Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 142/2020/00771/И |
Дугаар | 001/ХТ2022/00178 |
Огноо | 2022-02-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2022/00178
Т.Шийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00890 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101 дүгээр магадлалтай,
Т.Шийн нэхэмжлэлтэй
Г.Тэд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 16,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ш, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ш нь хариуцагч Г.Тэд холбогдуулан үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүү 3,420,000, нийт 16,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2018.01.11-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018.01.29-ний өдөр 3,000,000 төгрөг зээлсэн, 5,500,000 төгрөгийг төлсөн, хүү тохирсон гэрээ анхнаасаа хийгээгүй. Сүүлд 13,000,000 төгрөгийг 0.6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авсан нь үнэн болно гэх бичгийг 2 хүн дагуулан ирж айлгаж дарамталж бичүүлсэн. Хүү болох 3,420,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00890 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Тээс 7,500,000 төгрөг гаргуулан Т.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,920,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Тээс 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00890 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Тээс 7,500,000 төгрөг гаргуулан Т.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,920,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Г.Тээс 9,060,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,360,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, Шийдвэрийн 2 дугаар заалтыг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Тээс 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Тээс 159,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Шийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 157,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч Т.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч Т.Ш би Г.Тээс 2018.01.11-нд авсан 3,000,000 төгрөг, 2018.01.29-нд авсан 10,000,000 төгрөг бүгд 13,000,000 төгрөгийг хүүгүй төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл хоёр шатны шүүх миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг анхаарч судлахгүйгээр шаардсан мөнгийг минь дутуу гаргуулсан. Шүүх үүгээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-ыг зөрчсөн гэж үзэж байна.
4.2. Энэ анхаарч үзээгүй нотлох баримт нь 2019.10.30-нд Г.Тийн өөрийнхөө гараар бичиж өгсөн 13,000,000 төгрөг төлөх тухай бичиг юм. Уг бичиг дээр 5,500,000 төгрөг 2018 онд төлсөн тухай огт дурдаагүй байхад шүүх 2018.04.16-нд 500,000 мянган төгрөг, 2018.07.16-нд 5,000,000 төгрөг миний дансанд шилжиж орсон явдалтай хамаатуулан 13,000,000 төгрөгөөс төлөлт хийсэн гэж хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Би Г.Тийн гарыг нь барьж байгаад бичүүлээгүй, ямар нэг хүч хэрэглэсэн дарамталсан зүйлгүй. Тэр өөрөө авсан мөнгөө хүүтэй төлнө гэж л бичиж өгсөн хэрэг. Хэрэв 5,500,000 төгрөг төлсөн бол нийт авсан мөнгөнөөс нь би хасаж таарна, тэр ч хасуулж таарна шүү дээ. Зээлийн үлдэгдэл 13,000,000 төгрөг гэж бичсэнийг анхаарч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Шүүх энэ баримтыг ямар нэг байдлаар огт үнэлээгүй. Цаг хугацааны хувьд 5,500,000 төгрөг миний дансанд шилжүүлснээс 1 жил 6 сарын дараа бичиж өгсөнд дүгнэлт хийгээгүй шүү. Би бол мөнгө хүүлдэг хүн биш. Миний бага хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай, аль нэг гадаад улс миний хүүхдэд мэс засал хийх боломжтой гэсэн хариу ирэхийг хүлээж ах дүү, садан төрөл, найз нөхдийн хандивласан мөнгө, цалин зэргээ цуглуулж байхдаа зүгээр хадгалж байхаар бага зэрэг өсгөх санаатай зөвхөн энэ Г.Т гэдэг хүнд таньдаг хүний гуйлтаар зээлдүүлж байсан. Энэ хүн эхлээд бага багаар зээлээд хүүтэй нь өгч байсан тул би итгэсэн. Тэр 5,500,000 сая төгрөг яаралтай хэрэгтэй болоод байна, удаахгүй гэхээр нь шууд тоолоод өгсөн юм. Хүний итгэлийг алдсан их муу хүн байна лээ. Тэгээд одоо өөрөө нүүр нүүрээ хараад асуудлыг шийдүүлчихгүй, өмнөө хүн бариад ард нь нуугдаж байгаад маш их гомдож байна. Энэ хүн надаас авсан 10,000,000 төгрөгөө шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой өрөндөө дээд шүүхээр хэрэг нь хэлэлцэгдэх үед яаран сандран нөгөө хүндээ өгсөн байна лээ. Нэгээс аваад нөгөөд өгөөд л өр ширээ зохицуулж явдаг хүн болохыг нь саяхан мэдлээ.
Иймд дээрх баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр магадлалд 13,000,000 төгрөг гаргуулах гэж өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Т.Шээс 2018.01.11-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2018.01.29-ний өдөр 3,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд авах үедээ хүү тохиролцсон гэрээ хэлцэл хийгээгүй. Зээлсэн мөнгөнөөсөө 5,500,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд түүнийг хүүнд тооцож авна гэх Т.Шийн хүсэл сонирхол байдаг ба үүнийг Г.Т зөвшөөрөөгүй. Гэтэл хоёр хүн дагуулан ирж айлган дарамталж байгаад 6 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй мөнгө төлнө гэх бичгийг хийлгүүлж авсан бөгөөд энэхүү бичигт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ 13,000,000 төгрөгөөс тооцож хүү тооцсон нь үндэслэлгүй. Учир нь 2019.10.30 ны өдөр хийлгүүлэн авсан бичгийг хийлгүүлж авах үед 5,500,000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд үлдэгдэл 7,500,000 төгрөг үлдсэн байсныг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. 13,000,000 төгрөгөөс буюу анх мөнгө зээлүүлэх үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, 13,000,000 төгрөгөөс хүү авах эрхгүй байсан ба хүү авах эрхгүй байх үед нь 5,500,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт нотлогдож байгаа бөгөөд үндсэн зээлээс 5,500,000 төгрөгийг төлсний дараа 13,000,000 төгрөгөөс хүү авахаар тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.2 дахь заалтыг зөрчсөн бөгөөд хууль зөрчсөн энэхүү хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Анхнаасаа 13,000,000 төгрөгт хүү тохиролцоогүй нь хэрэгт нотлогдсон байхад 13,000,000 төгрөгөөс тооцон зээлийн хүүг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-р заалтыг зөрчсөн.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэгч Т.Ш хариуцагч Г.Тэд холбогдуулан үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүү 3,420,000 төгрөг, нийт 16,420,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “зээлээс 5,500,000 төгрөг төлсөн тул үлдэх 7,500,000 төгрөг төлнө, хүү тохиролцож бичгээр гэрээ байгуулаагүй” гэсэн тайлбар гаргасан байна.
Анхан шатны шүүх “зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд зээлийн 13,000,000 төгрөгөөс хариуцагч 5,500,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, хэрэгт авагдсан бичгийн баримтаар талууд хүү тохиролцсон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй” гэж дүгнэж 7,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.
8. Давж заалдах шатны шүүх “талууд хүү тогтоож гэрээг бичгээр байгуулсан тул үндсэн зээл 13,000,000 төгрөг, сарын 2 хувийн хүүг 6 сарын хугацаагаар тооцож 1,560,000 төгрөг, нийт 14,560,000 төгрөг болно, үүнээс 5,500,000 төгрөгийг хариуцагч төлсөн” гэж үзээд үлдэх 9,060,000 төгрөг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, 2018.01.11-ний өдөр 10 сая төгрөгийг өдрийн 0.6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай ...шилжүүлж авав” гэсэн утгатай зохигчийн гарын үсэг бүхий “зээлийн гэрээ”, “Г.Т миний бие зээлсэн 13,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд 2 хувийн хүүтэй хувааж төлнө...” гэсэн гарын үсэг бүхий 2019.10.30-ны өдрийн баримтыг гаргасан, хариуцагч нэхэмжлэгчээс 10,000,000 болон 3,000,000 төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр зээлж авснаа хүлээн зөвшөөрсөн, дээрх баримтуудыг үйлдсэнийг үгүйсгээгүй боловч зээлээс 5,500,000 төгрөгийг төлсөн, сүүлийн баталгааг дарамталж бичүүлсэн гэж маргажээ.
12. 5,500,000 төгрөг нь энэ зээлийн гэрээний бус өөр зээлийн гэрээний дагуу төлөгдсөн мөнгө гэж нэхэмжлэгч тайлбарлаж, Б.Баярмагнайг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, энэ ажиллагааг хийжээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг шалгах явцад Ц.Туул гэрчийн мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан байна.
Ц.Туул, Б.Баярмагнай нарын мэдүүлэг, хариуцагчийн банк дахь харилцах данснаас нэхэмжлэгчийн дансанд 2018.07.16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019.04.16-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн тухай баримтаас үзэхэд хариуцагчаас шилжүүлсэн 5,500,000 төгрөг нь цаг хугацааны хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2019.10.30-ны өдөр үйлдэгдсэн 13,000,000 төгрөгийг төлнө гэсэн баримтаас өмнө байна. Энэ байдлыг хоёр шатны шүүх анхаарч хэрэгт авагдсан нотлох баримтын харилцан хамаарал, хариуцагчийн мөнгө төлсөн гэх тайлбар нь нотлогдсон эсэхэд дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, төлсөн гэх 5,500,000 төгрөг нь энэхүү нэхэмжлэлд заасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, 2019.10.30-ны өдрийн хариуцагчийн гаргасан 13,000,000 төгрөг төлнө гэсэн баталгааг хүч хэрэглэсэн дарамт шахалтаар үйлдсэн гэх нөхцөл тогтоогдоогүй байна.
13. Иймд нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын /13,000,000 төгрөг гаргуулж өөрчлөлт оруулах/ хүрээнд хариуцагчаас үндсэн зээл 13,000,000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцнэ гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00890 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “7,500,000 төгрөг” гэснийг “13,000,000 төгрөг” гэж, “8,920,000 төгрөг” гэснийг “3,420,000 төгрөг” гэж, 2 дахь заалтад “134,950 төгрөг” гэснийг “222,950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг тус тус баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Т /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат/ 2020.09.21-ний өдөр 159,910 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ш 2020.09.15-ны өдөр 132,710 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД