Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2019/03171

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 05 өдөр                 Дугаар 184/ШШ2019/03171                                Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж

Нэхэмжлэгч: СХД, 00 дугаар хороо, 00 байр, 000 тоот хаягт оршин суух Ж овогт Ч-гийн А /регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СХД, 00 дугаар хороо, т 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух Х овогт С-ийн Ч /регистрийн дугаар: АА00000000/,

Хариуцагч: СХД, 00 дугаар хороо, т 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух БНХАУ-ын иргэн Ш х /Xie Hong, паспортын дугаар: АА00000000/, нарт холбогдох

Зээлийн гэрээний  үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.А, хариуцагч С.Ч, Ш х-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, нарийн бичгийн дарга Б.Чогчмаа нарыг оролцуулав.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Ч нөхрийнхөө хамт 2014 оны 3 сарын 21-нд байрны түрээсийн төлбөр нэхэгдээд байна туслаач гэсэн, нөхөр нь хятад хүн тул боломжтой гэж бодоод 1 дүгээр хорооллын Төрийн банкнаас өөрийнхөө хадгаламжийн дэвтрээ барьцаалж 6 500 000 төгрөгийг амаар тохирч хүүгүйгээр 2 сарын хугацаатай зээлсэн. Бид хоорондоо бичгийн гэрээ хийгээгүй, ямар ч хүү тохироогүй.

               Нөхөр болох хүнээс асуухад байрны түрээс төлөхөөр зээлж авсан мөнгөө эхнэр С.Ч-д өгсөн надад хамаагүй гэж хэлдэг. Энэ хоёр Төмөр замын аптектай байрны 49 тоотод түрээслэж олон жил байсан. Би гэр орноор нь очдог бие биенээ сайн мэддэг байсан. Мөнгө авах үед С.Ч ганцаараа ирж авсан юм. Зээлсэн мөнгөө өгөлгүй бие биерүүгээ гүтгэж, худал хэлж удаан хугацаанд явсан. С.Ч хэлэхдээ хүүхэд хэрэгт холбогдоод нөхөрийнхөө өгсөн танд өгөх ёстой мөнгийг би өөрөө хэрэглэсэн. Удахгүй танд өгнө гэдэг байсан.

               2014 оноос хойш удаа дараа нэхэмжлээд өгөөгүй учир 2017 оны 1 сард цагдаагийн байгууллагад хандсан. Дараа нь ХУД-ийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Тэр үед төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн. Би энэ хүмүүст итгээд Хадгаламжийн дэвтрээ барьцаалж зээл авсан болохоор өөрөө хүү төлж байсан. Эдгээр хүмүүс мөнгө өгөхгүй байсан учир иргэн *******, ******* нараас мөнгө зээлж хадгаламж барьцаалсан зээлийн хүүг би өөрөө төлсөн. Дараа нь хадгаламжийн дэвтрээсээ бүх мөнгөө авч 6,5 сая төгрөгийн зээлээ хүүгийн хамт хааж, 5,0 сая төгрөгийг гэрч болох дээрх хүмүүст өгч дэвтрээ хаалгаж хадгаламжгүй болсон. Олон жил хуурагдаж маш их хохирсон. С.Ч-г би дансаар битгий мөнгө хий заавал бэлнээр авчирч өг гэж хэзээ ч хэлж байгаагүй. Маш их худал ярьж байна. Мөн манай хадам ээж хятад хүн, урилга өгөөд явуулсан түүнийг ирэхээр нь зээлсэн мөнгөө өгнө гэдэг байсан. Энэ хүн надтай 3 удаа биеэр уулзсан. Эхний удаад мөнгө өгөөч гэж уулзсан, дараа нь ******* мөнгөө нэхээд байхаар нь дагуулж очиж уулзсан, хашаа байшингийн бичиг баримт барьж ирээд та энэ хүнд 1 500 000 төгрөг ломбарднаас зээл хөөцөлдөөд мөнгө авч өг гэж хашаа, байшингийн бичиг баримт  өгөх гэж уулзсан. Бичиг баримтаар нь барьцаалан зээлдэх газраас 1 500 000 төгрөг авч *******ад өгсөн юм. Би энэ хүнд зээл хөөцөлдөж өгье урьчилгаанд 1,5 сая төгрөг өг гэж хэлээгүй. Надтай байнга уулзаад л бэлнээр мөнгө өгөөд байсан юм байхгүй. Дэндүү худал ярьж байна. С.Ч өөрөө Партизаны мөнгө зээлээд өгнөө л гэж олон удаа ярьдаг байсан. 2018 оны 6 сард нөхөр Ш Х-тай уулзахад С.Ч танд өгнө гэж надаас мөнгө авсан, надад хамаагүй гэдэг байсан.

               Урьд нь 2013 онд хүү ндав хэрэгт орсон өмгөөлөгчид мөнгө төлөх хэрэгтэй байна гэж 3,5 сая төгрөгийг зээлсэн би мөн хүнээс авч өгсөн ба энэ мөнгөө 2013 оны 11 сарын 13-нд дансаар 2,0 сая төгрөг, 1 500 000 төгрөгийг С.Ч-гийн дүү гэх ******* гэдэг эмэгтэйгээс бэлнээр аваад дуусгасан юм. Энэ шийдвэрлэх гэж байгаа зээлийн маргаанд хамаарахгүй юмыг энэ хүн хамааруулж хольж яриад байгааг гайхаж байна. Хамаатан садан хүмүүс үгсэн тохироод их худлаа ярьж байна. Би 3,0 сая төгрөг аваагүй харин 900 000 төгрөг авсан.

               Одоо нэхэмжилж байгаа 6 500 000 төгрөгийг 2014 онд итгэл үнэмшил төрүүлээд зээлж аваад өгөөгүй удаа дараа шаардаж байгаад хуурч мэхлээд байна гэж үзээд аргагүй эрхэнд цагдаад хандсан боловч иргэний журмаар шүүхэд ханд гэсэн юм. Би ямар ч хүү тооцоогүй, үндсэн өгсөн мөнгөө л авах гэж олон жил хөөцөлдөж байна. Иймд хариуцагч нараас 6 500 000 төгрөгийг гаргулж өгнө үү гэв.

Хариуцагч: С.Ч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 оны 3, 4 сарын үед Ч.А-аас 5 300 000 төгрөг авсан. Зээлийн хүүнд сар бүр 750,000- 790 000 төгрөг өгдөг байсан ба сар бүрийн 23-25-ны хооронд Хар хорин захын дэргэд Монгол шуудан холбоо гэх газар өөрийн биеэр бэлнээр хүргэж өгдөг байсан. Ч.А гуайг гарын үсэг зурж өг гэхэд баримт үйлдэж өгдөггүй байсан. Миний тооцоогоор 15-18,0 сая орчим төгрөг өгсөн. Бие муу үед Ч.А гуайтай утсаар ярьж ганц удаа л өөрийн 5019526049 тоот данснаас 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Намайг даснаар битгий өгөөд бай гэж загнадаг, дандаа бэлнээр өг гэдэг байсан. Мөн чамд зээл авч өгье урьдчилгаанд 1 5000 000 төгрөг гэхэд нь үеэл дүү *******аас зээлж авч, газрын бичиг баримттай өгсөн. Хэсэг хугацааны дараа зээл чинь бүтэхгүй байна, 1,5 сая төгрөгийг 2 сарын хүүндээ авлаа гэсэн.

Үеэл дүү ******* мөнгөө нэхсэн учир түүний хамт Ч.А гуайтай уулзсан. Тэр үед эгчээсээ 1,5 сая төгрөгөө аваарай гэж хэлж байсан. Би 2016 оны 8 сард  Транскапитал банк бус санхүүгийн байгууллагаас 8,0 сая төгрөгийн зээл авч 3,0 сая төгрөгийг ******* өгсөн, үеэл дүүдээ 1,5 сая төгрөгийг тус тус өгсөн. Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлал дээр очиж байсан. Манай нөхөр энэ зээлэнд  хамааралгүй бид хоёрын хооронд болсон асуудал юм. Мөн цагдаагийн байгууллагад шалгуулж байх явцдаа дарамталж байгаад мөнгө өгнө гэсэн бичиг  бичүүлж гарын үсэг зуруулж авсан юм. Мөн 900 000 төгрөг авсан, манай охин *******ын гар утсыг булааж авсан. Ер нь 20,000,0 гаруй сая төгрөг төлсөн юм.

Иргэн Ч.А нь миний эрх зүйн боловсрол мэдлэггүй, гэнэн байдлыг ашиглан гэрээ болон хэлцэл, мөнгө төгрөг өгсөн авсан баримтыг баталгаажуулахгүйгээр өөрийнхөө эрхэлж байсан ажил албан тушаалын сүрээр хандаж хууль зөрчин амаар хийсэн хэлцэлдээ өндөр хүү тооцож мөнгөө бүрэн авсан хохиролгүй болсон. Мөнгөө өгсөн гэдгээ нотлох баримт байхгүй байна. Нээхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Хятад улсын иргэн Ш х /Xie Hong/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Энэ хэрэгт миний үйлчлүүлэгч ямар ч хамааралгүй, Ч.А болон Ш х нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Эхнэр нь болох С.Ч мөнгө зээлж авсан тухайгаа хүлээн зөвшөөрдөг, авсан зээлийг буцаан төлж дуусгасан байдаг. Иймд Ш х /Xie Hong/ хариуцах үндэслэлгүй тул хариуцагчаас чөлөөлөх  ёстой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч С.Ч болон БНХАУ-ын иргэн Ш х /Xie Hong/ нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Ч нь нэхэмжилж байгаа зээл манай нөхөр Ш х /Xie Hong/-д хамаагүй би 2014 оны 4 сард Хаан банк дотор байж байгаад 6,0 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Үүнээс 540 000 төгрөгийг Ч.А өөрөө авсан, гэрээг бичгээр хийгээгүй, олон удаагийн үйлдлээр зээлсэн мөнгийг буцааж өгсөн боловч гарын үсэг зуруулсан баримтгүй, нотлох баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Хятад улсын иргэн Ш х /Xie Hong/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Энэ хэрэгт Ч.А болон Ш х нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчаас чөлөөлөх ёстой гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 6 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар болон тэдний өөрсдийн тайлбараар тогтоогдож байгаа ба мөнгө өгч авалцсан талаар маргаагүй байна.

Хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргийг төлж дуусгасан гэх нэхэмжлэгч нь дуусгаагүй гэж маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох, Хятад улсын иргэн Ш х /Xie Hong/-ыг хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч нарыг зээлж авсан 6 500 000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс хадгаламжийн дэвтрийг цуцлуулсан, бусдаас мөнгө зээлж хохирсон гэжээ.

Тэрээр энэ үндэслэлээ “... С.Ч байрны түрээс төлөх мөнгө хэрэгтэй гэж нөхрийнхөө хамт ирж уулзаж байсан. 2014 оны 3 сард мөнгө авахдаа ганцаараа ирж авсан. Нөхөр нь хятад хүн болохоор итгэж хадгаламжийн дэвтрээ барьцаалаад 6 500 000 төгрөг өгсөн. Би бичгээр гэрээ хийгээгүй, хүү тохироогүй, энэ хүн л хүү тохирсон гэж яриад байна, 540 000 төгрөгийг хүү гэж аваагүй маш их худлаа ярьж байна” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотлохоор 2014 оны 3 сарын 21-нд өөрийн 101 100 308 827 дугаар данснаас хадгаламж барьцаалж 6 500 000 төгрөг авсан тухай Төрийн банкны харилцагчийн дансны хуулга, хариуцагч С.Ч-гийн өөрийн гараар бичсэн “зээлийн мөнгийг 2017 оны 1 сарын 15-нд өгнө” гэж 2017.01.12-нд бичсэн баталгаа гэх баримт /хх 6-9, 40/,

2018 оны 06 сарын 19-нд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан тухай “ ... Ч.Азараас 6 500 000 төгрөгийг би аваагүй, манай эхнэр авсан бөгөөд буцааж төлсөн гэж маргалдаж байх тул үргэлжлүүлэх боломжгүй тул амжилтгүй дуусгавар болгов” гэх тэмдэглэл /хх 39/ дахь тал, Хадгаламжийн дэвтрээ хаалгасан зарлагын мэдүүлэг /хх-57/,

гэрч Ш.Цэрэнбатын “ ... Ч.А гуай 2016 оны 4 сард надаас 7,0 сая төгрөг зээлж авсан, 2017 оны 1 сард надад 1,5 сая төгрөг өгсөн, 2017 оны 4 сард 5,5 сая төгрөгөө авсан. Эдгээр мөнгийг банкинд хүү төлнө гэж зээлж авч байсан. С.Ч-гаас мөнгө авч өгнө гэж 22-ын товчоонд байдаг гэх гэрт намайг дагуулж очиж байсан“ гэх /хх-104-106/ дахь тал ,

гэрч: О.Буяннэмэхийн: “ ... Ч.А гуай 2013 онд надаас 3,5 сая төгрөг зээлсэн. Мөнгөө нэхэх үед мөнгө авсан хүн надад өгөхгүй байна гэдэг байсан. 2013 оны 11 сард хүнээс мөнгөө авсан гээд данснаасаа 2,0 сая төгрөг авч өгсөн. Дараа 1,0 төгрөг, 500 000 төгрөг өгөөд дууссан. Мөн 2017 онд хадгаламжаасаа 7,0 сая төгрөг зээлж авч өгсөн“ гэх мэдүүлэг /хх108-110/ дахь тал зэргийг нотолно гэж ирүүлсэн байна.

Хариуцагч С.Ч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ: нотлохоор авсан зээлээс 1 500 000 төгрөгийг бэлнээр, 2,0 00 000 төгрөгийг дансаар өгсөн, мөн 2017 оны 9 сард 900 000 төгрөг, 3,0 сая төгрөгийг 1-р хороололын холбооны газарт бэлнээр, дансаар 50,0, төгрөг, 150,0 төгрөгийг тус тус өгсөн гэж тайлбарлан нотлох баримтаар гэрч *******ын “Ч.А гэх хүн эгчээс 1,5 сая төгрөг аваад зээл бүтээж өгөөгүй, мөн банк бусаас зээл аваад 3,0 сая төгрөг Ч.А-т өгсөн гэж байсан, зээлийн хүүнд их мөнгө төлсөн гэж байсан” гэх мэдүүлэг нотолно, мөн Хаан банкны дансны хуулга /хх 33,54/, СХД-ийн прокурорын газрын 2017.01.25-ны 465 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоол болон 34 хуудас бичгийн баримтыг ирүүлсэн байна.

Зохигчдоос хэрэгт ирүүлсэн дансны хуулга нь электрон тооцоолон бодох замаар бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээдийн харилцах дансны орлого зарлагын гүйлгээний хөдөлгөөний бүртгэл ба төлбөр тооцоо хийсэн эх баримт биш боловч төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэр гэж үзэв. Өөрөөр хэлбэл дансны хуулгад банкны ажилтан гарын үсэг зурж тэмдэг дарсан эх хувийг ирүүлсэн байна. Талууд аль аль нь дансны хуулгын талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шаардлагад нийцнэ гэж үзэж нотолгооны ач холбогдолтой баримт гэж үнэлэв.

Харин хариуцагчаас Ч.А-ын гомдлоор эрүүгийн хэрэгт шалгуулж байсан талаар ирүүлсэн баримтууд нь бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлд хамаарахгүй тул хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэв.

Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаан дээр төлбөр төлсөн гэж үнийн дүнгийн талаар тогтворгүй тайлбарласан ба өөрөөр хэлбэл 2014 оны 4, 5, 6 сард 540,000 төгрөгөөр, 7, 8, 9, 10, 11, 12 саруудад сар бүр 620 000 – 790 000 төгрөгөөр, 2016 оны 8 сарын 26-нд 3,0 сая төгрөг 2017 оны 9 сард 900 000 төгрөг, гэрч *******аар дамжуулж 1 500 000 төгрөг өгсөн нийт 20,0 сая төгрөг өгсөн боловч баримт байхгүй гэж тайлбарлажээ.

Харин Банк бусаас 8,0 сая төгрөгийн зээл 2016 онд авсан тухай хэдэн сар болох нь тодорхойгүй зээлийн гэрээг ирүүлсэн байна. Үүнээс 3,0 сая төгрөгийг Ч.А-т өгсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, зээлийн гэрээний үүргийг биеүүлж байсан эсэхийг нотолж чадахгүй байгаа ба хэрэгт хамааралгүй гэж дүгнэлээ./хх 83-85 дахь тал/

Харин нэхэмжлэгчээс ирүүлсэн дээр дурдсан баримтууд нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхийг шаардсан талаар давхар нотолж байна гэж үзэв.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүййлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа 2014 оны 3 сараас эхлэн үүссэн байна. Иймд

Хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Энэ маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.3-д”тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил“ гэж заасан хуулийн зохицуулалт хамаарахаар байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж  заасан байна.

Зохигчдын хооронд 2014 оны 3 сарын 21-ний өдрөөс 2 сарын хугацаатай 6 500 000 төгрөг зээлсэн нь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон тул  2014 оны 05 сарын 21-ээс шаардах эрхээ хэрэгжүүлж 2017 оны 5 сарын 21-нд  дуусахаар байна.

Хэрэгт 2017 оны 12 сарын 27-нд хадгаламжийн дэвтрээ хаасан зарлагын мэдүүлэг, 2018 оны 6 сарын 4-нд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан тэмдэглэл, 2017 оны 1 сарын 3-нд СХД-ийн цагдаагийн хэлтэст хандаж байсныг татгалзсан тухай тогтоол, гэрч *******аас Ч.А 2017 оны 1 сард 7,0 сая төгрөг авсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд нь талуудын хоорондох маргаанд шалтгаант холбоотой бөгөөд 2017 оны 5 сарын 21-ээс өмнө тасралтгүй шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд болон цагдаагийн байгууллагад хандаж нэхэмжилж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... үүрэг хүлээсэн этгээд ... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж зааснаар хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрөөгүй байна.

Харин нэхэмжлэгчээс: хариуцагч С.Ч нь “2013 онд 3,5 сая төгрөг зээлсэн ба энэ төлбөрийг 2,0 сая төгрөгийг дансаар, 1 500 000 төгрөгийг бэлнээр хоёр хувааж өгч дуусгасан. Одоо нэхэмжилж байгаа мөнгө энэ зээлэнд хамаарахгүй, хариуцагч  зориуд хольж яриад байгаа юм гэж тайлбарлаж байгаа ба шүүх хуралдаанд  хариуцагч нь төлбөр төлсөн гэх үнийн дүнгийн талаар тогтворгүй олон янзаар тайлбарлаж байгаа зэрэг хариуцагчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад энэ 3,5 сая төгрөгийг хамааруулж нэхэмжлээгүй болохыг дурдав.

Түүнчлэн хариуцагчаас: шүүхэд өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн ба 2013 оны 11 сарын 13-нд 5019526049 данснаас 2 000 000 төгрөгийг Ч.А-ын дансанд шилжүүлсэн нь 2014 оны 03 сарын 21-ний өдрөөс өмнө болсон үйл явдал болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрч *******ын “Ч.А-т 1 500 000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг зэрэгт нэхэмжлэгч маргаагүй тул 6 500 000 төгрөгийг зээлсэн үйл явдалд цаг хугацааны хувьд хамааралгүй байна.

Иймд Зохигчдын хооронд болсон 2014 оны 3 сарын 21-ний өдрийн 6 500 000 төгрөг зээлсэн үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1.1, 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээ  байгуулагдсанаар тооцох хуулийн зохицуулалтад хамаарч байна гэж үзлээ.

Хариуцагч С.Ч амаар хийсэн гэрээний дагуу авсан зээлийн зохих хэсгийг төлөх хариуцлага хүлээх үндэслэлтэй байна. Тэрээр 18,0-20,0 сая орчим төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч баримтаар нотолж няцааж чадахгүй байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үгүйсгэж байгаа, татгалзаж байгаа үндэслэлийн талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь хадгаламж барьцаалсан зээлэнд хүү төлж хохирсон гэх боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагчаас 2017 оны 3 сарын 14-нд 150 000 төгрөг, 2017 оны 12 сарын 4-нд 50,0 төгрөгийг дансаар /хх-54-55/,

2017 оны 9 сард 900 000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн зэрэг үйл явдал нотлогдож байх тул 1 100 000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг буюу 5 400 000 төгрөгийг хариуцагч С.Ч-гаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь энэ хэрэгт хариуцагчаар Хятад улсын иргэн Ш х /Xie Hong/, татсан ба хэргийн нөхцөл байдал болон талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй ба баримтаар нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “... уг хэргийг хянан шийдвэрлэхэд хоёр хариуцагч оролцох шаардлагагүй ба хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй” байх тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 283.2.д зааснаар хариуцагч С.Ч-гаас 5 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А-т олгож, нэхэмжлэлээс 1 100 000 төгрөгийн шаардлагыг болон харицагч БНХАУ-ын иргэн Ш х /Xie Hong/-г холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 950 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж хариуцагчаас 101 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.ОЮУНЦЭЦЭГ