Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

     2020            01            9                                        2020/ДШМ/57         

 

 

                                   Н.Бад холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Н.Б,

иргэний нэхэмжлэгч Н.Анхбатын өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2431 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Н.Бад холбогдох эрүүгийн 1903002020155 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жадык овгийн Н.Б, 1966 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 94-2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ФБ66031595/;

 

Н.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын Нарангийн голын хуучин эцсийн замд Тоёота Приус 20 маркийн 56-14 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж тус тус заасныг зөрчсөнөөс жолооч Н.Анхбатын жолоодон явсан Хюндай Аксент Верна маркийн 67-20 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч А.Хулангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

Тээврийн прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн гэмт хэргийн тухайд тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тодорхойлох нь Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шударгаар эцэслэн шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой. Учир нь, зам тээврийн осол, хэргийн улмаас учирсан эд хөрөнгө болон эрүүл мэндийн хохирол, хор уршгийн хэр хэмжээ нь тээврийн хэрэгслийн хурдтай салшгүй холбоотой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу учирсан хор уршгийн хэр хэмжээгээрээ гэмт хэргийн шинжийг хангадаг. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байвал гэмт хэргийн шинжийг хангана. Харин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учрах гол хүчин зүйл нь юу байсан бэ, аль жолоочийн зорчин явах дүрмийн заалт зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой вэ гэдгийг тал бүрээс нь бодитой шалгах нь шүүхээс хэргийн талаар үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт өгөхөд, хэргийн бодит үнэнийг тогтооход чухал нөлөө үзүүлнэ.

Энэ хэргийн хувьд, жолооч Н.Анхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөн эсэх, түүний жолоодон явсан тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Хэрэв хурд хэтрүүлсэн бол, эсхүл техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй бол тэр нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн үү гэдэг асуудалд шүүх заавал дүгнэлт өгөх шаардлагатай болно. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зургаас үзвэл 1580 кг бүх жинтэй Hyundai Accent Verna загварын тээврийн хэрэгсэл 1495 кг бүх жинтэй Тоуоtа Рrius-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний дараа Hyundai Accent Verna загварын тээврийн хэрэгслийн инерц нь А цэгээс 4.05 метрийн зайд хадгалагдсан буюу хөдөлгөөний чиглэлийн дагуу бага зэргийн хазайлттай хөдөлгөөн үргэлжилсэн, харин Тоуоtа Рrius-20 загварын тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөний чиглэлийн эсрэг А цэгээс 14.4 метр зайд шидэгдсэн нөхцөл байдалтай байх бөгөөд хууль зүйн шинжлэх ухааны үүднээс жолооч буюу энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.Анхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, эсхүл зөрчөөгүй хэмээн хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Харин энэхүү нөхцөл байдал болон хэрэгт цугларсан бусад баримтад үндэслэн механик физикийн хуулиар буюу байгалийн шинжлэх ухааны үүднээс үндэслэл бүхий дүгнэлт өгөх бололцоотой байдаг. Тодруулбал, механик физикээр хоёр биетийн жин, хөдөлгөөний чиглэл, үрэлтийн хүч, нэг биетийн инерц хадгалагдсан, харин нөгөө биет нь инерц шилжүүлэн авснаас үүдэн мөргөлдсөний дараах хоёр биетийн байрлал зэргийг тооцоолон хурдыг тодорхойлж болдог.

Замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийн хувьд хурд хэтрүүлсэн болон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохирох, хүний эрүүл мэндэд хохирол учрах эрсдэл өндөр байдаг нь нотлох албагүй үнэн бөгөөд өндөр хурдтай явсан, мөн тээврийн хэрэгсэл нь бүрэн бус байсан байж болохуйц эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үл харгалзан зөвхөн А цэг үүсгэсэн гэх өрөөсгөл дүгнэлтээр хүний хувь заяаг шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалт, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйл, Иргэний болон олон улсын эрхийн тухай олон улсын фактын 14 дүгээр зүйлд тус тус баталгаажуулсан хүн бүрийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн явдал болно.

Цаашилбал, жолооч Н.Анхбат нь өөрөө болон зорчигч хамгаалах бүс зүүсний дараа хөдөлгөөнд оролцсон эсэх нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “...гэм хор учрах үед буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэр хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн өөрийнх нь хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорыг багасгаж болно...” гэж зааснаар хэргийг шийдвэрлэхэд хамаарал бүхий нөхцөл байдал болно.

Түүнчлэн, 2007, 2008 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai Accent Verna загварын автомашины зах зээлийн үнэлгээ нь 1.700.000-2.500.000 төгрөгийн хооронд байхад жолооч Н.Анхбатын жолоодож явсан 2003 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai Accent Verna загварын автомашины эвдрэлийн үнэлгээ нь 4.150.000 төгрөг гарсан байгаа нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй байдлыг үүсгэж байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр бол” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Н.Бад холбогдох  хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

                            

Прокурор Э.Намуун давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж тус тус заасныг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгч Н.Анхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй талаар дүгнэлт гарсан байдаг.

Зам тээврийн осол нь шүүгдэгч Н.Бын зүүн гар тийш эргэхдээ чигээрээ явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас шалтгаалж гарсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэжлүүлэхгүй байх үйлдлийг ойлгоно. Давуу эрх нь бусад замын хөдөлгөөнд оролцогчоос урьтан хийх үйлдэл юм. Хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний чиг огтлолцох бол нэг нь давуу эрхтэй байж, нөгөө оролцогч нь зам тавьж өгөх үүрэгтэй байдаг.

Мөн жолооч Н.Анхбатын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тоормослож зогссон учраас тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй талаар тусгай мэдлэгийн хүрээнд техникийн шинжээч дүгнэлтээ гаргасан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр хурдыг тогтоох боломжгүй талаар тодорхой тайлбарыг хэлсэн байтал анхан шатны шүүх Н.Анхбатыг заавал хэтрүүлсэн хэмээн үзэж, тогтоох боломжгүй хурдыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2431 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Анхбатын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Б нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоноос орон зайн баримжаа алдагдаж осол гаргасан. Н.Быг драйгер багажаар үлээлгэхэд 1.16 буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 8 дахин их хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Н.Б нь Н.Анхбатыг ирэхийг харсаар байж эргэсэн нь үйлдэлдээ санаатай боловч хор уршиг болгоомжгүйгээр учруулсан. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Анхбатын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч Н.Анхбат шүүх хуралдаан дээр “тээврийн хэрэгсэлд эвдрэл, хохирол  их гарсан” гэж тайлбарладаг. Зах зээлийн ханшаар тооцоход 2.500.000 төгрөг болж байсан ч тухайн сэлбэгүүдийг нэг нэгээр нь худалдаж авах, ажлын хөлс зэргийн үнэ орж 4.150.000 орчим төгрөг болсон гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.  Н.Анхбат автомашинаа эдлэх боломжгүй болсон тул төмөрт тушаасан байдаг. Ийм байхад хэргийг мөрдан байцаалтад буцаах нь уг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, үнэлгээг тогтоох ажиллагаа хийх боломжгүй. Мөн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоолгох асуудлаар шинжээч “ослын үед Н.Анхбат ослоос зайлсхийж баруун гар тийш эргэсэн. Үүний улмаас автомашин агаарт өргөгдөж, дугуйны мөр гараагүй байх боломжтой” гэж тайлбарладаг ч үүнийг шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгаагүй байсан. Түүнчлэн, шинжээч Н.Анхбатын тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй талаар олон шалтгааныг нэг бүрчлэн тайлбарласан тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед Н.Анхбат маш хурдтай явж байсан. Н.Анхбатын автомашин зуны дугуйтай байсан учир зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Миний машин эргэлтийн хүчиндээ цохигдож бараг 180 градус эргэсэн. Миний хувьд хурд хэтрүүлээгүй. ...”  гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

 Прокуророос Н.Быг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын Нарангийн голын хуучин эцсийн замд Тоёота Приус 20 маркийн 56-14 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 10.9-д “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж тус тус заасныг зөрчсөнөөс жолооч Н.Анхбатын жолоодон явсан Хюндай Аксент Верна маркийн 67-20 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч А.Хулангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1832 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний нэхэмжлэгч Н.Анхбаярыг техникийн хувьд бүрэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан эсэх, түүний унаж явсан машины хурдыг тодорхойлох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байжээ.

Үүний дагуу, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн №334 дугаартай “...Hyundai-Verna маркийн 67-20 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Анхбат нь Монголын Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Хэргийн газрын үзлэгээр Hyundai-Verna маркийн 67-20 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны мөр нь зөвхөн баруун талын дугуйнаас үүссэн байх тул хурдыг тодорхойлох боломжгүй байна. ...” /1хх 195-196/ гэх дүгнэлт гаргажээ.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Н.Анхбатын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах шатны шүүхэд Н.Анхбатын машин эвдрэл ихтэй байсан тул төмрийн цэгт тушаасан, уг машин одоо байхгүй, дахин шинжлэх боломжгүй талаар тайлбар гаргасан болно.

 

Иргэний нэхэмжлэгч  Н.Анхбатын жолоодож явсан 2003 онд Монгол Улсад орж ирсэн “Hyundai Accent Verna” загварын автомашины эвдрэлийн үнэлгээг “Хос стандарт” ХХК гарсан бөгөөд авто машины үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг дуудан оролцуулах хүсэлт гаргаж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд прокурор Э.Намууны бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Бад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2431 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Н.Бад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг дахин хэлэлцэх хүртэл Н.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР        

 

 

                        ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ