Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

2023        07          03                                       2023/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б.А холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны 0... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн .....суманд төрсөн, ....настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Өмнөговь сумын дэд станцийн ээлжийн монтер, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .... сумын ... дугаар ..... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ... овогт Б. А /РД:......./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .... сумын ...дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цахилгааны дэд станцын байранд 2023 оны 5 дугаар сарын 12-ны орой хохирогч Ц.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарын ядам хурууг хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .... сумын ......дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цахилгааны дэд станцын байранд 2023 оны 5 дугаар сарын 12-ны орой хохирогч Ц.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарын ядам хурууг хутгалсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмлэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай ....... сумын дэд станцад 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манай ажил дээр аймгийн төвөөс шалгалтын баг ирээд манай ажилчдаас шалгалт авсан юм. Тухайн өдөр шалгалтад 5 хүн орж шалгалт өгснөөс А гэх залуу шалгалтад уначихсан юм. Тэгээд шалгалт орой 17 цагийн үед дуусаад шалгалтын багийн хүмүүс яваад өгсөн ба бид нар ард нь үлдээд шалгалтын багийн хүмүүст Домч бор нэртэй архи задлах гэсэн боловч тэр хүмүүс уугаагүй тэгэхээр нь бид нар ард нь үлдээд нөгөө архи хувааж уусан. Архиа уухдаа манай ажлын гал тогооны өрөөн ширээн дээр суугаад 750 граммын 1 шил архи, 2,5 литрийн 1 сав пиво хувааж уусан. Тэгээд архи ууж байтал гэнэт А юм ярьж байгаад Б хандаж чи намайг шалгалтад унагаачихлаа шалгалтад дээр зааж өгсөнгүй гээд уурлаад эхлэхээр нь би А хандаж чи одоо боль өнгөрсөн жил бас ийм зүйл болсон биз дээ гэхэд А надруу дайрч чи надад шалгалтад дээр зааж өгсөнгүй гээд санаандгүй байтал гараараа миний хамар дээр нэг удаа цохиод авсан тэгээд би босоод А бид хоёр барьцалдаж аваад нэг нэгээ хальт нэг нэг удаа толгой хэсэг рүүгээ цохилцоод бид хоёр дундуур Б ах орж салгаад би салаад гал тогооноос гарч гадаа нооль руу ороод 5-10 минутын дараа тайвширчихаад ажлын байрлуу гадна хаалгаар яг ортол урдаас А хонгилын хэсэгт надруу хар өнгийн иштэй төмөр хутга баруун гартаа бариад далайгаад над руу шууд ална гэж хэлээд дайрсан тэгэхээр нь би хутганаас бултах хооронд миний баруун гарын ядам хурууг хутганы үзүүр зүсээд өнгөрсөн тэгэхээр нь би самбайчлаад хутгатай баруун гарныхан бугуйнаас баруун аваад ноцолдож байх хооронд Б ах А араас цамцныхаа захаас татаад боосон тэгээд арай хийж А гараас хутгыг салгах явцад хутганы арын бариул эвдэрч 2 тийш салбарсан байсан ба А ухааныг балартуулж байж арай хийж хутгыг салгасан юм. Тэгээд бид нарыг ноцолдож байх хооронд Д манай эхнэр, төрсөн ах хоёр луу утсаар ярьсан байсан ба тэр хоёр хүрээд ирсэн. Тухайн үед миний баруун гарын ядам хуруун өндөг хэсэг зүсэгдэж сумын эмнэлэгт 3 оёдол тавиулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), 

Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би .... сумын эрүүл мэндийн төвд мэс заслын сувилагч ажилтай мэргэжпээрээ 13 жил ажиллаж байна. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчим байх гэртээ байтал манай сумын Б гээд цахилгаанчин залуугийн эхнэр Э над руу утсаар яриад Б гарандаа шарх авчихсан цус нь гараад тогтдоггүй эмнэлэг дээр ирээд боолт хийгээд өгөөч гэхээр нь би эмнэлэг дээр ирсэн. Тэгээд Б үзэхэд Б баруун гарны ядам хурууны өндөг хэсгээрээ нэлээн гүн зүсэгдсэн шархтай байсныг цэвэрлэж 3 оёдол тавьсан юм. Тухайн үед Б надад хутганы шарх гэж хэлсэн ба өөр зүйл хэлээгүй. Тэгээд маргааш нь боолт хийхдээ Б асуухад ажил дээрээ А гэх залуугаар хутгалуулаад гар нь зүсэгдэж гэмтсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), 

Гэрч О.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр ажил дээр аймгаас шалгалтын хүмүүс ирсэн гээд өглөө 08 цагийн орчим яваад өгсөн тэгээд би гэртээ байж байтал орой 20 цагийн орчим байх манай нөхөртэй хамт ажилладаг Д гээд эгч надруу утсаар ярьсан ба надад хэлэхдээ Б А хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байна гэж хэлсэн тэгж байтал манай нөхрийн төрсөн ах Ц ах манай гадна мотоциклтой ирээд намайг аваад явсан бид хоёр манай нөхрийн ажил дээр 21 цагийн орчим очсон. Намайг очиход манай нөхөр Б түүнтэй хамт ажилладаг А, Б, Д, М нар ажлынхаа гадна байсан тэгээд юу болсныг асуухад манай нөхөр хэлэхдээ ажил дээр шалгалт ирээд шалгалтын хүмүүс явсны дараа Б, М, Ал бид нар 1 шил архи хувааж уугаад сууж байтал А шалгалтад уначихаад бид нарыг шалгалт дээр тусалсангүй гээд хэрүүл маргаан үүсгээд намайг ширээний нөгөө талд сууж байхад гараараа нүүрлүү нь нэг удаа цохиод тэгээд барьцалдаад тэгтэл Б ах салгаад би гараад нооль орчихоод хариу ажлын байр луу оронгуут урдаас нь хутга барьж дайраад миний баруун гарны ядам хурууг зүссэн тэгээд хутгатай ноцолдож байхад Б ах надаас салгаж авсан гэж хэлсэн. Мөн нөхрийнхөө ажпын гадна очиход А ажлынхаа хүмүүс рүү та нарыг ална гээд орилж хашхираад байсан тэгэхээр нь би А Ц ахад суулгаад өгөөд явуулсан тэгээд нөхөр бид хоёр сумын төв дээр очоод нөгөө хуруунаас нь цус гараад болохгүй болохбор сумын эрүүл мэндийн төв дээр очиж ээлжийн сувилагч Н оёдол тавиулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн төвөөс манай байгууллага дээр шалгалт авахаар хүмүүс ирсэн тэгээд манай станцад ажилладаг ахлах инженер М, монтер Б, Б, А бид 5 шалгалт өгсөн бөгөөд тэр шалгалтад А тэнцээгүй харин бид дөрөв тэнцсэн юм. Тэгээд шалгалтын хүмүүс 17 цаг өнгөрөөд Өлгий сумруу явсан бөгөөд бид нар үлдээд тэр өдөр би жижүүртэй байсан учир ажпын байр нь дээрээ байтал А, Б, Б, М нар аймгаас ирсэн хүмүүст өгөх 1 шил 750 граммын архийг манай гал тогоонд хувааж уусан. Тухайн архийг аймгаас ирсэн хүмүүст задлах гэсэн боловч уугаагүй юм. Тэгээд тэд нар архиа ууж байгаад гэнэт хүмүүс маргалдаад хоорондоо зодолдох шиг болоод манай нөхөр Б намайг дуудахад би гал тогооны өрөөрүү ороход Б, А хоёр хоорондоо барьцалдаад авчихсан байсан тэгэхээр нь Б бид хоёр салгаад хоёр тийш болгоод тэр үед Б тайвшраад байрнаас гараад явчихаар нь би гэрээс ороод гар утас аваад Б ах, эхнэр хоёрлуу нь ярьж Б ирж ав гэж хэлсэн тэгээд Б, Б бид хоёр түрүүлээд орсон ба би мөн араас нь ортол А хутга авчихсан Б ална гэж дайраад Б тэр хутганаас нь бултах явцдаа баруун гарынхаа ядам хуруугаа хутганд зүсүүлээд Б А хутгатай гарыг нь бариад авсан тэгэхэд Б А араас цамцнаас нь барьж боож байж арай гэж хутганаас нь салгасан ба хутгыг А салгах явцад хутганы урд төмөр хэсгийг муруйлгаж иш хэсгийг нь хоёр тийш салгасан байсан. Тэгээд би Бчийн гараас цус гарч байхад нь баруун гарын ядам хуруу нэлээн том, гүнзгий зүсэгдсэн байсныг боож өгсөн. Б хутгалсан хутга нь хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь төмөр, хятад улсад үйлдвэрлэсэн, ахуйн хэрэглээнд ашиглаж байсан манай ажпын гал тогоонд ашиглаж байсан хутга юм. Тухайн хутга хэрэг болох үед гал тогооны шүүгээний таталганд байсныг би харсан А тэндээс л авсан байх. Манай гал тогоонд тэр хар иштэй хутгаас өөр хутга байдаггүй юм. Манай ээлжийн ажилчид өөрсдөө хоолоо хийж иддэг учир нэг хутга гал тогоонд байдаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн .... суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би энэ суманд ирээд 24 жил болж байгаа бөгөөд ..... сумын цахилгааны дэд станцын ахлах инженер ажилтай юм. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллага дээр аймгаас шалгалтын баг ирсэн. Шалгалтын баг өдөр 11 цагийн орчим ирсэн ба манай дэд станц нийт 6 ажилчинтай ба 1 ажилчин нь ээлжийн амралттай байсан учир А, Б, Д, Б бид нар шалгалтад ороод тэр шалгалтад А тэнцээгүй юм. Ингээд шалгалтын хүмүүс 18 цагийн орчим явсан байх. Тэгээд бид дэд станцын байран дээр үлдээд бид нар Домчбор гэх нэртэй 750 граммын 1 шил архийг А, Б, Б бид нар гал тогооны өрөөнд ороод том дөрвөлжин ширээний 2 талд хоёр хоёроороо суусан ба нэг талд нь би А хамт суусан ба миний өмнөөс Б хараад харин А өмнөөс Б хараад суусан харин Д ээлжтэй байсан учир ажпын өрөөнд байсан. Тэгээд би архи уугаад хамт олонтойгоо юм ярьж байгаа ухаан балартаад уначихсан байсан тэгээд нэг сэрэхэд маргааш нь болчихсон гэртээ байсан юм. Тэгээд өглөө эрт босоод байж байтал дээрээ надруу яриад чи унтаж байдаг танай ажилчид архи уугаад хоорондоо маргаж зодолдож байдаг гэхээр нь би сандраад ажил дээрээ 09 цагийн орчим ажил дээр очоод хүмүүсээ цуглуулаад асуухад А урд орой агсам тавиад Б, Б хоёрыг шалгалт дээр туслаагүй гээд агсарч байгаад Б нүүрлүү цохиод мөн хутга авч дайрч гарыг нь зүсэж гэмтээсэн гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаангомд байдаг төв компаниас хүмүүс манай суманд ирж мэргэжлийн ур чадварын шалгалтыг авсан. Би уг шалгалтад ороод тэнцээгүй юм. Тэгээд шалгалтын хүмүүст зориулж Домч бор нэртэй архи авсан байсан тул түүнийг задлах гэхэд шалгалтын хүмүүс архи уухгүй гэж хэлээд задлуулахгүй яваад өгсөн. Бид шалгалтын хүмүүс явсны дараа дэд станцын ажлын байрны гал тогооны өрөөнд Ба, Б бид гурав тэр архийг задалж хувааж уусан. Мөн 1ш 2.5 литрийн том пиво хувааж уугаад би шалгалтад унасан талаараа ярьж тусалж дэмжсэнгүй гэж Б маргалдсан. Б надад хандаж чи ноднин бас ийм байдалтай байсан биздээ гэж маргаан дунд хэлж байсан. Би урьд орой нь ажил дээрээ 24 цагийн ээлжтэй хоноод өглөө нь унтаж амраагүй, хоол унд идээгүй, өдөр нь шалгалт гэж бужигнаад ядарсан байсан тул тухайн үед архи, пиво уугаад амархан согтсон байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. шалгалтын хүмүүс 16:00-17:00 цагийн орчимд явсан байх. Түүнээс хойш үргэлжпүүлээд уусан. Маргааш 19:00-20:00 цагийн үед болсон байх нэг мэдэхэд гэртээ хэвтэж байсан. Түүгээрээ унтаж амраад өглөө нь миний эхнэр О надад “чи өчигдөр архи уугаад хүн амьтантай маргалдаж зодолдсон байна. хутгаар хүний гар зүссэн байна. Тэр хүн чинь сумын эмнэлэг дээр очсон боолт хийлгэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд урьд орой нь болсон явдлыг мэдсэн. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Б очиж уулзаж уучлалт гуйсан. Б     .. сум руу 2 удаа авч ирж эмчид үзүүлсэн, шинжээч эмчийн үзлэгт хамруулах зардлыг гаргасан. Б зүгээс надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй. Нэхсэн тохиолдолд шаарлагатай төлбөрийг нөхөн төлж барагдуулах болно”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 249 дугаартай “Үзүүлэгч Ц.Б биед зүүн гарын ядам хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Шинээр үүссэн гэмтэл байсан байна. Зүүн гарын ядам хуруунд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал)-ээр хохирогч Б.А биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Б биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А нь “Ц овогтой Б миний бие нь Б.А гомдол, хохирол, нэхэмжлэх юм байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатчаар гэрчлүүлсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Ц.П өгсөн:  “Элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглээд байдаггүй, биеэ чөлөөтэй аваад явчихдаг, хүнтэй ярилцаад арга эвээ олчих чадвартай, их сэргэлэн биш, ноомой биш дундаж зан характертай, тэр бүр хүнтэй маргалдаад ам хэл нь хөдлөөд байдаггүй, бусдад тусархуу, зан араншинтай залуу байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), Гэрч Б.Б өгсөн:  “Хүн ялгахгүй нийтэч харьцаатай, илүү дутуу үг хаяад байдаггүй, хүнд өөрийгөө ойлгуулах чадвар сайтай, тэр бүх хүнтэй маргалдаад байхгүй, өөрийгөө аваад явчих чадвартай, биеэ даачихсан хүн байгаа юм. Шударга зантай архи дарс пиво уудаггүй, тамхи татдаггүй, гадуур дотуур тэнээд яваад байдаггүй, мөрийтэй тоглоом тоглодоггүй, хөзөр тоглох сонирхолгүй, ар гэртээ халамж анхаарал сайн тавьдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй эвдэрхий хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй эвдэрхий хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ