| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0122/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/130 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/130
2023 07 03 2023/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б.Г холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны 02 дугаар сарын 17-нд Увс аймгийн .... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймаг ... сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй .. овогт Б.Г / РД:....../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн .... сумын ... дүгээр багийн нутагт иргэн Б.Б нэг тооны мухар алаг зүсмийн 3 настай эр үхэр түүний үхэр сүрэгт нийлсэн байсныг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хулгайлж, хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн ....сумын .... дүгээр багийн нутгаас Б.Б нэг тооны мухар, алаг зүсмийн 3 настай эр үхрийг авсан болох нь :
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна хадам аав П над руу утсаар залгаж танай 7 үхэр алга болсон байна гэж хэлэхээр нь сумын төвөөс явж хайгаад 5 үхрийг нь Торхилогийн голын цаад талд нуурын хөвөө орчмоос олж аваад 2 үхэр нь олдоогүй. Тэгээд би хүмүүсээс сураглаад байтал Г үхэр Торхилогийн голд байж байгаад Ааргийн уулын чиглэлд гарсан талаар би сонсож тухайн чиглэлд хайхаар явсан. Тухайн үед Ямаат уул, Хөндлөн зам гэх газрын чиглэлд явж хүмүүстэй уулзаж асууж сураглаж, М туслах малчин О гэх хүнтэй уулзаж орой болсон тул тэдний гэрт хонож маргааш нь ..сумын .. дүгээр багийн иргэн Г гэрт хамт очсон. Тухайн үед Огэх хүн Г намайг 2 үхэр нядлахад туслаад өг гээд байсан. Тэдний гэрийн гадна 2 үхэр алж нядалсан талаар надад хэлсэн тул тэдний гэрийн гадна унагаасан 2 үхрийг очиж үзсэн. Тэр үед 2 үхрийн арьс, 1 толгой үзүүлэхэд миний хулгайд алдагдсан мухар алаг гунан үхрийн арьс байсан. Толгой нь байгаагүй. Тэр үед уг алаг үхрийн арьсны хажууд улаан хоо зүсмийн бага үхрийн арьс, толгойных нь арьсыг шулсан эвэртэй толгой байсан. Тухайн үед миний 1 үхэр мөн гэдгийг би арьсыг нь хараад шууд таньсан ба би Г үхэр төлж өг, тэгэхгүй бол би цагдаад хандана, танд 2-3 хоногийн хугацаа өгье гэж хэлээд явсан. Тэгээд 1 хонож байтал Г надруу утсаар залгаж үхэрийг чинь би авсан. Би чамд төлж өгье, манай үхэр Давст сумын 1 дүгээр багийн нутагт намаржиж байгаа Б байгаа тэндээс 2 үхэр очоод авчих гэж хэлсэн. Тэгээд би 10 орчим хоногийн дараа Б гэх айлд морьтой ганцаараа очиж 3 настай, галзан зүсмийн 1 эр, алаг зүсмийн 1 эм үхэр зэрэг 2 тооны үхэр авч туугаад хадам аав П гэрт авч ирсэн. Тэгээд би уг галзан зүсмийн үхрийг алж хүнсэнд идээд, нөгөө алаг зүсмийн гунжин үхэр нь энэ өвөл зуданд үхсэн юм. Тухайн үед Г үхэр Торхилогийн голоос Ааргийн ууланд байх өвөлжөөрүүгээ хөлөөрөө явж очиход манай алга болсон 2 үхэр дагаж очсон байх гэж би бодож байгаа. Тухайн үед Г миний 2 үхэр алж нядалсан талаар буруугаа хүлээж, 2 үхэр надад төлж өгсөн тул Гомбосүрэнд холбогдуулан надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэгээд 2022 оны 11 дүгээр сард манай үхэр Торхилогийн гол орчмоос өвөлжөөрүүгээ өөрөө гүйгээд Ааргийн уул гэх газарт очсон байна гэж хэлж байсан. Манай өвөлжөө орчим айл багатай хүн амьтан их явдаггүй газар юм. Тэгээд манай 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Адаргана гэх газар амьдарч байгаад өвлийн хүнс болох 1 адуу, 2 үхэр, 10 орчим тооны хонь ямаа гаргаж нядалсан. Тэгээд удалгүй байж байтал манай багийн иргэн Б.Б манайд ирж манай 2 үхэр алга болсон, танайд ямар мал нядлагдсан юм гэж асуугаад манай гэрийн гадна, хүнс гаргасан газар очиж үхрийн толгой, арьс, шийр зэргийг үзээд миний алга болсон мухар улаан алаг үхэр та алсан байна, би арьсийг нь хараад таньж байна, та миний 2 гунан үхрийг төлж өг гэж хэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай гэрт цагдаагийн алба хаагч нар ирж мэдүүлэг авахад би тулгамдаж, сандраад зарим зүйлийг тодорхой бус ярьсан тул дахин мэдүүлэг өгмөөр байна. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үед манайх “Булгийн хүрээ” гэх газар байхад манай үхэр гэр орчим байж байгаад алга болсон. Тухайн үед нөхөр Б.Г 3 хоног хайгаад олоогүй тул манайх уг газраас нүүж “Адаргана” гэх газар нүүж очсон. Тэгээд нөхөр Б.Г дахин үхрээ хайхаар яваад манай өвөлжөө болох “Буянт” гэх газар гүйж очсон байсныг хараад ирсэн. Тэр үед манай 40 гаруй тооны үхэр бүгд бүрэн байна. Харин 1 тооны гунан үхэр ирж нийлсэн байна, хэний үхэр юм бол гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цас орж, шуурахаар нь нөхөр Б.Г хүнсний 2 тооны үхэрээ гэр дээр авч үлдээгээд бусад үхрээ тууж хүргэн ах болох Бадраагийн гэрт хүргэсэн. Тэгээд манайх удалгүй буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүнсээ гаргаж нядласан ба удаагүй байтал манай багийн иргэн Б.Б манайд ирж нөхөр Б.Г хандаж танайх хүнсэнд идсэн үхрийнхээ толгойг харуулчих гэж хэлэхэд манай гэрийн гадна байсан, алж нядалсан 2 үхрийн арьс, толгой зэргийг үзүүлсэн. Тэр үед Б.Б нөхөр Б.Г хандаж та миний мухар алаг гунан үхрийг нядалсан байна, та миний 2 үхрийг төлж өгөөрэй, тэгэхгүй бол цагдаад өгнө гэж хэлсэн. Тэр үед би нөхөр Б.Г уурлаж юу болоод байгаа юм, сая манай хүнсэнд идсэн үхэр хэнийх юм гэх мэтээр асуухад манай үхэрт нийлсэн 1 үхрийг би өөрийн 1 гунан үхэртэй хамт хүнсэнд гаргасан, тэр үед чамайг уурлах байх гэж бодоод би чамд хэлээгүй гэх мэтээр хэлсэн. Тэгэхээр нь нөхөр Б.Г хандаж чи ямар сонин юм бэ, чамд зөндөө мал байгаа биз дээ, хүний мал идээд байх чамд шаардлага байна уу, хүний мал гаргаад идчихдэг ичдэггүй юм уу чи гэх мэтээр хэлээд тэр залуугийн хэлээд байгаа 2 үхрийг төлж өгч чимээгүй салахаа бод гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөхөр Б.Г Б.Б луу утсаар ярьж чимээгүй төлж өгөөд салая, чи цагдаа шүүхэд битгий хэлэээрэй гэж хэлээд төлж өгөхөөр болж хүргэн ах Б гэрээс 2 тооны үхэр өгсөн юм. Би өөрийн үхэр малаа сайн таньж мэдэхгүй, гэртээ хүүхдээ хараад байдаг, нөхөр Б.Г ихэнхдээ сувай үхрээ харж хамгаалдаг, би гэр зуур саадаг хэдэн үхэр, тугалаа мэддэг юм. Манайх жил бүр хүнсэнд 2-3 үхэр иддэг тул энэ өвөл 2 тооны бага насны үхэр иднэ гэж нөхөр Б.Г хэлээд үхрээ явуулаад гэрийн гадна 2 үхэр үлдээсэн. Тухайн үед хоо болон улаан алаг 2 үхэр үлдээж, нөхөр Б.Г алж нядлаад би гэдэс дотрыг нь цэвэрлэсэн. Тэгээд удалгүй байж байтал манай багийн иргэн Б.Б манай гэрт ирэхэд гэрийн гадна хоо зүсмийн үхрийн толгой, алаг болон хоо үхрийн арьс зэрэг гадна байсан. Би цагдаа нар ирж мэдүүлэг авахад Б.Б арьсыг нь хараад миний үхэр мөн байна гэж таньж хэлсэн, Б.Б 2 үхэр алга болгосон гэж хэлээд байсан тул 2 үхрийг нь төлж өгсөн талаар хэлсэн. Миний нөхөр Б.Г 1 гунан үхэр манай үхэрт нийлсэн байсан, уг үхрийг нядалсан талаар үнэнээ хэлсэн талаар мэдүүлсэн” мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17, 19 дэх тал),
Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний төрсөн дүү Б.Г 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр авч ирж өвөлжүүлэхээр 40 гаруй үхэр өгч, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үед буцааж авсан. Б.Г манайд үхрээ авч ирээд удаагүй байхад буюу 2022 оны 12 дугаар сарын эхээр Гомбосүрэн утсаар ярьж Б гэх залуу танайд очно, би 2 үхэр худалдахаар болсон, 1 гунан, 1 гунжин үхэр өгөөрэй гэж хэлсэн. Тэр үед Б ганцаараа морьтой ирээд уг 2 үхрийг аваад явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Гэрч И.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний охин, хүргэн Б нарын хонь, ямаа, үхэр мал нь манайд байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үед Торхилогийн голын орчим Улаандай гэх газар амьдарч байхад миний хүргэн Б.Б 7 тооны гунан, гунжин, эх үхэр, тугалтайгаа алга болсон. Тэр үед миний нөхөр П болон хүргэн Б нар Торхилогийн гол орчим нутгаар хайгаад олоогүй. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр хүргэн Б.Б Ааргийн уулын чиглэлд явж сураглаад Б.Г гэрт очиж гадна нь байсан үхрийн толгой, арьс зэргийг үзэж өөрийн мухар алаг гунан үхэр нядлагдсаныг өөрөө таньж төлж өгөөрэй гэж хэлээд ирсэн талаар бид нарт хэлсэн. Тэгээд удалгүй Б.Г, Б.Б утсаар ярьж би танай үхрийг авч нядалсан, би төлж өгнө гэх мэтээр хэлсэн. Тэгээд Г үхэр өвөлжүүлж байсан Б гэх айлаас 2 үхэр очиж ав гэж Г хэлсэний дагуу Б явж гунан, гунжин 2 үхэр манай гэрт авч ирсэн. Тэгээд тэр 2 үхрийг хадгалж байгаад галзан гунан үхрийг хүнсэнд хэрэглэж, алаг гунжин /эвэртэй/ үхэр нь энэ өвөл муудаж үхсэн. Түүний сэг сэвсийг нохой, шувуу идэж дуусгасан. Уг 7 үхэр Улаандай гэх газар орчмоос алга болсон бөгөөд хүргэн Б Худаг гэх газраас 3 үхрийг, Улаандайн их буйр гэх газар орчмоос 2 үхэр олж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Гэрч Ж.С мөрдөн байцххлтын шатанд өгсөн: “М өвөлжөөнийхөө хажууд байж байгаад бог малаа Тээл гэх газар орчим намаржуулж би бог мал ганцаараа хариулж 20 гаруй хоног болсон. Тэр үед манай байрлаж байсан гэрээс 2-3 км орчим зайд тус багийн малчин Г гэх айл байсан. Тухайн үед Г намайг хүнс гаргамаар байна, ирээд туслаад өгмөөр байна гэж хэлсэн ба тэр үед би ганцаараа байсан тул зав гараагүй тул очиж чадаагүй. Тэгээд удалгүй байж байтал ...сумын иргэн Б гэх залуу орой манай гэрт ирж үхэр хайж явна гэж хэлсэн ба тухайн үед би манай хажууд байгаа Г үхэр гаргамаар байна гэж хэлсэн. Тухайн үед Г ямар үхэр мал нядласныг би мэдэхгүй тул ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд маргааш өглөө нь Б бид хоёр Г гэрт очоод Б танайх нядалсан үхрийнхээ арьс, толгойг үзүүлчих гэхэд 2 үхрийн арьс, гадна арьсийг нь шулсан 1 эвэртэй толгой зэргийг үзүүлсэн. Тэр үед Г хэлэхдээ эх үхэр гэж хэлж байсан ба бид нар уг 2 үхрийн арьсийг үзэхэд гэдэс хэсэгт нь хүйс байсан тул эр үхрийн арьс мөн байна гэж хэлсэн. Тэр үед Б үхрийн арьсийг үзээд миний мухар алаг үхрийн арьс мөн байна би арьсаар нь хараад таньж байна, нөгөө үхэр нь хоо зүсмийн үхэр байна, миний үхэр биш байна гэж хэлсэн. Тэгээд би малруугаа морьтой явсан ба малаа бэлчээрт гаргаад явж байгаад Б луу залгаж хаана явж байгааг асуухад Булаг гэх газар явж байна, Г миний үхэр алж нядалсан гэдгээ хүлээлээ, төлж өгөхөөр боллоо гэж хэлсэн. Б тухайн үед 2 тооны эр үхэр хайж явсан. Насыг нь би мэдээгүй, мухар алаг, галзан зүсмийн үхэр хайж байна гэж асууж байсан. Г гэрийн гадна алаг, хоо зүсмийн 2 арьс байсан, би харахад гунан үхрийн арьс юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал ),
Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ....сумын -.. багийн нутаг “Харлаг улиас” нэртэй газар намаржиж байсан. Тухайн үед 2022 оны 11 дүгээр сард манай багийн иргэн Б.Б 7-8 тооны бага насны үхэр хайж явна, дэл сул үхэр харагдана уу гэж би хонь хариулж явахад асуусан. Тэр үед Б.Б морьтой ганцаараа явсан ба манай гэрийн дээд талд 2 хоногийн өмнө 3 тооны гунан, гунжин насны үхэр байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал ),
Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өнгөрсөн жил буюу 2022 онд манай нутаг ган гачигтай, өвс багатай байсан тул наадмын дараагаас ихэнх айлууд үхэр малаа саахгүйгээр тугалтайг нь Торхилогийн гол гаргаж эзэн хариулгагүй орхиж, хааяа харж алга болсон малаа хайж цуглуулж олж авч байсан. 2022 оны 11 дүгээр сарын дундуур П алагтай манай үхэр харагдана уу, танайхаар хонож байна уу гэж асууж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал ),
Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын сүүлээр буюу ... сумын ....дүгээр багийн нутаг адарган, булган хүрээ гэх газруудаар намаржиж байхад манай 40 гаруй тооны үхэр сүрэгт алаг зүсмийн буюу 3 настай эр үхэр нийлж байсан. Үхэр ирж нийлсэн талаар манай гэрийнхэн мэдэхгүй байсан бөгөөд би эзэн нь ирж авч магадгүй гэх байдлаар ажиглаж байсан. Гэхдээ манай үхэр ихэвчлэн хээрээр байдаг учраас ихээр анзаарч хараагүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн идэш гаргах үед тухайн нийлж ирсэн үхэр нь байхаар нь хүнсэндээ хэрэглэсэн. Түүний дараа тухайн үхэрний эзэн нь намайг хүнс хэрэглэсний дараа Б гэх залуу ирж үхэрээ таньсан учраас би тухайн үед үнэн учраа хэлж нэг үхэрийг төлж барагдуулсан. Мөн үхэр хайсны зардал бас уучлалт гуйж цагдаад битгий мэдэгдээч гэж хэлээд Б нийт 2 тооны үхэрийг хүлээлгэн өгсөн. Б тухайн үхэрийг нядалсны дараа өөрийн хувийн хэрэгцээнд буюу өвлийн идшиндээ хэрэглэсэн. Бусдаар ямар нэг байдлаар махыг нь зарж борлуулсан зүйл байхгүй” мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал )-үүдээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хохирогч Б.Б мухар, алаг зүсмийн 3 настай эр үхэр 2022 оны 10 дугаар сарын сүүлээр шүүгдэгч Б.Г үхэрт нийлсэн байсныг 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр алж идшиндээ хэрэглэсэн үйл баримт тогтоогдлоо.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.
Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
Шүүгдэгч Б.Г нь ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг үхрийн талаар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Иргэн алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй”, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.
Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Б.Г өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй үхрийг өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсныг /идшиндээ хэрэглэсэн/ бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Б мухар, алаг зүсмийн 3 настай эр үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын өмчлөгчөөс нууц, далдуур хүнсэндээ хэрэглэсэн үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн юм.
Иймд шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 65 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн ... суманд 3 настай 2 тооны эр үхэрний зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44 дэх тал )-ээр 3 настай нэг тооны эрх үхэр 700.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “Миний бие .....овогтой Б нь 2022 оны 9 сард гээгдсэн нэг үхрээ Б. Г төлүүлж авсан тул гомдолгүйн үнэн болно” гэх тодорхойлолтыг нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 100 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Н өгсөн: “2003 онд албан ёсоор гэр бүл болсон бөгөөд одоогоор ам бүл болсон. Том хүү 19 настай, 2 дахь хүү 14 настай, 3 дахь хүү 9 настай, бага хүү 5 настай, зан байдлын хувьд төлөв даруу, дуу цөөтэй, ихэвчлэн хөдөө мал маллан амьдардаг. Манай бод бог нийлсэн 600-700 орчим тооны малтай түүний үр шимээр амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), Гэрч Н.Б өгсөн: “2000 оны эхэн үеэр эхнэр Нарантуяа гэх хүнтэй албан ёсоор гэр бүл болж одоог хүртэл амьдарч байна. Эхнэр 4 хүүхийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруу дуу цөөтэй, ихэдчлэн хөдөө малаа маллан амьдардаг учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй сул чөлөөтэй яваад байх нь бага байдаг. Мөн түүний эхнэр төрөлхийн хараа муутай учир ганцаараа мал маллах боломжгүй нүдний хараагаар группт байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал)-үүд тус тус хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Г тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдэж олсон орлого 700.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүтэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ж овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Г тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдэж олсон орлого 700.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүтэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ