Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/01131

 

 

 

 

 

 

  2019 оны 10 сарын 07 өдөр

   Дугаар 142/ШШ2019/01131

Орхон аймаг

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох   

“Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******, ******* нар нь 2005 онд гэрлэлтээ батлуулсан боловч тусдаа гарч амьдрал зохиогоогүй, үрийн зулай үнэрлээгүй. Ингээд хоёулаа тус тусдаа эхнэр нөхөртэй болсон. Энэ хоёрын дунд хуваах эд хөрөнгө, үр хүүхэд байхгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү...” гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Бид анх 2004 онд танилцаж 2005 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд, бидний дундаас үр хүүхэд байхгүй бөгөөд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2005 онд гэр бүл болж 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.   

Гэрлэгчид нь сүүлийн 6 жилийн хугацаанд тусдаа амьдарч, хэн аль нь хамтран амьдрагчтай болсон болох нь тэдний тайлбаруудаар нотлогдож байх ба, гэрлэгчид  гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.  

Гэрлэгчдийн дундаас хүүхэд төрөөгүй, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.    

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.    

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА