| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2019/0387/и |
| Дугаар | 500 |
| Огноо | 2019-12-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 500
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Бнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Бд холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Бтэй 2012 онд танилцан улмаар 2017 оны 5 дугаар сар хүртэл 5 жил хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2013 оны 5 дугаар сарын 24-нд охин Б.Ө, 2016 оны 4 дүгээр сарын 01-нд охин Б.Г нар төрсөн. Бид одоогоор тусдаа амьдарч байгаа ба Б.Б нь тусдаа амьдралтай болсон тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд Б.Бгөөс хуульд заасны дагуу охин Б.Ө, Б.Г нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хоёр хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Маргах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Б нь Б.Бд холбогдуулж “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Зохигчдын дундаас 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Ө төрсөн болох нь 0000988265 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.Г төрсөн болох нь 2213000043 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, тэдний эрүүл бойжиж буй талаарх эмчийн тодорхойлолт, Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дугаартай тодорхойлолт, Мөнххаан сумын хүүхдийн цэцэрлэгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Ө, Б.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Бгөөр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Бгөөс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 2 251 200 төгрөгт /Монголын Үндэсний Статистикийн хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/12 тоот тушаалын хавсралтаар хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 187 600 төгрөгөөр тогтоогдсон байна. /187 600 төг х 12 сар = 2 251 200 / 50% = 1 125 600 төг x 2 хүүхэд = 2 251 200 төг/-т улсын тэмдэгтийн хураамж тооцож 50 969 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Ө /РД:ЛД13252409/, Б.Г /РД:ЛД16240122/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Б.Бгөөр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Бгөөс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 2 251 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50 969 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болснөөс хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ