Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 129

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

                Нарийн бичгийн дарга Б.Урангоо         

                     Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва

  Улсын яллагч А.Золзаяа нарыг оролцуулав.

      Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалт  явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 35  дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 89-р зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар Ч.Тэгшбаярт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар Ч.Энхбаярт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000114 тоот хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 14 дүгээр байрны 31 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Жаргалант овогт Чимэдцэрэнгийн Тэгшбаяр /РДЕЛ-83122311/,

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1979 оны 05 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн, Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 24-89 тоотод оршин суух хаягтай, Дархан мах ХХК-д ачигч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Жаргалант овогт Чимэдцэрэнгийн Энхбаяр /РДЕЛ-79052931/

Холбогдсон хэргийн талаар

    Шүүгдэгч Ч.Тэгшбаяр нь төрсөн ах Ч.Энхбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны  06 дугаар сарын 02-ны өдөр Ч.Энхбаярын Е серийн 0578457 дугаартай энгийн гадаад паспортыг авч ашиглан, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын автозамын боомтын чиглэлээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт,

   Шүүгдэгч Ч.Энхбаяр нь төрсөн дүү Ч.Тэгшбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн Е серийн 0578457 дугаартай энгийн гадаад паспортыг өгч ашиглуулан, Ч.Тэгшбаярыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тодорхойлох  нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

               Шүүгдэгч Ч.Тэгшбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...... Миний охин Т.Энхжин 2005 оны 05 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймагт төрсөн. Энгийн хүүхэд шиг бойжиж байгаад 2 нас 10 сартайгаасаа таталт өгдөг болсон. Тэгээд сард 1-2 удаа таталт өгдөг байж байгаад сүүлдээ 7 хоногт 3-4 удаа таталт өгдөг болсон. Эмнэлэгт үзүүлэхэд тайвшруулах тариа хийж өгөөд явуулдаг байсан. Улаанбаатар хотод эмнэлэг үзүүлэхэд хэвийн байна гэсэн. Тэгэхээр нь Хөх хотод очиж эмнэмэгт үзүүлэхэд тархинд нь ямар нэг өөрчлөлт байхгүй байна гэсэн. Тэгээд эхнэрийн дүү Франц улсад эмчлэх боломжтой гэдгийг судлаад манай хадам ээж 2014 онд миний охиныг аваад Франц руу явсан. Франц улсад одоо эмчилж чадахгүй. Эхлээд таталтыг нь эмчлээд цаашдаа бага багаар эмчилнэ гэсэн. Манай хадам ээж тэтгэвэрийн хүн байдаг. Манай охин тархины өвчтэй учраас өндөр том биетэй учраас охиныг минь асарч чадахгүй байна гэсэн тул эхнэр бага 2 хүүхэд маань Чех улс руу явсан. Би араас нь сарын дараа очих гээд виз даруулах гэтэл бүтээгүй. Тэгээд манай ах надад чамтай адил царайтай хүн паспорт зарна гэж байна гэж хэлсэн. Тэгээд  би тэр хүнтэй холбогдож паспортыг нь 1500 еврогоор худалдаж авсан. Тэгээд би өөрийн нэрээр Москва руу явж тэндээсээ паспорт худалдаж авсан. Тэр паспортоо ашиглаж Чех руу онгоцоор явах гэсэн боловч баригдаж хоригдсон. Тэгээд надад Монгол улсын консулаас орчуулагч гаргаж өгсөн. Тэгээд манай консулаас намайг мөнгөөр батлан даалтанд гаргаж авсан. Тэгээд Москвад Амараа гэдэг хүний буудалд байсан. Тэр хугацаанд шүүхээс дуудаагүй. Тэгээд консултайгаа уулзсан. Гэтэл чамд буцах цагаан хуудас хийж өгнө гэж хэлсэн. Тэгээд Намайг Монгол руу буцаасан. Би буцах замдаа Жаргалсайхан консултай уулзсан чинь Улаан-Үүдийн шүүхээр орж байж буцна гэж хэлсэн. Хэрвээ шүүхээр орох юм бол чамайг буцаагаад Москва руу явуулна байх гэсэн учраас 2016 оны 05 дугаар сарын 29-нд Энхбаяр ахыгаа дуудсан. Тэгээд Улаан-Үүдэд байхдаа ахтайгаа уулзаж ярилцаад ахынхаа паспортоор 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ахынхаа паспортоор Монгол руу орж ирсэн... гэх мэдүүлэг

               Шүүгдэгч Ч.Энхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ....... 2016 оны 5 сард дүү сураггүй байж байгаад над руу залгахаар нь баярлаад очсон. Тэгээд Улаан-Үүдэд очоод дүүтэйгээ уулзаад паспортоо өгсөн. Уг нь би больдог ч юм уу гэж бодож байсан боловч дүүгээ хүний нутагт орхиж чадаагүй дүүдээ паспортоо өгөөд өөрөө Улаан-Үүдийн консулаас цагаан хуудас авч хилээр гарах гэж байгаад баригдсан... гэх мэдүүлэг       

   Гэрч  А.Лхагвадоржийн 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Тухайн зөрчлийг би сүүлд мэдсэн. Яг энэ хүний хувьд тухайн үеийн талаар санахгүй байна. Тус өдөр тухайн цаг хугацааны хувьд их зорчигч орж ирдэг ачаалал харьцангуй их байдаг. Би тус өдөр 20 цагаас ээлж авч суусан. Тэр орой ОХУ-аас хүн их орж ирдэг үе байдаг. Тэгээд тэр хүн яг тэр үеэр орж ирсэн юм шиг байна лээ. Тухайн үед би ямар нэгэн зөрчил илрүүлээгүй. Тэгээд сүүлд 2016 оны 06 дугаар сарын 07-ны орой Энхбаяр гэх хил зөрчигч орж ирэх үед би мэдсэн. Тус өдөр ээлжинд гарч байх үедээ би зохих шалгалтыг зохих журмын дагуу явуулсан орж ирсэн бүх зорчигчийн бичиг баримтыг тулгаж, тодорхой асуултууд тавьж шалган нэвтрүүлж байсан. Энэ хүний хувьд миний санаж байгаагаар төрсөн он сар өдөр эцэг эхийн мэдээллийг асуухад ямар нэгэн саадгүй шууд хариулж байсан. Тэгээд паспортын зургийг харахад 2008 онд  олгогдсон паспорт байсан учраас хуучны зурагтай байсан. Тэгээд би өөрийн штампыг дарж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн. Тухайн хүн надад ямар нэг буцах үнэмлэх үзүүлж харуулаагүй. Ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Би тус зорчигчийн паспортын зураг хуучных байсан учраас зорчигчоос танд өөр ямар нэгэн бичиг баримт байна уу гэхэд байхгүй гэж надад хариулж байсан...... гэх  мэдүүлэг \хх-ийн 65-67 дугаар тал\ 

   Гэрч Т.Циенсүрэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Ч.Тэгшбаяр нь анх 2015 оны 12 дугаар сард эхнэрийн хамт визэнд орох гээд бүртгүүлсэн боловч цаг олдохгүй байсан тул эхний ээлжинд эхнэр, хүү хоёроо оруулан эхнэр Б.Энхцэцэг, хүү Т.Тэргэл нарын нэр дээр 30 хоногийн виз гарч эхнэр хүүхэд хоёроо явуулсан юм. Тэгээд өөрөө сарын дараа цаг авч визэнд ороход Ч.Тэгшбаярт виз гараагүй юм. Би нарийн ширийн асуудлыг мэдэхгүй юм. Тэгээд манай хүү 2016.04 сард ОХУ-аар дамжин Франц улс руу явлаа гэж хэлээд бөөн баяр болж байсан. Тэгээд би тэтгэврийн зээл авч мөнгө өгөөд явуулсан. Тэгээд Москва хотод очоод баригдчихлаа гэж хальт хэлэхэд нь би санаа зовж эхэлсэн. Тэгээд батлан даалтын мөнгө хэрэгтэй гэхэд нь 100.000 рубль шилжүүлж байсан. Тэгээд тэндээ МУ-ын Консулын газраас батлан даалтанд гаргаж, буудалд байлгаж их тус дэм болж байна гэхэд нь тайвширсан. Тэгээд 2015.05 дугаар сард консулын газраас цагаан хуудас хийж өгсөн МУ-руу буцах боллоо гэж хэлсэн. Тэгээд Улаан-Үүд хотод ирээд цагаан хуудсаараа гарч болохоо байлаа гэж хэлсэн. Нарийн учрыг нь надад хэлээгүй би мэдээгүй тэгээд ах нь болох Ч.Энхбаяр нь араас нь явсан. Тэгээд Ч.Тэгшбаяр нь 2016.06.02-ны өдөр шиг санаж байна МУ-ын хилээр орж ирэн гэртээ ирсэн юм. Хэрхэн яаж орж ирсэн талаар надад мэдэх зүйл байхгүй........ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос юм шиг байна лээ нэг эрэгтэй хүн яриад Ч.Тэгшбаяр байна уу? Ч.Тэгшбаяр Сэлэнгэ аймагт ирэх боломж байна уу? гэж асуусан. Тэгээд би Сэлэнгэ аймаг эндээс ойрхон байдаг учраас Ч.Тэгшбаяртай хамт Сэлэнгэ аймгийн Тагнуулийн газар очиж ямар учиртай талаар асуухад манай хүүхдийг хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэж хэлээд надаар Ч.Энхбаяр, Ч.Тэгшбаяр нарын ээж нь мөн гэсэн тодорхойлолт бичүүлж аван бид гурвыг буцаагаад явуулсан. Өөр нарийн зүйлийг мэдэхгүй байна...... гэх  мэдүүлэг \хх-ийн 68-70 дугаар тал\

Гэрч Б.Ганзоригийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....2016 оны 06 дугаар сарын 07-ны орой харанхуй болсон байхад цагийг нь сайн санахгүй байна. Ч.Энхбаяр гэх эрэгтэй хүн ОХУ-ын Монголын элчин сайдын яамнаас буцах үнэмлэхтэй орж ирсэн. Би өөрийн гадаад паспортоо яасан юм бэ? яагаад буцах үнэмлэхтэй орж ирэв гэж асуухад Оросод явж байгаад гадаад паспортоо алга болгочихсон юм. Тэгээд элчин сайдын яамнаас буцах үнэмлэх авсан юм гэж хариулж байсан юм. Тэгээд би тэр хүнийг нарийвчлан шалгуулахаар шилжүүлсэн. Тэгээд шалганы дарга энэ хүн буцах үнэмлэхтэй юм байна бүртгээд оруул гэхээр нь тэр хүнийг бүртгээд оруулсан. Сэжигтэй зүйл анзаарагдаагүй. Харин сүүлд нь тэр хүний паспорт нь Монгол Улс руу ороод ирсэн, хүн нь өөрөө буцах үнэмлэхээр орж ирсэн болохыг ээлжийн даргаас мэдсэн. Ээлжийн дарга энэ тухай сайн мэдэх байх. Би ээлжийн даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу буцах үнэмлэхтэй хүнийг ээлжийн даргад мэдэгдэн шалгуулсан...... гэх  мэдүүлэг \хх-ийн 71 дүгээр тал\

       Гэрч Д.Алтанчулууны 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... Би 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагаас дараа өдрийн 08 цаг хүртэл ээлжийн даргаар ажиллаж байсан. Ч.Энхбаяр гэх залуу буцах үнэмлэхээр орой 23 цагийн үед улсын хил нэвтэрсэн. Ганзориг гэдэг шалгагч зөрчлийг илрүүлэн нарийвчлан шалгуулахаар надад шилжүүлсэн. Би тэр хүнийг хүлээж аваад шалгахад Ч.Энхбаяр гэх залуу өөрийн нэрээр буцах үнэмлэх авсан байсан. Анх гарсан бичиг баримтыг нь шалгахад өөрийнхөө бичиг баримтаар гараад өөрийнх нь бичиг баримт нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орж ирсэн мэдээлэл гарч ирсэн. Үүнийг шалган асуухад Ч.Энхбаяр нь би өөрийн бичиг баримтыг Улаан-Үүд хотод согтуу явж байхдаа хаячихсан юм гэж тайлбарлаж байсан. Ч.Энхбаяр нь өөрийнхөө гадаад паспортыг хаячихаад Улаанбаатар хотоос өөрийн цахим үнэмлэхийг хүнээр авч ирүүлж Улаан-Үүдийн консулын газраас буцах үнэмлэх авсан гэж ярьж байсан. Сэжигтэй зүйл гэвэл тэр Ч.Энхбаяр гэдэг залуу өөрийн гадаад паспортоо яасан юм бэ гэж асуухад би өмнө нь хилийн 0101 дүгээр ангид ажилладаг байсан. Намайг таних уу? ах нь асуудалгүй ээ ахыгаа явуулчих гэсэн маягийн юм ярьж байсан. Таны паспорт Монголд ороод ирсэн байна яагаад вэ гэж асуухад үгүй тийм байх ёсгүй ах нь өөрийнхөө гадаад паспортыг хаячихсан. Би өөрөө энд явж байгаа биздээ би Улаанбаатар хотоос цахим үнэмлэхээ авч Улаан-Үүдээс буцах үнэмлэх авч орж байна. Сонин юм аа гэсэн юм ярьж байсан...... гэх  мэдүүлэг \хх-ийн 72 дугаар тал\ 

    Ч.Энхбаярын гадаад паспортын хуулбар /хх-ийн 8-10 дугаар тал/

     Иргэний хаяръяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 18-19 дүгээр тал/

    Иргэний хаяръяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан тоотууд /хх-ийн 21, 23, 25-26 дугаар тал/

    Шүүгдэгч нарын цахим үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31-32 дугаар тал/

     Шархүү овогт Болдын Итгэл гэх хүний цахим үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/

     Боржигон овогт Болдын Итгэл гэх хүний цахим үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/

    Монгол Улсын гадаад хэргийн яамны албан тоот, хавсралт /хх-ийн 38-48 дугаар тал/

    Паспортонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 49-55 дугаар тал/

    Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 56-63 дугаар тал/

    Эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол /хх-ийн 64 дүгээр тал/

    Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89-90 дүгээр тал/

    Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /хх-ийн 91-92 дугаар тал/ зэрэг болно.

   Яллагдагчид сонсгосон ялыг өөрчилж ял сонсгох тогтоол /хх-ийн 162 дугаар тал/

   Ч.Энхбаярыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 163-164 дүгээр тал/

   Яллагдагчид сонсгосон ялыг өөрчилж ял сонсгох тогтоол /хх-ийн 165 дугаар тал/

   Ч.Тэгшбаярыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 166-167 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

         Шүүгдэгч Ч.Тэгшбаяр нь төрсөн ах Ч.Энхбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны  06 дугаар сарын 02-ны өдөр Ч.Энхбаярын Е серийн 0578457 дугаартай энгийн гадаад паспортыг авч ашиглан, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын автозамын боомтын чиглэлээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, шүүгдэгч Ч.Энхбаяр нь төрсөн дүү Ч.Тэгшбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн Е серийн 0578457 дугаартай энгийн гадаад паспортыг өгч ашиглуулан, Ч.Тэгшбаярыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

     Үүнд; Гэрч А.Лхагвадоржийн /хх65-67/,  Т.Циенсүрэнгийн /хх68-70/, Б.Ганзоригийн /хх71/, Д.Алтанчулууны /хх72/ мэдүүлгүүд, Ч.Энхбаярын гадаад паспортын хуулбар /хх-ийн 8-10 дугаар тал/, иргэний хаяръяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 18-19 дүгээр тал/, иргэний хаяръяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан тоотууд /хх-ийн 21, 23, 25-26 дугаар тал/, шүүгдэгч нарын цахим үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31-32 дугаар тал/, Шархүү овогт Болдын Итгэл гэх хүний цахим үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/, Боржигон овогт Болдын Итгэл гэх хүний цахим үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, Монгол Улсын гадаад хэргийн яамны албан тоот, хавсралт /хх-ийн 38-48 дугаар тал/, паспортонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 49-55 дугаар тал/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 56-63 дугаар тал/, Эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол /хх-ийн 64 дүгээр тал/ болон шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

          Гэрч А.Лхагвадорж, Т.Циенсүрэн, Б.Ганзориг, Д.Алтанчулуун нарын мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

         Учир нь Дээрх гэрчүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, ажил үүргийн хувьд тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн байгааг дурьдах нь зүйтэй. 

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтууд нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.

         Иймд шүүгдэгч Ч.Тэгшбаяр, Ч.Энхбаяр нарын гэм буруутай үйлдэлд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89-р зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, шүүгдэгч Ч.Тэгшбаярыг Ч.Энхбаяртай урдчилан үгсэн тохиролцож түүний хуурамч бичиг баримтыг ашиглан хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх гэмт хэрэгт, шүүгдэгч Ч.Энхбаярыг Ч.Тэгшбаяртай урдчилан үгсэн тохиролцож, өөрийн Е серийн энгийн гадаад паспортыг өгч ашиглуулан шүүгдэгч Ч.Тэгшбаярыг хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан хөнгөрүүлж ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.      

         Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялыг ял жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтов.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.1.1, 17.1.2-т  зааснаар мөн хуулийн тусгай ангийн 89, 233-р зүйлийн 89.2, 233.1-д заасан гэмт хэргүүд нь  хөнгөн, хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба мөн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар  шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, ар гэрийн байдал болон дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг шүүх биечлэн  эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж,  хянан харгалзах нь зүйтэй  гэж үзлээ. 

   Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ч.Тэгшбаярын Т-0025092 дугаар бүхий, Ч.Энхбаярын Т-0026140 дугаар бүхий буцах үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ч.Энхбаярын Е-0578457 дугаар бүхий энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор тогтов.

   Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Ч.Энхбаяр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдээгүй, зөвхөн гадаад паспортоо бусдад шилжүүлсэн үйлдэл байдаг үүнд нь захиргааны хариуцлага ногдуулах үндэслэлтэй юм. Харин Ч.Тэгшбаяр нь амьдралын гарцаагүй байдлаас болж Монгол улсын хилийг зөрчсөн ба энэ нь нийгэмд аюулгүй ялимгүй үйлдэл байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн санал хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

    Учир нь Шүүгдэгч Ч.Тэгшбаяр нь өөрийн ах Ч.Энхбаярын дэмжлэг туслалцаатайгаар түүний гадаад паспортыг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэрэв шүүгдэгч Ч.Энхбаяр өөрийн гадаад паспортыг Ч.Тэгшбаярт ОХУ-ын Улаан-Үүд хотод аваачиж өгөөгүй өөрөөр хэлбэл түүний идэвхтэй дэмжлэг туслалцаа ороогүй бол Ч.Тэгшбаяр уг гэмт үйлдлийг хэрэгжүүлэх боломжгүй юм гэж шүүх дүгнэж байна.

    Шүүгдэгч Ч.Тэгшбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Жаргалант овогт Чимэдцэрэнгийн Тэгшбаярыг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д заасан хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх гэмт хэрэгт, Жаргалант овогт Чимэдцэрэнгийн Энхбаярыг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д заасан хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

2.Шүүгдэгч Жаргалант овогт Чимэдцэрэнгийн Тэгшбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 02 жилийн хорих ял,  233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 03 сарын баривчлах ял, шүүгдэгч Жаргалант овогт Чимэдцэрэнгийн Энхбаярт мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 01 жилийн хорих ял, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 01 сарын баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан шүүгдэгч Ч.Тэгшбаярын биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Энхбаярын биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоосугай. 

4.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ч. Тэгшбаярт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ял, шүүгдэгч Ч.Энхбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

5.Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ч.Тэгшбаярын Т-0025092 дугаар бүхий, Ч.Энхбаярын Т-0026140 дугаар бүхий буцах үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ч.Энхбаярын Е-0578457 дугаар бүхий энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч  шүүгдэгч Ч.Тэгшбаярт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Ч.Энхбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар тус тус хянан харгалзсугай .

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ч.Тэгшбаяр, Ч.Энхбаяр нарын засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан нар тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

10.Шүүгдэгч Ч.Тэгшбаяр, Ч.Энхбаяр нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                         Б.ЭРДЭНЭХИШИГ