| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0199/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/203 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/203
2023 06 20 2023/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Бт холбогдох эрүүгийн 2238001430100 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г овогт Бын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар **улсын бүртгэгчээр буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллахдаа ** дугаартай ** их сургуулийн боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, эрүүгийн 2238001430100 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б нь ** их сургуулийг “хуульч эрх зүйч” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх ** дугаартай хуурамч дипломыг ашиглаж, **улсын бүртгэгчээр 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр томилогдож, улмаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллахдаа ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “..Би 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ** Их сургуульд элсэн орсон. Би сурч байх хугацаандаа хүнд өвчтэй байсан. .. 2009 онд би босч чадахаа байгаад хүнээрээ түшүүлээд эмчилгээндээ очиж байсан. Тэр үед төгсөх семестр байсан. Тэгээд би А багштай уулзаад “жилийн чөлөө олгооч, би гишгэж чадахаа байлаа” гэж хэлж байсан. Би эндээс онгоцоор очиж байсан. Би үнэхээр төгсөж чадахгүй нь та надад чөлөө олгооч гэхэд цаг хугацааны ихэнд сурчихсан чи ангитайгаа төгсчихмөөр л байна гэж хэлсэн. Тэр үед нэг кредит нь 18.000 төгрөг байсан. Тэгсэн “намайг чи кредитээ төл, чи өмнөх семестрт шалгалтаа сайн өгсөн юм чинь багш нь дипломыг нь захиалгад оруулаад ангитай чинь хамт төгсгөж өгье” гэж хэлсэн ... Хамт амьдарч байсан хүнтэйгээ хамжиж дэмжээд би сургалтын төлбөрөө 3 хувааж төлсөн. ... Би А багшид бэлнээр 120.000 төгрөг, 300.000 төгрөг өгсөн. Сургалтын төлбөрөө төл гэхэд нь төлсөн. Тэгээд тухайн үед нь би болчих юм байна гэж бодоод эмчилгээгээ хийлгэчхээд баярлаад л явсан. .. Тэгээд би багштайгаа холбоо бариагүй байж байгаад 2010 онд “намайг дипломоо ирж ав” гэж хэлсэн. .. Сүүлийн семестрийн мэдээлэл чинь байхгүй байна, мэр сэр ийм асуудал гарсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын өгсөн: “... Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй.Б.Б гэж хүнийг гэм буруутай асуудал шийдэгдээгүй учир надад одоо ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
Гэрч Б.Нгийн өгсөн: “..Б.Б нь 2006 оны үед Улаанбаатар хотод байрлах ** их сургуульд эчнээгээр суралцдаг байсан. Гэхдээ яг тухайн сургуулиа бүрэн суралцаж төгссөн эсэхийг мэдэхгүй байна. ... Б.Б надтай Улаанбаатар хотод сургуульдаа явж байна гээд тааралддаг байсан... тухайн үед буюу 2018 онд Төрийн албаны зөвлөлөөс хүмүүс ирж холбогдох шалгалтыг зохион байгуулаад манай байгууллагын албан хаагчдын дипломын хуулбарыг авч явсан. Тэгээд дараа нь аймгийн Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж ирүүлэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичгийг хавсран ирүүлсэн байсан уг хавсралтад Б.Бын диплом нь хуурамч болох нь тогтоогдсон гэсэн албан бичиг байсан. Уг албан бичгийн дагуу сумын Засаг дарга Г.С Улсын бүртгэлийн ерөнхий газар болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх алба хаагчийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүргүүлж байсан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,
Гэрч Д.Гын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын сүүлчээр байх гэж бодож байна. **уурын зуухны хажууд хог ачих гээд бөөгнүүлсэн байсан хогон дээр очоод хог хаях очтол бор өнгийн хатуу хавтас байхаар хөлөөрөө өшиглөөд үзтэл дотроос нь цагаан өнгийн дугтуйтай зүйл гарч гарч ирсэн ...Манай Бүрэнтогтох суманд улсын бүртгэгч Б.Бын талаар ** их сургуульд төгссөн талаарх бүртгэл нь ** их сургуулийн бүртгэл байхгүй байна гэх утгатай хариу ирсэн байсан. Би Б Б гэх хүнийг хуурамч боловсролын дипломтой гэдгийг 2014-2015 оноос хойш манай сумын засаг даргын тамгын газрын ажилчид тэгж ярьдаг байсан талаар би сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
Гэрч З.Агийн өгсөн: “...Тухайн үед одоо миний санаж байгаагаар Б.Б гэдэг хүн надад диплом олж өгөөч гэж надаас гуйсан бие өвдлөө гэж янз бүрийн юм яриагүй. Тэгэхээр би надад бол чамд диплом олгож өгөх боломж ч байхгүй надад тийм мэдэл ч байхгүй гэж хэлэхэд Б. Б манай нөхөр Хөвсгөл аймагт том ажил хийдэг би диплом л авчуул ажил байна та надад хуурч ч хамаагүй диплом гаргаад өгөөч гэж гуйж байсан. Би тэр үед би диплом бол гаргаж өгөөгүй. Хэсэг хугацааны дараа Б.Б надтай уулзаад би дипломоо бол олсон харин та надад ромбо олоод өгөөч би бас нутаг усандаа ромбо зүүгээд очмоор байна гэж хэлсэн. Тухайн үед нь би өөрийнхөө 2004 онд ** их сургууль төгссөн ромбо Б.Бт өгсөн. .. Би сайн санахгүй байгаа ч санаж байгаагаар над дээр өөрийн биеэр ирээд би төгсөх хэрэгтэй байгаа юм манай нөхөр миний ажлын байрыг Хөвсгөл аймагт бэлдсэн байгаа гэж байсан ба би тухайн үед /сайн санахгүй байгаа ч/ хичээлдээ суугаагүй удсан кредийнхээ мөнгийг төл гэж зөвлөсөн байх. Түүний дараагаар дахин ирээд миний бүх юм бүтсэн ромбо олоод өгөөч би ажилдаа орох гээд байна гэж хэлэхээр нь би өөрийн ромбыг бэлэглээд явуулж байснаа санаж байна. Тухайн үед би сургуульд багшилж байсан боловч хуурамч диплом үйлдэх хэмжээний эрх мэдэлтэй байгаагүй. ... Би тухайн хүний ромбо, дипломыг өгч байгаагүй ба өөрөө ромбо гуйгаад байсан учир тухайн хүнд өгснөө бол санаж байна. Цуг хоол идсэн талаараа санахгүй байна. Цааны годон гутлыг манай ангийн хүүхдүүд төгсөлтийн баяраар морин хуур, мөнгөн аягатай цуг өгч байсан. Өгөхдөө Хөвсгөлийн боссын тусдаа бэлэг гэж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 73-75 тал/,
Гэрч Г.Сийн өгсөн: “...Иргэний бүртгэлийн мэргэжилтэн Б.Б нь боловсролын дипломгүй зөрчил гарсан байна гэж гомдол мэдээлэл гаргасан Х.Г гэдэг хүнд хариу мэдэгдсэн гэсэн, энэ үед гомдол мэдээлэл гаргасан Х.Г нь өөрийн бичсэн өргөдөл гомдлоо буцааж татаж авсан гэж төрийн албаны зөвлөлөөс надад мэдэгдсэн. Манай суманд ирж ажилласан хүмүүс албан ёсоор хяналт шалгалтын талаарх дүгнэлт зөвлөмжөө гаргаж дараа нь надад ирүүлсэн. Үүний дагуу би 2018 онд байхаа холбогдох дээд шатны байгууллагад албан бичгээр зөрчил заагдсан Б.Бын талаар бичиг явуулсан. Энэ асуудал анх үүсэх болсон зүйл нь Х.Г гэдэг хүнээс эхэлсэн зүйл байгаа. Надад Улсын бүртгэлийн ерөнхий газраас болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс надад хандаж хаяглаж ямар нэгэн хариу ирсэн зүйл байхгүй ..” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,
Гэрч Б.Дгийн өгсөн: “... Одоогоос олон жилийн өмнө байсан болохоор би одоо сайн санахгүй байна. Тухайн үед би авга эгч Б.Бын хамт ** их сургууль дээр манай дипломоо авна гэж очоод манай эгч багш руугаа ороод би үүдэнд үлдсэн. Тэгээд манай эгч багштайгаа хоолонд орохоор болоод тэнд үлдэж, би өөрөө сургууль руугаа явсан. .. Манай авга эгч Б.Б нь өөрөө цааны годон гутал байсан бөгөөд тухайн үед тэр гутлаа 3.А гэх багшдаа өгсөн талаар З.А өөрөө шархаданд байх. Манай гэрт ирж авсан талаар надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/,
Гэрч Х.Гын өгсөн: “...Б.Б нь надтай хамт амьдарч байх хугацаанд буюу 2007-2008 онд Улаанбаатар хот ** их сургуулийн эрх зүйч мэргэжлийн эчнээ ангид суралцаж байсан. .. Хамгийн сүүлийн төгсөх жилдээ Б.Б хичээлдээ явж чадаагүй, яагаад гэвэл бие нь их өвдөж, хичээлдээ явах боломжгүй байсан. Б.Б тухайн үед надад хэлэхдээ “хичээлийн төлбөрөө бүрэн барагдуулчихвал 60 хувиас дээш хичээлдээ суусан тул багш зохицуулаад төгсгөөд диплом олгоно” гэж байна гэхээр нь би төгрөгийг нь Б.Бтай хамжиж барагдуулж байсан. Тэгээд 2009 онд шиг санаж байна Б.Б Улаанбаатар хотоос дипломоо авч ирж байсан. Яахын аргагүй тамга тэмдэгтэй ** их сургууль гэсэн диплом байхаар нь би төгссөн юм байна даа гээд итгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/,
Гэрч М.Яы өгсөн: “...2022 онд байхаа нэг өвгөн манай сургууль ‘** их сургууль'’-ийн манай ажлын байранд хүрч ирээд нэг тодорхойлолт авах гэсэн юм аа гэхээр нь би тухайн сургуулийн дипломыг нь харахад дипломын цаас нь хуурамч, тамга тэмдэг нь хуурамчаар үйлдсэн, эрх бүхий гарын үсэг зурсан хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар хийсэн байсан. Манай сургуулиас тус дипломыг жинхэнэ гэсэн тодорхойлолт хийлгэх гэж байсан байх. Манай сургуулийн D0201007436 гэсэн дугаарын бүртгэл нь ямар ч бүртгэл байхгүй байсан. Би тодорхойлолт авах гэсэн өвгөнөөс дипломыг нь хурааж авсан ямар хүн байсныг нь санахгүй байна. Дипломын эзэмшигчийг ч танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22 тал/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан тоот /хх-ийн 26 тал/,
Б.Бын ** их сургуулийн бакалаврын ** дугаартай дипломын хуулбар, /хх-ийн 27 тал/,
** Их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 31 тал/,
Б.Бын ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 108 тал/,
Б.Бын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 109-110 тал/,
Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 111-114 тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 116 тал/,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэгчийн нэр цалингийн баримт /хх-ийн 117 тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Б.Быг ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 118 тал/,
** их сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай албан тоот /хх-ийн 125 тал/
Боловсролын Ерөнхий газрын албан тоот /хх-ийн 136 тал/,
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай эд мөрийн баримт/ эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 33 тал/,
Мөрдөгчийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 34 тал/,
***** сумын улсын бүртгэгч Б.Бын 2011-2022 онд авсан цалингийн жагсаалт /хх-ийн 127 тал/,
Төрийн албаны 2006 оны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай тогтоолын хуулбар, тогтоолын хавсралт /хх-ийн 133-135 тал/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би ** их сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2007-2009 оны хооронд сурч төгссөн. Би бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаагүй. Би огт мэдээгүй явж байгаад 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр авлигатай тэмцэх газраас холбогдож таны диплом хуурамч байна гэж хэлэхэд нь би гайхаж ** их сургуультай холбогдох дугаарыг олж, сургалтын албаны Тэргүүнцэцэг гэх хүнтэй ярихад "А гэх багш чинь одоо байхгүй ээ” гэж хэлсэн. Би тухайн өдөр нь шууд дипломоо дугтуйнд хийгээд Улаанбаатар хот руу буюу ** их сургууль дээр шалгуулахаар явуулсан юм. Хамаатны ах Бадамдорж миний дипломыг ** их сургууль дээр аваачиж үзүүлж холбогдох хүмүүстэй нь уулзсан байсан. Уулзсаныхаа дараа Бадамдорж ах над руу утсаар залгаад “дипломыг чинь үзүүлж холбогдох хүмүүстэй нь уулзлаа, регистрээр чинь чиний мэдээллүүдийг харлаа, сүүлийн семестрийн чинь мэдээлэл байхгүй байна, манай сургууль дээр тухайн үед ийм асуудал мэр сэр гарч байсан, үүнийг үгүйсгэхгүй ээ, дипломыг нь авч үлдээд, сүүлийн семестрийг нь ямар ч байсан бүртгэлдүүлье, та нар гадуур янз бүрийн зүйл яриад яах вэ дээ гэж хэлж байна” гэж хэлсэн. Мөн Бадамдорж ах надад “чи өөрөө ирж энэ дипломынхоо учрыг нь олохгүй бол болохгүй юм байна шүү” гэж хэлсэн. Би дахиад Тэргүүнцэцэг гэх хүнтэй холбогдож тодруулахад “сүүлийн семестр чинь ороогүй байна аа, чиний яриад байгаа А гэх багш чинь ажлаасаа гараад олон жил болж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө 2022 оны 04 дүгээр сард Улаанбаатар хот орж ** их сургууль дээр яваад очиход сургалтын алба хариуцсан Тэргүүнцэцэг гэх хүн гадаад улс руу явчихсан байсан. Би ** их сургуульд сурч байгаад 2009 оны хавар буюу сүүлийн семестртээ явах гэхэд өвчний учир хүндрэлтэй байсан учир ангийн багш Атай холбогдож өвчнийхөө талаар хэлэхэд “чи ангийнхантайгаа төгсчихвөл зүгээр юм даа, кредит цагаа болон сургалтын төлбөрөө төлчихвөл багш нь туслаад дэмжээд төгсгөе" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэгье ээ гээд зөвшөөрөөд утсаа салгасан. Үүний дараа би хамтран амьдрагч байсан Гтой ярилцаад багшийн ярьсан төлбөрийг хамжиж төлөхөөр болсон. 1 сар гаруй хугацааны дараа би эмчилгээгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу онгоцоор явж байсан. Эмчилгээгээ хийлгэнгээ хотод А багштай уулзаж кредит цаг болон сургалтын төлбөрөө өгч байсан. А багш хэлэхдээ “за ямар ч байсан би чамд тусална аа, биеэ сайн эмчлүүлээрэй, ангийнхан чинь удахгүй төгслөө, тэгээд би чамтай холбогдоно оо” гэж байсан. Миний хувьд тухайн үед үе мөчний хүнд өвчинтэй, хүнээр түшүүлж явдаг байсан. Тэгээд 2010 оны хавар А багш над руу гар утсаар залгаад “диплом чинь бэлэн болчихлоо, бие хаа чинь гайгүй юу” гэсэн, хариуд нь би “миний бие одоо гайгүй болж байна, удахгүй хот орж эмчдээ үзүүлэнгээ дипломоо авъя" гэж хэлсэн...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр авлигатай тэмцэх газраас нэг хүн ярихад л миний диплом хуурамч юм байх даа гэж бодож гайхсан...Би 2009 оны хавар төгсөх ёстой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ** дугаартай бакалаврын диплом 1 ширхэг зэргийг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Б.Б нь .. ** их сургуулийн боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан нотлох баримтуудаар болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан санал, дүгнэлтдээ: “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Быг ** Их сургуулийн дипломыг хуурамч мэдсээр байж ашигласан гэж яллах боломжгүй.. Хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гээд байх юм. Энэ диплом хуурамч гэдгийг мэдсэнийг нотолсон баримт байхгүй байна. Бын мэдүүлгийг үгүйсгэсэн үйл баримт байхгүй. Тиймээс эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт нь ** Их сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай “ Ба овогтой Б нь /**/ нь 2007-2008 оны хичээлийн жилд тус сургуулийн эрх зүйн эчнээ ангид суралцаж байсан бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилээс үргэлжлүүлэн эрх зүйн эчнээ 2 дугаар ангид суралцах нь үнэн болохыг тодорхойлов..” гэх тодорхойлолт, Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/770 дугаартай “...дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд одоогоор ** дугаартай диплом бүртгэлгүй байна...” гэх албан тоот, ** Их сургуулийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай: “...2010 онд ** Их сургуулийн төгсөгчдөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ** дугаартай бакалаврын дипломын дугаар олгогдоогүй болно...” гэх албан тоот, гэрч Б.Нгийн өгсөн: “...Б.Б нь 2006 оны үед Улаанбаатар хотод байрлах ** их сургуульд эчнээгээр суралцдаг байсан. Гэхдээ яг тухайн сургуулиа бүрэн суралцаж төгссөн эсэхийг мэдэхгүй байна. .. Б.Б надтай Улаанбаатар хотод сургуульдаа явж байна гээд тааралддаг байсан... тухайн үед буюу 2018 онд Төрийн албаны зөвлөлөөс хүмүүс ирж холбогдох шалгалтыг зохион байгуулаад манай байгууллагын албан хаагчдын дипломын хуулбарыг авч явсан. Тэгээд дараа нь аймгийн Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж ирүүлэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичгийг хавсран ирүүлсэн байсан уг хавсралтад Б.Бын диплом нь хуурамч болох нь тогтоогдсон гэсэн албан бичиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гын өгсөн: “...би тухайн хоёр албан тоотоо цагаан өнгийн дугтуйтай нь аваад энэ талаар хууль хяналтын байгууллагад өгч шалгуулъя гэж бодоод Авлигатай тэмцэх газарт 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гомдол гаргасан...Манай Бүрэнтогтох суманд улсын бүртгэгч Б.Бын талаар ** их сургуульд төгссөн талаарх бүртгэл нь ** их сургуулийн бүртгэл байхгүй байна гэх утгатай хариу ирсэн байсан... Би Б.Б гэх хүнийг хуурамч боловсролын дипломтой гэдгийг 2014-2015 оноос хойш манай сумын засаг даргын тамгын газрын ажилчид тэгж ярьдаг байсан талаар би сонсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч З.Агийн өгсөн: “...Тухайн үед одоо миний санаж байгаагаар Б.Б гэдэг хүн надад диплом олж өгөөч гэж надаас гуйсан бие өвдлөө гэж янз бүрийн юм яриагүй. Тэгэхээр би надад бол чамд диплом олгож өгөх боломж ч байхгүй надад тийм мэдэл ч байхгүй гэж хэлэхэд Б. Б манай нөхөр Хөвсгөл аймагт том ажил хийдэг би диплом л авчуул ажил байна та надад хуурч ч хамаагүй диплом гаргаад өгөөч гэж гуйж байсан. Би тэр үед би диплом бол гаргаж өгөөгүй. Хэсэг хугацааны дараа Б.Б надтай уулзаад би дипломоо бол олсон харин та надад ромбо олоод өгөөч би бас нутаг усандаа ромбо зүүгээд очмоор байна гэж хэлсэн. .. над дээр өөрийн биеэр ирээд би төгсөх хэрэгтэй байгаа юм манай нөхөр миний ажлын байрыг Хөвсгөл аймагт бэлдсэн байгаа гэж байсан ба би тухайн үед /сайн санахгүй байгаа ч/ хичээлдээ суугаагүй удсан кредийнхээ мөнгийг төл гэж зөвлөсөн байх..” гэх мэдүүлэг, гэрч Х.Гын өгсөн: “... Хамгийн сүүлийн төгсөх жилдээ Б.Б хичээлдээ явж чадаагүй, яагаад гэвэл бие нь их өвдөж, хичээлдээ явах боломжгүй байсан. Б.Б тухайн үед надад хэлэхдээ “хичээлийн төлбөрөө бүрэн барагдуулчихвал 60 хувиас дээш хичээлдээ суусан тул багш зохицуулаад төгсгөөд диплом олгоно” гэж байна гэхээр нь би төгрөгийг нь Б.Бтай хамжиж барагдуулж байсан. Тэгээд 2009 онд шиг санаж байна Б.Б Улаанбаатар хотоос дипломоо авч ирж байсан. Яахын аргагүй тамга тэмдэгтэй ** их сургууль гэсэн диплом байхаар нь би төгссөн юм байна даа гээд итгэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Яы өгсөн: “...2022 онд байхаа нэг өвгөн манай сургууль ‘** их сургууль'’-ийн манай ажлын байранд хүрч ирээд нэг тодорхойлолт авах гэсэн юм аа гэхээр нь би тухайн сургуулийн дипломыг нь харахад дипломын цаас нь хуурамч, тамга тэмдэг нь хуурамчаар үйлдсэн, эрх бүхий гарын үсэг зурсан хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар хийсэн байсан. Манай сургуулиас тус дипломыг жинхэнэ гэсэн тодорхойлолт хийлгэх гэж байсан байх. Манай сургуулийн D0201007436 гэсэн дугаарын бүртгэл нь ямар ч бүртгэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын “2009 оны 3 дугаар сард хичээл эхлэх байсан. Би өвдөж байсан учир акт авсан. Би хичээл сонгон судлаагүй... Би үе мөчний өвчтэй байсан... Би кредитээ төлсөн байсан. А багш надад дипломыг нь чинь захиалгад оруулаад өгнө гэж хэлж байсан учир надад өгчих байх гэж бодож байсан... Би кредитээ төлсөн байсан. А багш надад дипломыг нь чинь захиалганд оруулаад өгнө гэж хэлж байсан учир надад өгчих байх гэж бодож байсан...Шалгалт өгөөгүй” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Тодруулбал шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь ** Их сургуулийн бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй гэж мэтгэлцэж байх боловч Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших” үүргийг биелүүлээгүй, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, .. доошгүй байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч Б.Б нь ** их сургуулийн эрх зүйн мэргэжлийн багц цагийг бүрэн хангаагүй, бакалаврын дипломыг гардан авах шаардлага хангаагүй, ** Их сургуулийг бүрэн суралцаж төгсөөгүй буюу бакалаврын боловсролыг бүрэн дүүрэн эзэмшээгүй байхад 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай бакалаврын диплом шүүгдэгч Б.Бт олгогдсон байх боломжгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь ** Их сургуулийг суралцаж төгсөөгүй буюу бакалаврын боловсрол эзэмшээгүй атлаа дээд боловсролтой мэтээр өөрийгөө ойлгуулж 2011 оноос 2022 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл ** улсын бүртгэгчээр томилогдон ажиллахдаа ** Их сургуулийн ** дугаартай бакалаврын дипломыг ашиглаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Б нь ** Их сургуулийн бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй гэх, мөн түүний өмгөөлөгчийн гаргасан “.. Хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гээд байх юм. Энэ диплом хуурамч гэдгийг мэдсэнийг нотолсон баримт байхгүй байна” гэж тус тус мэтгэлцэж байгаа нь
үндэслэлгүй байна.
Хавтаст хэргийн 56-59, 73-75 дугаар талд гэрч З.Ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх, үүрэг “ гэрч ... хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”-ийг тайлбарлаж, гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуудсанд гарын үсэг зуруулж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлгийг тус тус авагдсан байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Өын мэдүүлэг, гэрч Б.Н, Д.Г, З.А, Г.С, Б.Д, Х.Г, М.Я нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан тоот, Б.Бын ** их сургуулийн бакалаврын ** дугаартай дипломын хуулбар, ** Их сургуулийн тодорхойлолт, Б.Бын ажил байдлын тодорхойлолт, Б.Бын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын ажилд томилох тухай тушаал, Хөвсгөл аймгийн улсын бүртгэгчийн нэр цалин гэх баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай эд мөрийн баримт/ эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай зөвшөөрөл, мөрдөгчийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, Боловсролын Ерөнхий газрын албан тоот, **** сумын улсын бүртгэгч Б.Бын 2011-2022 онд авсан цалингийн жагсаалт, Төрийн албаны 2006 оны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай тогтоолын хуулбар, тогтоолын хавсралт, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Б нь ** их сургуулийн хуульч эрх зүйн мэргэжлээр 2010 онд төгссөн гэх бакалаврын зэргийн ** дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж **улсын бүртгэгчээр 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл ажиллахдаа хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
“Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.
Шүүгдэгч Б.Б нь ** их сургуулийн хуульч эрх зүйн мэргэжлээр 2010 онд төгссөн гэх бакалаврын зэргийн ** дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж **улсын бүртгэгчээр 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл томилогдон ажиллахдаа ашиглаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Быг хуурамч диплом ашиглан төрийн захиргааны албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт шууд
нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас төрд 96.228.365 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Бт манай байгууллагаас гомдолгүй болно” гэх албан тоот ирүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын “Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Б.Б гэж хүнийг гэм буруутай асуудал шийдэгдээгүй учир надад одоо ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг хэрэгт авагджээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 96.228.365 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Баас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Быг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хилээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Би анхнаасаа энэ хэрэгт эргэлзээтэй байсан. Шүүгч гэм буруутайд тооцлоо. Гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Бын гэмт үйлдэл нь 2010 оноос хойш удааширсан үйлдэл бөгөөд 2022 оны 03 дугаар сард Авлигатай тэмцэх газарт өргөдөл ирж, энэхүү мэдээллийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шаардлагатай ажиллагаа хийгдэж, Б.Б нь хуурамч диплом ашиглаж ** улсын бүртгэгчээр ажиллаж байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдлийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг нь агуулдаг бөгөөд удаарширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б нь ** Их сургуулийн ** дугаартай “боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар **улсын бүртгэгчээр ажилд орж 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж цалин авч байсан бөгөөд хуурамч дипломыг ашиглах гэмт хэрэг 2022 оны 3 сард таслан зогсоогдсон буюу тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгссөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын .., дипломыг .. хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 1 жил байхаар тогтоосон.
Өөрөөр хэлбэл, тус гэмт хэрэг төгссөн үеэс хойш хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрөхөөс өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 96, 101-102, 104 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 3, хүү, охины хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хилийн дээсээр тогтоох нь зүйтэй байна.
Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Бт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Быг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Быг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас гадагш зорчих эрхийг 8 /найм/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Бт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь 96.228.365 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ** дугаартай ** их сургуулийн боловсролын дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН