Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/406

 

 

 

 

 

 

 

 

2023           04          13                                2023/ШЦТ/406

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Э.Булганчимэг,

хохирогч О.Н, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч Л.Отгондорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Булганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт Лувсандагвын Лид холбогдох эрүүгийн 2209000002297 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм замын оператор мэргэжилтэй, “Хонгор Баян” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 23 дугаар хороо 10-302 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

1999 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, .......................

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 29 дүгээр гудамжны 272 тоотод хохирогч О.Нтай маргалдаж улмаар хөлийг нь мушгиж, эрүүл мэндэд нь зүүн өвдөгний үений хагас саран холбоос, арын чагтан холбоос, гадна хажуу холбоосны урагдал, зүүн тахимын булчингийн урагдал, зүүн өвдөгний үе, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирлыг санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000002297 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагчаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: Хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, нийт 76 хуудас баримтыг шүүхэд шинээр гарган өгч, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор өмгөөллийн үйл ажиллагаа явуулж оролцохоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо тус тус илэрхийлсэн болно.

Хохирогч О.Н: “Тухайн өдөр хашаандаа байдаг манай аавын ахын хүүхэд болох Цийн гэрт нь орсон. Тэгэхэд манай үеэл Н, түүний нөхөр Л, Нгийн дүү Ц гээд нэлээд хэдэн хүн байсан. Л нь манай үеэл дүү Цыг хэл амаар доромжлоод маргалдаад байхаар нь дундуур нь орж дүүгээ өмөөрсөн. Тэгэхэд Л нь согтуу байсан бөгөөд шууд миний хөлнөөс татаж унагаагаад хөлийг маань мушгисан. Түүнээс болж миний хөл гэмтсэн. Хагалгаанд хэд хэдэн удаа ороод байна. Хэзээ бүрэн дүүрэн эдгэрэхийг хэлж мэдэхгүй байна. Өөрт учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Мөн ажлаа хийж чадахгүй болсон. Компанитай гэрээ байгуулаад бохир соруулах ажил хийдэг байсан. Энэ ажлаа алдахгүйн тул өөрийн найзаа цалинжуулж ажиллуулж байгаа. Мөн энэ ажлыг хийхэд заавал 2 хүн хамтарч хийдэг. Тиймээс бас 1 туслах цалинжуулж ажиллуулж байгаа. Холбогдох бичиг баримтуудыг шүүхэд өгсөн. Тиймээс өөрөөс гарч байгаа хохирлыг буруутай этгээдээс  нэхэмжилмээр байна. Гомдолтой байгаа” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг,

Шүүгдэгч Л.Л нь гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, хохирлыг шүүхээс хэрхэн олгуулахаар шийдвэрлэнэ, түүний дагуу хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх тайлбарыг гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Лид холбогдох хэргийг тус шүүх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаартай захирамжаар шүүхэд шилжүүлж, улмаар гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэлэлцэхээр товлосон билээ.

Гэвч тус шүүх хуралдаанд хохирогч О.Нын өмгөөлөгч С.Соронзонболдоос “Шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэх хийхийг талууд харилцан зөвшөөрсөн” гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 149 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-гээр гэмтлийн зэргийг “хүндэвтэр гэмтэл” гэж дүгнэсэн бөгөөд шинжээчийн энэхүү дүгнэлттэй оролцогч, талууд бүрэн танилцжээ.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 29 дүгээр гудамжны 272 тоотод хохирогч О.Нтай маргалдаж улмаар хөлийг нь мушгиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч О.Нын “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр орой 20 цагийн орчим ажлаасаа ирээд хашаандаа байдаг манай аавын ахын хүүхэд болох Цийн гэрт орсон. Тэгтэл тэнд мөн манай аавын ахын охины Нгийн нөхөр болох Л эхнэр Н, Нгийн охин дүү Ц Цийн найз Н нарын хамт архи ууж байсан. Тэгээд намайг ороход нэг шил архи задлаад уг архи дөнгөж эхэлж байхад хоорондоо маргалдаад эхэлсэн. Лхагвасүрэн нь эхлээд эхнэр Н, түүний дүү Ц нартай маргалдаж эхэлсэн. Тэгтэл Л нь Нтай маргалдаад гадаа гарч зодолдсон. Тэгээд нөгөө хоёр хоорондоо эвлэрээд ороод ирсэн. Гэрт орж ирээд Нгийн дүү Цтай маргалдаад түүнийг цохиж унагасан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ? чи” гэж хэлээд босоод иртэл миний хөлөөс татаж унагаад миний зүүн хөлийг мушгисан. Тэгээд миний хөл эвгүй болсон. Нөгөө хүмүүс босож ирээд бид хоёрыг салгаад би шууд хөлөө чирээд гарсан. Би байшингийн ард ороод утсаар гэрийн эзэн Ц рүү утсаар залгаад Ц утсаа авахгүй дахин дахин залгаад байж байтал нөгөө манай хүргэн болох Л шууд цүнхтэй хувцсаа үүрээд гараад яваад өгсөн. Ийм л асуудал болсон. Тэгээд миний хөл болохгүй болохоор нь тэр орой нь 00 цагийн үед Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгтэл миний хөлийн шөрмөс сунасан байна гэж хэлсэн. Хавдартай байгаа тул зураг авах боломжгүй гэж хэлсэн тэгээд өнөөдөр цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-Гэрч Ш.Нгийн “...Тухайн өдөр 13-14 цагийн орчим манай танил дүү нар болох Ц, манай эрэгтэй дүүгийн хоёр найз Н, Мөнхсайхан нар ирсэн. Тэр гурав ирэхдээ нэг виски авчирсан. Тэгээд манай эрэгтэй дүү Ц, Мөнхсайхан нар явсан. Н манай гэрт үлдсэн байсан. Тэгээд би нэлээд согтсон болохоор өөр юу болсон талаар бол мэдэхгүй байна. Манай дүү нар болон гэрт байсан хүмүүсийн ярьснаар бол орой 21 цагийн үед хоёр цагдаа ирсэн маргааш нь манай эмэгтэй дүү Ц өчигдөр тэднүүсийг явсны дараа Л ах бид хоёр маргалдсан. Тэгээд Н ах намайг өмөөрсөн, тэгтэл Н ахын хөлийг Л ах мушгисан гэж хэлсэн өөр бол надад мэдэх зүйл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-Гэрч Ш.Цын “...Тэр өдөр би эгчийн гэрт ирсэн бөгөөд эгчийн гэрт Н, Н, Л, Н бид нар архи уусан. Тэгээд хүргэн ах Лтой бид хоёр маргалдсан. Хүргэн ах Л намайг цохиод авсан, гэтэл Н “чи бие муутай хүнийг цохилоо” гэж хэлээд түүнийг цохиод авсан /би элэгний өвчтэй юм/. Л ах Ныг цохисон уу яасан их богино хугацаанд болсон. Н “хөл” гэж хашхираад “Лийг аваач” гэж хэлсэн. Тэгээд Н бид хоёр салгасан ийм асуудал болсон... Би ...Н, Л хоёрыг маргалдсан талаар бол мэдэж байна, тухайн үед нь “гадаа гарч зодолд” гэж хэлээд гэрээс гаргасан. Тэр хоёр удаагүй эвлэрсэн ороод ирсэн. Нын хөлийг мушгисан гэдгийг бол хараагүй Н хөл гэж орилоод “аваач” гэж орилсон тэгээд бид хоёр салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...1.О.Нын биед зүүн өвдөгний үений хагас саран холбоос, арын чагтан холбоос, гадна хажуу холбоосын урагдал, зүүн тахимны булчингийн урагдал, зүүн өвдөгний үе, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, мушгих үйлчлэлээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүсэх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдоно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх шинжээчийн 15109 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “...1.ШШҮХ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15109 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. 3.О.Н-д зүүн өвдөгний үений гадна хажуу холбоос тасрал, урд болон арын чагтан холбоос суналт, дотор хагас саран холбоос урагдал, зүүн өвдөгний үе орчим болон шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зүүн өвдөгний үеэр мушгих, дарах үйлдлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 6. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх 149 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Л.Л нь хохирогчийн биед халдаж, зүүн өвдөгний үений хагас саран холбоос, арын чагтан холбоос, гадна хажуу холбоосын урагдал, зүүн тахимны булчингийн урагдал, зүүн өвдөгний үе, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, ийнхүү мушгих үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Лийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч О.Нас шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой шууд болон шууд бус зардлын баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүх нийт 11,601,090 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзлээ. Энэхүү 11,601,090 төгрөгөөс 3,800,000 төгрөгийг шүүгдэгч Л.Лийн зүгээс хохирогчид нөхөн төлжээ. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 7,801,090 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөгийг, ажил, орлогоо алдахгүйн тулд 2 хүн авч ажиллуулсаны цалинг нэмж нэхэмжилжээ.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд өөрийн энэхүү эрхээ эдэлсэн байх тул хохирогчийн зүгээс өмгөөллийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлын тухайд хохирогч ажил хийх боломжгүй болсон, орлого ашгаа алдахгүйн тулд 2 ажилтан ажиллуулж, цалин хөлс олгож байгаа, 2 ажилтанд сард 2,500,000 төгрөгийн цалин олгож байгаа, 5 сарын хугацаанд ажиллуулсан энэ мөнгийг би өөрөөсөө гаргасан. Нийт 12,500,000 төгрөгийн цалин одоогийн байдлаар олгоод байна. Энэ мөнгөө нэхэмжилнэ гэжээ.

Дээрх хор уршигтай холбоотой зардлыг шүүх энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Учир нь иргэд хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн, уг харилцааны дагуу бусдад цалин хөлс олгосон, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлөх зэрэг зайлшгүй гарах зардлуудыг хэрхэн тооцох зэрэг нь эргэлзээтэй байна.

Тиймээс дээрх гэм хорын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа болон гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролтой холбоотой холбогдох бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил эрхэлдэг, орлоготой байдлыг харгалзан торгох ялыг хөнгөрүүлэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Л. Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлээр тогтоож, ялтан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Лоос гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 7,801,090 төгрөгийг гаргуулж хохирогч О.Нд олгож, шүүгдэгч 3,800,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН