Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00576

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/00099 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК –д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 578 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн төлөөлөгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК  нь  Х ХХК-иас   2016 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нийт 400 гаруй тн цемент бэлэн мөнгөөр болон зээлээр худалдан авсан. Гэтэл худалдан авсан цементний төлбөр болох 16 578 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй.  2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус компанийн зүгээс 8 дугаар сард багтаан үлдэгдэл 16 578 000 төгрөгөө төлнө гэсэн албан бичиг ирүүлсэн ч төлөөгүй. Иймд 16 578 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.  Сонгинохайрхан дүүргийн хаягтаа анхнаасаа байдаггүй юм. Цаг хугацаа хожих гэсэн арга хэрэглэж байна. Сүхбаатар дүүргийн хаягаар мэдэгдэх хуудас явуулахад хүлээн авсан байгаа. Хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул  нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч "М" ХХК-иас 16 578 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "М" ХХК-иас 240 840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх ИХШХШТХ-ийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт " шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна, мөн хуулийн 77.5 дахь хэсэгт " мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ" гэж заасныг тус тус  зөрчсөн. Мэдэгдэх хуудсаар хурлын тов өгөөгүй,  хүргээгүй, мэдэгдэх хуудаст заасан хүлээн авагчид гардуулан өгөөгүй, хариуцагч нь хуулийн этгээд байхад түүний удирдах албан тушаалтанд буюу холбогдох ажилтанд гардуулан өгөөгүй. Хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хариуцагчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, мэтгэлцэх боломжийг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  дахин хэлэлцүүлэхээр буцааж  өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М ХХК-иас худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн цементийн үнэ 16 578 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр гардуулахад тэрээр харьяаллын дагуу хэргийг шилжүүлэх хүсэлтийг гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг харьяаллаар 2017 оны 12 сарын 26-нд шилжүүлснийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2016 оны 01 дүгээр сарын 4-нд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамж гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсаны дараа хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулах ажиллагаа хийгдээгүй.

 

Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-дэх хэсэгт заасан шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргалсан эсэх нь тодорхойгүйгээс гадна шүүх хуралдааныг захирамж гарснаас хойш 4 хоногийн дотор товлосон нь хэргийн материалтай танилцах, хуралдааны тов хүргэх зэргээр шүүх хуралдаанд бэлтгэх хангалттай хугацаа гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн гэх боловч хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан мэдэгдэх хуудас шуудангаас буцаж ирсэн, хуулийн этгээдэд гардуулсан гэх мэдэгдэх хуудсанд хаанахын хэн болох нь тодорхойгүй, н.У гэх хүний нэрийг латин галигаар бичсэн боловч гарын үсэг зуруулаагүй. Хуульд заасан журмаар хуралдааны товыг мэдэгдсэн гэх үндэслэлгүй байхад шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 77 дугаар зүйл, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2,168.1.3-т тус тус зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрсөн, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг нөхөн залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/00099 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Л.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                          Ш.ОЮУНХАНД