Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Дашням,

шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Бд холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2023 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И.Б

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч И.Б нь 2023 оны 03 дугаар сарын 30-аас, 2023 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө ... гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Бг "...бусдад худал зүйл ярилаа..." гэх зүйлээр шалтаглан түүнийг биеэ хамгаалах чадваргүй буюу 79 хувийн түлэгдэлттэй гэдгийг мэдсээр байж заазуураар зүүн тохой, зүүн сарвуу, баруун шагайн хэсгийг зүсэж мөн өшиглөх, цохих зэргээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч И.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б бид хоёр найзууд байсан. М.Б намайг гүтгэлгийн чанартай зүйл ярьсан болохоор Мтэй хамт очиж муудаж, маргалдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж алдаа гаргахгүй зөв амьдрахын төлөө хичээнэ. Хийсэн хэрэгтээ харамсаж байна  гэсэн мэдүүлэг

 

Хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 00 цагийн үед машин дуугараад би сэрээд гэрлээ асаасан чинь М болон Б хоёр ороод ирсэн. Тэгээд би "юун сонин хүмүүс явж байхын, юу байцгаана” гэсэн чинь Б “сонирхоод байх юм байхгүй, чамайг ална, амаа мэдэж яваарай” гээд ширээн дээр байсан заазуур аваад шууд гар болон тохой зүссэн. Тэгэхээр нь би айгаад хөнжлөөрөө хаасан чинь хөнжил аваад хөлийн шагай хэсгийг зүссэн. Тэгээд би Мийг Быг ирж аваач гэхэд М ирээд заазуурыг нь аваад шидсэн...Гараад хороо тойроод ирэхэд Б намайг гүйцэж барьж аваад толгой болон цээж рүү цохиж зодсон. Тэгээд намайг дагуулаад гэр лүү оруулаад гэрт байсан сандал, хогийн шүүрээр зодсон....Б миний биед гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 10-12 дугаар тал),

 

          Гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрийн гадаа очоод бие засчихаад хойноос нь ороход Б нь Бгийн гэрийн шүүгээнээс заазуур аваад барьчихсан зогсож байсан. Тэгээд Б нь Бгийн гарын хуруу болон хөл хоёрыг шууд дайрч очоод зүссэн. Тэгээд би Быг хориод заазуурыг нь булаагаад авсан...Миний мэдэхээр Б нь Бгийн гарын хуруу болон хөлийн шагай хэсэгт заазуураар зүсэж гэмтэл учруулсан. Мөн хогийн шүүрээр хөл хэсэгт нь цохиж байсан. Би Бгийн бие 90 хувийн түлэгдэлттэй гэдгийг мэднэ.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-17 дугаар тал),

 

             Гэрч Р.Мны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн хүү Б нь 2012 онд 90 хувийн түлэгдэлттэй болсон хүн юм. Тэгээд над руу явуулсан зураг дээр бол гарын хуруу хэсэгт болон хөлийн шагай хэсэгт заазуураар зүссэн байсан...Б болон М хоёр нь миний төрсөн хүү Бгийн найз гээд явдаг байсан. Тэгээд дараа нь сонсоход Бг дээрэлхэж архи авхуулж уудаг байсан гэсэн. Миний төрсөн хүү Б нь түлэгдэж байсан болохоор биеэ хамгаалах чадваргүй хүнийг удаан хугацаанд ингэж дарамталдаг байсан талаар сая л мэдлээ.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

 

             Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны ... дугаартай “...1. М.Бгийн биед зүүн тохой, зүүн сарвуу, баруун шагайнд шарх, баруун, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт( хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт ( хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 44 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө ... гэх газарт хохирогч М.Бг "...бусдад худал зүйл ярилаа..." гэх зүйлээр шалтаглан унтаж байхад нь гэрт нь очиж түүнийг заазуураар зүүн тохой, зүүн сарвуу, баруун шагайн хэсгийг зүсэж мөн өшиглөх, хогийн шүүрээр цохих зэргээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох          хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цагийн үед машин дуугараад би сэрээд гэрлээ асаасан чинь М, Б хоёр ороод ирсэн. Тэгээд би “ юун сонин хүмүүс  явж байхын, юу байцгаана” гэсэн чинь Б “сонирхоод байх юм байхгүй,чамайг ална, амаа мэдэж яваарай” гээд ширээн дээр байсан заазуур аваад шууд гар болон тохой зүссэн. Тэгэхээр нь айгаад хөнжлөөрөө хаасан чинь хөнжил татаж аваад хөлийн шагай хэсгийг зүссэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэхээр Б нь Бгийн гарын хуруу болон хөлийн шагай хэсэгт заазуураар зүсэж гэмтэл учруулсан. Мөн хогийн шүүрээр хөл хэсэгт нь цохиж байсан..” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Мны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн хүү Б нь 2012 онд 90 хувийн түлэгдэлттэй болсон хүн юм. Тэгээд над руу явуулсан зураг дээр бол гарын хуруу хэсэгт болон хөлийн шагай хэсэгт заазуураар зүссэн байсан....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны ... дугаартай “ М.Бгийн биед зүүн тохой, зүүн сарвуу, баруун шагайнд шарх, баруун, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн  шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч И.Бы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Харин дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэнээр тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогддог.

 

         Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.

 

             Биеэ хамгаалж чадахгүй байдалд өвчний болон бусад тодорхой шалтгааны улмаас эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдал хамаарах бөгөөд шүүгдэгч И.Б нь хохирогчийг гэртээ ганцаараа амарч байх үед нь шөнийн цагаар очиж нүцгэн байхад нь заазуураар биед нь халдсан нь хохирогчийг идэвхтэй хариу үйлдэл үзүүлж биеэ хамгаалж чадахгүй байдалтай байсан гэж үзэх нөхцөлийг хангаж байна. Мөн хохирогч М.Б нь 3 дугаар зэргийн түлэгдэл биеийн гадаргуугийн 15-аас дээш хувийг хамарсан ахуйн ослын улмаас ердийн өвчний жагсаалтын 1-10-28 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар 24 сараар сунгаж шийдвэрлэсэн болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0497218 дугаартай актаар тогтоогдож байх ба энэ нь Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолын хавсралтад зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн алдсан ангилалд хамаарч байна.

 

             Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Хохирогч өөрийгөө биеэ хамгаалах чадваргүй байсан юм уу гэх үйл явдал тогтоогддоггүй. Учир нь хохирогч холбогдогчид эсэргүүцэл үзүүлсэн, гарч зугтаасан, гүйсэн байдал байна. Групп тогтоогдсон нь биеэ хамгаалах чадваргүй гэж үзэх нь өрөөсгөл ойлголт болно. Хохирогч нь арьсны түлэгдэлтэй учраас группт байдаг. Хөдөлгөөний хязгаарлалттай эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү” хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

             Шүүгдэгч И.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хөнгөн гэмтэл санаатай учруулж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Хохирол төлбөрийн талаар:

 Шүүгдэгч И.Б нь хохирогч М.Бгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч М.Б нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

Харин хохирогч М.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: шүүгдэгч Бд 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус  гаргасан байна.

 

Шүүгдэгч И.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн  хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч И.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг нь шар өнгийн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.     

 

5.Хохирогч М.Б нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэг нь шар өнгийн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН