Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 129/2019/00750/И |
Дугаар | 001/ХТ2022/00148 |
Огноо | 2022-02-15 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2022/00148
“А.Э” барьцаалан зээлдүүлэх
газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2020/00527 дугаар шийдвэр,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалтай,
“А.Э” барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжлэлтэй
А.Бд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А.Э” барьцаалан зээлдүүлэх газар нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 980,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 11,480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, лангууны түрээсэнд гэж хариуцагчийн эхнэрийн төлсөн 577,500 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгасан байна.
Хариуцагч А.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 7,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан, төлсөн мөнгийг хасаж тооцуулна” гэжээ.
2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2020/00527 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Баас 8,452,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А.Э” барьцаалан зээлдэх газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,700 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч А.Баас 150,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А.Э” барьцаалан зээлдэх газарт олгож шийдвэрлэжээ.
3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2020/00527 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “8,452,500” гэснийг “8,295,000” гэж, “2,450,000” гэснийг “2,607,500” гэж, 2 дахь заалтын “150,190” гэснийг “147,670” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А.Бы давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 223,700 төгрөгөөс 198,468 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч А.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Учир нь Зандансүрэн нь үндсэн зээл 7,000,000 төгрөг, 2 сарын хүүнээс төлөгдөөгүй 405,500 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,902,500 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр А.Б надаас 8,452,500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна. Миний Зандансүрэнгийн дансанд хийсэн 5 удаагийн гүйлгээний нийт 2,450,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцохдоо нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч тооцсон нь буруу байна. Миний нийт 2 сарын хүүгийн үлдэгдэл 405,500 төгрөгийг 2,450,000 төгрөгөөс хасч үлдэгдэл 2,044,500 төгрөгийг үндсэн зээл болох 7,000,000 төгрөгөөс хасч үлдэгдэл 4,955,500 төгрөгөөс алданги бодох ёстой байсан гэж үзэж байна. Ингээд бодоход үндсэн зээл 4,955,500 төгрөг түүний алданги болох 2,477,750 төгрөг нийт 7,433,250 төгрөгийг Зандансүрэнд төлөхөөр байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж миний төлөх төлбөрийг хуульд нийцүүлэн багасгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
6. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 8,452,500 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх 8,295,000 төгрөг болгон шийдвэрт өөрчлөлт оруулсан ба тус шүүхийн хийсэн тооцоолол буруу боловч нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хариуцагч гомдол гаргасан тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
7. Зохигч харилцан тохиролцож 2017.12.31-ний өдөр бичгэн хэлбэрээр гэрээ байгуулж, хариуцагч нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч зээлийн мөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагчийн төлсөн 577,500 төгрөгийг зээлийн хүүд тооцсон үйл баримт тогтоогдсон байна.
8. Харин хариуцагчийн тайлбарт дурдсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018.11.29-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баяраа, Баярсайхан нэрээр шилжүүлсэн нийт 2,450,000 төгрөгийг түүний зээлийн төлбөрт тооцох эсэх талаар зохигч маргасан ба хоёр шатны шүүх дээрх мөнгийг хариуцагчийн төлбөрөөс хасахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ.
9. Анхан шатны шүүх зээлийн төлбөрийн тооцооллыг хийхдээ хариуцагчийн төлвөл зохих үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл болон алданги нийт 10,902,500 төгрөгөөс /нэхэмжлэгчийн шаардсан/ төлсөн 2,450,000 төгрөгийг хасч, үлдэх 8,452,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа гэрээний дагуу төлөх 980,000 төгрөгийн хүүг бүхэлд нь /төлөгдсөн 577,500 төгрөгийг хүүд тооцсоныг хасаагүй/ тооцсоноос гадна зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, хариуцагч зээлээс 2,450,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж хэсэгчлэн төлснийг харгалзахгүйгээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгийг хэрэглэж, төлбөрийн хэмжээг багасгасан нь үндэслэл муутай болжээ.
10. Тухайлбал, зээлийн гэрээнд зааснаар хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2018.02.28-ны өдрөөр дуусгавар болсон, энэхүү хугацаанд тэрээр үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 402,500 төгрөгийг /үлдэх хэсэг/ төлөөгүй тул гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг нь эдгээрийн нийлбэр буюу 7,402,500 төгрөг болох юм.
11. Талууд гэрээндээ хугацаа хэтрүүлбэл алданги төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн алданги тооцох нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан “...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэнтэй нийцнэ.
12. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчийн төлөх 7,402,500 төгрөгөөс нэг хоногийн алдангийг тооцоход 37,012 төгрөг, үүнийг гэрээний хугацаа дууссан 2018.02.28-ны өдрөөс эхний төлөлт хийсэн 2018.11.29-ний өдөр хүртэлх 274 хоногоор бодоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн буюу нийт 10,141,288 төгрөг болсон байна. Иймээс нэхэмжлэгч алдангийн шаардлагыг тодорхойлохдоо үндсэн зээл 7,000,000 төгрөгийн 50 хувь буюу 3,500,000 төгрөг шаардсан, анхан шатны шүүх энэ хэмжээгээр алданги гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.
14. Эдгээр байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, хариуцагчийн хугацаа хэтрүүлж хэсэгчлэн төлсөн мөнгийг нийтэд нь үндсэн зээл, хүүгийн нийлбэрээс хасч, улмаар үлдэх хэсгээс алдангийг тооцож, энэ үндэслэлдээ үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг хэрэглэсэн нь буруу байна.
15. Харин хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж байгаа тул дээр дурдсан үндэслэлээр түүний “...давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэсэн 8,452,500 төгрөг гаргуулах хэсгийг өөрчилж, 7,433,250 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир магадлалыг хэвээр үлдээх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Б 2020.08.11-ний өдөр 189,390 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД