Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 127

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

               Нарийн бичгийн дарга Б.Урангоо

 Улсын яллагч Л.Энхтайван

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа нарыг оролцуулав.

   Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 145-р  зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дамбасүхэд холбогдох эрүүгийн 201618000305 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

          Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 13-ны  өдөр  Увс аймгийн Ховд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Баянголын 30 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан, санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хойлог овогт Бямбажавын Дамбасүх, Регистрийн дугаар /ОП 84061336/

 

Холбогдсон хэргийн талаар

   Шүүгдэгч Б.Дамбасүх нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн нутаг дэвсгэр Бага сараалж гэх газарт байрлах иргэн Х.Балдандоржийн эзэмшлийн 5х5 метрийн харьцаатай нарс модон зуны сууцыг машин механизм ашиглан хулгайлж 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох  нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

Шүүгдэгч Б.Дамбасүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн …Би 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой Балдандорж ахын зуны цайны амбаарыг нураад модыг нь авч явсан. Тэгээд Багсам ахын өвөлжөөн дээр малын өвөлжөө барьсан. Балдандорж ахынх тэр амбаараа өвөл ашигладаггүй болохоор авч хэрэглээд хавар буцааж өгнө гэж бодож байсан гэв.…. гэх мэдүүлэг

    Хохирогч Х.Балдандоржийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Хувийн цөөн тооны малтай учраас зундаа Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт байрлах 60 гаруй км зайд байрлах бага сараалж гэх газарт зусдаг. Зуслангийн газартаа 2014 онд 5х5 хэмжээтэй дүнзэн, шургааган дээвэртэй зуны сууцыг барьсан. Энэ сууцандаа зуны цагт цагаан идээгээ бэлтгэх, хоол унд хийхэд ашигладаг. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 11 цагийн үед очиж үзэхэд зуны сууцыг ыуулгаад аваад явчихсан байдалтай байсан ба давхар давхар кабинтай Портер машины мөр гэмээр мөр бууцны дэргэд гарчихсан байсан. Үүнийг хараад би машинаар ачаад явсан гэж ойлгосон. Машины мөрийг хөөгөөд үзсэн боловч зам руу ороод хаашаа явсан нь мэдэгдэхээ больсон. Энэ өдрөөс хойш өвөлжөөгөө сураглаад олоогүй. Гэтэл 10 дугаар сарын 08-ны өдөр Багсам гэдэг айлын өвөлжөөний хажууханд малын өвөлжөө барьчихсан байхыг хараад Цагдаагийн байгууллагад хандсан. Хэний өвөлжөө болохыг сураглахад Дамбасүх гэж хүн манай зуны сууцны дүнз модоор өвөлжөөгөө барьсан байхыг мэдсэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

          Гэрч Б.Багсамын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны 09 дүгээр сарын сүүлээр өдрийг нь мэдэхгүй байна. Оройн 23 цагийн орчимд манай гэрийн хажууханд зусдаг Дамбасүх өөрийн цагаан өнгийн Портер-2 маркийн автомашинаараа яваад ирэхдээ 5 метр орчим урттай, хуучин дүнз мод авчирч буулгасан. Маргааш нь түүнээс модыг хаанаас авчирсан, юу хийх гэж байгаа талаар асуухад надад өвөлжөөгөө барих гэж байгаа мод гэж хэлсэн. Түүнээс хаанаас авчирсан, ямар учиртай мод талаар хэлээгүй. Сүүлд сонсоход Х.Балдандоржийн Бага сараалж гэх газарт байдаг зуны сууцыг хулгайлж Цагдаагийн ажилтанд шалгагдаж байгаа талаар сонссон....... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/

           Гэрч А.Бадамгаравын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Х.Балдандорж бол манай багийн иргэн бөгөөд Лазратын ар гэх газарт оршин суудаг айл юм. Зуны улирал болохоор Хандгайт, Баянгол, Сараалж гэх газруудад зусаж байсан. Өнгөрсөн 2014 онд Сараалж гэх газарт зусахдаа модоор зуны сууц барьсан гэж сонссон би яг очиж хараагүй. Зуны сууцаа албан ёсоор бүртгүүлээгүй байгаа..... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

 Гэрч Б.Цогтбаярын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Б.Дамбасүх нь Увс аймгаас одоогоос 7-8 жилийн өмнө Ерөө суманд нүүж ирсэн шиг санагдаж байна. Б.Дамбасүх нь эхнэр 3 хүүхдийн хамт Ерөө сумын нутаг дэвсгэрт, хувиараа мал маллаж амьдардаг. Зуны цагт Ходоод гэх газарт зусдаг бол өвлийн цагт Багсам гэж айлын хажууханд Дөхөм гэх газарт өвөлждөг. Уг Дөхөмөөс хошуу тойроод 1 км орчим газар яваад Бага сараалж гэх газарт байдаг. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай. Хувьдаа цагаан өнгийн Бонго маркийн автомашинтай. Энэ машинаараа хөдөө гадаадын ажлаа амжуулдаг.... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

   Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр тал/

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/

Эд зүйл үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр тал/

Автомашины үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 26 дугаар тал/

Орон сууцны үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 27-28 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Захирагчийн албаны тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37-38 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/

Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 45-46 дугаар тал/

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 49 дүгээр тал/

      Шүүгдэгч Б.Дамбасүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 22/ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 24/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд зэрэг болно.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон

  оногдуулах ял шийтгэлийн талаар

 

    Шүүгдэгч Б.Дамбасүх нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн нутаг дэвсгэр Бага сараалж гэх газарт байрлах иргэн Х.Балдандоржийн эзэмшлийн 5х5 метрийн харьцаатай нарс модон зуны сууцыг машин механизм ашиглан хулгайлж 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо

    Үүнд; Хохирогч Х.Балдандоржийн /хх-ийн 15-19/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Багсамын /хх18/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 тал/, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/, Эд зүйл үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр тал/, Автомашины үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 26 дугаар тал/, Орон сууцны үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 27-28 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Захирагчийн албаны тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр тал/ болон шүүгдэгч Б.Дамбасүхийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

           Хохирогч Х.Балдандоржийн мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

           Учир нь; хохирогчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Дамбасүхийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа болно.

           Иймд шүүгдэгч Б.Дамбасүхийн гэм буруутай үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, тэднийг дээрх зүйл ангид заасан  ...бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлах... гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой хонийг хурааж, хуулинд заасан хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Б.Дамбасүхийн энэ гэмт хэргийг үйлдэх үедээ ашигласан 10-64 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн Портер-2 маркийн түүний өмчлөлийн ачааны машиныг хурааж улсын орлого болгохоор тогтов.

           Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээрх машины №00978420 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэх нь зүйтэй.     

          Хохирогч Х.Балдандорж нь шүүгдэгч Б.Дамбасүхээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэсэн мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж тооцсон болно.

          Шүүгдэгч Б.Дамбасүхэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч нь  учруулсан хохирол төлбөрөө сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан хөнгөрүүлж үзэв.

         Дээрх байдлууд болон шүүгдэгч Б.Дамбасүхийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм хорыг арилгасан байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

        Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Б.Дамбасүхийн өмчлөлийн 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой ямааг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож буцаан олгохоор шийдвэрлэв.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3 294, 297-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Хойлог овогт Бямбажавын Дамбасүхийг мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч Хойлог овогт Бямбажавын Дамбасүхийн 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой хонийг хурааж шүүгдэгч Б.Дамбасүхэд 02 жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Дамбасүхэд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Дамбасүх нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Б.Дамбасүхийн өмчлөлийн 10-64 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн Портер-2 маркийн ачааны машиныг хурааж улсын орлого болгосугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээрх машины №00978420 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Б.Дамбасүхийн өмчлөлийн 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой ямааг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож Б.Дамбасүхэд буцаан олгосугай.

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Дамбасүхэд оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

9.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Дамбасүхийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

10.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндсэлэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

11.Шүүгдэгч Б.Дамбасүхэд урд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байхаар баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд оршин суугаа газраасаа гадагш явахгүй байхаар баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ