ны өдөр болоход төлөлт мөн л хийгдээгүй ба яг одоо төлбөр төлөх боломжгүй байна, 2019 оны 5 дугаар сарын 20 өдөр хүртэл хүлээгээч гэж хэлсэн.

2019 оны 5 дугаар сарын 25-нд гэрээгээ цуцлах талаар мэдэгдэж уг мэдэгдлийг хүлээн авсан талаараа гарын үсэг зурахыг шаардахад гарын үсэг зураагүй бөгөөд мэдэгдлийг өөрийн биеэр хүлээн авсан. 2019 оны 5 дугаар сарын 01-ний УБ ЦТС ТӨХК-д хүсэлт гаргаж сүүлийн цахилгааны ашиглалтын зардал болох 38,500 төгрөгийг төлж цахилгааны хязгаарлалт хийлгэсэн.

 

Иймд хариуагч Х.Бгаас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хувь лизингээр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу алданги 17,922,250 төгрөг, торгууль 6,358,500 төгрөг, цахилгааны хязгаарлалт хийлгэх үеийн 38,500 төгрөг, нийт 24,319,150 төгрөгийн төлбөрөөс хариуцагч талын өдрийг хүртэл төлсөн төлбөр болох 21,200,000 төгрөг, алдангидаа тооцож төлсөн 509,000 төгрөг, нийт 21,709,000 төлснийг хасаж 2,610,150 төгрөгийг гаргуулж С.Сд олгож, 2 өрөө орон сууцыг гэрээний 3.3 болон 5.2-т заасны дагуу чөлөөлж өгөхийг Х.Бд даалгаж өгнө үү.

Бид нилээн хүлээцтэй хандсан. Х.Б өөрөө болно, бүтнэ гэж гуйж байж байранд маань орсон. Гэрээгээр тохиролцоод гарын үсэг зурсан. Гэрээний дагуу 10,000,000 төгрөгөө сарын сүүлд төлж болно гэж хэлсэн. Би маш их гайхаж байна. Би гэрээнд заасны дагуу торгуулиа шаардаж байна. Байраа даруйхан суллаж миний мөнгийг гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримт буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс маргааны зүйл болсон 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.О, Х.Ч нар болох нь харагдаж байна. Энэхүү өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2017 оны 3дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.О, Г.Ч нар нь С.Сд маргааны зүйл болсон орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон байна. С.С нь энэ эрхийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр Х.Б надтай Орон сууц худалдах, худалдан авах хувь лизингийн гэрээ г байгуулсан боловч эрх зүйн үр дагавар нь гагцхүү төлөөлүүлж байгаа талд үүсэх учиртай. Нэхэмжлэгчид орон сууцны өмчлөгч нарыг төлөөлөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байх тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэл муутай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зйлийн 65.1.5, 117 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн.

С.С нэхэмжлэлдээ 6,358,500 төгрөгийн торгууль 24,005,250 төгрөгийн алданги надаас тооцон авах эрхтэй талаар тусгасан. Гэтэл С.С өөрөө байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд шийдвэрлүүлэхээр тавьсан байхын зэрэгцээ гэрээгээ цуцалсан гэж өөрөө маргаж энэ талаар нэхэмжлэлдээ тусгасан байгаа. Гэрээ цуцалж байгаа нөхцөлд гэрээний үүргийн эрх зүйн харилцаа дуусч өгсөн авсан зүйлээ буцаах харилцаа болж хувирдаг. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой харилцаа дууссан учир ямар ч төрлийн анзыг гаргуулах эрхгүй ту эдгээр алданги, торгууль гэх төлбөрүүдийг миний зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэлдээ өнөөдрийг хүртэл орон сууцны түрээс тооцсон бол 8,400,000 төгрөгтэй болох байсан гээд үүнийгээ надаас тооцон авах эрхтэй талаар бичсэн. Энэ нь зайлшгүй олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй бөгөөд миний зүгээс төлсөн 21,200,000 төгрөгийг өөртөө авч ашиглан үр шимийг хүртсэн. Үүнийг банкны хугацаатай хадгаламжийн хүүний хэмжээгээр тооцоход багагүй мөнгө гарах учиртай. 2019 оны 5 дугаар сард гэрээний ямар ч хамаагүй С.Солонгын нөхөр ирж цахилгааны тоолуур нууцаар авч яваад манай гэр бүлийг цахилгаан ашиглах боломжгүй болгож орхисон. Өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд манай гэр бүл цахилгаан ашиглаж чадахгүй хүнд байдалтай байна.

С.С гэдэг хүн итгэмжлэлийн үндсэн дээр над шиг төлөөлөгчийн байр сууринаас оролцож байгаа гэж харж байна. Өөрөө тухайн байрны эзэмшигч юм шиг тайлбар өгөөд байгааг би гайхаж байна. Тухайн гэрээний харилцаанаас үүссэн үр дагаврыг Ч, О нар авах ёстой гэж харж байгаа. Түүний үүднээс нэхэмжлэлээ гаргаж байгаа байх. Энэ хэргийг өмнө нь шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Энэ асуудал нь С.С нь итгэмжлэлгүй өөрөө нэхэмжлэл гаргасан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон удаа байдаг. Тайлбар нь төлөөлөгчийн хувиар байх ёстой. Талууд хоорондоо гэрээ байгуулсан. Гэрээний дагуу торгууль, алданги, цахилгааны хязгаарлалтын мөнгө гэж 19,000,000 нэхэмжилж байна. Тэр мөнгөнүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тал хувь лизингийн гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу татгалзаж, шууд үр дагавар шаардсан байна. Нэхэмжлэлээс харахад байраа суллаж өгөхийг шаардсан байна. Гэрээг цуцалсан гэж үзэж бидний зүгээс тайлбараа өгч байсан. Гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч байсан. Энэ мэдэгдэлд Б нь гарын үсэг зураагүй хүлээж авсан мэдэгдэл байдаг. Гэрээг цуцалсан, цуцлаагүй дээр талууд маргадаггүй. Гэрээнээс татгалзсантай холбогдуулаад өгсөн, авсан зүйлээ буцаах харилцаа үйлчлэх учраас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгаа торгууль, алдангийг шаардах боломжгүй гэж үзэж байна. Гэрээний хугацаанд хариуцагч 21,200,000 төгрөгийн төлбөр хийсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ 21,200,000 төгрөг өгсөн гэдгийг тэмдэглэсэн байдаг. Мөн хавтаст хэргийн 28-р талд авагдсан 21 тоотын тооцоо гэсэн баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Энэ тооцоолол дээр 21,200,000 төгрөг өгсөн гэдэг дээр үл маргадаг. Бидний зүгээс мөн 21,200,000 төгрөгийг төлсөн үнийн дүн дээр маргахгүй. Ийм учраас төлсөн төлбөрийн хувьд маргаангүй юм. Харин энэхүү төлөлтийг буцаан өгсөн нөхцөлд нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болон орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгжүүлэх боломжтой. Бидний төлбөрийг буцаан өгсөн бол нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрч болно гэв.

 

Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.О, Г.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Стой орон сууц худалдах, худалдан авах хувь лизингийн гэрээ байгуулж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хувааж төлөхөөр тохирсон. Энэ хугацаанд гэрээний төлбөрт нийт 21,200,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал огт маргадаггүй, энэ тухайгаа нэхэмжлэлдээ мөн хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан тооцоололд тодорхой тусгасан. Нэхэмжлэгч талын зүгээс гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж орон сууц чөлөөлөх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэрээг цуцалж, гэрээ цуцалсны үр дагавар буюу орон байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа нь нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн. Түүнчлэн гэрээг цуцалж байгаа нөхцөлд Монгол улсын Иргэний хулуийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу талууд өгсөн авсан зүйлээ биет байдлаар буцаан өгөх үүргийг хүлээхээр байна. Энэ талаар зөвхөн нэхэмжлэгч тал үр дагаварыг арилгуулахаар өгсөн зүйлээ буцаахаар нэхэмжлэл гаргах эрхтэй биш.

Миний зүгээс нэгэнт байрыг авахаа больж байгаа тул гэрээний төлбөрт төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй. Өнгөрсөн хугацаанд цахилгааны тоолуурыг дур мэдэн зөвшөөрөлгүй авч тог цахилгаан ашиглах боломжийг санаатайгаар хязгаарлаж хүнд нөхцөлд байлгаж байсныг дурдах нь зүйтэй. Үүний улмаас тав тухтай амьдрах гэртээ эрүүл хоол хүнс хэрэглэх боломж бололцоогоор мана гэр бүл хязгаарлагдаж байна. Иймд гэрээний төлбөрт төлсөн 21,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хавтаст хэргийн 2 дугаар талд байгаа нэхэмжлэлийн тодорхой хэсэгт өнөөдрийг хүртэл хариуцагчийн төлсөн төлбөр болох 21,200,000 төгрөг гэж тооцож гаргасан байдаг. Хавтаст хэргийн 28-р хуудсанд авагдсан 21 тоотын төлбөр тооцоо гэх баримтад мөн хариуцагч Х.Баяржавлхангийн төлсөн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааных 21,200,000 төгрөг төлсөн гэсэн байдаг. Эдгээр тооцоололтой бидний зүгээс санал нийлж байгаа. Иргэний хуулийн дагуу татгалзах эрх харилцаа явагдсан учраас нэхэмжлэгчийн зүгээс орон сууц суллуулах шаардлага гаргасан. Бидний зүгээс өгсөн зүйлээ буцаан авах эрхтэй учраас сөрөг нэхэмжлэл гарган оролцож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага маань өгсөн 21,200,000 төгрөгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Бтай 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 0005526.. гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201049... дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр хороо, Хүнсчдийн гудамж, .. дугаар байр, .. тоот 47.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хувь лизингээр худалдахаар тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад урьдчилгаа төлбөр аваагүй бөгөөд сар бүрийн 20-нд 1,200,000 төгрөгийг төлж байхаар жил бүрийн 4 сарын 20-нд 10,000,000 төгрөгийг тохиролцон байрыг хүлээлгэн өгсөн. Гэрээ байгуулахад ямар нэгэн хүү тооцоогүй, гэрээгээр тохирсон төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги авах төлбөрөө төлөөгүй 3 сар болоход гэрээг дангаар цуцлахаар орон сууцны үнийн нийт дүнгээс 10 хувийн торууль тооцохоор тохирч гарын үсэг зурж гэрээ байгуулан уг гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хавсралтад төлбөр төлөх хугацаа төлбөрийн хэмжээг заасан.

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хувь лизингээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.5-д худалдан авагч тал нь тухайн байранд амьдран сууж байх үедээ буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-нд түлхүүр хүлээж авснаас хойш өөрсдийн хэрэглээний төлбөр болох утас, интернэт кабель цахилгаан ус дулаан үйлчилгээ СӨХ төлбөр зэргийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хувь лизингээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний 5.2-т худалдан авагч тал гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 90 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд худалдагч тал гэрээг дангаар цуцалж гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд шууд худалдан борлуулах эрхтэй, гэрээг цуцлах хүртэл худалдан авагч талын нийт төлбөрөөс гэрээнд заасан 0,5 хувийн алданги орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг суутгана. 2019 оны 5 дугаар сарын 15-нд гэрээг цуцлах талаар мэдэгдэж уг мэдэгдлийг хүлээн авсан талаар гарын үсэг зурахыг шаардахад гарын үсэг зураагүй бөгөөд мэдэгдэлийг өөрийн биеэр хүлээж авсан.

Гэрээ байгуулж төлбөр төлөх хугацаа, төлөх дүн, урьдчилгаа, хүү, тэр төлөхгүй бол эрсдэл нь юу байх вэ гэдгийг зааж өгсөн байх ёстой. Тэр хүн гэрээг ухамсарлан гарын үсэг зурсан байх. Гэтэл гэрээ хамаагүй юм шиг зүйл яриад байгаа би хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Бидний зүгээс гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээний үүргээ биелүүлэхтэй холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар Б.Э гэдэг хүн өөрийн бариулсан байраа Х.Б гэдэг хүнд өгсөн. Б.Э очиж уулзсан бөгөөд дараагийн жилийн төлөлт болох 2019 оны 4 дүгээр сарын 20-нд төлөх ёстой 10,000,000 төгрөгийг энэхүү тохирсон хугацаандаа буюу 2019 оны 4 сарын 20-нд төлчихвөл өмнөх жилийн төлөгдөөгүй явсаар байгаа10,000,000 төгрөгийг бүх төлөлт дууссаны дараа буюу 2020 оны 4 сарын 20-ноос хойш сар бүр 1,200,000 төгрөгөөр хувааж төлөхөөр аман тохиролцоо хийсэн. Нэг ёсондоо эдгээр хүмүүс хариуцагч Х.Бд боломж олгож байсан. Энэ хугацаанд энэ хүн үүргээ бас биелүүлээгүй. 2019 оны 4 сарын 20-ны төлөлтөө хийгээгүй үед байраа суллаж, гэрээний дагуу алданги, торгууль төлөхөөр тохирсон. Ингээд 2019 оны 4 сарын 20-ны өдөр болоход төлөлт мөн л хийгдээгүй ба яг одоо төлбөр төлөх боломжгүй байна, 2019 оны 5 дугаар сарын 20 өдөр хүртэл хүлээгээч гэж хэлсэн. Төлбөрийг одоо хойшлуулах боломжгүй бөгөөд төлбөрөө төлж чадахгүй бол хоёр санал тавьсан байдаг. Удаа дараа хугацаа олгоод байхад үүргээ биелүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсанд тооцдог. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4-т эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно гэж заасан байдаг. Бид нарыг зүгээс гэрээг цуцлах тухай асуудлыг хэзээ ярьсан бэ гэхээр хариуцагч үүргээ удаа дараа биелүүлээгүй учраас гэрээ цуцлах асуудлаа хэлсэн. Гэрээгээ цуцлах талаар удаа дараа хэлсэн боловч энэ хүн ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Гэрээнээс татгалзсан зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Х.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 17,602,150 төгрөг гаргуулах, байрнаас албадан гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь 21,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

С.С, Х.Б нар нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууцны худалдах, худалдан авах хувь лизингийн гэрээ гэх нэртэй гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ..-р хороолол, Хүнсчдийн гудамж, ..-р айрны 6 давхарт, .. тоот, 47.1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,350,000 төгрөгөөр тооцон нийт 63,585,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ. Уг гэрээний дагуу төлбөрийг гэрээний хавсралтад заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,200,000 төгрөгийг төлөх, мөн 2018 оны 4 дүгээр сарын 20, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус бүр 10,000,000 төгрөгийг төлөхөөр график гарган тохиролцсон байна. Гэрээнд заасны дагуу хариуцагч Х.Б уг орон сууцны түлхүүрийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, орон сууцыг хүлээн авч өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилдээ байлган амьдарч байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дээрх маргаан бүхий орон сууц нь Б.О, Г.Ч нарын өмчлөлд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ү-2201049... улсын дугаарт бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0005526.. дугаартай гэрчилгээ олгогдсон болох нь хэрэг авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Уг орон сууц буюу дээрх хаягт бүртгэлтэй 26-р байрны 24 айлын орон сууцыг нэхэмжлэгч С.С, түүний нөхөр Б.Э нар барьж ашиглалтанд оруулж улмаар 21 тоот 2 өрөө орон сууцыг Б.О, Г.Ч нар нь худалдан авч өөрсдийн өмчлөлд бүртгүүлсэн байсан бөгөөд дээрх байрны 3 давхарын 3 өрөө байранд шилжин орж, 21 тоот орон сууцыг хүлээлгэн өгсний дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Х.Бтай худалдах худалдан авах гэрээ байгуулан түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргахгүй, үүнийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Хариуцагч түүний төлөөлөгч нараас уг орон сууцны өмчлөгч нь Б.О, Г.Чнар учир С.С орон сууцны төлбөр шаардах, нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн тайлбарыг гаргадаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээг С.Стой хийсэн, түүнээс орон сууц худалдан авсан, төлбөрөө С.С түүний нөхөр Б.Э нарт төлж, төлбөрийн үлдэгдэлийн талаар тэдэндтэй тохиролцож уулзаж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Хариуцагч дээрх худалдан авсан орон сууцны төлбөрөө гэрээний хавсралтад заасны дагуу төлж нийт 21,200,000 төгрөгийг төлсөн ба үлдэх төлбөрийг 2019 оны 4 дүгээр сараас хойш төлөөгүй, мөн хавсралтаар 2018 оны 4 дүгээр сарын 20, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус бүр 10,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон төлбөрөө төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч маргадаггүй.

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Х.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул орон сууцнаас албадан гаргаж, түүний төлсөн нийт төлбөрөөс алдангид 17,922,250 төгрөг, торгуульд 6,358,500 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 38,400 төгрөг буюу нийт 24,319,150 төгрөг төлөх ёстой учир үүнийг суутган, мөн алдангид төлсөн 509,000 төгрөгийг хасч, түүнээс 2,610,150 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

Хариуцагч Х.Б нь орон сууцнаас гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргадаг ба харин өөрийн орон сууц авахад зориулан төлсөн 21,200,000 төгрөгийг бүтнээр нь буцаан гаргуулах сөрөг шаардлагыг гаргаж, үндэслэлээ нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалж байгаа тохиолдолд өгсөн авснаа буцаана, анз төлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худаалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Худалдагч тал гэрээний дагуу Х.Бд орон сууцыг 20107 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн байна. Талууд энэ талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Талуудын байгуулсан гэрээний 3.3-д худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхгүйгээр төлбөр төлөх хугацааг 3 сар хэтрүүлсэн тохиолдолд худалдагч тал гэрээг дангаар шууд цуцлан, байрыг бусдад худалдах эрхтэй., 3.10-д гэрээнд заасан хугацаа, хувь хэмжээгээр байрны үлдэгдэл төлбөрийг хавсралтад заасан графикийн дагуу бүрэн гүйцэт төлөх үүрэгтэй., мөн Дөрөв дүгээр зүйлийн 5.1-д Энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, дуусгавар болгосон, худалдан авагч тал орон сууцаа буцаах санал тавьж гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцны нийт үнин дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдан авагч талаас худалдагчид төлнө. 5.2-д Худалдан авагч тал гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 90 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд худалдагч тал гэрээг дангаар цуцалж, гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах эрхтэй. Гэрээг цуцлах хүртэл худалдан авагч талын төлсөн нийт төлбөрөөс гэрээнд заасан 0.5 хувийн алданги болон орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг суутган үлдсэн хэсгийг худалдан авагч талд хүлээлгэн өгнө гэж тус тус заасан байна.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 21 тоотын тооцооны хуудас /гхх-ийн 28-р тал/, С.С, Б.Э нарын ХААН банк дахь харилцан дансны хуулга /хх-ийн 85-90-р хуудас/ зэрэг баримтуудаар хариуцагч Х.Б нь гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх графикийг зөрчиж 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг төлөх, мөн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойшхи хугацаанд сар бүр 1,200,000 төгрөгийг төлөх үүргээ тус тус биелүүлээгүй байна. Үлдэгдэл төлбөрөө төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгч С.С нь хариуцагч Х.Бтай удаа дараа уулзаж төлбөрөө төлөхийг шаардаж байсан, төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 20, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өөр хүртэл тус тус хойшлуулж байсан, улмаар 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй боловч хариуцагч энэхүү тайлбарыг үгүйсгэдэггүй бөгөөд няцаасан баримтыг ирүүлээгүй.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг хариуцагч Х.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зөрчсөн байх бөгөөд гэрээ цуцлах тухай мэдэгдэлийг 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэж үзэхээр байх тул худалдан авагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Талуудын шүүхэд гаргаж буй тайлбар болон нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзвэл хэн аль нь гэрээнээс татгалзах буюу цуцлахыг харилцан зөвшөөрч байна. Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ, гэрээ биелснээс хойш олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч гэрээний дагуу алдангид 17,922,250 төгрөг, торгуульд 6,358,500 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 38,400 төгрөг буюу нийт 24,319,150 төгрөг төлөх ёстой учир үүнийг суутган, мөн алдангид төлсөн 509,000 төгрөгийг хасч, хариуцагчаас 2,610,150 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд үүнээс гэрээний Гурав дугаар зүйлийн 3.5-д зааснаар цахилгааны төлбөрт төлсөн 38,400 төгрөгийг, гэрээний Дөрөв дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр харилцан тохиролцсон байх тул орон сууцны нийт үнийг дүн буюу 63,585,000 төгрөгөөс тооцон торгуульд 6,358,500 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж үзэн нийт 6,396,900 төгрөгийг хариуцагчийн төлсөн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд хариуцагч Х.Бгийн төлсөн 509,000 төгрөгийг алдангид тооцон хассан байгааг түүний төлсөн орон сууцны үнэд оруулан тооцох нь зүйтэй байна. Учир нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцон нэхэмжлэх эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзаж гэрээг цуцалж байгаа тохиолдолд гэрээний үүргийг биелэлт шаардах эрхгүй тул алданги тооцон төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ. Иймд дурдсан үндэслэлээр дээрх алдангид тооцон хассан 509,000 төгрөгийг орон сууцны төлбөрт төлсөн 21,200,000 төгрөг дээр нэмж тооцон, уг дүнгээс орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 38,400 төгрөгийг, торгуулийн 6,358,500 төгрөгийн хамт нийт 6,396,900 төгрөгийг хасч 15,312,100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч Х.Бд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,610,150 төгрөг гаргуулах шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,887,900 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ..-р хороолол, Хүнсчдийн гудамж, ..-р байрны 6 давхарт, .. тоот, 47.1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг хариуцагч Х.Бгаас гаргуулан нэхэмжлэгч С.Сд олгож, нэхэмжлэгч С.Сос 15,312,100 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Бд олгож, нэхэмжлэгч С.Солонгын 2,610,150 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,887,900 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,912 төгрөг, хариуцагч Х.Бгийн 263,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Сос 234,510 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Бд, хариуцагч Х.Бгаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН