| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 124/2025/0012/З |
| Дугаар | 221/МА2025/0533 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0533
Б.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн өмгөөлөгч Г.А
Нэхэмжлэгч: Б.Г
Хариуцагч: Увс аймгийн Ө сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ө сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/** дугаартай “Төрийн албанаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Ө сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 124/2025/0012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Гээс Увс аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан “Ө сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/** дугаартай “Төрийн албанаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Ө сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Ө сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/** дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Гийг урьд эрхэлж байсан Ө сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.Гт урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч Г.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. ...Анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/** дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй, Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал байгаагүй, мөн хууль зүйн үндэслэлийг заахдаа түүнтэй холбогдуулан тухайн зөрчлийг шалгаж тогтоохгүйгээр аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгийг үндэслэж гаргасан гэж дүгнэсэн байдаг.
3.2. Ө сумын Засаг даргын хувьд тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Гийг хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны даргаар ажиллахдаа сумын ИТХ-аар баталсан сумын хөгжлийн тэргүүлэх 15 чиглэлээс өөр буюу сумын цэвэрлэх байгууламжийн төслийг хэлэлцүүлсэн, мөн гишүүдэд “Р” ХХК-ийн төслийг хэлэлцүүлэхэд нөлөөлсөн гэж, аюулгүй нөөц, өвс тэжээлийн үнийг дутагдуулсан гэх үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан.
3.3 Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаар тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 1/2178 дугаар албан бичиг нь сахилгын шийтгэл ногдуулсан нь захирамжийн үндэслэл болоогүй. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуупдаас гадна сумын аюулгүйн нөөц, өвс тэжээлийн үнийг дутагдуулсан асуудлыг сонсох ажиллагаа хийхдээ дурьдсан байдаг. Шүүхээс түүнд сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзсэн ч сахилгын шийтгэл ногдуулахаас 3 хоногийн өмнө сонсох ажиллагаа хийсэн.
Б.Г-ийн удаа дараагийн зөрчлүүд болон сонсох ажиллагаанд дурдагдсан хоёр төрлийн зөрчлийн шинж чанар, мөн түүнчлэн прокурорын тогтоол, аймгийн Засаг даргын албан бичиг зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Энэ байдлыг хариуцагчын зүгээс тайлбарлан өгч, эдгээр зөрчилд нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах саналаа илэрхийлсэн.
3.4 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж магадгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байх бөгөөд “Б.Г та эдгээр зөрчлийг гаргасан, эдгээр зөрчилд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гарч магадгүй байгаа, зөрчлийг үгүйсгэх, тухайн шийдвэр гаргахгүй байх боломжийг хангах үүднээс гарах тайлбар байна уу” гэж л асууж, хариу авч буй үйл ажиллагаа юм.
Өөрөөр хэлбэл энэ ажиллагааг захиргааны шийдвэр гаргахаас өмнө хуульд нийцүүлж хийсэн байх тул шүүхийн шийдвэрийн “...Хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл авагдсан боловч тэмдэглэлийн агуулга нь оролцогчоос тайлбар санал авсан ажиллагаа бус төрийн албанаас халах шийдвэр гарч байгаа талаар танилцуулсан агуулгатай байна. Иймд сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
3.5. Ерөнхийдөө хариуцагч Ө сумын Засаг даргын хувьд хэд хэдэн зөрчил гаргасан төрийн захиргааны албан хаагчид өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн зөрчлийн шинж байдал нь “төрийн албанаас халах сахилгын шийтгэл” ногдуулах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Түүнчлэн хууль хяналтын байгууллага болон дээд шатны буюу аймгийн засаг даргаас хууль хэрэгжүүлэх үүднээс тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахыг даалгасан. Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Увс аймгийн Ө сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/** дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Гээс Увс аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан “Ө сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/** дугаартай “Төрийн албанаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Ө сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Маргаан бүхий Б/** дугаар захирамжаар “...албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Гийг үүрэгт ажлаас чөлөөлж, төрийн албанаас халж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчээс “...төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, тухайн асуудлаар тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоохгүйгээр миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсан” гэж, хариуцагчаас “...сонсох ажиллагаа хийж, хурлын тэмдэглэл хөтөлсөн боловч Б.Г тус гарын үсэг зураагүй, ...дан ганц Хоршоо хөгжүүлэх сантай холбоотойгоор зөрчлийг үүсгэж шалгаагүй, Б.Г-ийн хувьд олон удаагийн алдаа зөрчил гаргасан тул тэдгээрийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тус тус тайлбарлан маргасан.
5. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах зохицуулалтыг тусгаж, мөн хуулийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж,
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн албан хаагч /цаашид “албан хаагч” гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно”, 2.4-т “... шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.5. цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээг хийж, дүгнэлт гаргах”, 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, ...”, 3.1-д “Шалгалт албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг ... томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах ...”, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна” гэх зэргээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
5. Дээрх хууль болон журмын зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан зөрчилд хамаарч буй талаар захиргааны байгууллагаас шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй зөрчил гаргасан, энэ талаар анхан шатны шүүхээс “...сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй, зөрчлийг нотолж тогтоогоогүй...” талаар үндэслэлтэй, зөв дүгнэсэн байх хэдий ч шүүхээс хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоож, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл төдийгүй хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнэлгүйгээр “...зөрчлийг нотолж тогтоогоогүй” гэж хэлбэрийн төдий өнгөц дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
6. Учир нь хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа “...Прокурорын “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 129 дүгээр тогтоолд төрд учирсан хохирлын асуудлыг дурдсаныг үндэслэн аймгийн Засаг даргын 1/2179 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага тооцож ажиллах талаар мэдэгдсэн, Ө сумын орон нутгийн өмч болох У сумд байрладаг орон сууцыг хувь хүнд түрээслэхдээ сумын төрийн санд төвлөрүүлэлгүйгээр Тамгын газрын нэмэлт дансруу төвлөрүүлэхээр гэрээ байгуулсан, сумын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан Б.Ч-ийг томилохдоо нэг өдөр 2 өөр тушаал гаргасан, сумын Тамгын газарт С.П, Л.Э, Б.Т нарыг сантехникч, багийн төвийн сахиулаар ажиллуулахдаа өөрийн хувийн ажлыг гүйцэтгүүлж байсан” зэрэг зөрчлүүдийг гаргасан хэмээн тайлбарлаж, холбогдох баримтуудыг хавсарган ирүүлсэн байгаа энэ тохиолдолд шүүхээс уг нөхцөл байдлыг үгүйсгэж, нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй гэж үзэн, маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн “...зөрчлийн шинж байдал нь “төрийн албанаас халах сахилгын шийтгэл” ногдуулах үндэслэлтэй байсан, ...хууль хяналтын байгууллага болон дээд шатны буюу аймгийн засаг даргаас хууль хэрэгжүүлэх үүднээс тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахыг даалгасан” гэх давж заалдах гомдлыг шууд үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
7. Энэхүү тохиолдолд, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай, түүнчлэн нэхэмжлэгчийг “албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” зөрчил гаргасан гэж үзэхдээ түүний гаргасан яг ямар зөрчлийг сахилгын зөрчил гэж үзсэн болох, уг зөрчлийг бодитоор гаргасан эсэхийг холбогдох журамд зааснаар шалгаж тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах тул маргаан бүхий актад үндэслэл болгож, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон зөрчлийг шалган тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу дахин явуулах нь зүйтэй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/** дугаар захирамжийг хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Увс аймгийн Ө сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б Г-ийг төрийн албанаас халах тухай” Б/** дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай гэсэн заалтыг нэмсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН