Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

     2020           01             9                                        2020/ДШМ/56

 

 

                                   Л.Бд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Мөнгөншагай,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 29 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн 1903007540344 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Л.Б, 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Уул суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Монре импекс” ХХК-д слесарь ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-650 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ВЭ81032010/;

 

Л.Б нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 18 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төрийн ордны зүүн урд уулзварын замд “Тоёота приус-10” маркийн 26-40 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно.” гэж заасныг зөрчсөнөөс “Сузуки” маркийн 56-46 УБ улсын дугаартай мотоциклыг мөргөн жолооч Г.Гүенгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

Тээврийн прокурорын газраас: Л.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Л.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр  1  /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Л.Б нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч Г.Гүен нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, Л.Бгийн 983752 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэжээ.

                            

Прокурор Б.Мөнгөншагай давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалтыг орхигдуулсан нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлийн дагуу зохих өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Л.Б нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 18 цаг 40 минутын орчимд, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төрийн ордны зүүн урд уулзварын замд “Тоёота приус-10” маркийн 26-40 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно.” гэж заасныг зөрчин “Сузуки” маркийн 56-46 УБ улсын дугаартай мотоциклыг мөргөсний улмаас жолооч Г.Гүенгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Гүенгийн: “...би 2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 18 цагийн орчимд өөрийн “Сузуки” маркийн 56-46 УБ улсын дугаартай мотоциклыг унаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төрийн ордны зүүн урд уулзварын замд ногоон гэрэл асаж байхаар нь урдаас хойшоо чиглэлтэй чигээрээ явсан, тэгээд юу болсныг мэдэхгүй байна. ...” /хх 35-36/,

 

гэрч Ё.Мөнхзаяагийн:”...2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 18 цаг 30 минутын үед ажил тараад Германы элчин сайдын яамны зүүн талд байх ажлын газраасаа “Сонгдо” эмнэлэгт хүн эргэхээр  ажлын газрын Л.Бгийн машинаар такси болгож гарсан.Төрийн ордны хажуугаар явж байтал өөдөөс хар өнгийн мотоцикль хурдан орж ирж байгаа харагдсан. Тэгээд удалгүй мотоцикль газар унаад, унасан эргэлтэндээ машинтай шүргэлцээд зогссон. ...” /хх-49/,

 

шүүгдэгч Л.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 18 цаг 30 минутад ажлаа тараад харих гэхэд дарга маань “Сонгдо” эмнэлэг рүү хүргээд өг гэхээр нь би зөвшөөрөөд, тэгээд бид 2 хамт “Сонгдо” эмнэлэг рүү явж байсан. Тэгээд талбайн зүүн талын уулзвараар үндсэн ногоон гэрлээр ороод эргэж байхад гэнэт нэг мотоцикль уулзвараас гарч ирээд, мотоциклын хүн мотоциклиос унаад, хүн газар дээрээ үлдээд мотоцикль өөрөө гулсаж ирээд манай автомашиныг мөргөсөн. ...Би тухайн үед гэрэл дохио андуурч орсон, тэгэхэд мотоцикль өөрөө миний машинаас 10-аад метрийн зайд унаад, мотоцикл нь миний машиныг мөргөсөн. ...” /1хх 50, 113/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Г.Гүенгийн биед тархины эсийн аксоны тархмал гэмтэл, баруун шуу ясны ил хугарал, гэмтлийн шалтгаант зүүн чөмөгний үрэвсэл, зулай, зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүү, дээд буйл, хуухнагт шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, тохой, өвдөг, гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” /хх 53-54/ гэсэн 942 дугаартай дүгнэлт,

 

               Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн “...Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2019.7.18-ны өдрийн 14/За3256 тоот, Их сургуулийн гудамж, Ерөнхий сайд Амарын гудамжны уулзварын гэрлэн дохионы горим, Камерын бичлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, 1-25 дугаар гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад эд мөрийн баримтыг үндэслэн “Тоёото Приус” 10 маркийн 26-40 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чипг хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол (гэрлэн дохионы зохицуулгатай үед) уг чигт хөдөлгөөнийг хориглоно." гэж заасныг зөрчсөн байна. ...Сузуки маркийн мотоциклын жолооч Г.Гүен нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн дүгнэлт /хх-96/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Л.Бгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Прокурор Б.Мөнгөншагай “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсэн заалтыг орхигдуулсан нь хууль зөрчсөн тул өөрчлөлт оруулан зөвтгөж өгнө үү. ...” гэсэн  агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Шүүгдэгч Л.Б “Тоёота приус-10” маркийн 26-40 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно.” гэж заасныг зөрчин “Сузуки” маркийн 56-46 УБ улсын дугаартай мотоциклыг мөргөснөөс хүний  эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Л.Б нь хохирогч Г.Гүенд эмчилгээний зардал 1.032.060 төгрөг, мопедийн үнэ 1.875.000 төгрөг, нийт 2.907.060 төгрөг төлсөн, хохирогч одоогоор  хохирол нэмж нэхэмжлээгүй боловч хохирогчид учирсан эрүүл мэндийн хүнд хохирлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг  хүлээлгэх нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан үүрэг хүлээлгэх заалтуудыг шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагад нийцүүлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй  гэж үзэв.

 

            Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг  хүлээлгэсүгэй” гэсэн,

 

“мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн,

 

“мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ