Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 496

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын ... тоотод оршин суух Ш  овогт С.Б  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ... оршин суух Ц овогт Ц.Я  -д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00498/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б , хариуцагч Ц.Я , нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Ц.Я тай 2007 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж, 2010 онд охин Х  төрсөн. Бид Орхон аймагт ажиллаж амьдарч байгаад би 2011 онд Баян-Агт сум руу багшаар ажиллахаар явсан. Энэ үеэс бид тусдаа амьдарч эхэлсэн. Тус тусдаа амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Х ыг өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Ц.Я  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би хавтаст хэрэгтэй танилцсан. Бид тусдаа амьдраад удаж байгаа бөгөөд тус тусдаа гэр бүлтэй болсон. Хүүхдээс авсан мэдүүлэг худлаа байсан. Би охиноо байнга харж хандаж байдаг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ  охиноо ээжийнх нь асрамжид үлдээхийг хүсэхгүй байна. Охиноо Бгийн ээж болон эгчийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг С.Б  гийн дансанд хийхгүйгээр түүний ээжийн дансанд  эсхүл эгчийнх нь дансанд  хиймээр байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Ц.Я гаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

С.Б , Ц.Я   нар нь 2007 онд танилцаж, 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 9 дүгээр сарын 25-ны  өдөр  охин Я.Х  төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхэд төрсөн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-5/

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, 2011 оноос  хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, тус тусдаа гэр бүлтэй болсон  нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хэдий ч хариуцагч охин Я.Х ыг эхийн асрамжид үлдээхгүй, нэхэмжлэгчийн ээж болон эгчийн асрамжид үлдээж, тэтгэлгийг тэдэнд өгөхөөр тайлбар гаргаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т ”эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Гэрлэгчид хүүхдийг бусдад үрчлүүлсэн, эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд оруулсан өвөг эцэг, эмэг эх, ах дүүгийн оролцооны талаар дүгнэлт хийж, хүүхдийг өөр бусад этгээдүүдийн асрамжид үлдээх боломжгүй байна.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д ”тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна”  гэж тус тус заасан.

Хуульд зааснаар гэрлэгчид хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Я.Х ыг эх С.Б  гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Я.Х ыг эцэг Ц.Я гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар  маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Я гаас 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /194300х12=2331600/50%=1165800₮/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 32 529  төгрөгийг гаргуулан Төрийн санд, 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй болох нь түүний хүсэлт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар хэргийг тус шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ш  овогт С.Б  , Ц овогт Ц.Я   нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасныг баримтлан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Я.Х ыг эх С.Б гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Х ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Ц.Я гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Б д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн   26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Я гаас 102729 /нэг зуун хоёр мянга долоог зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд 32529 /гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөгийг тус тус олгосугай.    

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтланшүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МЯГМАРСҮРЭН