Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0874/З |
Дугаар | 128/ШШ2022/0108 |
Огноо | 2022-02-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0108
2022 02 22 0108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч Б.Д нь хуульчдын нэгдсэн бүртгэлийн 1457 дугаарт бүртгэлтэй хуульч Б******* овогтой Д*******ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181900262 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, улмаар Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18******* дугаар тогтоолоор иргэн Б.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
2.2. Улмаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор Хиад Боржигон овогтой Б-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д*******д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
2.2. Дээрх шийтгэх тогтоолыг үндэслэн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 дүгээр тушаалаар Хуульчдын нэгдсэн бүртгэлийн 1457 дугаарт бүртгэлтэй, хуульч Б.Д-ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгожээ.
2.3 Энэ захиргааны актыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид гардуулжээ.
2.4.Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “…Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн №2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор иргэн миний үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч буруу ойлгож, хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж байна
3.2.Шүүхийн тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд дараах хууль зүйн үр дагавар үүсгэдэг.
1. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны онолоор эрүүгийн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаагаар эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон тохиолдол гэм буруугийн үйлдлийг тооцох боломжгүй гэм буруугүй бол Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ял шийтгэлийн ямар нэгэн төрлөөр хариуцлага хүлээлгэх үндэслэл үүсдэггүй болно.
2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол гэсэн хуулийн зохицуулалт нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдож эрүүгийн ямар нэгэн төрлийн ял шийтгэл ногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болох үйлдлийг ойлгодог бөгөөд энэхүү үйлдлийг нотолсон бичгийн нотлох баримтууд /гурван шатны шүүхийн шийтгэх тогтоол аар нотолсон/ байх ёстой.
3. Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй” гэж заажээ. Энэ заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэсэн олон улсын гэрээ болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчлөө.
3.3.Иймд Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 194 тоот тушаалаар Хуульчдын нэгдсэн бүртгэлийн 1457 дугаарт бүртгэлтэй хуульч Б.Д миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
3.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл нь санаатай гэмт хэрэгт үйлдсэн болох нь тогтоогдсон байх ёстой. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Б.Д*******ын гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоогүй. Учир нь тухайн хэрэг маргааныг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон.
3.5.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах талаар хуульчилсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасан. Нэхэмжлэгчийг захиргааны акт гаргахтай холбоотойгоор тайлбар гаргах, хүсэлт саналаа илэрхийлэх боломжийг хязгаарласан. Сонсох ажиллагаа явуулаагүй.
3.7. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Ө******* нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хуульчдын холбооны ээлжит 4 дүгээр Их хурлаар сонгогдсон. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны дүрэмд заасны дагуу Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь 2 жилийн хугацаатай нэг удаа сонгогдох зохицуулалттай. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргах үед бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон байсан. Бүрэн эрх нь дуусгавар болсон этгээд маргаан бүхий захиргааны актыг гаргах, Монголын Хуульчдын холбоог төлөөлөх эрх байгаагүй.
3.8.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Хуульч өөрөө хүсэлт гаргасан, эсхүл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасан.
3.9. Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 48.10, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д заасныг үндэслэн Б.Ө*******ийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчээр сонгосон. Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.13-д Зөвлөлийн бүрэн эрхийг тусгайлан зохицуулсан. Дүрэмд зааснаар Монголын хуульчдын холбооны зөвлөл Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчээр сонгох эрх хэмжээ олгогдоогүй.
3.10.Монголын Хуульчдын холбооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т “Шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн үүргийг Зөвлөлийн гишүүн орлон гүйцэтгэж болох бөгөөд энэ шийдвэрийг Ерөнхийлөгчийн хүсэлтээр Зөвлөл гаргана” гэж заасан. Монголын Хуульчдын холбооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2 дугаар зүйл бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бүрэн эрх. Монголын Хуульчдын холбооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.5-т “Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Зөвлөлийн гишүүдийн саналаар Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчийг Зөвлөл сонгоно” гэж заасны дагуу зөвлөлийн гишүүнээр түр орлон гүйцэтгэгчээр сонгох ёстой байсан.
3.11.Гэтэл Б.Ө*******ийг түр орлон гүйцэтгэгчээр сонгосон нь, маргаан бүхий акт гарсны дараа нөхөн сонгосон нь хууль зөрчиж байгаа учраас Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 тоот тушаалыг гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, уг тушаалыг гаргах эрхгүй этгээд байсан тул уг захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү...” гэв.
3.12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Монголын Хуульчдын холбооны 4 дүгээр Их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан. Тус хурлын 8 дугаар тогтоолоор Б.Ө*******ийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчээр сонгосон. 5 дугаар Их хурлыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдах байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас энэ зохион байгуулагдах үйл ажиллагаа хойшлогдсон. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг хориглосон.
3.13.Энэ хуулийг үндэслэж Монголын Хуульчдын холбооны 5 дугаар Их хурал зохиогдох боломжгүй болсон. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Зөвлөл хуралдаж Ерөнхийлөгч Б.Ө*******ийг дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хүртэл түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тиймээс Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх тайлбар нь үндэслэлгүй юм.
3.14.Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Б.Д*******ыг гэм буруутайд тооцсон учраас өмгөөлөгч Б.Д*******ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор Хиад Боржигон овогтой Б.Д-д холбогдох 18******* дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, тус шийтгэх тогтоол 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон[1] байна.
4.3. Дээрх шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар “...Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай[2]” гэжээ.
4.4. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “... хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно”, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.
4.5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “...эрүүгийн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаагаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд гэм буруугийн үйлдлийг тооцох боломжгүй нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ял шийтгэлийн ямар нэгэн төрлөөр хариуцлага хүлээлгэх үндэслэл болдоггүй” гэж тайлбарлан маргасан.
4.6. Гэвч Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн[3] нь гэм буруугүйд тооцсон асуудал биш юм.
4.7.Эрүүгийн хариуцлагаас заавал чөлөөлөх үндэслэл нь шүүхээс үл хамааран бий болдог бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас заавал чөлөөлөхөөр заасан.
4.8. Харин нэхэмжлэгч Б.Д-ын хувьд үйлдсэн гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байна.
4.9. Нэгэнт хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн байгаа нь гэм буруугүй болохыг тогтоосон гэсэн ойлголт биш. Хэрэв гэм буруугүй гэж шүүхээс тогтоосон тохиолдолд actus поп facit reus mens sit rea[4] буюу гэм буруугийн зарчим үйлчилнэ.
4.10. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэгт хамаарах бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “...хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэх хуулийн зохицуулалттай нийцэж байна.
4.11.Тодруулбал, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/153 дугаар яллах дүгнэлт[5], 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/109 дүгээр яллах дүгнэлт[6]-ээр тус тус “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Тав. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх үндэслэлийн тухайд:
5.1. Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурлын 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Б*******ы Ө*******ийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр томилжээ.
5.2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын их хурал байна, 46.2.3.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;”, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй.” тус тус зааснаас үзвэл Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Ө*******ийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд ээлжит Ерөнхийлөгчийг сонгохдоо Хуульчдын их хурлаар хэлэлцүүлэхээр заажээ.
5.3. Гэвч нийтэд илэрхий үйл баримт буюу Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг хориглосон.
Товчхондоо Коронавируст цар тахлын улмаас дээрх хугацаанд олон нийтийн арга хэмжээ, хурал, цуглаан зохион байгуулахыг Улсын онцгой комиссын шийдвэрээр хязгаарласан байсан.
5.4. Уг асуудалтай холбоотойгоор Монголын Хуульчдын холбоо хуульчдын их хурлаа хийж, ерөнхийлөгчөө сонгох боломжгүй нөхцөл байдал бий болсон.
5.5. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчийг дүрмийн 5.2.5-д “...Зөвлөл сонгоно...” гэсний дагуу зөвлөлийн гишүүд өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд саналаа өгч одоо ажлаа хийж байгаа Ерөнхийлөгчийг үргэлжлүүлж орлон гүйцэтгэгчээр ажиллах боломжтой гэж үзээд сонгон, 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталжээ.
5.6. Уг тогтоолд зааснаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Хуульчдын холбооны дараагийн Ерөнхийлөгчийг томилох хүртэл хугацаагаар Б*******ы Ө*******ийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тул түүнийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 тоот тушаалыг гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, уг тушаалыг гаргах эрхгүй этгээд байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
5.7. Нөгөөтээгүүр Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хууль бус байсан болох улмаар хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
Зургаа. Сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийн тухайд:
6.1 Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан. Гэвч хуульд заасан дээрх үйл ажиллагааг авч хэрэгжүүлээгүй нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох хангалттай үндэслэл биш байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д-ын Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] - Хавтаст хэргийн 58 дугаар хуудас
[2] - Хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас
[3] -Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэдэг нь гэмт хэргийг нийгмийн аюулын хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхыг хэлнэ.
[4] - Гэм буруутай үйлдэл болон гэм буруутай хүсэл зоригийн нэгдэл байхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй.
[5] - Хавтаст хэргийн 65-68 дугаар хуудас
[6] - Хавтаст хэргийн 69-73 дугаар хуудас