| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01089/и |
| Дугаар | 1167 |
| Огноо | 2019-10-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1167
2019 оны 10 сарын 14 өдөр Дугаар 142/ШШ2019/01167 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, хонхор 30-03 тоотод оршин суух, Д.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, булагт б2-23 тоотод оршин суух, Ө.Т холбогдох
Гэм хорын хохирол 110,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай вакум цонхийг хариуцагчийн үхэр нь хагалсан учир тэр даруй шиллэх хэрэгтэй болсон учир өөрсдөө шиллэсэн. Шиллэсэн мөнгөө авах гэсэн боловч тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд 110,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Тшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөх боломжгүй. Миний аав 80 настай 2 жил гаруй хэвтэрт хэвтэж байгаа. Яг үхэр хагалсан юм уу бид мэдэхгүй. Хагалж байгааг нь харсан хүн байхгүй. Над руу болохоор 2019 оны 07 дугаар сарын 13-нд утсаар ярьсан. Би мэдээгүй болохоор яасан юм гэсэн чинь аавын чинь үхэр цонх хагалсан гэсэн гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ө.Тхолбогдуулан гэм хорын хохирол 110,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ....”хариуцагчийн өмчлөлиийн улаан алаг зүстэй үхэр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Хонхорын 30-03 тоотод байрлах, манай хашаанд орж ирж өвс идэж байх үедээ байшингийн цонхыг бөгсөн хэсгээрээ цохиж хагалсан, энэ тухай тэр даруй цагдаад мэдэгдэж, мөн үхрийн зургийг авч, үхэр нь цонх хагалсан тухай хариуцагчид мэдэгдсэн” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь зураг дээрх үхэр өөрийнх нь өмчлөлийн үхэр мөн болохыг хүлээн зөвшөөрч, тэдний үхэр бэлчээрт явах замд нэхэмжлэгчийн хашааны хажуугаар өнгөрдөг талаар маргахгүй байна. Харин өөрийнх нь өмчлөлийн үхэр хагалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч дээрх үйлдлийн улмаас байшингийнх нь цонх хагарч, цонх шиллүүлэхэд 110,000 төгрөгний зардал гарсан болох нь зарлагын баримтаар батлагдаж байна.
Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д “Амьтаны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцана” гэж заасан заалтын дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 110,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1-д заасныг баримтлан Ө.Т110,000 төгрөг гаргуулан Д.Нд олгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Тулсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нд олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ХИШИГДАВАА
Р.ҮҮРИЙНТУЯА