| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2324000000031 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай Цагаан гэрүүд овогт ******* ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ухаа хадны Хэвтиш” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.6316 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү “Hyundai porter-1” маркийн 13-85 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 495,319 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ухаа хадны Хэвтиш” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.6316 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү “Hyundai porter-1” маркийн 13-85 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 495,319 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч *******: “...Иргэн *******ийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 31/,
Гэрч *******: “...Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө эрхийн бичгийг заавал авах ёстой. Иргэдэд цэвэрлэгээний ажил хийх зориулалтаар түлээний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож байгаа. Эрхийн бичиг авсан иргэн эрхийн бичигт заагдсан газраас заагдсан модоо хугацаанд нь бэлтгэж, тээвэрлэх ёстой. Эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Их-Уул суманд иргэдэд хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа...Тухайн иргэний зүгээс 2023 он гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...Зарт багийн нутаг дэвсгэрт Ухаа хадны Хэвтиш гэх газар байдаг. Тухайн газар нутаг ойн нэгдүгээр мужлал буюу тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-33/,
Гэрч : “...Манай дүү ******* манайхтай айл байх хугацаандаа 2023 оны 4 дүгээр сарын 27, 28-ны үед Их-Уул сумын Зарт багийн нутаг Ухаа хадны хэвтиш гэх газраас мод бэлтгэсэн. Би яг тэр үед ямар мод хийснийг нь мэдээгүй. Тэгсэн ******* 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийнхөө Портер маркийн 13-85 ЗАН улсын дугаартай автомашин дээр нарийхан 2 орчим метрийн урттай 80-90 орчим ширхэг шургааг модыг ачсан гэрийнхээ ойролцоо зогсож байсныг би хонинд явж байгаад харсан юм. Тэгээд тэр орой ******* шургааг модыг тээвэрлээд Их-Уул сумын төв рүү явж байсан юм. Би *******оос тэр шургааг модыг тээвэрлээд сумын төв рүү явах үед чи наад шургааг модондоо эрхийн бичиг, гоожин авсан юм уу гээд асуухад эрхийн бичиг гоожин аваагүй гэж хэлсэн. Би тэр үед *******ид за чи сумын төв орж байгаад цагдаатай таарчхав гэж хэлж байсан. Тэгсэн сүүлд *******оос өөрөөс нь сонсоход нөгөө шургааг мод бэлтгэж тээвэрлэсэн асуудлаар цагдаад шалгагдаж байгаа гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 35-36/,
Гэрч : “...Тухайн иргэний зүгээс 2023 он гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй, заавал эрхийн бичиг авч байж ойгоос мод бэлтгэх ёстой. Хэрэв эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...Иргэд босоо модыг огтолж мод бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн унанги модноос ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ. Босоо модыг зөвхөн ойн мэргэжлийн байгууллага огтлолтоор бэлтгэнэ. Зарт багийн нутаг дэвсгэрт Ухаа хадны Хэвтэш гэх газар байдаг. Тухайн газар нутаг ойн нэгдүгээр мужлал буюу тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Иргэд улсын тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэж болохгүй. Иргэдэд зөвхөн сумын ойн сангаас түлээний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 38/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ хуурай мод байна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний шургааг мод байна...2.20 дээш урттай бөөрөнхий мод хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн, модны тайралт бүгд жигд байна. Ойгоос бэлтгэсэн гэх моднуудыг нь 2023 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд бэлтгэсэн байх магадлалтай, модны тайралтыг харахад хуучин, бага зэргийн хаталттай зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Ойгоос бэлтгэсэн моднууд нийт 1.6316 метр куб мод байна. Мод бэлтгэсэн Их-Уул сумын Зарт багийн нутаг Ухаа хадны хэвтиш гэх газар ойн 1 дүгээр мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 168.655 төгрөг байна. Их-Уул сумын Зарт багийн Ухаа хадны хэвтиш гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168.655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303.579 төгрөг болж, бэлтгэсэн мод 1.6316 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 495.319 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, тоолуурын хүснэгт /хх 46-49/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн “...Би 2023 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Ухаа хадны Хэвтиш гэх газраас 2.20 метрийн урттай 81 ширхэг шургааг модыг бэлтгэж 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Портер маркийн 13-85 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн. Мод бэлтгэхдээ 20 гаруй тооны босоо модыг унагаад мөн 10 орчим унанги модноос тайрч бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн хар өнгийн моторт хөрөөг ашиглаж ганцаараа бэлтгэсэн. Намайг тухайн газраас шургааг мод бэлтгэснийг хөдөө хамт айл байгаа Лхагвасүрэн мэднэ. Тухайн моднуудаа ойгоос бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч ******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2023 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ухаа хадны Хэвтиш” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.6316 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү “Hyundai porter-1” маркийн 13-85 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийн 1.6316 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэсний улмаас байгаль экологид 495,319 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,485,957 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж зарим хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан шууд хохирол төлсөн ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдсан болно.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, “Hyundai porter-1” маркийн 13-85 ЗАН улсын тээврийн хэрэгсэл нь нь түүний өмчлөлийнх болох нь түүний “...Модыг бэлтгэхдээ ашигласан хөрөө болон тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийн. Би уг машиныг 2019 онд 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар /хх 22/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai porter-1” маркийн 13-85 ЗАН улсын тээврийн хэрэгсэл, хар өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.6316 м3 хэрэглээний хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн үнэлгээгээр “Hyundai porter-1” маркийн 13-85 ЗАН улсын тээврийн хэрэгсэл 2,900,000 төгрөг, хар өнгөтэй цахилгаан хөрөө 80,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт ******* *******ийг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ийг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai porter-1” маркийн 13-85 ЗАН улсын тээврийн хэрэгсэл, хар өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.6316 м3 хэрэглээний хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1,485,957 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ