Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 04

 

Ш.О, Д.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Хяналтын прокурор: С.Энхням,

           Хохирогч: М.Б,

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: М.М,

           Иргэний нэхэмжлэгч: Г.Б,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Доржсүрэн нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.О, Д.Э нарт холбогдох, эрүүгийн 1919001880133 дугаартай, 3 хавтас, 733 хуудас бүхий хэргийг хохирогч М.Б, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.М нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.О,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Э нарт холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ш.О нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрт А0102 дугаартай босоо тэнхлэгийн авто зам дээр Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд “Мицубиши Делика” маркийн 17-19 УНҮ, шүүгдэгч Д.Э нь “Бэйбен” маркийн 29-15 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад “Мицубиши Делика” маркийн 17-19 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан шүүгдэгч Ш.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.2-т заасан “Харанхуй үед болон /үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, “Бэйбен” маркийн 29-15 ДГС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.2-т заасан “Харанхуй үед болон /үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас шүүгдэгч Ш.О нь “Мицубиши Делика” маркийн 17-19 УНҮ улсын дугаартай авто машинаар урд талдаа зогссон 24-83 ДГС улсын дугаартай тоёото приус-30 маркийн автомашиныг араас нь мөргөж, шүүгдэгч Ш.Огийн жолоодож явсан “Мицубиши Делика” маркийн 17-19 УНҮ улсын дугаартай автомашины араас “Бэйбен” маркийн 29-15 ДГС улсын дугаартай автомашинаар шүүгдэгч Д.Э нь мөргөж шүүгдэгч Ш.О, Д.Э нарын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүдийн улмаас зам тээврийн осол гарч ослын улмаас насанд хүрээгүй хохирогч О.А, хохирогч М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.О, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авта тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, Д.Э нарт тус бүр 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, Д.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, Д.Э нарт оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.О, Д.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-с хохирогч М.Бд 979 611 төгрөгийг, хохирогч О.А-н хууль ёсны төлөөлөгч О.Ж-д 585780 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Мд 792559 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 4307100 төгрөгийг, шүүгдэгч Д.Э-с иргэний нэхэмжлэгч О.Ж-д 585780 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Баярмөнхөд эрүүл мэндэд учирсан хохирол 792559 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 6653500 төгрөгийг, иргэний хариуцагч М.М-с иргэний нэхэмжлэгч Г.Б-д 1845900 төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Г-с иргэний нэхэмжлэгч М.М-д 2851500 төгрөгийг тус тус гаргуулан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч М.Б-н нэхэмжлэлээс 5342744 төгрөгийг, хууль ёсны төлөөлөгч О.Ж-н нэхэмжлэлээс 1395350 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.М-н эрүүл мэндэд учирсан нэхэмжлэлээс 8495000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн эд хөрөнгөнд учирсан нэхэмжлэлээс 9087000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Б нь 12000000 төгрөгийн нэхэмжлэлээ болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,  

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч М.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний эмчилгээний зардлыг дутуу тооцож гаргасан гэдэг үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Ламд 670000 төгрөгөөр ном уншуулаагүй, 20000-30000 төгрөгөөр ном уншуулсан. 670000 төгрөгт өдөр тутмын боолт, баримт авч чадаагүй эмчилгээний зардал зэрэг орсон байгаа. Миний хувьд өдөрт доод тал нь 5000 төгрөгөөр боолт хийлгэдэг байсан. Осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж 10 сар хүртэл гэртээ байсан. Энэ хугацаанд хийгдэх байсан ажлаа хийж чадаагүй бөгөөд тэдгээртэй холбоотой олон хохирол амссан. Ажил хийж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь миний үүрэг хэдий ч миний зүгээс нийгмийн даатгал  болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж байж төрөөс үйлчилгээ авсан. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байсан бол 2 удаагийн хагалгааны зардал үүнээс өндөр гарах байсан. Анхан шатны шүүх хохирол тооцохдоо нөхөн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг хасаж тооцсон. Үүнийг мөн давж заалдах шатны шүүх шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад 5342744 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ойлгоогүй. Би нийт 18355000 төгрөгийг нэхэмжилсэн. Түүнээс өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед холбогдох баримтаа гаргаж өгөөгүй байсан. Хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Миний зүгээс нэхэмжилсэн зардал болох 5322355 төгрөг бол 6 сараас 9 сарын хагас хүртэлх хугацаанд гарсан бодит зардал байгаа. Зарим баримт нь ойлгомжгүй үндэслэлээр үнийн дүнгээс хасагдаж болох боловч үүнийг шийдэж өгөхийг хүсэж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн доод давхрын эмийн сан баримт өгдөггүй байсан учраас пос машины баримтууд дээр тэмдэглээд баримтаа шүүхэд гаргаж өгсөн байгаа.

 Шүүгдэгч Ш.О нь шүүх хуралдаанд М.Б жолоо барьж явахдаа зүүрмэглэсэн гэж өөр хүнд буруугаа тохох, хэргээс мултрах зорилгоор санаатай зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Энэ хүн намайг гүтгэж ийм мэдүүлэг өгсөнд маш их гомдолтой байна. Ш.О нь намайг эмнэлэгт хэвтэж байхад нэг л удаа утсаар ярьж 250000 төгрөг өгсөн. Дахиж холбоо бариагүй. Ш.Огийн анхны мэдүүлэг дээр ийм зүйл байгаагүй. Үүнийг гэрчлэх хүн байгаа. Миний ах М.М тухайн үед хажууд байсан. Намайг машин барьж байхад гадаа гэгээтэй байсан. Намайг зүгээр машин барьж байхад Ш.О нь би машин барья гээд байсан. Тухайн үед гэр рүүгээ яарсан юм болов уу гэж бодож байна. Тэгээд өөрөө хурдаа тохируулаагүйгээс ийм зүйл болсон гэдгийг өөрөө ойлгох ёстой хүн уг гэмт хэргээс зайлах маягтай байгаад байгааг гайхаж байна. Би зураач ажилтай, ослын улмаас миний гар нилээн муудаж, хөдөлмөрийн чадвараа нилээн алдсан. Ер нь хөл, гар маань хөдөлмөрийн чадвар муутай болсон. Ослоос хойш 10 сар хүртэл хийхээр төлөвлөсөн байсан ажлууд цуцлагдаж нилээн хохирол амссан...” гэв. 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.М давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд шүүх хуралдаанаар хохирогч нарыг гомдолгүй болгож, гэм буруутай хүнд тохирох ялыг нь оногдуулж шийдвэрлэдэг байх гэж бодсон. Гэтэл хохирсон хүмүүс нь хохироод дуусдаг юм байна. Миний зүгээс хоёр л зүйлийг хүсэж байгаа. Миний машин засварлах ямарч боломжгүй болсон бөгөөд гол нь нугарсан, урд хойд талаасаа бүтэн орсон. Би Ш.Ог машин барь гэж хэлээгүй, намайг зүүрмэглэх зуур манай дүүгээс жолоог авсан байсан. Тиймээс шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээг зах зээлийн түвшинд нэмэгдүүлж өгнө үү гэж хүсэж байна. Мөн би хойд талаас машин мөргөхөд дунд талын цонх мөргөөд толгойдоо 6 оёдол тавиулсан. Дүү маань хүнд гэмтсэн учраас дүүгээ асраад өөрийгөө эмчлүүлж чадахгүй хувийн эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Би жуулчид авч явдаг байсан. Амжиргаа залгуулдаг “Мицубиши Делика” маркийн машин маань засварлах боломжгүй болсон учраас осол гарснаас хойш ямар ч ажилгүй, өөрийгөө эмчлүүлж чадахгүй явж байна. Шүүгдэгч нар дахин яриагүй. Шүүхээр яаж шийдвэрлэгдэх бол гэж хүлээж цаг маш их алдсан. Иймд миний хувьд цаашид толгойныхоо өвчинг эмчлүүлсний улмаас гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг, шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээг машиныг засварлах түвшинд гаргаж өгөхийг тус тус хүсэж байна. Найз маань бидэнтэй дахин уулзаагүй, намайг машин барь гэж хэлээгүй байхад зөвшөөрөлгүйгээр машин жолоодсон, хохирол барагдуулаагүй, дүүд маань нэг удаа л 250000 төгрөг өгөөд дахин холбоо бариагүйд маш их гомдолтой байна. Дүү маань MRI хийлгэж чадаагүй, гартаа ялтас төмөртэй явж байгаа. Хэрвээ би тэдний оронд байсан бол буруугаа хүлээгээд хохирлоо төлөх байсан. Бид өмнө нь шүүхээр хэрэг шийдвэрлүүлж байгаагүй болохоор анхан шатны шүүх хуралдаан дээр хайхрамжгүй хандсан. Иймээс давж заалдах гомдол гаргасан...” гэв.   

            Иргэний нэхэмжлэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гомдол байхгүй. Би анхнаасаа өөрийнхөө машиныг өгөөд оронд нь машиныхаа үнийг эсхүл ижил төрлийн машин авъя гэсэн зорилготой байсан. Гэтэл анхан шатны шүүх үнэлгээгээр гарсан мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед би машинаа осол болсон газар дээрээс авч ирэхэд крантай машин хөлсөлсөн бөгөөд түүний зардлыг анхан шатны шүүх дээр нэхэмжлээгүй байсан. Осол болоход би өөр жижиг машин дуудсан байсан. Тэр машинаар энэ хүмүүсийг эмнэлэгт хүргэж өгөөд дараа нь өөрөө явсан. Энэ зардлыг анхан шатны шүүх дээр тооцож нэхэмжлээгүй. Сая анхан шатны шүүх хуралдаан болсны дараа машинаа засварлуулахаар Улаанбаатар хот руу авч явахад гарсан зардлыг мөн нэхэмжлээгүй байсан. Осол болсон газар дээрээс машиныг журмын хашаанд авч ирэхэд 300000 төгрөгөөр машин хөлсөлсөн. Сая машинаа засварлуулахаар Улаанбаатар хот руу авч явахдаа 500000 төгрөгөөр өөр машин хөлсөлсөн. Акумлятор нь хагарсан байсан боловч үнэлгээний дүнд ороогүй байсан. Түүнийг би нэмж оруулсан. Ингээд нийт 985000 төгрөг болсон. Үүнийгээ би буруутай этгээдүүдээс гаргуулж болох юм болов уу гэж бодсон...” гэв. 

Хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Аймгийн прокурорын газраас Ш.О, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхан шатны шүүх хянан хэлэлцээд 189 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ хохирогч М.Бгийн нэхэмжилсэн нийт 18322355 төгрөгөөс ламд ном уншуулсан 670000 төгрөг, 2019 оны 06 сарын 03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд төлсөн 507960 төгрөг, эрүүл мэндийн даатгалаас төлсөн гэх 431766 төгрөг, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгал төлсөн 124800 төгрөг, цалин гэх 12000000 төгрөг, нийгмийн даатгалд төлсөн 172800 төгрөг, нийт 13399366 төгрөгийг хасч 3229611 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Хохирогч М.Бд шүүгдэгч Ш.Огаас 250000 төгрөг бэлнээр, шүүгдэгч Д.Э 2000000 төгрөг тус тус өгснийг хасч үлдэгдэл 979611 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Цалинтай холбоотой 12000000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иргэний нэхэмжлэгч М.Мийн хувьд нийт 2585118 төгрөг нэхэмжилснээс 2369020 төгрөг, 678639 төгрөг, нийт 3047659 төгрөгийг баримт давхардсан байна гэдэг үндэслэлээр хасч тооцоод 1585118 төгрөгийг олгохоор олгож шийдвэрлэсэн бөгөөд эрүүл мэндэд учирсан хохирлыг хоёр шүүгдэгчээс хувь тэнцүүлэн олгож, эд хөрөнгөд учирсан хохирлын хувьд иргэний нэхэмжлэгч Г.Бгээс машиндаа 15000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргадаг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Мийн хувьд 18000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас мэргэшсэн үнэлгээний байгууллага болох “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан үнэлгээгээр тогтоогдсон Тоёота Приүс-30 буюу иргэний нэхэмжлэгч Г.Бгийн тээврийн хэрэгслийн эвдрэл шууд болон шууд бус зардал нь 5913000 төгрөгийг, үнэлгээ хийлгэсэн 250000 төгрөг, нийт 6153000 төгрөг, Мицубиши Делика маркийн тээврийн хэрэгсэл буюу иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Мийн тээврийн хэрэгслийн үнэлгээ эвдрэл, шууд болон шууд бус зардал 9505000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар татагдсан М.М, Ц.Гансүх нараас зам тээврийн осол болохоос өмнө өөрөө зөвшөөрч тээврийн хэрэгслийн жолоогоо шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул гэм хорыг хариуцан төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнээд эвдрэл хохирлыг шүүгдэгч нараас 70 хувиар, иргэний хариуцагч нараас 30 хувиар гаргуулахаар тогтоож иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэгдсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Харин иргэний нэхэмжлэгч Г.Бгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилж байгааг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/189 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Учир нь: Хохирогч М.Б, иргэний нэхэмжлэгч М.М нарын давж заалдсан гомдолд үндэслэн тэдгээрт бичигдсэн асуудлуудаар хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ш.Огийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэр буруугийн хэлбэрт нь тохируулалгүйгээр хохирлыг бүрэн хариуцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болсон.

Шүүгдэгч Ш.О нь 2019 оны 05-р сарын 15-ны шөнө Мицубиши Делика маркийн 17-19 УНҮ улсын дугаартай автомашиныг, шүүгдэгч Д.Э нь Бэйбен маркийн 29-15 ДГС улсын дугаартай автомашиныг тус тус жолоодож Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар зорчиж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг тус тус зөрчсөний улмаас шүүгдэгч Ш.О нь урд талдаа явсан 24-83 ДГС улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины урдуур нь адуу орж ирсний улмаас зогсолт хийж өнгөрөөх үйлдэл хийх үед араас нь мөргөсөн, шүүгдэгч Ш.Огийн жолоодож явсан автомашины араас шүүгдэгч Д.Э нь Бэйбен маркийн 29-15 ДГС улсын дугаартай автомашиныг жолоодож яваад мөн мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч О.А, хохирогч М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-9/, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-18/, хохирогч М.Б /1-р хх-ийн 22-23/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ж /1-р хх-ийн 27-28/, хохирогч болон иргэний нэхэмжлэгч М.М /1-р хх-ийн 33-34/, иргэний нэхэмжлэгч Г.Б /1-р хх-ийн 38-39/ нарын мэдүүлгүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд /1-р хх-ийн 55-58, 1-р хх-ийн 64-65, 1-р хх-ийн 71-74, 1-р хх-ийн 109-111, 1-р хх-ийн 118-120, 2-р хх-ийн 1, 2-р хх-ийн 93, 2-р хх-ийн 99/, ослын талаарх Замын цагдаагийн шинжээчийн 34, 13 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 82-83/, техникийн шинжээчийн 9, 10, 10 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 99-100, 1-р хх-ийн 109-110, 1-р хх-ийн 118-119/, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаарх Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/0298, 02/0309, 02/0307, 02/0332 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 136-137, 1-р хх-ийн 182-183, 1-р хх-ийн 204, 1-р хх-ийн 211-212/ зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Ш.О, Д.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл баримтыг хүлээн мэдүүлсэн байна.

  Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба иргэний нэхэмжлэгч М.М өөрийн “Мицубиши Делика” маркийн 17-19 УНҮ улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл болон засварын зардлын үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн бол бусад оролцогч нарын зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

Хэрэгт осолд өртсөн 3 автомашины эвдрэл болон засварын зардлын үнэлгээг мөрдөгч хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж хийлгүүлсэн /1-р хх-ийн 55-74/ ба иргэний нэхэмжлэгч М.М “Мицубиши Делика” маркийн 17-19 УНҮ улсын дугаартай автомашины зардлын үнэлгээ 9505000 төгрөгөөр тодорхойлогдсоныг зөвшөөрөхгүй гэсний дагуу дахин нэмэлт шинжилгээ /3-р хх-ийн 18-19/ хийлгэхэд үнэлгээнд өөрчлөлт ороогүй 9505000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Дээрх үнэлгээ бүхий дүгнэлтүүдийг мөрдөгчөөс томилж гаргуулсан, уг үнэлгээ нь ослын улмаас автомашинд учирсан эвдрэлүүд, тэдгээрийг засварлахтай холбоотой гарах засварын үнэлгээ ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан “бусдын ... эд хөрөнгөнд ... болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэнд,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэнд тус тус нийцсэн байх тул дээрх хөрөнгийн үнэлгээ нь хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээнд нь хохирол, хор уршгийг арилгах зарчимд нийцэж гарсан байна.

Иймд иргэний нэхэмжлэгч М.Мөөс автомашиныг худалдах, худалдан авах зах зээлийн үнэлгээгээр бүхэлд нь үнэлүүлж хохирлыг төлүүлэх гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон.

Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.О, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Шүүгдэгч Ш.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн бүлгийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг,

шүүгдэгч Д.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол болох гол шалтгаан нөхцөл болсон нь зам тээврийн ослын талаарх Замын цагдаагийн 34, 13 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тодорхойлогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэх, 

ослын улмаас бага насны хохирогч О.А -н биед зүүн бугалга ясны зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл, хохирогч М.Бгийн биед баруун шуу, зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, эд доторх цусан хураа, зүүн эгэмний мултрал бүхий гэмтлүүд тус тус учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1, 2.3.2-т тус тус заасан “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар /удаан/ сарниулсан, хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр /15-35%/ тогтонги байдлаар алдагдсан” гэх шинжүүдэд нийцсэн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журам, түүнд үндэслэн гарсан шинжээчийн 02/0332, 02/0307 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас “… хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэх шинжид тус тус нийцсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч нарын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг нь анхан шатны шүүх харгалзан үзэж шүүгдэгч тус бүрт 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон “шударга ёсны зарчим”-д нийцсэн байна гэж үзлээ.        

Анхан шатны шүүх хохирогч О.А, М.Б, иргэний нэхэмжлэгч М.М нараас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудаас шүүгдэгч Ш.Огаас хохирогч М.Бд урьдчилан төлсөн 250000 төгрөг, шүүгдэгч Д.Эгаас хохирогч М.Бд урьдчилан төлсөн 2000000 төгрөгүүдийг тус тус нэхэмжлэлийн шаардлагаас хасч Ш.Огаас хохирогч М.Бд 979611 төгрөг, хохирогч О.Амарбаясгалангийн хууль ёсны төлөөлөгч О.Жаргаланд шүүгдэгч тус бүрээс 585780 төгрөгийг гаргуулж,  иргэний нэхэмжлэгч М.М-д шүүгдэгч тус бүрээс 792559 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэн, нэхэмжлэлийн шаардлагуудаас хохирогч М.Бгийн нэхэмжлэлээс 5342744 төгрөгийг, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ж-н нэхэмжлэлээс 1395350 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.М-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлээс 1462541 төгрөгийг, эд хөрөнгөнд учирсан гэм хорын нэхэмжлэлээс 8495000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын нэхэмжлэлээс 9087000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон.

Ингэхдээ анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн болон бусад баримтуудыг хангалттай бүрэн тооцсон /2-р хх-ийн 21-72, 143-160, 3-р хх-ийн 52-107/, хохирогч М.Б-аас нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин орлого, цаашид гарах эмчилгээний зардал зэргээ иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн, түүний эрхийг хасаж, хязгаарласан гэх байдал тогтоогдсонгүй.

Иймд эдгээр үндэслэлүүдээр хохирогч М.Б-с гаргасан гэм хорын хохирлыг бүрэн хангаж шийдвэрлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч М.М-ийн өмчлөлийн “Мицубиши Делика” маркийн 17-19 УНҮ улсын дугаартай автомашинд учирсан 9505000 төгрөгийн хохирлыг төлүүлэхдээ энэ үнийн дүнгийн 70%-ийг шүүгдэгч нараас, 30%-ийг нь иргэний хариуцагч нараас тус тус тооцож төлүүлэхээр тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Э-с дангаар нь 70%-иар буюу 6653500 төгрөгийг,  иргэний хариуцагч Ц.Г-с үлдэх 30%-ийн төлбөр болох 2851500 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч М.М-д олгохоор шийдвэрлэсэн нь “шударга ёсны зарчим”-д нийцээгүй буюу шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болсон байна.

Иймд иргэний нэхэмжлэгч М.М-н өмчлөлийн автомашинд учирсан эд хөрөнгийн хохирол болох 9505000 төгрөгийн /1-р хх-ийн 71, 3-р хх-ийн 18-19/ 70% буюу 6653500 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж буюу шүүгдэгч Ш.О-с 3326750 төгрөг, шүүгдэгч Д.Э-с 3326750 төгрөгийг тус тус гаргуулж М.М-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн өмчлөлийн 24-83 ДГС улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинд 5913000 төгрөгийн, шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 250000 төгрөгийн нийт 6153000 төгрөгийн хохирол /1-р хх-ийн 55, 2-р хх-ийн 97/ учирсныг үнийн дүнгийн 70% буюу 4307100 төгрөгийг шүүгдэгч Ш.Огаас, иргэний хариуцагч М.М-с үнийн дүнгийн 30% буюу 1845900 төгрөгийг тус тус гаргуулж Г.Бд олгохоор шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэгдсэн байна.

Иргэний нэхэмжлэгч М.М, Г.Б нарт анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгийн хохиролтой холбоотой нэмэлт зардал гарахыг үгүйсгэхгүй, анхан шатны шүүх энэ талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг шийтгэх тогтоолд зааж өгөөгүй байх боловч энэ нь тэдний шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй тул энэ талаар тогтоолд нэмэлт заалт зааж өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч М.М, Г.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой нэмэлт зардал нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон энэхүү магадлалаар хязгаарлахгүй, ийнхүү нэхэмжлэл гаргах нь нээлттэй хэвээр байгааг магадлалд тэмдэглэв.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хохирогч М.Б, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.М нарын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой заалтад өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “...шүүгдэгч Ш.О-с ... иргэний нэхэмжлэгч М.М-д 792559 төгрөгийг...” гэснийг “...шүүгдэгч Ш.О-с ... иргэний нэхэмжлэгч М.М-д эрүүл мэндэд учирсан хохиролд 792559 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 3326750 төгрөгийг...” гэж,

“...шүүгдэгч Д.Э-с ... иргэний нэхэмжлэгч М.М-д ... эд хөрөнгөд учирсан хохирол 6653500 төгрөгийг...” гэснийг “...шүүгдэгч Д.Э-с ... иргэний нэхэмжлэгч М.М-д ... эд хөрөнгөд учирсан хохиролд 3326750 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч М.Б, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.М нарын давж заалдсан  гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                   А.САЙНТӨГС