Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Ц.*******

Хохирогч Д.*******

Шүүгдэгч С.*******  

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох 2323000000085  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын ******* ажилтай, *******, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сум, баг 7 дугаар гудамж, 5 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын *******, /РД:/

Холбогдсон хэргийн талаар:Прокуророос шүүгдэгч С.*******д холбогдсон 2323000000085 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний шөнийн 03 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын  нутаг  дэвсгэр сумын төвийн гүүрний ойролцоо Д.*******тай үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөсөн хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.   Тухайлбал:

С.*******д зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.*******гийн “...машинд ******* С.*******, сургуулийн захирал Б., нярав Д. нарын хамт явсан “Даагат” гэх газарт  хүн гаргаж  өгөөд тэндээ 3 шил архи уугаад бид дөрөв сум орох гээд явж байхад С.******* нь над руу би чамайг байнга дэмжиж явдаг, мөн нам яриад дайраад байсан. Тэгээд сумын төвийн дээд гүүрний орчим ирээд  ******* нь машинаа зогсоо гэхэд ах машинаа зогсоотол ******* нь "Чамайг ална" гээд урдаас намайг нүүр хэсэгт цохиод байхаар би арай гэж доошоо болоод нүүрээ гараараа дараад хэвтсэн. Тэгсэн дээрээс болон толгой руу өшиглөөд цохиход би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн өөрийнхөө гэрийн гадаа хэвтэж байсан. Тэгсэн миний нүүр ам нэл цус болсон толгой болон хамаг бие өвчин болсон байхаар нь ахынд очсон. Тэр үед цаг 03 цаг 30 минут болж байсан. Тэгээд ах намайг сумын эмнэлэгт аваачиж үзүүлээд эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэг дух хэсгээс цус гарсан хэсгийг цэвэрлээд оёо тавьж 2 шингэн болон өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...Хүмүүсийг гаргаж өгөхөд 1 литрийн хэмжээтэй Эден архи хоёр шилийг ууцгаасан. ...Хэнтий аймгийн хүмүүс Виски задлаад ...вискийг нь хувааж ууж дуусгаад тэр хүмүүс нь яваад бид гурав сум руугаа хөдөлсөн. ...Тэгээд хөдлөөд явж байхад сумын дарга С.******* *******д хандаж чи хүмүүсээс түрүүлж согтлоо, хүний урдуур орж юм ярилаа гэж хэлэхэд би чамаас өмнө Хэнтий аймгийн Баян Овоо суманд очиж байсан юмаа гөлөг минь гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Бид нар явсаар байгаад сумын төвийн дээд талын гүүрний орчимд ирэхэд ******* ах машинаа зогсоогоорой бие засах гэсэн юм гэхээр нь гүүрний цаахан талд замаас гараад машинаа зогсоосон. ...машинаас Д.******* түрүүлж буусан, араас нь ******* С.******* буугаад Б. бид хоёр машинд үлдсэн. ...тэр хоёр гадаа маргалдаад дуу нь чангараад байхаар нь ... бид хоёр машинаас буусан. надаас түрүүлж очоод ******* С.*******г тэвэрч авсан байдалтай зогсож байсан.  ...машины гэрэлд ойртуулахад *******гийн духны гол хэсэг язраад духнаас нь цус гарч байсан. Удалгүй ******* араас ирэхээр нь яагаад нэгнийхээ нүүрийг ингэж байгаа юм бэ? яасан юу болсон юм бэ? гэхэд наадах чинь өөрөө намайг тонгорч унагаагаад доороо хийгээд зодсон миний дээлийг урсан гэж хэлэхээр нь одоо та нар больцгоо энэ хүний шарханд эмчилгээ хийлгэх хэрэгтэй эмнэлэг явъя гээд машинаа асаагаад хөдлөөд явж байхад ******* би эмнэлэг дээр очихгүй гээд дургүйцээд байхаар нь түүнийг гэрт нь хүргэж өгөөд гэрийнхэн зүүн талын орон дээр нь ******* бид хоёр суулгаад гэрээс нь гарсан. Тухайн үед гэрт нь хүн байхгүй байсан түүний эхнэр хүүхэд нь Шилүүстэй суманд байдаг. ******* зүгээр зүгээр гээд үлдсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.ын “...сумын дээд талын гүүрний ойролцоо ирэхэд машинаа зогсоосон. Тэгтэл Д.******* машинаас буугаад Засаг даргын хаалгыг онгойлгоод ******* ахаа уучлаарай гэж хэлэхэд ******* С.******* буугаад зүгээрээ гээд машинаас буугаад түүнтэй хамт алхаад явсан. ах бид хоёр машин дотор үлдсэн. Тэгтэл гадаа тэр хоёрын дуу нь өндөрсөөд маргалдаад байхаар нь бид хоёр машинаас буусан. Би түрүүлж буухад гадаа тас харанхуй байхаар нь тэр хоёрын маргалдаж байгаа газар руу очоод Д.*******гийн араас нь татаад машин руу ойртуулахад цаанаас ах ирж байхаар нь орхичхоод ******* дээр очиход яадаг балай хүүр бэ? гээд юм хайгаад байгаа бололтой доошоо тонгойсон байхаар нь гар утасны гэрэл тусгаж үзэхэд түүний дээлийн энгэр нь оёдол хэсгээрээ урагдсан байсан. Гэрэл тусгаж байгаад нүдний шил, хөөрөг, малгай нь газарт унасан байхаар нь олж өгсөн. Тэр хоёрын хэн хэнийхэн хувцас нь битүү шороо болсон байдалтай байсан. Мөн *******гийн гар утас нь газарт унасан байхаар нь олж өгсөн. Бид хоёр тэр хоёрыг хэрхэн яаж зодолдсон, бие биеийгээ хэрхэн яаж зодож цохисон талаар бол хараагүй..." гэсэн мэдүүлэг,

Хохирогчийг эмнэлэгт хүргэж өгсөн талаар мэдүүлсэн гэрч С.ийн “... шөнийн 03 цаг 30 минутын үед гэртээ унтаж байтал хаалга тогшоод ******* байна гэхээр нь хаалгаа онгойлгож өгтөл Д.******* нь нүүр ам, хувцас нь нэл цус болсон байдалтай орж ирсэн. Би юу болов гэтэл сургуулийн захирал Б., сумын ******* С.******* хоёр намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би чи хаанаас ирэв гэхэд би сая сэрсэн бөгөөд гэрийнхээ гадаа хэвтэж байна гэсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид утсаар хэлээд Д.*******г сумын эмнэлэг авч явж үзүүлтэл дух хэсэг нь 3 см орчим язарсан байхаар нь 5 оёо тавиулаад эмнэлэгт хэвтүүлсэн. Эмчээс нь биеийн байдлыг асуутал "Даралт, пульс нь өндөр байна, эмчийн хяналтад хонуул гэхээр нь би гэртээ харьсан..." гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.ын “...2023 оны 4 дүгээр сарын 14-ний  шөнө 03 цагийн үед нэг хүн гэрийн хаалга нүдээд байхаар хэн бэ? гэхэд ******* байна гэж хэлэхээр нь би гэрийн хаалгаа онгойлгож өгөхөд Д.*******гийн нүүр, гар, хувцас нь цус болсон духны гол хэсэг ярагдаж хавдсан байдалтай уг газраас нь цус гарсан байсан. Мөн баруун талын шанаа нь хавдсан сүүлд гэрэлд харахад уруулын дээд талд нь шалбарсан байсан яасан юу болсон бэ? гэхэд ******* С.*******, Б. хоёр намайг алах гэж байна гэж хэлсэн. Түүнээс архи үнэртэж байсан гэхдээ согтуу гэж хэлэхээргүй байсан...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн биеийн байдлын талаар мэдүүлсэн гэрч Л. “...Би 2023 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 04 цаг 05 минутад сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн өрөөнд ийн ******* гэх хүний биед үзлэг хийхэд уг хүний бие хүндэвтэр, пульс болон даралт хэвийн хэмжээнээс их, нүд, хоёр гар, цамц нь цус болсон. Духны баруун тал тийшээ 35 см босоо зүсэгдсэн гэмээр шинэ шархтай, цус нь бага хэмжээтэй гоожсон, зарим газраараа цус нь хатсан. Мөн баруун чихний ар хэсэг болон баруун хацар хэсэгтээ хавдсан хөхөлбөр өнгөтэй, хоёр нүд нь улайлттай, зүүн нүд нь бага зэрэг цус хуралттай хүзүү нь бага зэрэг улайсан байдалтай байсан. Өөр гэмтлийн шарх байхгүй байсан. Түүний ерөнхий бие чичирхийлэлтэй байсан. Түүний шарханд анхны цэгцлэлт хийж 5 оёдол тавьж шаардлагатай эм тариа хийж үргэлжлүүлэн эмнэлэгтээ сувилагчийн хяналтад байлгаж эмчилгээ хийсэн..” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.гийн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өглөө 09 цагийн үед утсаар С. залгаад ******* хүнд зодуулсан байна гэхээр нь би нөхрийн хамт сумын төв ороод эмнэлэгт очсон. Тэгсэн манай хүү Д.******* нь дух хэсэгтээ оёдол тавиулсан гээд боочихсон баруун нүд, шанаа хавдсан, толгой чих хэсэг хавдаж улайсан байдалтай хэвтэж байсан..” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.*******н үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн  2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 000000149 дугаартай “Д.*******гийн биед баруун хөмсөгний дотор дээд хэсэгт шарх болон зулгаралт, дээд уруулын баруун хэсэгт, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд, баруун чихний ар хуйханд хаван цус хуралт, хүзүүний зүүн талд цус хуралт, зүүн сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Д.*******гийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч С.******* нь хохирогч Д.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Шүүгдэгч  С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

                                   Хохирол тооцсон талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Д.******* шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу хөнгөн гэмтэл учирсантай холбогдон үүссэн зардалд 2000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хохирлын  талаар баримт ирүүлээгүй байна. Иймд хохирогч  Д.******* нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, гарах  зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах  нь зүйтэй байна.

Хохирогч Д.******* нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 330.900 төгрөгийн зардлыг авчээ.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч С.*******гөөс 330.900 /гурван зуун гучин мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь хохирогчид учирсан хохирол болон иргэний нэхэмжлэгч байгууллагад 330.900 /гурван зуун гучин мянга есөн зуун/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.******* нь энэ тогтоолоор бусдад төлөхгүй төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 200.000/ хоёр зуун мянга/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д  нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг,  Эрүүл  мэндийн  даатгалын  тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар хохирогч  Д.*******гийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 330.900 төгрөгийн зардлыг шүүгдэгч С. *******гээс  гаргуулж, иргэний нэхэмжлэгчид байгууллагад олгож, хохирогч Д.******* нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч С.*******д нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч С.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.ДЭЛГЭРМАА