Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0527

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч

 

Нэхэмжлэгч: С.А

 

Хариуцагч: Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч С.А /цахим/, хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д /цахим/, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С /цахим/ нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн

 

Хэргийн индекс: 111/2025/0006/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Аээс Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга нарт холбогдуулан “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах, Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ийн Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

            2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч С.Аээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурьдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:, 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтаны нөөцөд байгаа иргэдээс:, 27 дугаар зүйлийн 27.3-д энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны  төв байгууллагаас санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг бус удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно. 65 дугаар зүйлийн 65.6. зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ. 67.1-д Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”-ын /3.5.4 албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлэх”/, гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

3.2. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад хамаарах: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ийн “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсаны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” гэх зохицуулалтууд хамаарахгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.4,

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх, болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Төрийн жинхэнэ албан тушаалийн сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээллэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагуудад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажилуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно.” гэсэн заалтыг зөрчсөн.

Уг албан тушаал нь хуульд заасан “сул орон тоо”-нд хамаарах бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хууль, журмын дээрх зохицуулалтын хүрээнд нөхөгдөх ёстой гэж үзэж байна. Мөн дээрх хууль, журмын зохицуулалтанд байгууллагын дарга, удирдлага хоорондоо зөвшилцөх, санал авах тухай зохицуулалт тусгагдаагүй байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль, журам зөрчсөн, үндэслэлгүй, буруу дүгнэлтэнд тулгуурласан гэж үзэж байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Аээс Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Баянхонгор аймгийн Б сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлд даалгах, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгуулах”-аар маргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...аймгийн төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 3 сул орон тоог шилжүүлэх, сэлгэх зарын дагуу Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд томилуулахаар хүсэлт гаргасан, ...сумын Засаг даргын 1/458 дугаар албан бичгээр тус албан тушаалд томилохоос татгалзсан, ...Төрийн албаны зөвлөлийн 04/2652 дугаар албан бичгээр хууль, журамд заасан шаардлага хангасан гэж үзэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн, ...би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалт, олон нийттэй харилцах хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон, төрийн албанд нийт 16 жил ажиллаж байгаа, ...төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилохоор заасны дагуу төрийн албаны салбар зөвлөл нь хууль журмын дагуу миний нэрийг дэвшүүлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж тайлбарлан маргажээ.

            3. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалтын талаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан бөгөөд тус хуулийн тайлбар хэсэгт: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэж тайлбарласан.

            4. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно” гэж заасан зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бүхий л нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд хэрэгжихээс биш тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан албан хаагч бүрийн шилжин ажиллах хүсэлтийг хангаж шийдвэрлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон зохицуулалт гэж үзэх боломжгүй.

            5. Өөрөөр хэлбэл, дээрх хууль болон журмын зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, “албан ажлын зайлшгүй шаардлага” бий болсон гэж үзэхээр, харин “тухайн байгууллагад, нэг албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажилласан байх” хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй, “удирдлагын хооронд харилцан тохиролцсон” талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...шилжин ажиллуулах асуудлыг хоёр байгууллагын удирдлагын хооронд тохиролцоогүй, Баянхонгор сумын засаг дарга уг албан тушаалд нэхэмжлэгч С.Аийг томилохоос татгалзсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хуулийн шаардлага хангагдаагүй байна” гэх дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн “...хууль, журмын зохицуулалтанд байгууллагын дарга, удирдлага хоорондоо зөвшилцөх, санал авах тухай зохицуулалт тусгагдаагүй байна, ...шүүхийн шийдвэрийг хууль, журам зөрчсөн, үндэслэлгүй, буруу дүгнэлтэнд тулгуурласан гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

            6. Харин анхан шатны шүүхээс “...Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл нь сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн шилжин болон сэлгэн ажиллах хүсэлтэй иргэдийг материалаа ирүүлэх зарыг үүргээ биелүүлж байршуулсан, харин шилжин болон сэлгэн ажиллах зарын дагуу хүсэлт гаргасан этгээдийг нэр дэвшүүлэх эрхгүй бөгөөд дээрх байгууллагын эрх хэмжээний асуудал биш” гэж зөв дүгнэсэн атлаа “уг зар нь материал ирүүлэх санал буюу үр дагавар үүсгээгүй, нэг удаагийн захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул хариуцагчид албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасантай нийцээгүй байна.

            7. Хэдийгээр анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх боловч уг алдааг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохуйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хасч, 2 дахь заалтын дугаарыг 1 гэж, ...С.А-ийн “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 3 дахь заалтын дугаарыг 2 гэж тус тус өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН