Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

         Улсын яллагч Л.Энхтайван

         Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдийн Энхээд холбогдох эрүүгийн  201618000258 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

          Монгол улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 14-нд Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны төвийн 108 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Чимэдийн Энхээ РД/ТЯ: 56101415/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч  Ч.Энхээ нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Их алт” гэх газарт 6060 УН улсын дугаартай эксковаторыг түр зогсоон түлш авах үедээ, хөдөлгүүрээ унтраалгүй анхаарал алдан эксковаторын шанаганы удирдлагыг гараараа хөдөлгөж уг шанагаар Б.Ганзоригийг цохин Портер машинд хавсарч хавчсаны улмаас биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Ч.Энхээгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би арваад жил уулзаагүй найзыгаа машинтай явж байхыг нь гэнэт хараад эксковаторынхаа кабинаас орилж дуудсан. Тэгээд найзыгаа хүрээд ирэхээр нь наашаа ороод ир гээд эксковаторынхаа кабинд оруулж ирээд мэнд мэдэж байтал ийм зүйл болсон. Энэ үйлдэл миний буруутай үйл ажиллагаанаас болсон. Маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү...”. гэх мэдүүлэг.

          Хохирогч Б.Ганзоригийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эксковаторын түлшийг хийх гэж байсан чинь эксковаторын оператор Энхээ бүхээг дотроо нэг хүн оруулчихсан юм яриад байх шиг харагдсан. Ингээд би машины хажууд сууж байсан чинь гэнэт эксковаторын шанага буюу сум хөдлөөд намайг цохиод Портер машинтай хавчаад хавсраад байсан. Тэр үед Энхээ ах гэнэт намайг хараад эксковаторын шанагаа буцаасан. Тэгтэл би газар унасан.....нэг мэдсэн хагалгаанд орчихсон байсан. Шанагыг эксковатор жолоодож явсан Энхээ хөдөлгөсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн техникийг аюулгүй болгож унтраасан асуудал байхгүй. Асаалттай чигээр нь түлшээ хийгээд, мөн бүхээг дотроо хүн оруулчихаад хоорондоо юм яриад байсан....Эмчилгээний мөнгөө авсан тул ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/

          Гэрч П.Хүрэлбаатарын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......Би 2015 оны 08 дугаар сард Ерөө сумын Бугант тосгоны “Ходоод Баян хангай” нөхөрлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй баг болж би тэд нартай “Их алт” гэдэг газар албан ёсны байгалийн нөхөн сэргээх зорилгоор ажилласан. Ингээд байж байсан чинь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт байдаг хэдэн залуучууд миний нөхөн сэргээлт хийж байсан талбай дээр ирээд буучихсан байсан. Тэгээд би тухайн үед юун хүмүүс ирээд буусан талаар асуухад Дархан-Уул аймгаас яваа юм тавуулаа хүний газар дээр тохироод хэдэн төгрөг олох санаатай явж байна гэж надад хэлсэн. Тэр үед би энэ газар нөхөн сэргээлт хийхээр авсан газар байгаа юм гэж хэлсэн чинь Мөнхөө гэдэг залуу нь бид нар хувиараа жоохон алт олборлох санаатай явж байна танай газар дээр буучих уу гэхээр нь тийм юм байхгүй яв гэж хэлсэн. Ингээд манай газарт 4-5 хоноод явахгүй байж байхдаа Дархан-Уул аймгаас өөрийн эксковатортаа портер машинаар түлш зөөж авч ирээд шороон зам дээр зогсож хийж байхдаа түлш зөөсөн Портер машины жолоочийг эксковаторын оператор нь шанагаараа цохиж гэмтэл учруулсан байсан. Энэ үед би байгаагүй тухайн хүмүүс нь миний нөхөрлөлийн хүмүүс биш. Манай нөхөрлөл тусдаа үйл ажиллагаа явуулж байсан улсууд байгаа юм.....” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/

          Гэрч Х.Батдагуулын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......Би 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Их алт”  гэдэг газар буюу Цонхлонгийн давааны доод хэсэгт Энхээ өөрийн барьж явсан эксковаторт түлш хийхээр цэнхэр өнгийн Портер машинтай хүн ирсэн. Ингээд нөгөө Портер машинаас эксковаторт түлш хийх гээд байж байсан чинь замаар нэг жийп машин өнгөрч харагдсан, тэр машины жолоочийг Энхээ ах дуудсан чинь нөгөө машинтай хүн зогсоод Энхээ ахтай юм яриад эксковаторын бүхээг дотор яваад орсон. Ингээд хэсэг хугацааны дараа бид нар хараад байж байхад гэнэт эксковаторын шанага нь хөдлөөд цэнхэр өнгийн Портер машины жолоочийг цохиод нөгөө цэнхэр өнгийн Портер машины шил хагарч жолоочийн зүүн талын урд талын хэсэгт Портерийн жолооч нь хавчигдаад бид нар орилсон чинь эксковаторын бүхээг дотроос Энхээ ахтай уулзаж байсан хүн үсрээд буусан. Энхээ ах эксковаторын сумыг Портероос холдуулах тэр агшинд Портерийн жолооч газар унасан. Тухайн үед Портер, эксковаторын хажууд Чулуунбаяр бид хоёр түлшийг нь эксковаторт хамжиж хийгээд хажууд нь зогсож байсан.......” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дугаар тал/

          Гэрч М.Чулуунбаярын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......Би 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед “Их алт” гэх газарт хувиараа алт ухах гээд очоод байж байсан чинь нэг эксковаторын түлш дууссан Бугант сумаас Цонхлонгийн давааны доор шороон зам дээр зогссон байсан юм. Ингээд би Батдагуул, найз Ганзориг нартай түлш хийхээр Портер машинтай очоод түлш хийж дуусчихаад би байрлаж байсан газар руу цай уухаар явж байсан чинь ард гэнэт тас гээд дуу гарсан, би эргээд харсан чинь Энхээ ах эксковаторын шанага хөдөлгөөд Ганзоригийг цэнхэр өнгийн машины жолооч талын хэсэгтэй хамаад цохиж байх нь харагдсан би буцаж гүйгээд орилох үед эксковаторын бүхээг дотор хоёр хүн харагдсан миний харж байхад бол Энхээ ах, нэг хүнтэй цуг байсан. Тэгээд би орилоод зогсоосон, энэ үед би Ганзоригийг харсан чинь газар унах үед гүйж очоод тэвэрч аваад харах үед зүүн гарнаас цус гарч харагдсан. Энхээ ах бууж ирээд гарыг нь боосон би тухайн үед Энхээ ахад эксковаторыг унтраахгүй яасан юм бэ гэсэн чинь Энхээ ах ямар нэгэн үг яриа хэлээгүй, тэгээд Энхээ ахтай бүхээг дотор юм ярьж байсан Баянмөнх гэдэг хүнтэй хамт Ганзоригийг эмнэлэг рүү машинтай явуулсан. Тэгээд цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар тал/         

          Гэрч С.Энхбаярын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......Миний бие Ерөө сумын Бугант тосгонд алт ухаж хэдэн төгрөг олох бодолтой хэдэн найз нөхөдтэйгөө хамт буюу Ганзоригтой явсан юм. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баярсайхан гэдэг залуугийн хувийн эксковаторыг сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр тохироод явсан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баярсайханы эксковатор Бугант тосгоны Их алт гэх газарт ирсэн түлш дуусчихлаа гэж операторчин Энхээ гэдэг хүн хэлсэн. Ингээд манай найз Ганзориг өөрийн цэнхэр өнгийн Портер машинтай түлш хүргэж өгөөд буцаад явах гэж байхад Энхээ гэдэг эксковаторын операторчин өөрийн хариуцлагагүй байдлаас болж найзыг минь гэмтээчихсэн юм. Миний хувьд энэ байдлыг сонсоод шууд яаралтай эмнэлэгийн байгууллагад хүргэж өгч эмчилгээ хийлгэж найзыгаа босгож авлаа. Өөр надад хэлэх зүйл алгаа болсон асуудлын талаар бол би мэдэхгүй.......” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар тал/

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 дугаар тал/

Эксковаторын бүхээгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр тал/

“Ашид билгүүн” ХХК-ний “Автомашин техникийн үнэлгээ”-ний тайлан /хх-ийн 25 дугаар тал/

“Ходоод Баянхангай” нөхөрлөлийн нөхөн сэргээх төлөвлөгөө /хх-ийн 27-65 дугаар тал/

Шүүх эмнэлэгийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн №370 дугаартай “....1.Б.Ганзоригийн биед элэг, дэлүү няцарсан, ходоодны ханын язрал, нойр булчирхайн хальсан доорх цус хуралт, зүүн далны хугарал, зүүн эгэмний орчим зулгаралт, зүүн шуу, сарвуунд язарсан шархтай зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна.......” гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр тал/

Хохирогчийн хийлгэсэн эмчилгээний талаарх баримтын хуулбарууд /хх-ийн 81-132 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №18-06-018/33 дугаартай “.....1.Ч.Энхээ нь эксковаторын хүн оруулж норм хэтрүүлсэн, эксковаторынхоо моторыг асаалттай зогсолт хийсэн, удирдлагаа салгаагүй байсан зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Ганзориг нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа осолдсон тул Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтад заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэлтэй байна......” гэх дүгнэлт /хх-ийн 137 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Энхээг 2016 оны 09 дүгээр сарын 14-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 151-153 дугаар тал/, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 156-158 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Энхээгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 186 дугаар тал/

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын дэтрийн хуулбар /хх-ийн 167-169 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 170 дугаар тал/ зэрэг болно.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон

  оногдуулах ял шийтгэлийн талаар

 

           Шүүгдэгч  Ч.Энхээ нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Их алт” гэх газарт 6060 УН улсын дугаартай эксковаторыг жолоодож яваад түр зогсоон түлш авах үедээ, хөдөлгүүрээ унтраалгүй анхаарал алдан эксковаторын шанаганы удирдлагыг гараараа хөдөлгөж уг шанагаар Б.Ганзоригийг цохин Портер машинд хавсарч хавчсаны улмаас биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

           Үүнд; Хохирогч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх67-68/, гэрч П.Хүрэлбаатарын /хх 69-70/, Х.Батдагуулын /хх-70-71/, М.Чулуунбаярын /хх72-73/,  С.Энхбаярын /хх78-79/ мэдүүлгүүд, шинжээч эмчийн 370 тоот дүгнэлт /хх78-79/, Техникийн шинжээчийн 18-06-018/33 тоот дүгнэлт /хх137/ болон  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 дугаар тал/, эксковаторын бүхээгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр тал/, “Ашид билгүүн” ХХК-ний “Автомашин техникийн үнэлгээ”-ний тайлан /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг болно.

           Тухайн хэрэг болох байсан үед цуг байсан гэрчүүд болон энэхүү хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил мэргэжлийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Хохирогч Б.Ганзоригийн биед хүнд гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэмтлийн зэрэг дээр маргаангүй байна.

           Шүүгдэгч Ч.Энхээд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1-д зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулж буй хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.

           Хохирогч Б.Ганзоригийн хохирол төлбөр төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хавтаст хэрэгтэй танилцах үед гаргасан хүсэлтэнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

         Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297 -р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Чимэдийн Энхээг мөн хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-д заасан Бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чимэдийн Энхээд 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ял шийтгэсүгэй.  .  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Энхээд оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Шүүгдэгч Ч.Энхээ энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ч.Энхээд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Энхээгийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндсэлэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

8.Шүүгдэгч Ч.Энхээд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ