Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

2023       07          03                                        2023/ШЦТ/129

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,

Шүүгдэгч: Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....овогт Ч.О холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..оны .. дугаар сарын ..-ний өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нагац ах, бэргэн эгч нарын хамт Увс аймгийн .... сумын ... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй ....овогт Ч.О /РД:......./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө Увс аймгийн ... сумын ... дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ... төвийн арын гэр хорооллын гудамжинд хохирогч М.Х эзэмшлийн Самсунг А-23 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ч.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө Увс аймгийн ..сумын ..... дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Нарлаг төвийн арын гэр хорооллын гудамжинд хохирогч М.Х эзэмшлийн Самсунг А-23 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Хохирогч М.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны орой гэртээ байж байгаад гэрийн ойролцоо дэлгүүрээс нэг шил архи авч ганцаараа уугаад дахин нэг шил архи авч уух гэж байтал дэлгүүрийн худалдагч залуу төв рүү орон гэхээр хамт суугаад Өгөөж баарны гадна очсон. Баарны гадна очоод дотогшоо ороход ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгээд гадна тамхи татаад зогсож байтал нэг танихгүй залуу ирээд хамт тамхи татаад зогсож байгаад надад нэг шил архи байна уух гэсэн газар байхгүй гэхэд тухайн залуу би нэг цаг караоке авъя тэгээд хоёулаа дотор ороод ууя гэсэн санагдаж байна. Бид хоёр кароаке ороод нэг цаг сууж пиво мөн надад байсан нэг шил архийг уугаад сууж байгаад цаг дуусаад гарсан. Би их согтолттой байсан учраас тухайн караокенаас гараад нөгөө залуутай хамт алхаж байсан санагдаж байна. Нэг мэдэхэд би Нарлаг худалдааны төвийн арын гудамжинд ганцаараа сууж байсан сэрээд гэрлүүгээ харих гэхэд миний халаасанд байсан гар утас байхгүй байсан. Тэгэзд надтай хамт караокенаас гарч байсан залуу миний гар утсыг аваад явж байсан санагдаад гэртээ очоод эхнэртэй хамт явсан залуу гар утас аваад явчихсан талаар хэлээд би дагуулж караокены камер шүүхээр очиход камер ажиллахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн гудамжинд миний утсыг авч авсан залуугын араас хөөж байсан санагадаж байна. Тэгээд тухайн залууг миний гар утсыг булааж явсан байх гэж бодоод эхнэртэй хамт явж байсан миний гар утсыг булаагаад зугтаасан талаар хэлсэн. Булааж дээрэмдсэн эсэхийг бол санахгүй байна. Харин би араас гар утас өг гээд тухайн залууг хөөж байсныг санаж байна. Миний алдсан гар утас Самсунг 23 маркын цагаан өнгийн гар утас тухайн гар утсаа 2022 оны 06 дугаар сард 800.000 төгрөгөөр авсан санагдаж байна. Алдсан гар утасны имей код нь 351161641382002, 352191601382006 гэсэн имей кодтой надад гар утасны хайрцаг нь хадгалагдаж байсан харин гар утас худалдан авсан баримт нь алга болсон байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны орой гэртээ амарч байхад манай нөхөр М.Х согтуу орж ирээд гар утсаа алдчихлаа, хамт яваад Өгөөжийн караокены камерын бичлэг шүүж надтай хамт явсан миний утсыг авч явсан залууг олъё гэсэн. Тэгэхээр би машинаа асаагаад өгөөж караокены гадна очоод М.Х-г оруулж хяналтын камерын бичлэгийг шалгуулах гэхэд камерын бичлэг шүүж өгөхгүй гэж хэлсэн байсан. Тэгэхээр бид цагдаагийн байгууллагад ирсэн. М.Х 23 цагийн үед гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн. М.Х-н биед болон өмсөж явсан хувцаст ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан ба өмсөж явсан хувцас нь шороо болсон байсан. М.Х нь Самсунг А-23 загварын цагаан өнгөтэй гар утастай явсан. Тухайн гар утсыг мобикомын Увс салбараас 2022 оны зун 800 гаруй мянган төгрөгөөр худалдан авч байсан. М.Х-с гар утсыг нь авч явсан хүнийг таних эсэхийг асуухад Хосбаяр уг залуутай хамт Өгөөж караокед архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх бөгөөд Өгөөж караокеноос хамт гараад Нарлаг худалдааны төвийн арын гудамжид явж байхад миний гар утсыг нь авч явсан гэж байсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “М.Х нь 00 цаг болох гэж байхад манай караокед орж ирээд надтай хамт явсан залуу орж ирсэн үү. Миний утас аваад явчихлаа гэж ирээд гарсан. Түүний дараа Х гэх хүний асууж орж ирсэн түүнтэй 3 номерын өрөөнд хамт пиво уусан гэх зүс үл таних залуу манай караокед орж ирээд надаас сэрүүн нэртэй нэг ширхэг пиво аваад баар луу ороод захын сандал дээр сууж байгаад гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

Шүүгдэгч Ч.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тэр шөнө буюу 2023 оны 4 дүгээр сарын 25-ны орой 22:00 цагийн орчимд Өгөөмөр төвийн караокены үүдэнд ганцаараа халамцуу явж байгаад нэг танихгүй ахтай танилцсан. Тэр хүн надад нэг шил архи байна. Хамт уух хүн алга чамд ганц юмны мөнгө байна уу гэж асуусан. Тэр үед надад 60.000 төгрөг байсан тул би түүнд хандаж хоёулаа караокед ороод ууя гэж хэлээд хамтдаа Өгөөмөр төвийн караокед орж би тооцоо хийгээд 1 цагийн хугацаатай өрөө захиалж ороод 2ш Сэнгүүр нэртэй 0.5 литрийн пиво авсан. Тэр ах өөрийгөө Хосбаяр гэж танилцуулсан бөгөөд халамцуу байсан юм. Бид хоёр караокед пиво, архи уугаад цаг дуусаад гадагш гарсан. Бид хоёр архиа ууж дуусгаагүй байсан тул хойш хамт алхаад Нарлаг төвийн ар талын гэр хорооллын гудамжны өнцөгт очиж архиа уугаад сууж байгаад аваад явчихсан. Хосбаяр гэх хүний гар утас нь хар гэртэй, цагаан өнгийн утас байсан бөгөөд Самсунг А23 загварын гар утас байсан. Би гар утсан дээр байсан гэрэл зураг бичлэгүүдийг устгасан. Гар утсыг буцааж өгсөн. Гар утасны дэлгэц цуурсан байсныг нь засуулж өгсөн. Хохирол барагдуулсан гэсэн бичиг нотариатаар батлуулж өгсөн. Би хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Ч.О-г хохирогч М.Х-н “Samsung galaxy-А23”  загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр авч зугатаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаартай “....аймгийн ......суманд 2023 оны 4 дүгээр сарын байдлаар “Samsung galaxy-А23” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 400.000 /Дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40 дэх тал) гэх дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас 400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч М. мөрдөн байцаалтын шатанд “Ч.О нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад Ч.О-с нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй, санал байхгүй, болно” гэх гарын үсэг гэрчилсэн үйлдлийг нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 70-71 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 2. Шүүгдэгч Ч.О эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

   Шүүгдэгч Ч.О нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал)–аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Р.С өгсөн: “Тодорхой эрхэлсэн ажил, тогтмол орлого байхгүй, мэргэжилгүй, хутд ногдох мал ахуй, гэр орон байхгүй хүн байгаа юм. Ахмад настай хүмүүстэй хүндэтгэлтэй харьцдаг, надтай харьцах харьцаа сайн, миний хэлсэн үгийг биелүүлдэг бөгөөд бусад хүмүүстэй хэрхэн яаж харьцдагийг мэдэхгүй. Хөнгөндүү ааштай энд ажил хийнэ тэнд ажил хийнэ гэж гүйгээд байдаг. Тамхи ихээр татдаг, сүүлийн үед үе үе архи уучихаад байгаа харагдсан. Тиймээс зөв зам руу нь чиглүүлэх гэж зүтгэж байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал), Гэрч Ш.Ц өгсөн: “Зан араншингийн хувьд хөнгөн хийсвэр зантай байж магадгүй, бид замыг засаж амьдрал ахуйгаа алдчих вий гэж харж хамгаалах талаас нь анхаарч өөрийн хүүхэд дээр мал маллуулахаар авч ирээд байгаа юм. Багаасаа өнчин өрөөсөн эцэггүй хүүе гэх хүнгүй өссөн учир хүнээс хатуу үг дуулж байгаагүй, өөрийнхөөрөө өссөн хүүхэд байгаа юм. Гэхдээ ямар нэгэн танхай балмад авир гаргаж байгаагүй, агсам согтуу тавиад байдаггүй бидний хий гэснийг хийчихдэг, гэр орон цэвэрлээд түлээ нүүрс дөхүүлээд ойр зуурын ажил хийчихдэг, хар бор ажил гэж зугтаад байдаггүй хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Ч.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ч.О зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ...аймгийн .....сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.О шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...овогт Ч.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ч.О зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух .... аймгийн ..... сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.О шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                     

 

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ГАНСҮХ