Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0111

 

 

 

                                      

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч “Т” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/5* дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1 Нэхэмжлэгч Т” ХХК нь /хуучнаар/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар[1] Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт оршин Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор орших Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 1 га газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхтэй болж, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 215/244 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” гэрчилгээг олгожээ.[2]

2.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/5* дугаар тушаалаар “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон.

2.3. Хариуцагч маргаан бүхий актаа гаргахдаа “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг...” үндэслэсэн байна.

2.4.Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “…Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/5* дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон боловч хариуцагч захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д  “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь маргаан бүхий актыг гаргаж өгөхгүй удаа дараа шаардуулсны үндсэн дээр 2021 оны дугаар сарын 23-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “хуулбар үнэн” дардастайгаар манай компанид гаргаж өгсөн ба бид газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлийг сая олж мэдсэн болно.

3.2. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хамгаалах улсын байцаагч А.О***  гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхгүй хэмээн тэмдэглэл үйлдэн манай компаниас 13 төрлийн баримт бичгийг хураан авсны дотор манай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар хураасан.

3.3. Бидний зүгээс манай компанийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын хуулийн этгээд болох “Э” ХХК болохыг тайлбарласан боловч хүлээн аваагүй. Манай компанийн бичиг хураан авсан болох нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн захиргааны газарт хүргүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 18/19 дугаар албан бичгээс харагдана.

3.4. Манай компанийн газар ашиглах гэрчилгээг хураан авах шийдвэр болон хураан авах жагсаалт гаргасан ба шалтгаан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2 дахь заалт буюу “гадаадын харьяалалтай хүн, гадаадын ААН газар ашигласан гэх үндэслэлээр хүчингүй болгоно” хэмээн хамаг бичиг баримтуудыг хураан авч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байтлаа биднийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй байна.

3.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны “Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн” 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар “Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл  ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэсэн хэсэг нэмж, “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэсэн хэсгийг хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т  зааснаас бусад харилцааг зохицуулахад Захиргааны ерөнхий хууль нь салбар хуулиас илүү нарийвчилсан зохицуулалт, сүүлд гарсан хэм хэмжээ болж тухайн тохиолдлыг зохицуулахаар хууль тогтоогч хуульчилжээ.

Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам дүгнэлт гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан, оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн, сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ.

3.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна.

3.7. Тодруулбал манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/5* дугаар тушаалыг гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ. Оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох, сонсох ажиллагаа явуулах тайлбар нотлох баримт гаргаж өгөх зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тушаалыг манай компанид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан ч энэхүү үүргээ 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл биелүүлээгүй.

3.8. Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хамгаалах улсын байцаагч A.О болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2 дахь заалт буюу гадаадын харьяалалтай хүн, гадаадын аж ахуй нэгж газар ашигласан гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгоно хэмээн бичиг баримт хураан авч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр болжээ.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.У****гийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/5* дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү....” гэжээ.

3.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“Т” ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг 2015 оноос хойш ашиглаж байсан. Гэтэл 2019 онд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Т” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан нөхцөлийг хангахгүй гэж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчныг хамгаалах улсын байцаагч А.О*** тэмдэглэл үйлдэн баримт бичгийг хурааж авсан. Энэ талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн захиргааны газарт хүргүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 18/19 дугаар албан бичигт дурдсан байдаг. Хавсралтаар газар ашиглах эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг эх хувиар хураан авснаа тэмдэглэсэн байдаг. Уг албан бичгийн шаардлага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д заасныг “Т” ХХК зөрчсөн тул газар ашиглах эрхийг дуусгавар болго гэсэн байдаг. 2019 оноос хойш нэхэмжлэгч компани тухайн газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

3.10. Газрын төлбөрийн асуудалд нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрын нэгж талбарын төлбөрийн үнэлгээ Хууль зүйн яаманд түдгэлзсэнтэй холбогдуулан гэрээнд заасан газрын төлбөрийн нөхцөл шаардлага өөрчлөгдсөн учраас 2019 онд гэрээгээ шинэчлэх хүсэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тавьсан.

3.11. Гэвч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан нөхцөлийг хангаагүй учраас танай газар ашиглах эрх хүчингүй болж байгаа гээд манай хүсэлтийг хүлээж аваагүй. “Т” ХХК нь Монгол улсад бүртгэлтэй Монгол улсын хуулийн этгээд. Толгой компани ч Монгол улсад бүртгэлтэй, Монгол улсын хуулийн этгээд. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 18/19 дугаар албан бичгийг үндэслэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж зааснаар газрын эрхийг дуусгавар болгож байгаагүй нь хууль тогтоомжийн мэдлэгтэй учраас доод шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлээгүй гэдэг нь харагддаг. Энэ байдал даамжирсаар маргаан бүхий акт гарсан.

3.12. Манайх гадаадын хуулийн этгээд гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож байна гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу цуцалсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам доод шатны байгууллагын бичгийг үндэслэх нь үндэслэлгүй, тооцоо судалгаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчим зөрчигдсөн. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэгчийг 2019 оноос хойш газар ашиглах боломж нөхцөлөөр хангаагүй хэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хугацаанд бүхий л нөхцөл шаардлагыг хангаж ажиллаж ирсэн. Байгаль орчны менежментийн нарийвчилсан үнэлгээний тайлан, эргэлтийн цэг, газрын төлбөр төлөх зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Хариуцагчийн зүгээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэдэг. Уг зөрчил нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-г үндэслэсэн талаар зөрчлийн тэмдэглэлд дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн захиргааны акт бодит нөхцөлд нийцээгүй гэж үзэж байгаа.

3.13. Сонсох ажиллагааг 2020 оны 11 дүгээр сард хийсэн гэж тайлбарладаг ч тухайн үед Монгол улсад ковидын нөхцөл байдал гарч бүх нийтээр хатуу хөл хорио тогтоосон байсан учраас сонсох ажиллагаа хийгээгүй. Газар ашиглах эрх дуусгавар болгох, хүчингүй болгох шийдвэрийг нийтээр хөл хорио тогтоосон үед гаргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмыг хангаж ажиллаагүй. Тиймээс уг захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүхий шаардлага гарч ирж байна...” гэв.

3.14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно.

3.15. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасны дагуу 3 сарын дотор гэрээ байгуулах ёстой.

3.16. Нэхэмжлэгч компаниуд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2015/253 дугаар гурвалсан гэрээг байгуулсан. Тухайн компани гурвалсан гэрээг байгуулснаар тухайн газрын төлбөрийг улирал, жилд тогтоосон хэмжээгээр төлж, газрыг зориулалтын дагуу ашиглах үүрэг хүлээдэг.

3.17. Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээ авснаас хойш Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зааснаар ашиглаагүй байна. 2015 оны 10 дугаар сард гэрээ байгуулснаас хойш хугацаа тоологдож эхэлнэ. 2015 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй.

3.18. Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг “гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй....” гэдгийг “газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

3.19. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчныг хамгаалах улсын байцаагч А.О нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анх “Т” ХХК-ийн нөхцөл байдлыг олж мэдэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг үндэслэн “Т” ХХК-ийн баримт бичгийг хураан авсан гэдэг. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш хугацаа тоологдвол 4 жилийн дараа уг нөхцөл байдлыг тогтоосон. Уг 4 жилийн хугацаанд тухайн компани үйл ажиллагаа явуулах, газрын төлбөр төлж газраа зориулалтын дагуу ашиглах боломж нь нээлттэй байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” зааснаар газрын төлбөрөө төлөөгүй. Тухайн тушаалд дурдагдсан үндэслэлүүдээс Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 2731 тоот албан бичгийн хавсралтын 22-т “Т” ХХК, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-3/5988 тоот албан бичгийн 623-д “Т” ХХК, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 дугаартай албан бичгийн хавсралтын 59-д “Т” ХХК-ийн нэр бичигдсэн байдаг. Эдгээр үйл баримтуудаар нэхэмжлэгч компанийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэдэг нь нотлогдоно.

3.20. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан сонсох ажиллагаа явуулсан талаарх Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хавтаст хэрэгт хавсаргасан. Уг албан бичигт хэдний өдөр хэрхэн яаж хүргүүлэх талаар тодорхой дурдсан. Төрийн байгууллагын түргэн шуурхай, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсан.

3.21. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 18/19 дугаар албан бичигт “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасны дагуу тухайн компанийн баримт бичгийг авч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.

3.22. “Т” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг компани нь “Э” ХХК. “Э” ХХК-ийн захирал нь “Т” ХХК-ийн захирал. “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гадаадын хөрөнгө оруулалттай компани, компанийн дүрэмд гадаадын хөрөнгө оруулалтай компани, хувьцааг “Э” ХХК эзэмшихээр заасан. Үүнийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч А.О*** мэдсэнээр тухайн компанийн бичиг баримтыг хурааж авсан. 2015 онд гурвалсан гэрээ байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Тухайн компанийн бичиг баримтыг хурааж авсан нь хууль зөрчөөгүй. 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй, маргаан бүхий тушаал гарахаас өмнө тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх албан ёсны хаягаар “М” ТӨХК-иар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраар аж ахуйн нэгжид тодорхой, нөхцөл болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулжээ.

4.3. Харин Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ 3 дахь хэсэгт Газрын төлбөр төлөгч нь ...гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж тус тус зохицуулсан, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг тодорхой заажээ.

4.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015/253 тоот гэрээг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээг тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталж, баталгаажуулсан.[3]

4.4. Уг гэрээний 4 дүгээр зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг тухайлан тусгасан байх бөгөөд тус гэрээний 1-т “...“Т” ХХК нь тухайн газар дээр зориулалтын дагуу ... тогтоосон хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ашиглана.”, 2-т “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, ...”, 5 дугаар зүйлийн 4-т “Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцална.” гэж тус тус заажээ.

4.5. Гэрээний дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газар ашиглагч “Т” ХХК-д  газраа зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг бий болсон байх бол хариуцагч Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн тохиолдолд түүний газар ашиглах эрхийг цуцлах зохицуулахаар байна.

4.6. Шүүхээс маргаан бүхий газарт газрын үзлэг хийхэд нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээ байгуулсан цагаас хойш 2 жил дараалан газраа зориулалтаар ашиглаагүй байсан болох нь үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогдсон.[4]

4.7. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16/2237 дугаар албан бичгээр “Т” ХХК-ийг  2015-2018 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн[5] болохыг харин 2019, 2020 онуудын газрын төлбөрийг төлөөгүй болохыг мөн албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 дугаар албан бичгээр[6] нотлогдож байна.

4.8. Нэхэмжлэгчээс 2019, 2020 оны газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар “ ...орц гарц хааж газар олгосон...2019 оны 10 сард  газрын гэрчилгээ, хавсралтын хамт, улсын бүртгэлийн гэрчилгээг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчныг хамгаалах улсын байцаагч А.О*** хураан авсан үйлдэлтэй холбон тайлбарласан.

4.9. Харин 2015 оны 10 сараас 2019 оны 10 сар хүртэлх хугацааны туршид газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  үндэслэл бүхий тайлбарыг огт өгч байгаагүй болно.

4.10. Шүүхээс шийдвэрийн 4.8.-д дурдсан маргааны үйл баримттай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулахад 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчныг хамгаалах улсын байцаагч А.О-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” заасныг зөрчсөн гэж үзэн  Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай тэмдэглэл үйлдэж “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох баримтыг хамт хураан авсан[7]

4.10. Улмаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Т” ХХК-ийг газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн захиргааны газарт 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 18/19 дугаар албан бичгээр хүргүүлсэн байсан.[8]

4.11. Энэ тухайгаа 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2000 дугаар албан бичгээр “Т” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн[9] үйл баримт байдаг.

4.12. Харин хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тусгайлан арга хэмжээ авч ажиллаагүй, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс ч Тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах явцдаа тодруулаагүй[10].

4.13. Гэвч бодит байдалд Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” тайлбарт дурдсан гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаан бий болоогүй.

4.14. Нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 1 га газарт аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгосон хариуцагчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаал болон 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015/253 тоот гэрээний хугацаа дуусаагүй.

4.15. Мөн хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр” газар ашиглах эрх дуусгавар болгох”, “газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захиргааны актыг гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч “Т” ХХК-д өмнө олгосон “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/244 тоот гэрчилгээ хүчингүй болгоогүй тул тус компани хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байсан.

4.16. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс “...орц гарц хааж газар олгосон, 2017 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд, 2019 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт гаргасан “хүсэлт”[11] зэрэг үйл баримттай холбогдуулан өөрөөс шалтгаалах ямар арга хэмжээ авч байсан талаарх баримтууд гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг зааж өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-т зааснаар шүүхийн буруутгах үндэслэл болохгүй юм.

4.17. Иймд төрийн хяналт хамгаалалтад байх тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх үүссэн бол тухайн газар ашиглагч газрыг зориулалтаар нь ашиглахаас гадна тогтоосон журмын дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн тохиолдолд “Т” ХХК-ийн газар ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалагдахаар байтал нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,” 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан газар ашиглах эрхийг нь цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна.

4.18. Шүүхээс нотлох баримтаар нэхэмжлэгч “Т” ХХК болон эцсийн өмчлөгч болох “Э” ХХК[12] /Гадаадын хөрөнгө оруулалттай/-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон хуулийн этгээдийн хувийн хэргийг хавтас хэрэгт хавсарган авсан[13] хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянасан тул маргаан үйл баримтад дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т заасан үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй.

4.19. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх; 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”-ээр зохицуулжээ.

4.20. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 09/8025 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Т” ХХК-д оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч уг мэдэгдлийг тус компанид гардуулсан, хүлээлгэж өгсөн талаар хангалттай нотлогдохгүй байх тул шүүх гагцхүү энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй юм.

4.21. Эцэст дээр дурдсан дүгнэлтийг нэгтгэвэл  “Т” ХХК-ийг газар ашиглагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газрын төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нотлогдсон гэж үзэн  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзлээ.

4.22. Иймд нэхэмжлэгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/5* дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “Т” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/5* дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 58-60 хуудас

[2] Хавтас хэргийн 7 хуудас

[3] Хавтаст хэргийн 186  хуудас

[4] Хавтаст хэргийн 102-106 хуудас

[5] Хавтас хэргийн 115 хуудас

[6] Хавтас хэргийн 54-56 хуудас

[7] Хавтас хэргийн 134-135 хуудас

[8] Хавтас хэргийн 133 хуудас

[9] Хавтас хэргийн 94 хуудас

[10] Хавтас хэргийн 50-53 хуудас

[11] Хавтас хэргийн 118-119 хуудас

[12] Бор хавтастай нотлох баримтын 128-129, 136 хуудас

[13] Хавтас хэргийн 136-138 хуудас