Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 132

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Улсын яллагч Л.Энхтайван

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

        Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269-р зүйлийн 269.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамбын Ганзоригт холбогдох эрүүгийн  201618000328 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

          Монгол улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 1-р баг, тавин гудамж, 53 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дамбын Ганзориг, РД/УЖ67123112/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Ганзориг нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх гомдол мэдээллээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасагт шалгагдаж байхдаа буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд тус газрын 210 тоот өрөөнд мөрдөн байцаагч, ахмад П.Баярбатад өөрийн хууль бус үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор 440000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Д.Ганзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ....Би Ерөө сумын ИТХ-ын 89 дүгээр тогтоолын дагуу манай нөхөрлөл байгальд нөхөн сэргээлт хийж байсан. Энэ үед эхнэрийн бие өвдөөд Дархан-Уул аймаг явсан хойгуур Бугант сумын цагдаа манай газар дээр очиж шалгалт явуулаад акт тавьсан байсан. Хууль бусаар алт олборлосон гэж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас намайг шалгаад дуудсан. Намайг олон дахин дуудаж нааш цаашаа их явах байх гэж бодоод Баярбат ахмад дээр орж байцаагдахдаа Галбадрах гэдэг хүний цалинд өгөх гэж байсан 440.000 төгрөгөө Баярбат ахмадын ширээн дээр тавьж байгалийн хишиг байгаамаа гэж хэлсэн. Баярбат ахмад ингэж болохгүй наадахаа ав гэхээр буцааж авч халаасандаа хийсэн нь үнэн. Буруутай үйлдэл хийснээ ойлгож байна. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг  

          Хохирогч Б.Нармандахын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Иргэн Д.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгант гэх газарт хууль ашиглалтаас байгаль экологид 15.500.000 төгрөгийн хохирол учруулсан тухай шинжээчийн дүгнэлттэй танилцаж хууль бусаар ашигт малтмал олборлосон мэдээллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг ойлгосон. Харин манай суманд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дугаартай Нөхөн сэргээлт хийлгэх тухай тогтоолын дагуу сумын Засаг дарга нөхөрлөлтэй нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулан зөвхөн техникийн нөхөн сэргээлтийг хийлгэж байгаа юм. Харгант гэх газарт Ганга нөхөрлөл 2016 оны 07 дугаар сраын 05-ны өдөр Засаг даргын орлогч болох надтай гэрээ хийгээд мөн оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээ дахин надаар сунгуулж нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан байна. Манай сумын иргэдийн хурлын 89-р тогтоолоор баталсан гэрээний дагуу газрын даамал, байгаль орчны улсын байцаагч нарын зааж өгсөн үүсмэл ордыг ашиглаж нөхөн сэргээлт хийх талбайгаас алт олборлосон бол хууль бус аргаар алт олборлосон гэж үзэхгүй. Гэрээний 1.1-д зааснаар үүсмэл ордыг ашиглаж техникийн нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Тийм болохоор хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж үзэхгүй. Манай сумтай гэрээ хийсэн нөхөрлөлүүдийн хувьд өөрсдөө нөхөн сэргээлт хийх хөрөнгө мөнгө байхгүй тул өөрсдөө Баян-Ундрага төрийн бус байгууллагын дансанд 1га газрын нөхөн сэргээлтийн барьцаа гэж 3 сая төгрөг байршуулаад зааж өгсөн газрын үүсмэл ордоос өөрсдөө ашигт малтмалаа олборлоод тэрнийхээ мөнгөөр нөхөн сэргээлт хийх ёстой юм. Хэрэв тэр зааж өгсөн газраас нь ямар нэгэн ашиг олохгүй бол өөрсдөө барьцааны 3 сая төгрөгийг нөхөн сэргээлтэнд авч хэрэглэх юм. Ганга нөхөрлөл өөрсдийн зааж өгсөн үүсмэл ордоос ашигт малтмал олборлосон бол байгаль экологид хохирол учруулсан гэж үзэхгүй. Харин өөр газраас ашигт малтмал олборлоод байгаль экологид хохирол учруулсан гэж үзэхгүй. Харин өөр газраас ашигт малтмал олборлоод байгаль экологид хохирол учруулсан бол шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Манай сумын хувьд нөхөн сэргээлтийн ажлыг хийхгүй өмнө нь ашигт малтмал олборлож байсан алтны компаниуд өөрсдөө нөхөн сэргээлтийг хийхгүй орхиод явсан байсан газрыг сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор манай сумын иргэдийн хурлаас тогтоол гаргаад нөхөрлөлүүдтэй гэрээ хийгээд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр гэрээ байгуулсан юм. Яг албан ёсоор тендер зарлаад төрөөс мөнгө төгрөгийг нь гаргаад нөхөн сэргээлт хийх ямар ч боломжгүй юм. Ганга нөхөрлөлийн хувьд зааж өгсөн газартаа нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн бол ямар нэгэн нэхэмжлээд байх зүйл үгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 25,26 дугаар тал/

        Гэрч Н.Галбадрахын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Миний хувьд Д.Ганзориг надтай Улаанбаатар хотод уулзаад би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нөхөн сэргээлтийн ажил хийх гэж байгаа, техник тоног төхөөрөмжтэй хүн байна уу, хамтран ажиллах хэрэгтэй байна гэж асуухад нь би нетээс хайж байгаад алтны уурхайд техник хэрэгсэл түрээслүүлнэ гэсэн хүний утасны дугаарыг нь зараас аваад Д.Ганзоригт өгсөн юм. Тэгээд Ганзориг чи зүгээр байхаар надтай хамт Ерөөд очиж хамт ажиллах уу, чиний хувьд тэнд ажиллах хэдэн хүнийг харж хандаад байж байхад болно, чамд сарын 800,000 төгрөгөөр цалинжуулна гэхээр нь би зөвшөөрөөд ирсэн юм. Тэгээд 07 дугаар сарын 28-ны хавьцаа Д.Ганзориг дээр ирж ажилласан юм. Манай тэнд 1 экскавотар, 1 ковш, 1 хово сомасвол машин, 1 алт угаадаг усан буу зэрэг байсан. Миний хувьд эдгээр техник хэрэгслээс миний эзэмшлийн техник хэрэгсэл байхгүй. Анх Д.Ганзориг хэлэхдээ манай Ганга нөхөрлөл албан ёсоор зөвшөөрөл бичиг баримтыг нь авсан байгаа гэж хэлсэн юм. Манай нөхөрлөл нэг удаа алт угааж үзээд 9,1 грамм алт олборлоод тэрийг цагдаа нар ирж хурааж аваад хамаг техник хэрэгслийг нь хөдөлгөж болохгүй гэж хэлээд явсан. Тэрнээс хойш ямар нэгэн алт ухаагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

          Гэрч Э.Ариунбатын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2016 оны 7 дугаар сард би өөрөө Ганга нөхөрлөлд нөхөн сэргээлт хийх талбайг нь Ерөө сумын Харгант гэх газар зааж өгсөн юм. Ганга нөхөрлөл нөхөн сэргээлтийг ажлыг хийж дуусаад манай ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байгаа. Сумын ИТХ-ын 89 дүгээр тогтоолд зааснаар үүсмэл ордыг ашиглаж нөхөн сэргээлт хийж болно гэж үзэж болно. Энэ гэрээ нь нөхөрлөлүүд ашигт малтмал олборлож тэр зардлаараа нөхөн сэргээлт хийх тухай гэрээ байгаа юм. Нөхөрлөл өөрөө заалгасан талбайгаасаа ашигт малтмал олборлож тэр мөнгөөрөө нөхөн сэргээлт хийх юм. Тэрнээс биш сум орон нутгаас ямар нэгэн санхүүжилт өгөхгүй. Заалгаж авсан талбайгаасаа ашигт малтмал олборлосон бол гэрээнд зааснаар бол нөхөрлөл өөрсдөө ашигт малтмал олборлох эрхтэй тийм болохоор хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж үзэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

          Гэрч Х.Алтынтасын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Ганга нөхөрлөл манайхаас хүлээж авсан газартаа нөхөн сэргээлт хийсэн байгаа. Өөр ямар нэгэн нөхөн сэргээлт болон ашигт малтмалын олборлолт ашиглалт хийгээгүй. Сумын ИТХ-ын 89 дүгээр тогтоолоор үүсмэл ордоос үлдэгдэл нөөцийг ашиглаж болно гээд заагаад өгсөн болохоор зөвшөөрөх байх. Ашигт малтмалын тухай хуулиараа бол тусгай зөвшөөрөлтэй Аж ахуйн нэгж ашиглалт олборлолт явуулна гэж заасан байгаа. Байгаль хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.8-д зааснаар байгалын нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл /цаашид нөхөрлөл гэх/ нутгийн иргэдэд байгалын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой нөхөрлөл байж болно гэж заасан байдаг. Мөн 4 дүгээр зүйлийн 3-д зааснаар байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах , хөрөнгийн сан үүсгэх, нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэж болно гэж заасан байгаа. Үүсмэл орд гэж өмнө нь ашигт малтмал олборлоод нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон газрыг хэлж байгаа юм. Уг нь ашигт малтмал олборлосон аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ зохих ёсоор хийгээд хүлээлгэн өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Даан ч тэдгээр аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийхгүй орхиж явсан болохоор тэр газрыг нь сум орон нутгаас ажилгүй иргэдийг нөхөрлөлийн журмаар нөхөн сэргээлт хийлгэхээр тогтоол гаргасан юм болов уу гэж би боддог. Тэдгээр газрыг нөхөрлөлүүд гэрээний дагуу техникийн нөхөн сэргээлт хийж байгаа юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

Гэрч К.Баттогтохын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай энэ байгууллага нөхөрлөлүүдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг нь дэмжих сум орон нутгийн удирдлага болон бусад байгууллагатай холбож өгөх зэрэг үүрэгтэй байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Ганга нөхөрлөл манай төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй нөхөрлөл байгаа юм. Гэрээний 1.1-д зааснаар нөхөн сэргээлт хийж байгаа нөхөрлөл нь үүсмэл ордыг ашиглаж нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Тэгэхээр ашигт малтмал хийж болно гэсэн ойлголттой байгаа. Нөхөрлөлүүд анх гэрээ хийхдээ Баян ундрага их сан ТББ-ын дансанд нөхөн сэргээлтийн барьцаа мөнгө гэж 1 га тутамд 3 сая төгрөгөөр аль сайн нөхөн сэргээлт хийсэн нөхөрлөлөөр нөхөн сэргээлтийг хийлгүүлэх юм. Ганга нөхөрлөл гэрээний дагуу заагдсан газартаа нөхөн сэргээлтээ хийгээд сумын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байгаа. ... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/

Гэрч Н.Отгонжаргалын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...Миний хувьд Ганга нөхөрлөлийн гишүүнээр элсээд Д.Ганзоригоор нийгмийн даатгалын шимтгэлээ 3 сараар, Эрүүл мэндийн даатгалаа нэг жилээр тооцож бөглөж өгсөн байгаа. Манай эхнэр, эгч нар энэ нөхөрлөлийн гишүүнээр тооцогддог юм. Тэрнээс биш ямар нэгэн ажил төрөлд хамрагдаад байдаггүй юм. Манай сумын ихэнх нөхөрлөлүүд бүгд ажилгүй сумын иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нь төлөөд нөхөрлөл байгуулаад сумтай гэрээ хийгээд нөхөн сэргээлт хийдэг гэсэн. Ямар нэгэн цалин авдаггүй....  гэх мэдүүлэг /хх-ийн 32 дүгээр тал/

Гэрч Л.Цэнгэлмаагийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ... Манай нөхөрлөлийн ахлагч Д.Ганзориг, Галбадрах, Даваасүрэн, Гантулга гэдэг хүмүүс ажиллаж байсан. Миний хувьд тогоочоор ажиллаж байсан. Гадаа хэн хэн юу хийж байсан талаар мэдэхгүй. Би тогоочоор ажиллаад сарын 500,000 төгрөгөөр цалинжиж байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

Гэрч Н.Дэлгэрцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ... Манай ИХТ-ын 89 дүгээр тогтоол 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан тогтоол байгаа юм. Энэ тогтоолыг гаргахдаа сумын иргэдийн төлөөлөгчдийн амжиргааг дээшлүүлэх, байгаль хамгаалах, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах хамгаалах талаар энэ тогтоолыг гаргасан юм. Тогтоолыг гаргахдаа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дүгээр тогтоолд холбогдох хуулийн заалт нэг бүрийг дурьдсан байгаа. Манай иргэдийн хурлын тэргүүлэгчид ямар нэгэн хууль журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нөхөн сэргээлт хийж байгаа нөхөрлөлүүд заагдсан газраасаа ашигт малтмал олборлож тэр олсон орлогоороо нөхөн сэргээлт хийх ёсой гэж үзэж байгаа. Нэгэнт өмнө нь ашиглаад нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбайг иргэд нөхөрлөл байгуулаад ашиглаад эргээд нөхөн сэргээлт хийх ёстой гэж үзээд энэ тогтоол гарсан юм. Нөхөрлөлүүд сумтай гэрээ байгуулаад ажлын хэсгээр нөхөн сэргээлт хийх газраа заалгаад тэр газартаа нөхөн сэргээлт хийх юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

Гэрч П.Баярбатын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ..Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат Д.Ганзориг нь 2016 оны 08 дугаар сард Ганга гэх нөхөрлөлийн нэрээр Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Харгант гэх газарт зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлосон байна гэсэн гомдлыг тухайн үед мөрдөн байцаан тасгийн даргаар ажиллаж байсан хошууч С.Батжаргал даргын цохолтын дагуу 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагаа явуулж Д.Ганзоригоос тайлбар авч бусад шаардлагтай зүйлүүдийг тодруулан албан ёсоор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шинжээч томилсон боловч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргаж өгөх боломжгүй учраас арга буюу хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаа 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж аймгийн Прокурорын хяналтанд шилжүүлсэн, хэсэг хугацааны дараа миний томилсон шинжээчийн дүгнэлт албан ёсоор гарч түүнийгээ прокурорт хүргүүлэн тухайн асуудалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсч гэмт хэргийн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэгт тооцогдсон учраас прокурорын байгууллагаас шууд хэрэг бүртгэх албанд шилжүүлсэн юм. Би өөрөө тухайн асуудлыг эрүүгийн хэрэг үүснэ гэдгийг мэдэж байсан. Шинжээчийн дүгнэлт гарахгүй гарахгүй хуулийн хугацаа байхгүй байсан учраас татгалзах санал гаргасан юм. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ нь бага гарсан учраас хэрэг бүртгэлтэнд шилжсэн юм. Хэргийн холбогдогч Д.Ганзориг тухайн асуудлаараа өргөдөл гомдлын хугацаандаа шалгагдаж байхдаа буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр намайг дуудсаны дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас ирж намайг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 210 тоот ажлынхаа өрөөнд сууж байхад орж ирээд цагаан өнгийн дугтуйтай мөнгө гаргаж ирээд байгалийн хишиг байцаагчаа, миний гомдлыг нааштай талаас нь шийдээд өгөөрэй гэж хэлээд ширээн дээр маань нэр хаяггүй дугтуйтай мөнгө гаргаж шидсэн тэгэхээр нь миний уур хүрч чи намайг юу гэж бодоод байгаа юм гэж хэлээд тухайн үед гаднаас миний танил Отгонцэнгэл орж ирж таарахаар нь цаанаасаа өөр нэг хөндлөнгийн гэрч болох хүн дагуулаад ор гэж хэлсний дагуу нэг хүн дагуулаад орж ирэхээр нь тухайн нөхцөл байдлыг тайлбарлаж энэ хүнээс хэргийн холбогдолтой мөнгө хурааж авна та 2 албан ёсоор хөндлөнгийн гэрчээр оролцож байна гэдгийг нь ойлгуулж Отгонцэнгэл гэдэг эмэгтэйгээр бүүр сери дугааруудыг нь хэлүүлэн бичиж тэмдэглэлдээ тусгаж оруулсан. Тухайн үед хэсгийн байцаагч Анхбаяр орж ирээд гарсан учраас болсон асуудлыг мэдэж байгаа. Үүнээс гадна тухайн асуудал болсон даруйд нь миний бие Д.Ганзоригийг дагуулан тасгийн дарга Батжаргал дээр орж болсон асуудлын талаар хэлэхэд Д.Ганзориг өөрөө уучлалт гуйж миний буруу гэдгээ тасгийн дарга Батжаргалын хажууд гуйсныг Батжаргал дарга гэрчилнэ. Тухайн үед дарга албан ёсоор илтгэх хуудас бичиж шалгадаг байгууллагад нь шилжүүл гэсэн зөвлөгөө өгсний дагуу танай  байгууллагад хандаж гомдол гаргасан юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/

Гэрч Б.Анхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цайны цагийн өмнөхөн байсан коридорт явж байхад мөрдөн байцаагч П.Баярбат намайг ороод ир гэхээр нь өрөөнд яваад ортол шар царайтай саравчтай малгайтай хүн зогсож байсан, энэ хүн надад дугтуйтай мөнгө өгч байна гээд надад харуулсан, дотор нь 20.000 төгрөгний дэвсгэртүүд харагдаж байсан хэдэн төгрөгийг нь мэдэхгүй дугтуйтай зүйл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/

Гэрч С.Батжаргалын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Манай тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад П.Баярбат нь өөрийн шалгаж байгаа гомдол мэдээллийн холбогдогч Д.ганзориг гэгчийг дагуулаад тухайн өдрийн 11 цагийн үед миний өрөөнд орж ирээд ...миний шалгаж байгаа материалын холбогдогч Ганзориг нь надад бэлэн мөнгө өглөө, ширээн дээр гаргаж тавиад байгалийн хишиг байгаа юм авчих гэлээ... гэж хэлээд танилцуулсан. Тэгэхэд миний бие наад хүнийхээ өгсөн мөнгийг сери дугаараар нь тэмдэглэж, хөндлөнгийн хоёр гэрч байлцуулаад хурааж аваад материалжуулж зохих журмынх нь дагуу шийдвэрлүүлэх талаар үүрэг чиглэл өгч, Ганзориг гэгчээс ямар учиртай мөрдөн байцаагчид мөнгө  өгсөн талаар асуухад ...миний буруу, уучлаарай өөрийнхөө асуудлыг хурдан шийдвэрлүүлэхийн тулд ийм асуудал гаргасан уучлаарай... гэж хэлж байсан тул мөрдөн байцаагчид энэ асуудлыг яаралтай зохих журмынх нь дагуу шийдвэрлүүл гэсэн үүргийг өгөөд гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/

Гэрч Н.Галбадрахын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн б оны айцаалтын шатанд өгсөн ... Намайг Улаанбаатар хотод байхад Сэлэнгэ аймгийн  Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Баярбат энэ оны 08 дугаар сарын сүүлээр над руу залгаад Ганзоригтой хамт хүрээд ир гэсэн ба ямар зорилготой ямар учиртай болохыг асуухад хүрч ирээд уулз гэсэн. Тэгээд би Ганзоригтой утсаар яриад хэлэхэд Шарын голд байна, би эндээсээ гарлаа гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос маргааш нь гараад галт тэргээр явж очоод Баярбатын өрөөнд ороход Ганзориг ирчихсан байсан ба Баярбат байцаагч намайг хүлээгээд байж бай гэж хэлсэн. Тэгээд 15 минут орчим хүлээгээд байж байхад Баярбат гарч ирээд ороод ир гээд мөн тэр үед хажуугаар явж байсан цагдааг бас ороод ир гээд оруулсан. Энэ Ганзориг надад мөнгө өгч байна, энийг харцгаа гэж хэлсэн. Тэгээд ширээн дээр байсан мөнгийг Ганзориг аваад энэ чиний мөнгө гээд өгөнгүүт, Баярбат наад мөнгөө ийшээ тавь гээд ширээн дээрээ тавсьан. Тэгээд намайг гадаа хүлээж бай гээд Ганзоригийг дагуулаад дарга руу орно гээд аваад гарсан ба намайг гадаа хүлээж байтал Ганзориг гарч ирээд намайг дуудаж байна гэхээр нь Баярбат байцаагч руу ороход надаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгант гэх газарт байдаг нөхөн сэргээлтийн ажил, бичил уурхайн талаар асууж тодруулан байцаалт аваад за болсон гээд би гараад явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/

Гэрч Ч.Отгонцэнгэлийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .......П.Баярбат хэргийн хүнээс мөнгө хурааж авах гэсэн юм хөндлөнгийн гэрч олдохгүй байна чи гараад нэг хүн олоод ирээч гэхээр нь гаднаас орж ирж байсан настай хүнийг гуйгаад хамт орж өөрийн хаяг регистрийн дугаар зэргээ хэлж бичүүлээд хөндлөнгийн гэрчээр оролцож мөнгийг сери дугаараар хэлж бичүүлж авсан. ...хэдэн төгрөг байсныг санахгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/

Бэлэн мөнгөнд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/

Хэрэг учралын газарт давтан, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 дугар тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар тал/

Ерөө сумын ЗДТГ-ын дэргэдэх үнэлгээ тогтоох комиссын хурлын дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/

Үүсмэл ордыг ашиглаж нөхөн сэргээлт хийлгэх гэрээ /хх-ийн 17 дугаар тал/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 60 тал/

1986 оны 07 дугаар сарын 13-ны №11 таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-80 дугаар тал/

    Шүүгдэгч Д.Ганзоригийг 2016-09-27 нд сэжигтнээр /хх 133,171,172/, 2016-10-07-ны өдөр,яллагдагчаар / хх-ийн 136,174 дүгээр тал/ байцааж авсан тэмдэглэлүүд

    Шүүгдэгч Д.Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 75 дугаар тал/ зэрэг болно.

    Шүүгдэгч Д.Ганзориг нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх гомдол мэдээллээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасагт шалгагдаж байхдаа буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд тус газрын 210 тоот өрөөнд мөрдөн байцаагч, ахмад П.Баярбатад өөрийн хууль бус үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор 440000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    Үүнд; Хохирогч Б.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх 25-26/, гэрч П.Баярбатын /хх-ийн 61/, Б.Анхбаярын /хх-ийн 62-63/, С.Батжаргалын /хх-ийн 64-65/, Н.Галбадрахын /хх-ийн 66-67/, Ч.Отгонцэнгэлийн /хх-ийн 68/  мэдүүлгүүд, бэлэн мөнгөнд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 60 тал/ болон шүүгдэгч Д.Ганзоригийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.

           Тухайн хэрэг болох байсан үед болон түүний дараа болсон үйл явдлыг гэрчилж буй гэрчүүд болон энэхүү хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил мэргэжлийн хүрээнд хууль сануулж өгсөн гэрчүүдийн мэдүүлгүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Ганзоригт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг Хээл хахууль өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Д.Ганзоригийн энэхүү үйлдэл нь гэмт хэргээс сайн дураар татгалзсан үйлдэл аль эсхүл  уг гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдэл юм. Ширээн дээр мөнгийг гаргаж тавиад өгсөн хүн аваагүй болохоор буруугаа ойлгоод буцаагаад авсан үйлдэл нь төгс үйлдсэн гэмт хэрэг биш юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

        Учир нь Хээл хахууль өгөх гэмт хэргийн үйлдэл нь тухайн албан тушаалтанд өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, эсхүл давуу байдал бий болгуулахаар шан харамж, мөнгө төгрөг өгснөөр төгсдөг бөгөөд тухайн хүний авсан эсэхээс түүний үйлдэл хамаарахгүй юм гэж шүүх дүгнэж байна.  

          Шүүгдэгч Д.Ганзоригт ял шийтгэл оногдуулахдаа өмнө хүнд төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д зааснаар ялгүй болсон байдлыг харгалзан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1-д зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269-р зүйлийн 269.1-д заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан бодит хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан түүнд оногдуулж буй хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.

         Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 440.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулахаар тогтов. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297 -р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Дамбын Ганзоригийг мөн хуулийн тусгай ангийн 269-р зүйлийн 269.1-д заасан Хээл хахууль өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 269-р зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дамбын Ганзоригт 02 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.  .  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Шүүгдэгч Д.Ганзориг энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 440.000 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

9.Шүүгдэгч Д.Ганзоригт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ