| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2019/0381/и |
| Дугаар | 460 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 460
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Ут холбогдох
“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энэрэл, гэрч Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр Азжаргал бид 2 Р.Уийн хүү Р.Гаас 2019 оны 3 дугаар сард 3 500 000 төгрөгний зээл авсан бөгөөд дараа нь 7 дугаар сард дахин 35 000 000 төгрөгний зээл авмаар байна гэдэг санал тавьсан. Г ах өгч болох л юм, ах нь туслая, харин та нар эхлээд барьцаа хөрөнгө болох “Залуус” хотхоны гражийн гэрчилгээг би хотод явж байгаа тул миний ээж Р.Уийн нэр дээр шилжүүлчих гэсэн. Бид итгээд миний өмчлөлд байсан гражийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Р.У эгчийн нэр дээр шилжүүлсэн. Энэ хүнд шилжүүлэхдээ барьцаа хөрөнгө гэж бодоход заавал үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүл гэсэн тул түүний хэлснээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Гэрээний зүйл болох гражийн үнэ бол 10 000 000 төгрөг бөгөөд худалдах-худалдан авах гэрээ байгуулахад заавал үнэ байх ёстой гэснээр энэ талаар Г ахаас асуухад татвараа та нар төлөх юм чинь хэдээр хийхээ өөрсдөө мэднэ биз дээ гэж хэлсэн. Харин Р.У эгч бид нар ярилцаад 10 000 000 төгрөг гэж үнээ тогтоосон байсан боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны татвар гэж төлөх болохоор 4 000 000 төгрөг гэж үнээ тогтоосон. Тэгээд би татварын албанд үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны татварт 80 000 төгрөг төлөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Р.Уийг бүртгүүлж гэрчилгээ гаргуулсан. Би Р.У эгчээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нэг ч төгрөг аваагүй. Надад мөнгө өгөөгүй. Р.Г ахын хэлснээр түүний ээжийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлээд зээл авах барьцаа болно гэж ойлгож байсан. Бид Р.Г ахаас үл хөдлөх эд хөрөнгөө танай ээжийн нэр дээр шилжүүлчихлээ, та нөгөө ярьж байсан зээлээ бидэнд өгөх үү гэж ярьтал эхлээд өгмөөр ярьж байснаа эргээд уулзахад би та 2 хоёрт зээл өгөхгүй гэсэн. Зээлнэ гэсэн мөнгөө өгөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ солиулж нэр дээрээ авъя гэхэд чиний гражийг хадам эгч Б.Яийн зээлийн өр төлбөрт авлаа гэсэн. Би өөрийн хөрөнгөөрөө хүний өрийг төлөхгүй, тэр надад хамаагүй гэсэн боловч одоо хүртэл учраа олоогүй маргасаар байна. Гол асуудал бол бидэнд зээл олгоно гэж итгэл төрүүлээд миний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Р.Г ахын хэлснээр түүний ээж Р.Уийн нэр дээр шилжүүлээд, үүний барьцаанд дахин хөрөнгө нэмээд зээл авна гэсэн хэлцэл маань бүтээгүй. Анхнаасаа бид худалдах–худалдан авах гэрээ хийхдээ ч Р.Г болон Р.Ут энэ гражаа худалдаагүй, гэрээний дагуу хариу төлбөр ч бидэнд өгөөгүй, харин зээл авахаар барьцаа болгож шилжүүлээд, зээлээ өгөхгүй хуурч, улмаар миний үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлчихээд хадам эгчийн өрийн төлбөрт тооцож байна гээд байгаа юм. Зээл өгнө гэж хуурч мэхэлж үл хөдлөх эд хөрөнгийг ээжийнхээ нэр дээр болгуулчихаад буцааж миний нэр дээр шилжүүлэхгүй байх тул гомдолтой байна. Р.У эгчийн хувьд надтай граж худалдах-худалдан авах, барьцаалж мөнгө зээлэх гэхчилэн энэ талаар ярилцаагүй. Хүү нь өөрийнх нь нэр дээр шилжүүлчих гэсэн болохоор нэр дээрээ авсан. Бидний хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээ бол нэг ёсондоо дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд барьцааны зүйл болгох зорилгоор гэрээ байгуулсан юм.
Иймд бидний хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ маань дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд худалдсан гэх зүйлийн үнэ төлөгдөөгүй, анхнаасаа өөр хэлцлийн зорилгоор эд хөрөнгөө шилжүүлсэн тул гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 18 м2 талбай бүхий авто гражийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцааж миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх тухайн гэрээг хийхдээ Р.Гийн тавьсан нөхцлийн дагуу дүр үзүүлж хийх зорилгоор буюу барьцааны гэрээг халхавчлах зорилгоор байгуулагдсан гэрээ. Гэтэл Р.Г зээлээ өгөөгүй, үйлчлүүлэгчийн маань хувьд зээл аваагүй гэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар зээл авах зорилгоор дүр үзүүлж хийсэн гэрээ байна. Анх гэрээг байгуулаад тухайн гражийг шилжүүлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар шилжүүлчихсэн. Зээлээ өгөөгүй болохоор Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл рүү орчихож байгаа юм уу? гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тодруулбал Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хууран мэхлэгдсэн байгаа юм. Р.Г зээл өгнө гэж бодоод тухайн гражийг түүний хэлснээр ээжийнх нь нэр дээр шилжүүлчихсэн, гэтэл зээл өгөөгүй байгаа. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх юм бол Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлоо гаргасан. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. Энэ үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох юм бол Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байгаа. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох юм бол өгсөн авсан зүйлийг байсан байранд нь буцаах асуудал яригдана. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч тал санал тавихаар нь худалдах-худалдан авах гэрээ хийсэн, үнэндээ өрөндөө авсан гэж байна. Гэрч Р.Г, хариуцагч Уранчимэг нарын мэдүүлгүүдийн хооронд зөрүү байна. Хариуцагч Р.У нь Р.Г, Б.Азжаргал нарын хоорондын асуудлыг би мэдэхгүй гэдэг, Р.Г болохоор би мэдэж байсан, ээждээ шилжүүлээд авчих гэж хэлсэн, ээж мэдэж байсан гэж ярьж байна. Тэгэхээр энэ асуудал нотлогдохгүй байна. Б.Яийн өрийг Д.М төлөх шаардлагагүй. Харин Д.Мийн зөвшөөрлөөр төлж болох боловч тийм зөвшөөрөл байхгүй. Хэрвээ Д.М зөвшөөрөл өгсөн бол хариуцагч тал нотлох ёстой. Д.М тайлбартаа анхнаасаа зээл авах гэж байсан юм гэж ярьдаг. Энэ нь нотлогдож байна гэж үзэж байна. Худалдах- худалдах авах гэрээ хийгдсэн болов ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөнгө төгрөг авч, өгөлцөөгүй, өрөнд нь суутгасан талаар хэлдэг. Р.Ут өргүй болохоо Б.Я гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Ийм учраас худалдах-худалдан авах гэрээ бодит байдал дээр хийгдээгүй болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Р.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Мийн хадам эгч Б.Я 2017 онд надаас 20 000 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа өнгөрөөд жил гаран болж байгаа ч зээлийн мөнгийг өдий болтол төлөөгүй, хүү алдангийг дутуу төлсөн. 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б.Я манай гэрт ирээд охиныхоо хүүхдийн тэтгэмжинд Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Залуус” хотхоны 1 дүгээр байранд байрлах 18 м2 талбайтай автомашины граж авсан. Уг гражийг таниас зээлсэн мөнгөндөө өгөөд, үлдэгдлийг нь тохиролцмоор байна гэж уйлж гуйсан. Тэгэхээр нь өрөвдөөд гражаа үнэлээд өгвөл зээлийн хүүг зогсоож зээлийг хөнгөлөх талаар тохиролцсон. Мөн дээрх гражаа бэр дүү Д.Мийн нэр дээр түр шилжүүлсэн, барьцаанд тавьсан байгаа учраас хэд хоногийн дараа таны нэр дээр шилжүүлье гэсэн юм. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өглөө Д.М над руу утасдаад гражийг таны нэр дээр шилжүүлье, нотариат дээр уулзъя гэж ярьсан. Нотариат дээр уулзаад ямар гэрээ хийх вэ? гэж асуухад худалдах-худалдан авах гэрээ хийе гэж хэлсэн. Тухайн үед Б.Яийн хөрөнгийг дүү Д.М нь түр нэр дээрээ байлгаж байгаад хоорондын тохиролцоогоор надад Б.Я эгчийн зээлнээс хасуулахаар шилжүүлэн өгч байгаа гэж хэлсэн.
Тухайн үед энд яригдаад байгаа миний хүү Р.Г, Д.М, түүний нөхөр Б.Азжаргал нарын хоорондын 35 000 000 төгрөгийн зээлийн яриаг надад ер хэлээгүй. Би огт мэдээгүй. Миний хүү Р.Г намайг гражийг нэр дээрээ шилжүүлж ав гэж огт хэлээгүй. Харин Б.Я өөрөө гражаа таньд өрөндөө өгье гэж 2019 оны 6 дугаар сарын 29-нд хэлсэн. Энэ нэхэмжлэл ирэх хүртэл би өрөндөө суутгаж хасуулсан гэж ойлгож байсан. Яагаад надаас 4 000 000 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Б.Я тухайн үед уйлж гуйсны улмаас би гражийг нэр дээрээ шилжүүлж зээлээс хасуулахыг зөвшөөрснөөс биш Б.Я ямар хөрөнгөтэйг би мэдэхгүй, мөн бэр Д.Мийг нь ч танихгүй, тухайн үедээ Д.Мийн нэр дээр байгаа гэж надад хэлсэн учраас би итгэж худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Би зээлсэн мөнгөндөө суутгаснаас биш хүний хөрөнгийг залилан мэхэлж авсан асуудал огтоос байхгүй.
Хэрэв граж худалдах-худалдан авах гэрээний төлбөр 4 000 000 төгрөг нэхэмжилж байгаа бол Д.М миний хүү Р.Гаас зээлсэн 5 000 000 төгрөгийг буцаан төлөх ёстой. Түүний эгч Б.Я надаас зээлсэн мөнгөө хүү алдангитай нь барагдуулах, Д.М миний хүү Р.Гаас авсан мөнгөө мөн барагдуулахыг хүсье. Өөрсдөө өр төлбөрөө барагдуулаагүй байж намайг бусдын хөрөнгийг залилан авсан гэж гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна. Миний бие Д.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Р.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээ нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэлтэй. Б.Я гэдэг хүн гэрт орж ирээд зээлээ төлж чадахгүй болчихлоо, охинд маань эцгээс нь өвлөгдөн үлдсэн граж байгаа, тэр гражийг өрнийхөө хагаст нь суутгаад үлдсэн мөнгөөр нь хүү алдангиа зогсоолгоё гэж орж ирсэн. Тэгэхээр нь гражаа шилжүүлчих гэсэн чинь манай бэр Д.М түр зээлэнд тавьчихсан байгаа, суллахаар нь шилжүүлж өгье гэсэн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 05-нд гражийг шилжүүлэхээр нотариат дээр очиж гэрээ байгуулж шилжүүлсэн. Өрөндөө суутгаж байгаа гэсэн ойлголттой байсан учраас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Б.Я бид нарт өөрөө гражийг шилжүүлэх санал тавьсан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гэрч Р.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б.Азжаргал нь 2019 оны 6 дугаар сард 35 000 000 төгрөг зээлэх талаар хүсэлт тавьсан. Эхнэр Д.Мээс нь 5 сард авах мөнгөний авлага, эгч Б.Яээс 20 000 000 төгрөгний авлагатай талаар хэлсэн. Ямар ч барьцаагүй зээл өгсөн байсан юм. Тэгээд танай гэр бүл 20 гаран сая төгрөгний зээлтэй байна, ийм байхад юу гэж ах нь 35 000 000 төгрөгний зээл өгөх юм бэ, танай эгч Б.Я, эхнэр Д.М нартай яриа байхгүй, шүүхэд өгнө гэсэн чинь эхнэр, эгч хоёроос тусдаа зээл авъя, бизнесээ өргөжүүлэх гэсэн юм, сардаа 2 сая төгрөгөөр төлөөд 2 жил гаран төлөөд дуусгачихна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.М, Б.Я нарын зээлийг багасгаж чадах уу? гэхэд чадна гэсэн. Тэгэхээр нь би барьцаа байна уу? барьцаагүй зээл өгөхгүй гэж хэлэхэд болно гэж хэлсэн. Тэгэхээр нь барьцаа, Д.М, Б.Я нарын зээлийг багасгах талаар бодчихоод яриарай гэсэн. Над руу 20 гаран удаа залгасан байдаг. Б.Яийн нөхөр Цогтбаатар гэдэг хүн надаас дулаан зогсоол худалдаж авсан байдаг юм. Түүнийгээ хүүхдийнхээ тэтгэлэгт эхнэртээ өгсөн байдаг. Б.Ят аймгийн банк, банк бус санхүүгийн байгууллагууд зээл гаргахгүй болсон учраас надад ханддаг байсан юм. Тэгээд Б.Азжаргалтай уулзахаар тохирсон байсан. 2019 оны 7 дугаар сарын 05-нд гражаа ээжийн нэр дээр шилжүүлээд өгсөн байсан. Граж шилжүүлэх талаар ээждээ тайлбарлаагүй байсан юм. Тэгсэн граж шилжүүлэхийн урьд өдөр нь Б.Я ээж дээр ирээд үндсэн зээл 20 сая, хүүтэйгээ нийлээд 30 сая гаран төгрөг болж байна, хүү төлж чадахгүй нь гражаа өгөөд үлдэгдэл 7-8 сая төгрөг үлдэж байна, та хүүг нь зогсоогоод туслаач гэсэн байдаг. Намайг ирэхэд ээж маань” Ягаанцэцэгийн өрөнд гражийг нь авахаар боллоо, хүү, алданги авахгүй, адилхан эмэгтэй, бизнес хийдэг хүмүүс. Ээж нь энэ асуудлыг дахин хөндөхгүй гэхээр нь та өөрөө шийдэж байгаа юм бол яахав гээд орхисон. Граж шилжсэн үйл баримт бол энэ. Тэгээд Б.Азжаргал, манай эхнэр бид 3 зээл олгох эсэх талаар ярилцаж, судлаад үзэхэд Д.М, Б.Азжаргал нарын нэр дээр 60 сая төгрөгийн зээл, мөн хугацаа алдсан 2-3 зээл гарч ирсэн. Энэ талаар Б.Азжаргалд үзүүлэхэд бизнесээрээ дарчихна, таны зээлийг уурхайд ажил хийгээд цалингаараа төлчихнө гэсэн. Тэгэхээр нь би барьцаа хангалтгүй байна, өөр барьцаа нэмчих гэсэн, зээл өгөхгүй гэж нэг ч удаа хэлээгүй, зээл олгох гэж их үзсэн. Д.Мээс 5 сая гаран төгрөгний авлагатай, шүүхийн шийдвэр гарчихаад байхад нэг ч төгрөг авч чадаагүй байгаа гэв.
Гэрч Б.Я шүүхэд мэдүүлэхдээ: Манай дүү Д.М, Б.Азжаргал нарт 35 000 000 төгрөгийг бага хүүтэйгээр, тус болоод зээлүүлье, ээжийн нэр дээр гражаа шилжүүл гэж Р.Г хэлсэн гэж ярьж байсан. Уг гражийг мөнгөний өглөгтэй байсан учраас Д.Мийн нэр дээр шилжүүлж өглөгтөө өгсөн байсан. Миний хувьд Р.Ут ямар ч өглөггүй учир зээлийн өрөнд Д.Мийн өмчлөлийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Залуус” хотхоны 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах гражийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон зүйл байхгүй гэжээ.
Гэрч Б.Азжаргал шүүхэд мэдүүлэхдээ: Р.Гтай утсаар 35 000 000 төгрөг зээлнэ үү гэж ярихад ах нь Улаанбаатар хотод байна, очиод тухтай уулзая гэсэн. Р.Г нь хотоос ирээд надтай уулзсан. Зээлийн барьцаанд нь “Залуус” хотхоны 3 тоот гражаа манай ээжийн нэр дээр шилжүүлчих, тэгвэл нэг удаа тусалж зээл олгоё гэсэн. Тийм учраас л Р.Гийн ээж Р.Уийн нэр дээр гражаа шилжүүлсэн боловч зээл өгөөгүй гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтжуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Р.Ут холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энэрэл “Б.Я гэдэг хүн гэрт орж ирээд танайхаас авсан зээлээ төлж чадахгүй болчихлоо, охинд маань ааваас нь үлдээсэн авто граж байгаа. Тэрийг өрнийхөө хагаст нь суутгаад үлдсэн мөнгөөр нь хүү алдангиа зогсоолгоё гэж хэлсэн. Тэгэхээр нь гражаа шилжүүлчих гэхэд манай бэр Д.М түр зээлийн барьцаанд тавьчихсан байгаа, суллахаар нь шилжүүлж өгье гэсэн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 05-нд гражийг шилжүүлэхээр нотариат дээр очиж өрөндөө суутгаж байгаа гэсэн ойлголттойгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Б.Я өөрөө бид нарт авто гражийг шилжүүлэх санал тавьсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.М, хариуцагч Р.У нар нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Залуус” хотхоны 1 дүгээр байрны 3 тоот 18 м2 авто гражийг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд дээрх асуудлаар маргаагүй.
2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 3.1-д гэрээний зүйлийн үнийг тодорхойлохдоо: Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 4 000 000 төгрөгөөр худалдахаар, 3.2-т төлбөр төлөх хугацаа 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэж тохиролцсон байна.
Тухайн гэрээ байгуулах үед ямар нөхцөл байдал үүссэн, гэрээ байгуулах зорилго юу байсан талаар нэхэмжлэгч Д.М “... хариуцагч Р.Уийн хүү Р.Гаас зээл авахаар ярилцсан. Анхнаасаа бид худалдах-худалдан авах гэрээг хийхдээ ч Р.Г болон Р.Ут энэ авто гражаа худалдаагүй, гэрээний дагуу бидэнд хариу төлбөр ч өгөөгүй, харин зээл авахаар барьцаа болгож шилжүүлсэн боловч хариуцагч Р.Уийн хүү Р.Г нь биднийг хууран мэхэлж эд хөрөнгийг ээжийнхээ нэр дээр шилжүүлчихээд зээлээ өгөлгүй манай хадам эгч Б.Яийн өрийн төлбөрт суутгаж авсан гэж байгаад гомдолтой байна гэж тайлбарладаг.
Хариуцагч Р.У шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа; Д.Мийн хадам эгч Б.Я нь 2017 онд надаас 20 000 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа өнгөрөөд жил гаран болж байгаа ч зээлээ төлөөгүй, хүү алдангийг дутуу төлсөн. 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б.Я манай гэрт ирээд охиныхоо хүүхдийн тэтгэлэгт Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Залуус” хотхоны 1 дүгээр байранд байрлах 18м2 талбайтай авто гражийг авсан. Уг гражийг таниас зээлсэн мөнгөндөө өгөөд үлдэгдлийг нь тохиролцмоор байна гэж гуйсан. Тэгэхээр нь өрөвдөөд гражаа үнэлээд өгвөл зээлийн хүүг зогсоож зээлийг хөнгөлөх талаар тохиролцсон болно. Мөн дээрх гражаа бэр дүү Д.Мийн нэр дээр түр шилжүүлсэн, барьцаанд байгаа учраас хэд хоногийн дараа таны нэр дээр шилжүүлье гэсэн юм. 2019 оны 7 дугаар сарын 05-нд Д.М утасдаад гражийг таны нэр дээр шилжүүлье, нотариат дээр уулзъя гэсэн. Нотариат дээр уулзаад ямар гэрээ хийх вэ? Гэж асуухад худалдах-худалдан авах гэрээ хийе гэж хэлсэн. Тухайн үед Б.Яийн хөрөнгийг дүү Д.М нь түр нэр дээрээ байлгаж байгаад хоорондын тохиролцоогоор надад Б.Я эгчийн зээлнээс хасуулахаар шилжүүлэн өгч байгаа гэж хэлсэн. Тухайн үед энд яригдаад байгаа миний хүү Р.Г, Д.М, түүний нөхөр Азжаргал нарын хоорондын 35 000 000 төгрөгийн зээлийн яриаг надад ер хэлээгүй, би огт мэдээгүй. Миний хүү Р.Г намайг гражийг нэр дээрээ шилжүүлж ав гэж огт хэлээгүй. Харин Б.Я өөрөө гражаа таньд өрөндөө өгье гэж хэлсэн. Энэ нэхэмжлэлийг ирэх хүртэл би өрөндөө суутгаж хасуулсан гэж ойлгож байсан гэж тайлбарлажээ.
Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлд “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасанчлан хариуцагч Р.У шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй бөгөөд ийм үүрэг хүлээгээгүй, худалдах худалдан авах харилцаа үүсээгүй талаар зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэн М.Ц нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Залуус” хотхоны 1 дүгээр байранд байрлах 18м2 талбайтай авто гражийг Б.Ят бэлэглэсэн болох нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний хуулбараар, Б.Я нь уг гражийг Д.Мт бэлэглэсэн болох нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “бэлэглэлийн гэрээ”-ний хуулбараар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.М мөн болохыг баталсан Ү-1213003052 дугаарт бүртгэлтэй гэрчилгээний хуулбар зэрэг үйл баримт тогтоогджээ.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, 57.2 дахь хэсэгт “шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ.
Дээрх үйл баримт, зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах зорилгогүй, хэлцлийг хийх хүсэл эрмэлзлэлгүй байсан нь тогтоогдож байх тул шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.М нь үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүх нэхэмжлэгч Д.М, хариуцагч Р.У нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Залуус” хотхоны 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 18м2 талбайтай улсын бүртгэлийн Ү-1213003052 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Д.Мийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Ут даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Уээс улсын тэмдэгтийн хураамжинд 78 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М болон хариуцагч Р.У нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах” хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Залуус” хотхоны 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 18м2 талбайтай улсын бүртгэлийн Ү-1213003052 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Д.Мийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Ут даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Уээс улсын тэмдэгтийнэ хураамжинд 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ