Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 492

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мт холбогдох

“Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, Н.Д, гэрч Д.Ю, Г.Саруулцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд тухайн байгууллагад ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг жил бүр сунгаад, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж явдаг. Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөрчөөгүй, байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй өнгөрсөн зүйл байхгүй атал надад Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар 2 сарын цалингийн 20 хувиар хасах тухай сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07 тоот Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд ажил сайжруулах талаар манай байгууллагын надаас гадна 2-3 хүнд ёс зүй, зан харилцааны талаар анхааруулга өгсөн байна. Гэтэл энэ талаар бидний хэнд нь ч мэдэгдээгүй, ийм хурал хийгээгүй гэдгийг хүмүүс өөрсдөө хэлнэ.

Хурлын тэмдэглэлийг дарга бичдэггүйг бид мэднэ. Тиймээс хурлын тэмдэглэлийг Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ө нь өөрөө зохион нөхөж бичсэн байх магадлалтай байна.
Иймээс М.Ат сахилгын шийтгэл ногдуулсан тухай Б/59 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа; Маргааны гол гогцоо болсон сахилгын зөрчлийг хэзээ гаргасан, ямар сахилгын зөрчил гаргасан болох,  зөрчлийг шалган тогтоосон эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хэзээ, ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байна. “С” үнэлгээ авсан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.

Хариуцагч тал 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш гаргасан зөрчлүүдэд нь сахилгын шийтгэл ногдуулсан гэж ярьж байна. Яг хэзээ, ямар зөрчил гаргасныг шалган тогтоосон болохоо нотлох баримтаар нотолж чадсангүй.

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр М.Аын гаргасан зөрчлийг илрүүлсэн байна. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш гаргасан гээд байгаа зөрчлүүд нь тодорхойгүй байна.

Шийтгэл гэдэг бол зөрчлийн шинж байдалдаа тохирсон байх ёстой. “С” үнэлгээ авсан нь сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлүүдээс харахад үйлчилгээний ажилтнууд анхаар, үйлчилгээний ажилтнуудад үүрэг болгож байна гэсэн байгаа. Тэгэхээр үйлчилгээний ажилтан гэхээр ганцхан М.А биш юм.

Гэрч Д.Ю сонсгол дээр ажил сайжруулах талаар хэлж байсныг санаж байна, он сарыг нь санахгүй байна гэж хэлж байна.

Тэгэхээр даргын зөвлөлийн хурлаар ажилтнуудыг оруулдаггүй юм байна, дараа нь бичгийн нотлох баримтыг бүрдүүлж болно.  2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр арга хэмжээ авахдаа, тухайн өдөртөө холбогдох хүндээ танилцуулаад гарын үсэг зуруулдаг юм байна. Нөгөө талаар ямар хэлбэрийн шийтгэл ногдуулж байгааг ажилтанд бичгээр мэдэгдэж байх ёстой.

Бичгээр мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Зөрчлийн шинж байдлыг гэрчээр нотлуулахгүй. Яагаад гэхээр Ө.Тгийн удирдлага дор ажилладаг ажилтан тул. Тийм учраас тусдаа ажлын хэсэг гаргаж зөрчлийг нь шалган тогтоосон байх ёстой. Гэтэл ажил олгогчийн зүгээс энэ ажиллагааг хийгээгүй байна. Удаа дараа зөрчил гаргасан болохыг нь ажил олгогчийн зүгээс шалган тогтоосон зүйл байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа; Тус газрын жижүүр М.Аын “Газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай” Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

М.А нь хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж 2019 оны 1 дүгээр улиралд “С” үнэлэгдэж, Даргын зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07 тоот хурлын шийдвэр болон байгууллагын сонсгол мэдээллийн цагаар ажил сайжруулах талаар удаа дараа үүрэг чиглэл өгч байсан боловч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны дэг журмыг зөрчин үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан алдаа дутагдал давтан гаргасан тул М.Аын албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм.

М.А нь Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4, Улсын Ерөнхий байцаагчийн “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01/01 албан даалгаврын 5 дахь заалт, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.17, 8.1ё, 8.2 дахь заалт, “Хурал цуглаан, сонсгол мэдээлэл хийх журам”-ын 2.2 дахь заалт, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.1, 4.5, 4.8 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь хавсралтад заасан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул хариу тайлбар хүргүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны хурал нь 1 дүгээр улирлын тайлан мэдээнд үнэлэлт, дүгнэлт өгөх  даргын зөвлөлийн хурал болсон байгаа. Тухайн хурлаар бүх албан хаагчдын ажлын үр дүнг дүгнэж, цаашид авах  арга хэмжээний саналаа боловсруулж даргын зөвлөлийн хурлын шийдвэр  гардаг.  Уг шийдвэр дээр М.А ажлын хариуцлага алдаж “С” үнэлгээтэй дүгнэгдэж даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр анхааруулга өгсөн байгаа. Зөвлөлийн хурлын шийдвэр гарснаас хойш 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн сонсгол мэдээллийн цаг дээр энэ талаар танилцуулсан. Манай байгууллагад “Сонсгол мэдээлэл хийх журам” гэж мөрдөгддөг. Сонсгол мэдээлэлд бүх албан хаагч суух ёстой. Энэ журмаар хүлээлгэсэн үүрэг даалгаврыг зохих этгээд биелүүлэх үүрэгтэй. Сонсгол мэдээлэл дээр удаа дараагийн үүрэг чиглэлийг өгч байсан. Үүнийг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байгаа. Манай байгууллагад олон хүмүүс орж гарч солигдсон болохоор янз бүрийн гарын үсэгтэй тэмдэглэлүүд байгаа. Тухайлбал хүний нөөц, дотоод ажилтан Нармандах гэдэг хүн байсан, Дариймаа 09 дүгээр сараас орж ирсэн. Тэгэхээр гарын үсэг янз бүр байгаа. 3 дугаар улирлын үр дүнг 9 дүгээр сард хэлэлцсэн. М.Ат ажлын үүрэг, хариуцлагаа дээшлүүлэх, угтах үйлчилгээтэй байх чиглэлийг газрын даргаас байнга өгдөг байхад М.А жижүүр байнга малгайтай, утсаа оролдоод сууж байдаг. Ийм учраас даргын зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар сахилгын арга хэмжээ авах шийдвэр гарсан байгаа. Ингэхдээ процессийн ажиллагаануудыг дүрэм журмын дагуу хийсэн. Сонсгох ажиллагааны тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Энэ алдаа зөрчлүүд нь дотоод хяналтын камерийн бичлэг, гэрч нарын мэдүүлгээр нотлогдох байх гэж бодож байна. Албан бичгийн хувьд тоот, дугаараа дарааллаад авдаг тул нөхөж гаргасан зүйл байхгүй. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/59 дугаартай тушаал бодитой гарсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Байгууллагын жижүүр бол ажлын цаг бүртгэсэн болчихоод л, бусад үед нь зүгээр суудаг хүн биш. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний хавсралт хэсэгт ажил үүргийн хуваарь гэж байгаа.  Үүний дагуу мөрдөгдөж явдаг байгаа. 2019 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр сонсгол мэдээллийн цаг дээр М.А, Д.Ю, Х.Уртнасан гэсэн 3 ажилтанд анхааруулах арга хэмжээ авахаар Даргын зөвлөлийн хурлаас шийдвэр гарсан. Уг шийдвэрийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр буюу бүх нийтийн сонсгол мэдээллийн цаг дээр танилцуулсан тэмдэглэл байдаг. Ирцээс үзэхэд М.А 4 удаа дараалан хуралд суугаагүй байдаг.  Сонсох ажиллагааны тэмдэглэл дээр М.Аын саналыг асуухад жижүүртэй үедээ машин тэргээ янзалж байсан тохиолдол байдаг, утсаа оролддог, заримдаа мэндэлдэггүй гэж гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм учраас Б/59 тоот тушаал үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Гэрч Д.Ю шүүх хуралдаанд мэдүүлэхдээ;. Тэр сонсгол болсон он, сарыг нь санахгүй байна. Нэг сонсгол дээр 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн даргын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан, М.Ат ажлаа сайжруулах анхааруулга өгч байсан гэв.

Гэрч Саруулцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ; М.А жижүүрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ өөрийнхөө хувийн машинд засвар үйлчилгээ хийдэг, ажлын байраа орхиж явдаг, ширээний ард сууж байхдаа утсаа оролдоод хэн орж гарч байгааг анзаарахгүй сууж байдаг, байнга малгайтай сууж байдаг. Удирдлагаас анхааруулж сануулдаг. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг сонсгол мэдээллийн цаг  дээр танилцуулж байсан. М.А нь ажлын бус цагаар ажлын байраа түгжчихээд явж байсан удаа надтай 2-3 удаа тохиолдож байсан гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.А нь Сүхбаатар аймгийн Мт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар нэхэмжлэгч М.Ат “хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж 2019 оны 1 дүгээр улиралд “С” үнэлэгдэж, Даргын зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07 тоот хурлын шийдвэр болон байгууллагын сонсгол мэдээллийн цагаар ажил сайжруулах талаар удаа дараа үүрэг чиглэл өгч байсан боловч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны дэг журмыг зөрчин үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан алдаа дутагдал давтан гаргасан тул албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 131 дүгээр зүйлийн 131.1.2, Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4, Улсын Ерөнхий байцаагчийн “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01/01 албан даалгаврын 5 дахь заалт, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.17, 8.1ё, 8.2 дахь заалт, “Хурал цуглаан, сонсгол мэдээлэл хийх журам”-ын 2.2 дахь заалт, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.1, 4.5, 4.8 дахь заалтыг тус тус баримталжээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дээрх тушаалд дурдсан сахилгын зөрчлийг огт гаргаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалаа гэж байгууллагын удирдлагын зүгээс хэлж мэдэгдээгүй, анхааруулаагүй, хэрэв зөрчил гаргасан гэж үзсэн бол шалгаж тогтоогоогүй, хэдийд, ямар зөрчил гаргасан гэж үзэж сахилын шийтгэл  хүлээлгэж байгаа үндэслэл нь тодорхойгүй байх тул Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 дүгээр тушаал хууль зөрчиж гарсан” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...удаа дараалан зөрчил гаргасан нь нотлогдсон, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07 тоот хурлын шийдвэр болон байгууллагын сонсгол мэдээллийн цагаар ажил сайжруулах талаар удаа дараа үүрэг чиглэл өгч байсан боловч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны дэг журмыг зөрчин үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан алдаа дутагдал давтан гаргасан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй” гэж маргадаг.

Нэхэмжлэгч М.А нь Сүхбаатар аймгийн Мтай хөдөлмөрийн гэрээ байгуулан жижүүрийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа нь түүнийг ажилд томилох тухай Мэргэжлийн хяналтын газрын даргын 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалын хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар сунгасан хөдөлмөрийн гэрээний хуулбар, НДД №А000258688 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргаагүй гэж маргаж байх тул хариуцагч тал нотлох баримтаар зөрчил гаргасан гэсэн үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Хариуцагч Сүхбаатар аймгийн М нь нэхэмжлэгч М.Ат сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэртээ хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтууд зөрчснийг даргын зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07 тоот хурлын шийдвэр болон байгууллагын сонсгол мэдээллийн цагаар, ажил сайжруулах талаар удаа дараа үүрэг чиглэл өгч байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ, хэрхэн яаж зөрчсөнийг тодорхой дурдаагүй,  зөрчил тус бүрийг шалгаж тогтоосон талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

“Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг олгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.

Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн, ажлын гүйцэтгэл “С” үнэлгээгээр дүгнэгдсэн зэргийг сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй юм.

Хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч М.Аыг сахилгын зөрчил гаргасан болохыг нотолж чадаагүй болно.

Иймд нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч М.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын  2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ