Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 479

 



            Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Т.Бгийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: “С” ОНӨААТҮГазарт холбогдох

 

            “2019 оны 02 дугаар сараас 6 дугаар сар хүртэл буюу 5 сарын цалин болох 1 450 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн “С” ОНӨААТҮГазарт манаачаар ажилласан. Ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын хөлсийг 290 000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл “С” ОНӨААТҮГазар нь 2019 оны 02 дугаар сараас 06 дугаар сар хүртэл буюу 5 сарын цалин болох нийт 1 450 000 төгрөгийг олгоогүй. Энэ хугацаанд үйлдвэрийн удирдлагууд солигдсон. Хуучин дарга Т.Ш надад хамаагүй гэдэг. Шинэ дарга О.Б Т.Шгээс ав, энэ хүн өгөх ёстой гэсэн тайлбар хэлдэг. Одоо миний бие өвчтэй, байнга эмчийн хяналтанд байдаг, эм тариагаа авч чадахгүй болоод байна. Иймд “С” ОНӨААТҮГазраас миний 5 сарын цалин хөлс болох нийт 1 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч “С” ОНӨААТҮГазраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Б нь манай байгууллагад 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн манаачаар ажилласан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудын дагуу эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Э.Б нь хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тогтоолгосон байдаг ба шүүхэд цалин нэхэмжилсэн асуудал нь хуулинд хэрхэн нийцэж байгааг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

            Хариуцагч “С” ОНӨААТҮГазрын хууль ёсны төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг энэ ажил томилогдохоос өмнө болсон асуудал. Цалинг нь олгох төсөвгүй учраас олгохгүй байсан. Оны төсөв хэлэлцэгдээд төсөвт тусгагдсан байгаа тул цалинг нь олгох боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Б нь “С” ОНӨААТҮГазарт холбогдуулан “2019 оны 02 дугаар сараас 6 дугаар сар хүртэл буюу 5 сарын цалин болох 1 450 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “С” ОНӨААТҮГазар нь нэхэмжлэлийн шаардлага болох цалин 1 450 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Т.Бийн  нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 02 дугаар сараас 6 дугаар сар хүртэл буюу 5 сарын цалин болох 1 450 000 төгрөгийг хариуцагч “С” ОНӨААТҮГазар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ОНӨААТҮГазраас 1 450 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38 150 төгрөгний тал хувь 19 075 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

            3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ