Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/197

 

 

 

      

 2023       06         19                                          2023/ШЦТ/197

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бгийн Над холбогдох эрүүгийн 2238002130687 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ш овогт Бгийн Н,

Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар баг “Хойд хагийн урд цагаан чулуут” гэх газраас Д.Гын 4 тооны адуу, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Эрхэтийн байшинтын гол” гэх газраас Б.Нын 4 тооны адуу, Т.Бийн 8 тооны адуу, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Их тахилт” гэх газраас М.Бийн 2 тооны адууг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, бусдын олон тооны адууг машин механизм ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238002130687 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар баг “Хойд хагийн урд цагаан чулуут” гэх газраас хохирогч Д.Гын 4 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Эрхэтийн байшинтын гол” гэх газраас хохирогч Б.Нын 4 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Эрхэтийн байшинтын гол” гэх газраас хохирогч Т.Бийн 8 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 8,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Их тахилт” гэх газраас хохирогч М.Бийн 2 тооны адууг нууцаар хууль бусаар хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Нын өгсөн: “Би адуу хулгайлж машинаар ачаагүй. Машинаар ачсан зүйл байхгүй. Би ганцаараа яаж адуу ачих юм бэ. Манай адуунд ирсэн. Эзэн нь гарч ирэхгүй болохоор нь би УуГт машины өртөгт өгсөн. Адууг машинд 3-4 хүн ачдаг. Би ганцаараа ачиж чадахгүй шүү дээ. Хаа байсан Түнэл сумаас аваад Булган аймаг оруулсан гээд байдаг. Намайг авч явахыг харсан хүн камерт бичигдсэн зүйл байхгүй ” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гын өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шилжих шөнө адуунаасаа 4 адуу алдагдсаныг би тухайн үед нь мэдсэн. Тэгээд тэр үеэр хашаа задарсан байсныг би олж мэдсэн. Тэгээд тэр хашаан дээрээс манай адуу алдагдлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Ямар учраас хашаа задарсан гэдгийг мэдээгүй. Одоо гомдол байхгүй. Хохирол төлбөрөө бүгдийг нь барагдуулсан” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 6 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Бийнөгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр би 8 тооны адуугаа алдсан. Одоо би гомдол саналгүй. Эрж хайсан зардлыг маань төлсөн. Би 3 тооны адууныхаа мөнгийг гаргуулж авсан..” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 6 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нын өгсөн: “Би энэ хүнд хохирол гомдол байхгүй. Би адуугаа бүрэн бүтэн авсан.. ” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 6 тал/

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Гын өгсөн: “…манайх 2022 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Түнэл сумын 6 дугаар багийн нутаг Хойд хагийн урд цагаан чулуут гэх газраас адуунаасаа дөрвөн тооны адуу алдсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой нь Улаан саарал азаргатай адуундаа очиж үзэхэд зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай цагаан амтай хул гүү, им тамгагүй хонгор байдсан гүү алга байсан. Энэ 2 азаргатай адуунаас хоёр, хоёроороо алга болсон байна. .. ойр хавийн айлын адуунд үзээд явж байтал 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай ойролцоо байдаг эзэнгүй хаваржааны хашаан дээр очиж үзтэл тэр хашаанд адуу хашсан, хашааны үүд рүү нь давхар дугуйтай портер машинаар ухарч ачсан бололтой мөр, машины тэвшин дээрээс нь сүрэл өвсний үйрмэг, суран ногтны толгой зэрэг эд зүйл үлдээсэн ул мөр байсан. Адуугаа хаших үедээ хашааны зүүн талын хатавч хэсгийн модон нурууг нь нураачихсан байсан. Тухайн хашааны хаалга нь дээгүүрээ өндрийн хязгаарлалт турботай учир адуу хашсан тохиолдолд түүгээр гаргах боломжгүй учир хажуу хэсгийн нь нураасан байсан. .. Булган руу мотоциклтой явж орой 20 цаг өнгөрч байхад алдсан адуун дотор миний алдсан адуунууд хоёр, хоёроороо байж байсан. Миний дээрх алдсан дөрвөн адуунууд бүгд зүсээрээ байсан. Гурван гүү нь унагалсан. Нэг нь хээлтэйгээ байсан...Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор баг гэж байх шиг байсан хөдөө УуГ гэсэн байх нэг залуугаас очиж алдсан 4 гүүгээ буцааж тоо зүсээр нь авсан. Н УуГ гэж залууд машины зөрүүнд өгсөн гэж байсан. .... Алдсан гүүгээ хайж болох гэж надаас 350,000 төгрөгийн зарлага гарсан. Энэ мөнгийг маань надад өгсөн. Дөрвөн гүүгээ бас буцааж авсан байгаа. Надад ямар ч гомдол санал байхгүй... Адуу алдсан үе маань хаврын үе адуу мал ийшээ тийшээ явчихдаг үе байсан. Би адуугаа яг ямар учраас Намнангийн араас олдсон гэдгээ би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 32-33, 2 хх-ийн 37 тал/,

Хохирогч М.Бийн өгсөн: “... Манайх 2022 оны 03 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхээр Тосонцэнгэл сумын Их тахилт гэх газраас адуунаасаа зөв талын гуяндаа ширээтэй наймын тоо тамгатай шар хээр гүү, ширээтэй хүрээтэй чандмань тамгатай Халтар зүсмийн хязаалан байдас алдсан. Тэгээд эрэл сурал болоод нэлээд удсан. Тэгсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг- Өндөр сумын 5-р багаас Хөвсгөл аймгаас алдсан адуунууд олдсон. Хулгайлсан эзэн нь олдсон байна гэсэн мэдээ сонссон. .. би хэсгийн төлөөлөгчөөс адуунуудын зургийг үзэхэд манай алдсан шар хээр гүү "им" тамгатайгаа зураг дээр байсан. Тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тосонцэнгэл сумаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5 дугаар багийн Хонгор гэх газарт портер машинтайгаа очиж УуГ гэж айлд очиж адуунд нь үзэхэд Шар хээр гүү, халтар зүсмийн хязаалан байдас маань байсан. Мөн шар хээр гүүтэй хамт алга болсон халтар зүсмийн хязаалан байдас маань бас хамт байсан. Дээрх адууг маань Түнэл сумын хэсгийн төлөөлөгч надад хүлээлгэн өгсөн. Манай 2 гүү хээлтэй байсан. Бидний очиж авах үед хоёулаа унагалчихсан байсан. Шар хээр гүү нь хүрэн зүсмийн Халтар зүсмийн байдас маань хээр унага гаргасан байсан..Манай азарга нас гүйцсэн. Ижил сүргээ хасаж, хөөж байсан тохиолдол байхгүй. Дэл сул адуу байвал сүрэгтэй. Харин хурааж аваад байдаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Хохирогч Б.Нын өгсөн: “…би 2022 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Баян-Эрхэтийн Байшинтын гол гэх газраас зөв талын гуя дээрээ Монгол бичгэн Бум тамгатай халтар гүү, бор хээр зүсмийн унагатай, зөв талын гуяндаа 5-н тоо тамгатай хүрэн гүү, зөв гуяндаа ширээтэй чандмань тамгатай шар халтар гүү, зөв талын гуяндаа монгол бичгэн тамгатай халтар хязаалан насны үрээ алдсан. Би адуундаа дээрх адуугаа байхгүй алга болсныг мэдээд ойр хавиар эрх хайсан. Тэгсэн байшинтын дөрөлж дээр байдаг хот хоорондын засмал замын хойд талд байдаг хаваржааны хашаан дээрээс портер машины мөр олж үзсэн. Тэгээд л хөлөөрөө биш хүн хулгайлж авч явлаа гэж бодсон. Манай адуу алга болсон шөнө манайхтай ойролцоо байдаг Б ахын адуунаас гурван тооны адуу алга болсон гэж байсан. .. Хөвсгөл аймгийн Түнэл сум руу холбогдож хэсгийн төлөөлөгчтэй утсаар холбогдож 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5-р багийн Хонгор гэх газарт хэсгийн төлөөлөгч очиж айлын адуунд байсан бидний алдсан адуунуудыг айл айлын адуунуудаас цуглуулан авч бидэнд хүлээлгэн өгсөн. ...одоо миний хязаалан насны зөв талыг гуяндаа монгол бичгэн Бум тамгатай хээр үрээ алга байна... би адуугаа эрж хайхад зарцуулсан 1 сая төгрөг болон хязаалан үрээний мөнгө 1 сая төгрөг нийт 2 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 45 тал/,

Хохирогч Т.Бийн өгсөн: “…2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө зөв болон буруу талын гуяндаа Өлзий утсан тамгатай Цагаан борлог морь алдсан. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө зөв талын гуяндаа сартай загсан тамгатай хээр гүү, нүдтэй загсан тамгатай хээр байдас, сэрээ тамгатай хээр морь, 2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө зөв талын гуяндаа сартай загасан тамгатай хонгор гүү, нүдтэй загасан тамгатай хонгор, 3-н нүдэн ширээтэй тамгатай хар байдас, 2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө зөв талын гуяндаа нүдтэй загасан тамгатай шар хээр морь гээд найман тооны адуу алдсан. Алдсан бүх адуунуудаа сумын цагдаад тэмдэглүүлсэн... Ууганбаяр гэх залуугийн адуунд манай алдсан гүүнүүд, мөн Н, Г нарын алдсан гүүнүүд зүсээрээ тоогоороо байсан. ..Алдсан адууг маань тэр Хонгор баг байдаг Н гээд манай аймгийн харьяат нөхөр авч очиж УуГ гэж залууд Портер машинаар зарсан байсан. Мөн унагатай 5 тооны гүүг бэлэн 5.500.000 төгрөгөөр өгсөн байсан. Бас 3 тооны унагатай гүүг Хутаг-Өндөр сумын төв дээр байдаг Г гэж хүнд зарсан байсан. Хонгор зүсмийн гүү маань Баянцэнгэл гэж залууд мөн өгсөн байсныг адуунаас нь очиж авсан...Манай нас гүйцсэн азарга байгаа. Гүү болон морьдоо хасаж, хөөж байгаагүй. Адуугаа сайн хураадаг. Чононоос адуугаа хамгаалж чоно хүртэл алж байсан... Би алдсан 3 бүдүүн гүү, 1 тооны унагаа зүс тамгаар нь олж авсан. Адуугаа алдаад эрэн хайх явцад гарсан зардлын мөнгө болох 2 сая төгрөгийг Б.Н нь бэлнээр өгч намайг хохиролгүй болгосон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 52, 56, 2 хх-ийн 30 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.УуГын өгсөн: “…Би Над Портер-2 маркийн 09-58 ОРА улсын дугаартай машиныг 8.800.000 төгрөгөөр бодож 8 унагатай гүү авсан. Мөн 5 унагатай гүүг нэг бүрийг нь 1.100.000 төгрөгөөр бодож бэлэн 5.500.000 төгрөгөөр авсан байсныг Н нь дээрх адуунуудыг Хөвсгөл аймгийн Түнэл сумаас ав ирж надад өгсөн нь бүгд хулгайд алдагдсан адуунууд байсан. 2022 оны 5 дугаар сарын 18-22-ны хооронд эзэн хүмүүс нь ирж авч би портер-2 маркийн үнэ 8.800.000 төгрөг, дээр нь бэлэн 5.500.000 төгрөг зэрэг 14.300.000 төгрөгөөр хохироод байсан. байсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаанд Н миний 14.300.000 төгрөгийн хохирлыг 8 унагатай гүү, 1 азарга, 2 сувай гүү зэрэг 19 тооны адуу өгч намайг хохиролгүй болгосон. Одоо надад Наас нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

Гэрч Б.Гын өгсөн: “....би Б.Н гэж хүнийг танихгүй. 2022 оны 05 дугаар сарын эхээр байх би Хутаг-Өндөр сумын зарын цахим хуудсанд унагатай гүү авна гэж зар тавьсан байсан чинь зарын дагуу ярьж байна гээд утсаар холбогдож, маргааш нь 5-р багийн Хонгор гэж газарт очиж Н гэж залуутай уулзаж цагаан азаргатай адуунаас Хүрэн зүсмийн унагалах гүүг авсан. Мөн хүрэн азаргатай адуунаас халтар зүсмийн унагалах гүү, хүрэн азаргатай адуунаас унагалах хул гүүг зүсэлж аваад бэлэн мөнгөө Пүрэвсүрэн гэж хүний дансанд нэг гүүг нь 1.200.000 төгрөгөөр бодож 3.600.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан тул өгөхгүй гээд маргааш нь буюу бүтэн сайн өдөр нь гурван гүүгээ очиж авсан. Намайг 3 тооны гүү худалдаж аваад нэг хоёр хонож байтал Ныг Хөвсгөлөөс хулгайн адуу авч ирж хүмүүст зарсан байна гэсэн сургаар би одоо ямар хүнтэй наймаа хийчхэв гэж бодоод авсан 3 тооны гүүнийхээ гарал үүслийг тодруулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,

Гэрч Ж.Бы өгсөн: “....09-58 ОРА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг Булган аймгийн Сайхан сумын Бадамдоогийн Балам гэдэг хүнд 2019 оны 08 дугаар сард зарсан юм. Тэгээд уг тээврийн хэрэгслийг Баламд өөрийн нэр дээр шилжүүлж ав гэхээр надад одоо нэг Эрдэнэт орохоороо шилжүүлж авна гэж хэлээд л одоог хүртэл шилжүүлж аваагүй байгаа... ” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р тал/,

Гэрч С.Чын өгсөн: “... Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг тийшээ яваад ирлээ л болдог байсан надад хашаа ямар ажлаар явж байгаа талаараа хэлж мэдэгддэггүй байсан... Хөвсгөл явсан үгүйг мэдэхгүй байна. Би мөн он сарыг мэдэхгүй байна ямар ч байсан хаврын улирал байсан. Нэг өглөө Н ах нь өөрийнхөө хөх өнгийн портер-2 машинаар 3 тооны адуу ачиж ирсэн байхаар нь би сонирхож та хаанаас адуу аваад ирэв гэж асуухад Н ах нь би хүнээс авцаатай байсан. Тэр адуугаа авчирсан юм гэж ярьж байсан...Би тамга, зүсийг нь санахгүй байна. Би тухайн үед сайн анзаарч хараагүй ямар ч байсан нэг гүү байсан. Нөгөө хоёр нь ямар адуу байсан гэдгийг мэдэхгүй байна. Машин нь битүү дээвэртэй /Бардак/-тай байсан...Б.Н нь ямар нэг байдлаар манай адуунд адуу нийлсэн, олсон талаар надад хэлж ярьсан зүйл байхгүй...Ямар ч байсан 3 азарга адуу байдаг юм яг хэдэн тооны адуу байдаг талаар нь хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 32 тал/,

Гэрч Ж.Аын өгсөн: “...Надад тухайн цаг хугацаанд Б.Н нь ямар нэгэн алдуул мал олсон талаар хэлж ярьсан зүйл байхгүй. ..Надад бол алдуул мал олсон талаар хэлж мэдэгдээгүй ямар учиртайг нь хэлж мэдэхгүй байна. Би малчин өрх айлууддаа хандаж малаа алдсан тохиолдолд надад хэлж мэдэгдэж тэмдэглүүлж бай би цааш нь сумын цагдаагийн тасагт хэлж мэдэгдэж байя гэсэн зүйлийг байнга хэлж ярьдаг юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 34 тал/,

Гэрч Л.Оын өгсөн: “...Н гэх хүн нь гэртээ байнга байдаггүй жаахан байж байгаад ийш тийшээ яваад байдаг юм. Би хүүхдүүдээс нь асуухаар аав Хөвсгөл явсан гэж хэлдэг юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 44-45 тал/,

Гэрч Д.Оын өгсөн: “....Би 2022 оны 03 дугаар сарын 25-нд манай эхнэр харвалт өгөөд би эхнэрээ аваад Улаанбаатар хот явж эмчлүүлсэн. Тэгээд 06 сар гаргаад ирэхэд Н нь зусаандаа Цагаан эрэг гэх газарт буусан байсан. 2022 оны 04 дүгээр сард Б.Н нь Тасархайн даваа гэх газарт өвөлжөөн дээрээ байсан гэхдээ хаагуур юу хийж явж байсан талаар нь би мэдэхгүй байна... 2022 оны 03 дугаар сард бол манай хажууд Хонгор 5 дугаар багийн Тасархайн даваа гэх газарт өвөлжөөн дээрээ байсан. Хөвсгөл аймаг руу адуу мал тээвэрлэж ачиж байсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 47-48 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 22-23-р тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 тал/,

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №2245617200348 дугаартай “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн Д.Гын 4 тооны унагатай гүүний үнэлгээг  4.800.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...”  гэх дүгнэлт /хх-ийн 76-77 тал/,

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №2245617200349 дугаартай “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн Б.Нын 4 тооны адууны үнэлгээг 4.100.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...”  гэх дүгнэлт /хх-ийн 82-83 тал/,

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №2245617200350 дугаартай “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн М.Бийн 2 тооны унагатай гүүний үнэлгээг 2.400.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...”  гэх дүгнэлт /хх-ийн 90-91 тал/,

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №2245617200351 дугаартай “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн Т.Бийн 8 тооны адууны үнэлгээг 8.800.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...”  гэх дүгнэлт /хх-ийн 98-99 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №1001231 дугаартай: “...09-58 ОРА улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд МУ-д орж ирсэн Porter маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 8.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 106-107 тал/,

Шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 1-13 тал/,

Шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын үеэр байх манай адуу Намнангийн ард очсон байсан. Тухайн үед би адуугаа авах гээд Намнангийн ард очиход манай бор зүсмийн азаргатай адуунд 14 тооны гүү орсон байсан. Тэр гүүнүүдийн тамгыг би одоо сайн санахгүй байна. Тэгээд би тэр гүүнүүдийг адуунуудтайгаа хамт туугаад гэрийнхээ ойролцоо тууж аваачсан. ...манай адуунд 10 гаран хоног болсон. Эзэн нь ирж авахгүй байхаар нь би 4 сард тэг 14 гүүний 11 гүүг нь хүнээс портер машин худалдаж авахдаа мөнгөнд бодоод өгсөн. Тэгээд сүүлд 5 сарын 16-ны эхээр эзэд очиж 14 гүүгээ бүрэн бүтнээр нь хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар баг “Хойд хагийн урд цагаан чулуут” гэх газраас хохирогч Д.Гын 4 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Эрхэтийн байшинтын гол” гэх газраас хохирогч Б.Нын 4 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Эрхэтийн байшинтын гол” гэх газраас хохирогч Т.Бийн8 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 8,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Их тахилт” гэх газраас хохирогч М.Бийн 2 тооны адууг нууцаар хууль бусаар хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн бөгөөд  энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гын өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шилжих шөнө адуунаасаа 4 адуу алдагдсаныг би тухайн үед нь мэдсэн..” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 6 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Бийнөгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр би 8 тооны адуугаа алдсан..” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 6 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нын өгсөн: “... Би адуугаа бүрэн бүтэн авсан.. ” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 6 тал/

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Гын өгсөн: “…манайх 2022 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Түнэл сумын 6 дугаар багийн нутаг Хойд хагийн урд цагаан чулуут гэх газраас адуунаасаа дөрвөн тооны адуу алдсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой нь Улаан саарал азаргатай адуундаа очиж үзэхэд зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай цагаан амтай хул гүү, им тамгагүй хонгор байдсан гүү алга байсан. Энэ 2 азаргатай адуунаас хоёр, хоёроороо алга болсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 32-33, 2 хх-ийн 37 тал/,

Хохирогч М.Бийн өгсөн: “... Манайх 2022 оны 03 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхээр Тосонцэнгэл сумын Их тахилт гэх газраас адуунаасаа зөв талын гуяндаа ширээтэй наймын тоо тамгатай шар хээр гүү, ширээтэй хүрээтэй чандмань тамгатай Халтар зүсмийн хязаалан байдас алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Хохирогч Б.Нын өгсөн: “…би 2022 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Баян-Эрхэтийн Байшинтын гол гэх газраас зөв талын гуя дээрээ Монгол бичгэн Бум тамгатай халтар гүү, бор хээр зүсмийн унагатай, зөв талын гуяндаа 5-н тоо тамгатай хүрэн гүү, зөв гуяндаа ширээтэй чандмань тамгатай шар халтар гүү, зөв талын гуяндаа монгол бичгэн тамгатай халтар хязаалан насны үрээ алдсан. Би адуундаа дээрх адуугаа байхгүй алга болсныг мэдээд ойр хавиар эрх хайсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 45 тал/,

Хохирогч Т.Бийн өгсөн: “…2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө зөв болон буруу талын гуяндаа Өлзий утсан тамгатай Цагаан борлог морь алдсан. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө зөв талын гуяндаа сартай загсан тамгатай хээр гүү, нүдтэй загсан тамгатай хээр байдас, сэрээ тамгатай хээр морь, 2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө зөв талын гуяндаа сартай загасан тамгатай хонгор гүү, нүдтэй загасан тамгатай хонгор, 3-н нүдэн ширээтэй тамгатай хар байдас, 2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө зөв талын гуяндаа нүдтэй загасан тамгатай шар хээр морь гээд найман тооны адуу алдсан. Алдсан бүх адуунуудаа сумын цагдаад тэмдэглүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 52, 56, 2 хх-ийн 30 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.УуГын өгсөн: “…Би Над Портер-2 маркийн 09-58 ОРА улсын дугаартай машиныг 8.800.000 төгрөгөөр бодож 8 унагатай гүү авсан. Мөн 5 унагатай гүүг нэг бүрийг нь 1.100.000 төгрөгөөр бодож бэлэн 5.500.000 төгрөгөөр авсан байсныг Н нь дээрх адуунуудыг Хөвсгөл аймгийн Түнэл сумаас ав ирж надад өгсөн нь бүгд хулгайд алдагдсан адуунууд байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

Гэрч С.Чын өгсөн: “... Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг тийшээ яваад ирлээ л болдог байсан надад хашаа ямар ажлаар явж байгаа талаараа хэлж мэдэгддэггүй байсан... Хөвсгөл явсан үгүйг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 32 тал/,

Гэрч Ж.Аын өгсөн: “...Надад тухайн цаг хугацаанд Б.Н нь ямар нэгэн алдуул мал олсон талаар хэлж ярьсан зүйл байхгүй. ..Надад бол алдуул мал олсон талаар хэлж мэдэгдээгүй ямар учиртайг нь хэлж мэдэхгүй байна. Би малчин өрх айлууддаа хандаж малаа алдсан тохиолдолд надад хэлж мэдэгдэж тэмдэглүүлж бай би цааш нь сумын цагдаагийн тасагт хэлж мэдэгдэж байя гэсэн зүйлийг байнга хэлж ярьдаг юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 34 тал/,

Гэрч Л.Оын өгсөн: “...Н гэх хүн нь гэртээ байнга байдаггүй жаахан байж байгаад ийш тийшээ яваад байдаг юм. Би хүүхдүүдээс нь асуухаар аав Хөвсгөл явсан гэж хэлдэг юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 44-45 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 тал/,

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №2245617200348 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77 тал/,

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №2245617200349 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83 тал/,

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №2245617200350 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83 тал/,

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №2245617200351 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-99 тал/,

Шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 6-10 тал/,

Шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын үеэр байх манай адуу Намнангийн ард очсон байсан. Тухайн үед би адуугаа авах гээд Намнангийн ард очиход манай бор зүсмийн азаргатай адуунд 14 тооны гүү орсон байсан. Тэр гүүнүүдийн тамгыг би одоо сайн санахгүй байна. Тэгээд би тэр гүүнүүдийг адуунуудтайгаа хамт туугаад гэрийнхээ ойролцоо тууж аваачсан. ...манай адуунд 10 гаран хоног болсон. Эзэн нь ирж авахгүй байхаар нь би 4 сард тэг 14 гүүний 11 гүүг нь хүнээс портер машин худалдаж авахдаа мөнгөнд бодоод өгсөн. Тэгээд сүүлд 5 сарын 16-ны эхээр эзэд очиж 14 гүүгээ бүрэн бүтнээр нь хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Нын бусдын  олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Н нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

 Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.

Мал хулгайлах  гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Үүрийнтуяа гэм буруугийн талаарх: “Шүүгдэгч Б.Ныг  нь 2022 оны 03 сараас 2022 оны 05 сарын хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6-р баг "Хойд хагийн урд цагаан чулуут" гэх газраас Д.Гын 4 тооны адуу, Түнэл сумын 3-р баг "Баян-Эрхтийн байшинтын гол" гэх газраас Б.Нын 4 тооны адуу, Т.Бийн 8 тооны адуу, Тосонцэнгэл сумын "Их тахилт" гэх газраас М.Бийн 2 тооны адууг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдын олон тооны буюу 18 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 –т  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл гэм буруугийн талаарх: “...Уг хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирохгүй эргэлзээтэй байна. Харин Б.Н нь бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа боловч гэрч Аа, гэрч О нарын мэдүүлгээр  алдуул мал завшсан болох нь тогтоогдохгүй байна. Харин хохирогч нарын алдагдсан мал нь ижил сүргээсээ тасран салж байнга идээшилдэг нутаг, ижил сүргээсээ хөлөөрөө явж өөр нутаг бэлчээрт очсон болохоор алдуул мал гэж үзэх үндэслэл байна. Хэрэг бүртгэгч мөрдөгчийн зүгээс Нын хэрэг үйлдсэнийг маршрутаар нь шалгаж тогтоогоогүй байгаа явдал харагдаж байна. Машин механизм ашигласан болох нь тогтоогдохгүй байна. Машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна. ..” гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр гэм буруугийн талаарх: “... Адуу бэлчээрээр явдаг. Хашаанаас нь гаргахгүй хангалттай өвсийг нь бэлдэж өгч чаддаггүй. Өвс ногоо хайж бэлчээрлэж явдаг. Хаа нь өвс ногоо сайн байна. Түүнийг дагаж бэлчээрлэнэ шүү дээ. .. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар тодруулах ёстой.... Үргэлжилсэн гэдэг чинь олон удаагийн үйлдэл шүү дээ. Үргэлжилсэн үйлдлийг хамгийн багадаа 4 удаагийн үйлдэл гэх юм бол ядаж багадаа 1 үйлдэл нь тогтоогдоно биз дээ. Тэрийг тогтоох ёстой байхгүй юу. 10 гаруй тооны адуу гэхээр хэдэн ч удаа явсан юм билээ. Энэ үйлдлүүдийг тогтоох ёстой шүү дээ. Машин дээр 3 тооны адуу ачиж ирсэн гэрч он сарыг нь мэдэхгүй гээд байна шүү дээ. .. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж заасан байдаг. Манай үйлчлүүлэгчтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн талаар нотолбол зохих байдлыг нотолсон асуудал байхгүй байна. Тодруулбал машин механизм ашигласан гэсэн зүйл бүр ч байхгүй. Гэмт хэрэг хаана яаж үйлдэгдсэн гэдгийг тодруулах шаардлагатай. Нотолбол зохих ажиллагааг хийгээгүйгээс манай үйлчлүүлэгч хүндээр хохирох эрсдэлтэй байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг нотолбол зохих асуудалд хамааруулж үздэг. Манай үйлчлүүлэгчийн хувьд ижил сүргээсээ салсан мал хэнийх болохыг мэдэхгүй байсан. Үүнээс харахад сүрэгт орж ирсэн алдуул мал юм. Хэрвээ энэ хүн хулгайлсан бол адуун дундаа байлгаад хүнтэй наймаа хийгээд яваад байх юм уу. .. Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн үйлдлээс хамаарахгүй, ижил сүргээсээ тасран салж, байнга идээшилдэг нутгаасаа гарч эзэн тодорхой бус байдлаар өөр аймаг, сумын нутагт бэлчээрээр яваа малыг хэлнэ. .. Энэ хүнийг алдуул малыг завшсан гэж харж болохоор байна. Завших гэдэг нь буцааж өгөхгүйгээр хууль бусаар ашигласныг л хэлнэ. .. Нотолбол зохих нотлох баримт хангалтгүй байгаа тул хэргийг шийдвэрлэхдээ эргэлзээ төрөх юм бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргаж  мэтгэлцжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.Ныг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэх баримт хэрэгт авагдаагүй ба энэ талаар нотолж чадаагүй нь машин механизм  ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ныг машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцэж байх боловч гэмт хэрэг үйлдэхэд ямар машин механизм ашигласан талаар хэрэгт  авагдсан баримтаар тогтоогдохгүй тодруулбал хохирогч гэрч нараас шүүгдэгч Б.Ныг ямар машин механизм ашиглаж 18 тооны  адууг хулгайлсан гэх үйл баримтыг харсан талаарх шууд болон шууд бус нотлох баримт хэрэгт авагдаагүй  байна. 

Иймд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ныг  машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хангалттай  нотлогдон тогтоогдоогүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг  шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, .. эргэлзээ гарвал  түүнийг .. шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, Б.Түмэндэмбэрэл  нар нь адуунууд нь Б.Нын адуутай нийлсэн, алдуул мал байсан гэж мэтгэлцжээ.

Шүүгдэгч Б.Ныг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүхээс үзэв.

Шүүх болж өнгөрсөн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Б.Н өөрийн адуунд нийлсэн гэх хохирогч  Д.Г, М.Б, Д.Н, Т.Б нарын 18 тооны  адууг тууж өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан байдал хохирогч гэрч нарын дээрх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд хэний мал болохыг асууж сураглалгүйгээр, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх үзсэн болно.

Ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй 18 тооны адууг шүүгдэгч  Б.Н нь   Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” үүргийг  биелүүлэх  байсан  бөгөөд  шүүгдэгч  Б.Н нь хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсан нь Эрүүгийн хуульд заасан  мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ныг  2022 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар баг “Хойд хагийн урд цагаан чулуут” гэх газраас хохирогч Д.Гын 4 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Эрхэтийн байшинтын гол” гэх газраас хохирогч Б.Нын 4 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Эрхэтийн байшинтын гол” гэх газраас хохирогч Т.Бийн8 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 8,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Их тахилт” гэх газраас хохирогч М.Бийн 2 тооны адууг нууцаар хууль бусаар хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалт болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Нын 4 тооны адууг хулгайлж 4,100,000 төгрөгийн хохирол, хохирогч М.Бийн 2 тооны адууг хулгайлж 2,400,000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Бийн 8 тооны адууг хулгайлж 8,800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Хохирогч Д.Гын “надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч М.Б шүүхийн шатанд “2 гүүгээ хүлээн авсан” санал хүсэлтээ илэрхийлсэн, хохирогч М.Б нь “эрж хайсан зардлыг маань төлсөн. Би 3 тооны адууныхаа мөнгийг гаргуулж авсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Нын “би энэ хүнд хохирол гомдол байхгүй. Би адуугаа бүрэн бүтэн авсан” гэх мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хохирогч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд адуугаа эрж хайсан зардал 600,000 төгрөгийг шүүгдэгч Б.Наас нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч М.Б нь адуугаа эрж хайсан зардал 600,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Наас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ныг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.

Улсын яллагч Б.Үүрийнтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасныг баримтлан эдлэх ялыг нь нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү..” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг харгалзан хорих ялын дээд хэмжээг 3.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж  зааснаар 1 жилийн ял оногдуулж өгнө үү. Уг нь хэрэгт авагдсан баримтаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддоггүй. Шүүх хуралдаанаар мэтгэлцэж хэлсэн ярьсан бүхэн хөнгөрүүлэх нөхцөл болж байна. Нэгэнт шүүх нотлогдсон гэж үзэж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Нын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 121-123, 127 талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн болон мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар  3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Портер загварын 09-58 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 40 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Портер загварын 09-58 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Над буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2238002130687 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйл, 36.4 дүгээр  зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Бгийн Над холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ш овогт Бгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар  “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Бгийн Ныг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Наас хохирогч М.Б нь адуугаа эрж хайсан зардал 600,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Портер загварын 09-58 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 40 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Портер загварын 09-58 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Над буцаан олгосугай.

7. 2238002130687 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН