| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01082/и |
| Дугаар | 142/ШШ2019/01200 |
| Огноо | 2019-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2019/01200
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2019/01200
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Хан-Жаргалан 5-99а тоотод оршин суух, Боржигон овогт Д.А /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-9-49 тоотод оршин суух, Харнууд овогт Д.Б /Регистрийн дугаар: /-д холбогдох
52,910,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.А нь өөрийн зил-131 ачааны авто машиныг Д.Б24,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож урьдчилгаанд 2,000,0000 төгрөгийг дансаар хүлээн авч үлдэгдэл 22,000,000 төгрөгийг хоёр хуваан төлөх нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нотариатаар баталгаажуулан байгуулсан. Гэрээнд тусгасан өдрөөс хойш одоог хүртэл ямар ч мөнгө өгөөгүй болно. Тус хугацаанд Д.Бгэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж одоо удахгүй энэ долоо хоногт өгнө гэж маш олон удаа хууран мэхэлсээр өдийг хүрсэн. Иймд Д.Бүндсэн мөнгө 22,000,000 төгрөг, түүний алданги болох 30,910,000 төгрөг нийт 52,910,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь шүүхэд 52,910,000 төгрөгийг Д.Бгаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь түүний худалдсан 732145 арлын дугаартай, 44-20 ДАР улсын дугаартай ЗИЛ-130 маркийн автомашин нь гэрээний 4.5-д заасан шаардлагад нийцэхгүй догодолтой байжээ. Үүнээс болж Д.Батхишиг нь тухайн тээврийн хэрэгсэлийн засварт их хэмжээний зардал гаргасан. Мөн гэрээний дагуу төлөх үнийн дүн яагаад 52,910,000 төгрөг болж өссөн нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийг шүүхэд гаргасан 52,910,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Бхудалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн машины үнэ 22.000.000 төгрөг, хэтрүүлсэн хугацааны алданги 30.910.000 төгрөг, нийт 52.910.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь “ Миний бие өөрийн Зил-131 ачааны автомашиныг Д.Б24.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьчилгаанд 2.000.000 төгрөгийг дансаар хүлээн авч үлдэгдэл 22.000.000 төгрөгийг 2 хуваан төлөх нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэн, машинаа шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн худалдсан 732145 арлын дугаартай 44-20 ДАР улсын дугаартай Зил 131 маркийн автомашин нь гэрээний 4.5-д заасан шаардлагад нийцэхгүй доголдолтой байсан. Үүнээс болж тухайн тээврийн хэрэгслийн засварт их хэмжээний зардал гаргасан. Мөн гэрээний дагуу төлөх үнийн дүн яагаад 52.910.000 төгрөг болж өссөн нь ойлгомжгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, Зил-131 маркийн ачааны автомашиныг 24.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчид автомашиныг шилжүүлж, хариуцагч урьдчилгаа 2.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь урьдчилгаанд 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 22.000.000 төгрөгийг 2 хуваан төлөхөөр тохиролцсон, хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үнийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх,худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж,худалдаж авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”гэж заажээ. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо,хэмжээ,чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-д “ Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д “Худалдсан тээврийн хэрэгсэл нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах,хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэжээ. Гэвч хариуцагч нь тухайн машин ямар доголдолтой байсан, доголдлыг хэдийд илрүүлсэн, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн болон шаардлага гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Хариуцагч нь мөн тухайн машин тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр 1987 онд үйлдвэрлэсэн гэж байгаа ба, ойролцоогоор 30-аад жилийн өмнө үйлдвэрлэгдсэн автомашин, анх авахад асахгүй байсан, ийм өндөр үнэ хүрэхгүй гэж байгаа боловч анх автомашиныг худалдаж авахдаа хуучин автомашин авч байгаагаа мэдэж байсан, чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үүргээ биелүүлсэн байна гэж үзнэ. Харин нэхэмжлэгч нь худалдсан машинтай холбоотой эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “ Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан”байх тул шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Нэхэмжлэгч нь алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс хэтэрсэн байх тул гаргах боломжгүй байна.
Иймд хариуцагч Д.Б 22,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,910,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Д.Б22.000.000 төгрөг гаргуулан Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30.910.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Аулсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 422,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б267,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН