| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0110/З |
| Дугаар | 221/МА2025/0523 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0523
Б.Ч-ийннэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: Б.Ч
Хариуцагч: Нийслэлийн Боловсролын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/250 дугаартай “Б.Ч-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0314 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0110/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Чоос “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/250 дугаартай "Б.Ч-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0314 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Чоос “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/250 дугаартай “Б.Ч-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-оос дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. …Боловсролын яамны салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03-00/3* дүгээр удирдамжаар Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 08 дугааp сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, тус хяналт шалгалтаар илэрсэн санхүүгийн зөрчилд Улсын ахлах байцаагчийн 08-04/08, 08-04/09, 08-04/10 дугаартай актууд, мөн хууль тогтоомж биелүүлээгүй гэх зөрчлийг эрх бүхий этгээд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 10.16 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, торгуулийн арга хэмжээ авсан талаар хяналт шалгалтын илтгэх хуудас /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ", / хэрэгт авагдсан байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх ямар байгууллага /Яам, агентлаг/-ын санал болон баримтаар тогтоогдсон нь тодорхойгүй, ерөнхий шинжтэй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
3.2. Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний удирдах албан хаагчаар ажиллаж буй иргэний хувьд ажил олгогч буюу Нийслэлийн боловсролын газрын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсдэг. Сахилгын зөрчил эсхүл хөдөлмөрийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн зохицуулалтаар хэрэгждэг.
Нэхэмжлэгчийн тухайд Боловсролын ерөнхий газраас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийхэд өмнө нь мөн санхүүгийн зөрчил гаргасан үйлдэл тогтоогдож, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Б.Ч-ид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд давтан зөрчил гаргасан. Төсвийн тухай хуулийн үйлчлэх хүрээ нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан бөгөөд бүх шатны төсвийн захирагч нь хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй.
3.3. Шийдвэрт 4 “ …зөрчлийг надад хамаатуулж намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна, нэхэмжлэгч хувьдаа мөнгө завшсан зүйл байхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэх үндэслэлд:
Сургуулийн захирал нь төсвийн шууд захирагчийн хувьд албан тушаалын тодорхойлолтын 5 дугаар зорилтод байгууллагын төсвийн төсөөлөл, төсвийг төлөвлөх, батлуулах зориулалтын дагуу зарцуулах хяналт тавих аудит хийлгэх, төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайланг үнэн зөв, цаг хугацаанд нь тайлагнах, төсвийн өдөр тутмын удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй гэж заасан.
Тухайлбал ноцтой зөрчил гэдгийг талууд байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүргийг зааж өгсөн. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д “Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон” бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байтал анхан шатны шүүхээс албан тушаалын тодорхойлолтыг үнэлэлгүйгээр зөвхөн хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д “Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн аль зүйл хэсэг заалт зөрчсөн зөрчлийг зөрчилд тооцохоор тодорхой зохицуулалтыг тусгах нь хуульд нийцнэ” гэж өрөөсгөл нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.
3.4. Ноцтой зөрчил гэдгийг талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгох бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн С/69 дугаар Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалт нь хуульд нийцээгүй байх тул уг хуульд нийцээгүй заалтыг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.” тухайн маргаан бүхий актыг илт хууль бус гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” Хуулийн заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны актыг “Илт хууль бус”-д тооцох үндэслэлд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй.
3.5. Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/250 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт Боловсролын яам, Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан шалгалтын хүрээнд авагдсан материалд тулгуурлаж нэхэмжлэгчийн зөрчил гаргасан нь тогтоогдож, хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй.
3.6. Нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь дээр дурдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” гэх үндэслэлээр тухайн тушаалыг бүхэлд нь буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийнхүү хариуцлага тооцохгүй байх нь хууль, журам тэгш хэрэгжих, төрийн албан хаагчид үүрэг хариуцлагаа ухамсарлах, эрхэлж буй ажилдаа хүндэтгэлтэй хандах, хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлэхээр байгааг анхаарч үзэх шаардлага байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Чоос Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/250 дугаартай "Б.Ч-ийнхөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Б.Ч-ийнхөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/250 дугаар захирамжаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн Нийслэлийн ерөнхий боловсролын Өнөр сургуулийн захирал Байгалийн Чойдорж нь хууль тогтоомжийг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.
4. Анхан шатны шүүхээс “...Б/250 дугаар тушаалаар нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохироогүй, тушаалын үндэслэл нь тодорхойгүй, Хөдөлмөрийн гэрээний заалт нь хуулийн аль зүйл, хэсэг, заалтад заасан тодорхой ямар зөрчлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор ойлгомжтой, тодорхой зохицуулаагүй нь хуульд нийцээгүй байх тул уг хуульд нийцээгүй заалтыг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг заасан бөгөөд 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.5-д “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” гэж, 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ...”, гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан.
6. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.5-д “Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, хандивын мөнгө, өөрийн үйл ажиллагааны орлогыг төрийн сан банкаар дамжуулалгүй бэлнээр зарцуулсан, ашигласан” гэх ноцтой зөрчлийг Б.Ч гаргасан болох нь Улсын ахлах байцаагчийн 08-04/08, 08-04/09, 08-04/10 дугаартай актуудаар нотлогдсон хэмээн маргасан. Эдгээр актууд нь “Сургалтын төлбөр төлүүлэх тухай”, “Түрээсийн төлбөр төлүүлэх тухай” агуулгатай байх бөгөөд хяналт шалгалтаар “...хичээлийн 2 дугаар байранд нярав Г.Б, үйлчлэгч Ц.Б нар нь түрээслэн амьдарч байгаа, ...биеийн тамирын заалны түрээсийн төлбөрийг нярав өөрийн хувийн дансанд авдаг, ...гүнзгийрүүлсэн ангийн сургалтын төлбөрийг анги удирдсан багш нар хураан авч, бөөнөөр сургуулийн дансанд хийдэг” гэх зөрчлүүд илэрсэн тул зөрчилд холбогдох төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авч, төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг захирал Б.Ч, нягтлан бодогч Ц.М нарт хариуцуулсан шийдвэр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...актуудад заасан зөрчлүүд нь дан ганц сургуулийн захиралтай холбоотой асуудал биш, ...зөрчлийн улмаас сургуулийн үйл ажиллагаа шууд доголдсон, хүүхдийн болон нийтийн эрх ашигт хохирол учирсан зүйл төдийлөн тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь би хувьдаа мөнгө авсан зүйл огт байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй тул Б/250 дугаар тушаалаар нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохироогүй” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актаар хууль тогтоомжийг биелүүлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, ажлаас чөлөөлсөн нь сахилгын зөрчлийн шинж байдал, үр дагавар, материаллаг хуулийн хэм хэмжээнд нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэхээр байна.
8. Маргаан бүхий тушаалд хууль тогтоомж биелүүлээгүй гэсэн үндэслэлийг заахдаа ямар хуулийн, ямар зохицуулалтыг хэрхэн, ямар байдлаар зөрчсөнийг тодорхой заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй, мөн бодит байдалд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг мөн хангахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
9. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг баримталсан атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.4” гэснийг хасч, “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4” гэж нэмж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН