Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0530

 

 

 

 

 

 

 

 

Ш.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч

Нэхэмжлэгч: Ш.А

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1631 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0376 дугаартай шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ш.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б болон түүний өмгөөлөгч Э.А, Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Г.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2025/0174/З

ТОДОРХОЙЛОХ нь:     

1. Нэхэмжлэгч Ш.А-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1631 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эргүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0376 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.4.5, 81.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Аын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1631 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эргүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ш.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. … Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үндэслэл нь: Шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсгийн 9-рт “...Төрийн албаны тухай хуулийн 48-р зүйлийн 48.3-т “Энэ хуулийн 48.1-т заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасан тул тухайн тохиолдолд шүүхээс эрх бүхий албан тушаалтны оногдуулсан сахилгын шийтгэлийг хүндэдсэн гэж дүгнэх эрхгүй болно...” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл шүүх Ш.Аын гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулсан эсэхэд дүгнэлт хийхгүй гэх утгатай шийдвэр гаргасан.

3.2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд албанаас хална”, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж зааснаар төрийн тусгай буюу жинхэнэ албан хаагч албаны эрх мэдлээ хэтрүүлж, өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

Хуулийн дээрх заалтаас харахад Ш.Аын гаргасан зөрчил нь Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд албан эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл тохирох эсэхийг шийдвэр гаргах эрх бүхий субъектүүд бүгд дүгнэлт хийх бүрэн боломжтой. Үүнд шүүх ч бас хамаарна. Шүүх зөвхөн ноцтой зөрчил мөн биш эсэхэд дүгнэлт хийх бус бусад зөрчилд ч бас дүгнэлт хийх эрхтэй.

3.3. ҮНДЭСЛЭХ хэсгийн 10-рт “... Төрийн албаны тухай хуулийн 49-р зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэх заалт нь тухайн тохиолдолд хэрэглэгдэхгүй харин төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас халах тохиолдолд болон төрийн албан хаагчид хуулиар олгосон баталгаа хангагдаагүй тохиолдолд хэрэглэгдэхээр байна. Гэтэл Ш.А нь төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч мөн, нөгөөтээгүүр төрийн албан хаагчийн хуулиар олгосон баталгааг хангагдах эрхтэй байна.

Хэдийгээр хариуцагч байгууллагын зүгээс Ш.Ат ногдуулсан сахилгын шийтгэл нь төрийн албанаас бүр мөсөн халах шийдвэр гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн хувьд энэхүү сахилгын шийтгэлийн ногдуулснаар хуульд заасан цагдаагийн албан хаагчийн эдлэх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Цагдаагийн албанаас бүр мөсөн халж байгаа шийдвэртэй нэгэн адил учир нь Ш.А 1 жилийн дараа эргэж цагдаагийн албанд орох үед түүний нас цагдаагийн албанд орох насны дээд хязгаарт хүрсэн байх тул дахиж албанд орох боломжгүй болно. Шүүхээс тус шийдвэрийг гаргахдаа нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

3.4. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гэрчээр О.С, Г.М нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж албаны шалгалтын үеэр тэдгээр гэрчийн өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Гэтэл бодит байдалд О.С нь Ш.Атай ээлжээ солихоор амаар гуйсан хүсэлтийг үндэслэж Ш.А ээлжийг сольсон өөрөөр хэлбэл түүний өгсөн мэдүүлгээс бодит нөхцөл байдал зөрж байгаа.

Мөн 08 дугаар сарын 04-ний өдөр Ж.Э Ш.Аыг ажилдаа ирэхгүй болохоор нь өөрөө дур мэдэн Г.Манлайбаатарыг ажиллуулсан. Улираан ажиллуулсан нь Ш.Аын гаргасан зөрчилтэй шууд хамааралгүй бөгөөд өөр албан хаагчийг томилон ажиллуулж болох байсан.

3.5. Анхан шатны шүүх Ш.Аыг 5 өдөр ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Ш.Аын хувьд 08 дугаар сарын 04-ний өдөр ээлжид гарах хуваарьтай байсан ч ажилдаа ирж чадаагүй нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрсөн. Албан хаагчдын ээлжид гарах Урьдчилсан хуваарийн дагуу Ш.А 08 дугаар сарын 05, 07-ны өдөр ээлжинд гарах хувиар байхгүй. Харин 08 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа ирсэн боловч О.С-ын ээлжээ солих хүсэлт гаргасны дагуу ээлжээ сольж 09-ний өдөр ээлжид гарсан. Иймд Ш.А нь 5 өдөр зөрчил гаргасанд тооцогдохгүй.

Шүүх баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт хэд хэдэн удаагийн жижүүрт гарах албан хаагчдын томилгоо, албан хаагчдын ээлжийн хуваарьтай холбоотой баримт байгаа. Гэтэл Ш.А намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед дээрх баримтууд огт байгаагүй, ээлжийн хувиар танилцуулж байгаагүй.

3.6. Цагдаагийн ерөнхий газраас тухайн зөрчилтэй холбогдуулан 2 удаа сонсох ажиллагаа явуулсан бөгөөд сонсох ажиллагаа явуулсан талаарх баримтуудыг хэрэгт бүрэн хавсаргаагүй байсан. Шүүх хуралдаан орох өдөр би өөр газарт ажилтай байсан тул хуралд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулсан. Дээрх баримтууд дутуу, ээлжийн хуваарь танилцуулаагүй талаар манай итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлэлгүй орхигдуулсан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийн материалтай танилцахад миний урьд өмнө огт харж байгаагүй баримтууд хэрэгт цугларсан болохыг мэдсэн.

Мөн Ш.А намайг 08-ны өдөр ажилдаа ирсэн болохыг дурдсан мэдүүлэг, үүргээ гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт байгаа ч тус баримтуудыг шүүх шийдвэртээ дурдаагүй, баримтын хэмжээнд үнэлээгүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Ш.Ааас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1631 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эргүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2.2. Маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1631 дугаар тушаалаар “...Ш-ын А нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл удирдлагын зохих шийдвэр, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж...” ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-т зааснаар цагдаагийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хошууч цолыг хурааж шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...сахилгын шийтгэл нь ажил тасалсан гэх зөрчлийн шинж, давтамж, учирсан хохирол, гэм буруугийн хэм хэмжээнд тохироогүй, ...81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлээс сонгох боломжтой байсан, гэтэл сахилгын зөрчил гаргасан байдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албаны шалгалт явуулж үндэслэл бүхий баримт нотломжоор тогтоосон байна гэж заасныг зөрчиж, 4 хоног ажил тасалсан гэдгийг тогтоогоогүй, ажил амралтыг тооцолгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан, ...Цэргийн байнгын тэтгэвэрт гарахад 10 сар дутуу байхад ажлаас халагдаж байгаа бөгөөд тэтгэвэрт гарах эрх үүсэхгүй, 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгодог урамшуулал тасалдах нөхцөл үүссэн” гэж,

хариуцагчаас “...2024 оны 08 сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд хуваарьт томилгоонд ээлжит үүргээ гүйцэтгээгүй, согтууруулах ундааг хэрэглэж, ажил тасалсан гэж албаны шалгалт явуулж, тус шалгалтын хүрээнд ажил тасалсан нь тогтоогдсон тул Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.7 буюу ажлын цагаар согтууруулах ундааг хэтрүүлэхгүйгээр 2.5.5 буюу цагдаагийн алба хаагч нь удирдлагын зохих шийдвэр, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслахыг хориглосон ёс зүйн дүрмийн заалтыг үндэслэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5-т заасныг баримтлан 1 жил цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуульд зааснаар гаргасан зөрчлийнх нь шинж байдалд нь тохирсон” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

3. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.2-т “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”, 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.4.7-д “Ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэхгүй байх”, 2.5.5-д “Цагдаагийн алба хаагч нь удирдлагын зохих шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслахыг хориглох” гэж тус тус заажээ.

4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, цагдаагийн хошууч Ш.А нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгааны улмаас 2024 оны 08 дугаар 04-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Шугаман эргүүл-Хар хэсэг арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэх томилгоотой, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Л сумын Замын цагдаагийн хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх томилгоотой байсан боловч удирдлагын зөвшөөрөл авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан болох нь цагдаагийн хэлтсийн Ёс журам сахиулах эргүүлийн тэмдэглэл, хоногийн мэдээ, иргэд, албан хаагч нараас асууж авсан тайлбар, албаны шалгалтын хүрээнд шалгах ажиллагаа явуулж авагдсан баримт, албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...ажил үүргийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалан бусад алба хаагчдын хөдөлмөрлөх эрх буюу ажлын ачаалалд тэнцвэргүй байдал бий болж, ажил, амралтын зохисгүй харьцаа үүссэн үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн нөхцөл байдал албаны шалгалтаар тогтоогдож байгаа нь тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн болон сахилгын зөрчилд тооцогдоно, ...цагдаагийн албан хаагчийн аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн болон сахилгын дүрэмд захирагдахаас гадна энэ нь зөвхөн ажлын цагт хамаарахаар ойлголт гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасан төдийгүй түүнд ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гэм буруу, зөрчлийн шинж байдалд тохирсон байх тул шийтгэлийг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий энэхүү тохиолдолд, нэхэмжлэгчийг цагдаагийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хошууч цолыг хурааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т тус тус заасан захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх сонгох боломжийг хариуцагч эрх хэмжээнийхээ хүрээнд, хуульд заасан шаардлагад үндэслэн, зорилгодоо нийцүүлэн хэрэглэсэн гэж үзэхээр байна.

6. Түүнчлэн, Захиргааны байгууллага нь акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу албаны шалгалт явуулж, зөрчлийг шалган тогтоосон нь хуульд нийцсэн байх төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “...бодит байдалд О.С нь Ш.А-тай ээлжээ солихоор амаар гуйсан хүсэлтийг үндэслэж Ш.А ээлжийг сольсон, мөн 08 дугаар сарын 04-ний өдөр Ж.Э Ш.Аыг ажилдаа ирэхгүй болохоор нь өөрөө дур мэдэн Г.М-ыг улираан ажиллуулсан нь Ш.Аын гаргасан зөрчилтэй шууд хамааралгүй бөгөөд өөр албан хаагчийг томилон ажиллуулж болох байсан...” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

7. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

       ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

        ШҮҮГЧ                                                      А.САРАНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН