Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 130

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Улсын яллагч Л.Энхтайван

           Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

            Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Самдангийн Цолмонбаатарт холбогдох эрүүгийн  201618000335 тоот  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харъяат, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1962 оны 06 дугаар сарын 24-нд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны механик мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр охины хамт, Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 4 дүгээр хороо 2 дугаар хэсэг 050 тоотод оршин суух Болд төмөр Ерөө гол ХХК-ий Цагаанхаалга төмөр замын өртөөнд холбооны механик ажилтай, Молгол улсын онц хөдөлгөөнчин цол тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Тайж овогт Самдангийн Цолмонбаатар РД: /МО62062411/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Цолмонбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 2 дугаар хэсэг 4-50 тоотод өөрийн хамтран амьдрагч Д.Цэцгээтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын 01 тоот “.....Яллагдагч С.Цолмонбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 2 дугаар хэсэг 4-50 тоотод өөрийн хамтран амьдрагч Д.Цэцгээтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй гэрч Д.Бат-Эрдэнэ, гэрч А.Болорчулуун, гэрч Н.Амарцэнгэл, хохирогч Д.Цэцгээ, яллагдагч С.Цолмонбаатар нарын мэдүүлэг шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 464 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.....  ....Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.2-д заасныг баримтлан яллагдагч С.Цолмонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.152.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна....” гэх  санал /хх-ийн 51 тал/

           Хохирогч Д.Цэцгээгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “...Д.Цэцгээ нь нөхөр болох Цолмонбаатарт зодуулж биедээ гэмтэл аван танай байгууллагад шалгагдаж байна. Энэ хүнийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 43 тал/

           Яллагдагч С.Цолмонбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “....С.Цолмонбаатар миний бие нь эхнэр Д.Цэцгээг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танай байгууллагад шалгагдаж байна. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгуу тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 44 тал/

            Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 464 тоот “...1. Д.Цэцгээгийн биед баруун суганы ар хэсэг, цээжний баруун хэсэг, хэвлийн баруун доод хэсэг, баруун ташаа, баруун гуянд түлэгдсэн шарх, зүүн мөр, зүүн бугалга, зүүн далны доод хэсэг, нурууны хөндлөн, зүүн сарвуу, баруун гуя, баруун өвдөг, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.дээрх гэмтэл нь хатуу мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/

          Хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Цолмонбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Д.Цэцгээг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Цэцгээгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэгийн №464 тоот дүгнэлтээр нотлогдсон байх ба шүүгдэгч С.Цолмонбаатарын дээрхи үйлдэлд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж Аймгийн прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 03-ний өдөр яллагдагчаар татах тогтоолыг баталж, түүнд оногдуулах  ялын төрөл хэмжээний талаар санал бичиж шүүхэд шилжүүлсэн байна.

           Шүүгдэгч С.Цолмонбаатар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Цэцгээ нь түүнд оногдуулах ял шийтгэл болон өөрт учирсан хохирол, гэмтлийн зэргийн талаар маргаагүй, шүүгдэгч хохирогч нар нь харилцан зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой байна.

           Шүүгдэгч С.Цолмонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан  “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч С.Цолмонбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн  төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрэгтэй хүний хар түрийтэй гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5, мөн хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Самдангийн Цолмонбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “..бусдын биед хөнгөн гэмтэл санаатай  учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Самдангийн Цолмонбаатарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.152.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч торгох ялаас ноцтойгоор зайлхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хар өнгийн түрийтэй гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Шүүгдэгч С.Цолмонбаатар энэ гэмт хэргийн улмаас нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч С.Цолмонбаатарт урд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байхаар баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ