Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 09

 

А.Баянжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч  Т.Бямбажав, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2018/00080 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Баянжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Нэртөрд хариуцагдах 1800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Баянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагч Л.Нэртөр, нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч А.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 57-98 ӨМА улсын дугаартай Хонконг элентра маркийн хар ногоон өнгийн автомашиныг 1.800.000 төгрөгөөр тохиролцож худалдан авсан. Анх худалдахдаа машиныг найдвартай, эвдрэл гэмтэл байхгүй “хэрэв эвдрэл гэмтэл гарвал би хариуцна” хэмээн гэмтэлтэй машинаа нууж бидэнд худалдсан. Авсан машин 10 хоноогүй кроп нь засвар авахааргүй эвдэрсэн. Уг байдлыг иргэн Л.Нэртөрд хэлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд хариуцагч Л.Нэртөрөөс 1.800.000 төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Баянжаргал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт: Би нөхрийн хамт мотоцикль худалдан авахаар худалдааны төвөөс такси барьж, таксин дотор хоорондоо ярьж явсан. Тэгтэл таксины жолооч болох Л.Нэртөр эгч надад нэг сайхан машин байгаа. Та хоёр мотоцикль авсанаас машин авсан нь дээр гэсэн. Уг нь та хоёрт ашигтай эгчид нь сайн машин байгаа. Гол нь шил нь хагарсан байгаа хэрвээ та хоёр авахаар бол эгч нь солиод өгнө гэсэн. Тэгээд би нөхрийн хамт машиныг очиж үзсэн чинь шил нь хагарсан машин байсан. Тэгээд би хөдөө гэртээ харих гэсэн явах унаагүй болсон учраас би Л.Нэртөр эгчрүү утасдаад хөдөө гэрлүүгээ явах гэсэн унаагүй болчихлоо та хүргээд өгөх боломж байна уу? гэсэн Л.Нэртөр эгч бензин хийвэл хүргээд өгч болно гэсэн. Би бензин хийгээд гэртээ хүргүүлсэн. Л.Нэртөр эгч таалагдаж байвал ав л даа гэсэн. Би таалагдаж байна, гол нь эвдрэл гарвал яах юм бэ? гэсэн. Манайд дахиад нэг адилхан машин байгаа эвдэрсэн тохиолдолд тэр машиныг бүгдийг иь сэлбэгэнд ав гэсэн. Би бодохдоо бараг хоёр машинтай учраас эвдэрсэн тохиолдолд дахиад сэлбэх машинтай учраас мотоциклиос дээр байх юм байна гээд уг машиныг худалдан авсан. Тэгээд машинаа авах гэтэл шилийг солино гээд хотруу явсан байсан. Улаанбаатар хотоос ирэх үеэр нь манай нөхөр очиж машинаа авчирч ирсэн. 2017 оны 09 дүгээр сард манайх отроос нүүгээд замдаа явж байтал машин гэнэт эвдрээд 1 дүгээр араа болон 3 дугаар араандаа орохоо больсон. Би Л.Нэртөр эгчид машин эвдэрсэн гээд хэлсэн чинь намайг яаж авч явсанаараа буцаагаад аваад ир гэсэн. Би машиныг нь буцааж өгөөд мөнгө буцаагаад авмаар байна. Би уг машиныг ширүүн унаж байсан удаа байхгүй. Тэр машин нь сайн машин байсан бол хэдэн cap ч гэсэн ажиллаад явах байсан. Нэг cap ч бололгүй 10 гаруй хоногийн дараа эвдэрсэн болохоор би гайхаж байна. Уг нь надад хэлэхдээ дахиад нэг адилхан машин байгаа гэж хэлсэн боловч надад сэлбэгэнд хэдэн араа өгч явуулсан байсан. Надад өгсөн сэлбэг нь таарахгүй байсан. Таарахгүй байсан учир нь надад өгсөн машины сэлбэг нь зүүн талдаа рультэй машины сэлбэг байсан, Баруун талдаа рультэй машинд таарахгүй байдаг гэсэн. Би машиныг засаж авах хүсэл байсан хэдий ч засвар авахгүй байгаа учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би машиныг нь буцааж өгөөд 1.800.000 төгрөгөө авах хүсэлттэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч хоёрын хооронд худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн байдаг. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт заасан үндэслэл гарсан байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 08 дугаар сарын 13-ний өдөр автомашиныг худалдан авах хэлцэл хийгдээд автомашины төлбөр болох 1.800.000 төгрөг Л.Нэртөрийн дансанд хийсэн байдаг. Уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигч нь Шинэцэцэг гэдэг хүний нэр дээр байдаг. Мөн уг машин нь 1996 онд үйлдвэрлэгдсэн 2004 онд Монголд орж ирсэн нийт 10 гаран жил явсан машин байдаг. Нэхэмжлэгч хариуцагч хоёрын хооронд мөнгө өгч авалцсан хэдий ч автомашины гэрчилгээг А.Баянжаргалын нэр дээр шилжүүлээгүй учраас худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй гэж үзэж байна. Уг машиныг худалдан авсан өдрөөс хойш 10 гаруй хоногийн дараа эвдэрч энэ талаар нэхэмжлэгч хариуцагчд мэдэгдсэн байдаг. А.Баянжаргал Л.Нэртөрийн гэрт очиж автомашины сэлбэгээ аваад машинаа засварт өгөөд сэлбэх гэтэл Л.Нэртөрийн өгсөн сэлбэг таараагүй байдаг. Тийм учраас уг худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгох үндэслэл байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 256.2. дахь хэсэгт зааснаар хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно гэсэн хуулийн заалт байдаг учраас уг машины кроп эвдэрсэн нь тухайн машины бусад хэсэгтэй нэгдмэл зориулалттай байнаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэг зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ шаардлагыг гаргах эрхтэй гэсэн хуулийн заалт байдаг. Ийм учраас худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна. Л.Нэртөрийн хэлснээр 2017 оны 09 дугаар сарын 20-ны үеэр машин эвдэрсэн гэж хэлсэн байдаг. Уг машинаа аваад ирвэл би мөнгийг нь буцаагаад өгье гэсэн тайлбар хэлж байна. Эндээс харахад хариуцагч тал машин эвдэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хөдөөний малчин хүмүүст машин унааны хэрэг маш их хэрэгтэй байдаг. Уг машины кропыг янзлахаар Улаанбаатар хотруу явсан боловч засагдах боломжгүй байна гэж хэлсэн байдаг учраас машиныг нь буцааж өгөөд 1.800.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Л.Нэртөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Адъяамаагийн Баянжаргалын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Лхагвын Нэртөр миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч А.Баянжаргал нь тухайн үед машинаа зарчих гээд гуйгаад шалгаж авсан бөгөөд миний зүгээс ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн юм. Гэтэл нэхэмжпэгч нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж машинаа эвдчихээд худалдах худалдан авах гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа намайг эвдрэлтэй машинаа нууж зарсан мэтээр нэхэмжлэл гаргаж мөнгө эргүүлэн нэхэж байгаа нь учир дутагдалтай юм гэжээ.

Хариуцагч Л.Нэртөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: А.Баянжаргал нөхрийн хамт 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надтай хамт таксинд сууж явахдаа мотоцикль сонирхоод буцаж явах замдаа хямдхан зарах машин байна уу гэхэд надад нэг унаж байсан машин байгаа би энэ машинаар амьдралаа залгуулдаг уг машиныг худалдан аваад 2 жил болж байгаа. Чи энэ машиныг үзээд сонирхож байвал би чамд хямдхан өгнө гэсэн. Тэгээд манайд очиж үзээд гоё машин байна гэсэн. Би наад машин чинь механик кроптой тэрэг шүү унаж чадах уу? гэсэн. А.Баянжаргал зүгээрээ өмнө нь УАЗ 469 унаж байсан чадна гэж хэлээд авсан. Тэгээд орой нь надруу утсаар залгаад хүргээд өгөөч гэсэн би А.Баянжаргалаар бензин хийлгээд машинаа унаад А.Баянжаргалыг нөхрийнх нь хамт Хүрмэн сумруу гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь нөхөр нь усанд явахдаа унаад явсан болж байна гэсэн. Би А.Баянжаргалд хэлэхдээ эгч нь чамд шахаж шаардаж өгөөгүй шүү гэсэн. Гэтэл хэд хоногийн дараа миний дансанд мөнгө шилжиж орж ирсэн. Би уг машины шилийг нь авто засвар дээр солиулаад зогсож байтал нөхөр нь ирээд машин аваад явсан. Би маргааш өглөө нь А.Баянжаргалруу утсаар яриад танай нөхөр машинаа унаад дажгүй явж очсон уу гэж асуусан. А.Баянжаргал надад хэлэхдээ дажгүй сайн явж ирсэн харин замдаа дугуйн хагараад ирсэн гэж хэлсэн. Би уг машиныг 2 жилийн турш унахдаа нэг ч удаа эвдэлж байгаагүй гэж А.Баянжаргалд хэлж байсан. А.Баянжаргал надруу залгаад машин эвдэрсэн талаар хэлэхэд нь би дүүрүүгээ залгаад асуусан манай дүү надад хэлэхдээ машин асааж байгаа бол кроп нь эвдрээгүй байгаа гэж хэлсэн. 1 болон 3 дугаар араандаа орохгүй байгаа бол тороос нь тасарсан байж магадгүй гэж хэлсэн. Би тэгээд А.Баянжаргалыг ирэх үеэр нь ах руугаа залгаад машины сэлбэг гаргуулж өгсөн. Тэгээд удалгүй нөгөө авч явсан сэлбэг нь таарахгүй байна гэхээр нь би чи тэгвэл унаж авч явсан шигээ буцагаад аваад ирвэл эгч нь мөнгийг нь буцагаад өгье гэж хэлсэн. Би уг машины гэрчилгээг Шинэцэцэг гэдэг хүнээс шилжүүлэн авч чадаагүй гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2018/00080 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Нэртөрөөс 1.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Баянжаргалд олгож, 57 98 ӨМА улсын дугаартай Хонконг элентра маркийн автомашиныг Л.Нэртөрд буцаан өгөхийг нэхэмжлэгч А.Баянжаргалд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Баянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нэртөрөөс 43.750 гаргуулан нэхэмжпэгч А.Баянжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Нэртөр давж заалдах гомдолдоо: “...А.Баянжаргалтай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 1800000 төгрөгөөр машиныг нь худалдан авсан. Арилжаа наймаа хийх явцад машины бүрэн бүтэн байдлыг бүгдийг үзэж, урд шил хагархай байсныг сольж өг гэсэн үндсэн дээр Улаанбаатар хотоос 80000 төгрөгөөр авчирч, тэнгис авто засварын газар сольж байхад Баянжаргал ярьж, нөхөр болох Баяраа нь шамдуулан авч явсан. Гэтэл 10-д хоногийн дараа Баянжаргал утсаар ярьж энэ машин чинь унтраад байна гэж элдэв янзаар хэл амаар доромжлон, эзгүйд гэрт ирэн насанд хүрээгүй 2-3 хүүхдүүдийн хажууд янхан, ээж чинь бөгсөө худалдаж хүнд явдаггүй ямбий машинаа шахсан гэж нэр хүндэд халдсан. Үүнийг нь цаашид гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. Манайд дахиад нэг адилхан машин байгаа эвдрэл гэмтэл гарвал таарах сэлбэг байвал ав гэснийг худал нотлох баримт болгосон, би сайхан санаж машины сэлбэг хэрэгтэй бол хэрэг болох болов уу гэж утсаар ярьсаныг мушгин гуйвуулж, эвдэрхий машин бидэнд өгснөө өшөө машин сэлбэгэнд байгаа гэж худал мэдүүлэг шүүхэд өгсөн. Би Баянжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч А.Баянжаргал нь Л.Нэртөрд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой 1800000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, Л.Нэртөрөөс худалдан авсан машин нь эвдрэлтэй байсан тул түүний үнэнд шилжүүлж өгсөн 1800000 төгрөгөө гаргуулж авах гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлажээ.

            Хариуцагч Л.Нэртөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. Хэрэгт авагдсан баримтаар А.Баянжаргал, Л.Нэртөр нар нь 2017 оны 8 дугаар сарын 13-нд   Elentra машиныг худалдах, худалдан  авахаар тохиролцож баримт үйлдэн, 2017 оны 8 дугаар сарын 26-нд Л.Нэртөр нь А.Баянжаргалд Elentra суудлын автомашиныг шилжүүлж, А.Баянжаргал нь гэрээний үнэ 1800000 төгрөгийг Л.Нэртөрд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна. Энэ үйл баримтаар тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байх тул зохигчдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатын шүүх зөв тодорхойлсон гэж үзнэ.  

            Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн шүүх хуралдаанд “Баянжаргал надруу утасдаад машин эвдэрсэн талаар хэлэхэд нь ...сэлбэг гаргуулж өгсөн,...сэлбэг нь таарахгүй байна гэхээр нь би чи тэгвэл унаж авч явсан шигээ буцаагаад ирвэл эгч нь мөнгийг нь өгье гэж хэлсэн.”, нэхэмжлэгчийн “...Би Нэртөр эгчид машин эвдэрсэн гээд хэлсэн чинь намайг яаж авч явснаараа буцаагаад аваад ир...” тусгагдсан нь  гэрэээний зүйл болох машин нь 2017 оны 9 дүгээр сард эвдэрсэн, эвдэрлийг арилгуулахаар хариуцагчийн явуулсан сэлбэг нь уг машинд тохироогүйг нотолж байна.

            Ингэснээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй  хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйг хүлээн зөвшөөрч 253.1 дэх хэсэгт заасан худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах худалдагчийн эрх, үүрэг хэрэгжүүлж,  харин худалдан авагч нь гэрээг цуцлахаас өмнө эд хөрөнгийн доголдлыг арилгуулах өөр шаардлагыг худалдагчид гаргаж байсан гэж үзнэ.

            Хэргийн 03 дугаар хуудсанд “Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд иргэн Нэртөр нь хариуцахаар байгуулав” гэсэн гэрээ бйагуулсан тухай баримт авагдсан ба шүүх хуралдаанд А.Баянжаргал нь “манайд дахиад нэг машин байгаа эвдэрсэн тохиолдолд тэр машиныг бүгдийг нь сэлбэгэд ав гэсэн. Би бодохдоо бараг хоёр машинтай, учраас дахиад сэлбэх машинтай учраас мотоциклээс дээр байх гэж уг машиныг худалдан авах болсон” гэж тайлбарласан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн мотоцикль авахаар явж байсан байсан гэсэн тайлбарыг үгүйсгэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаагүй байна. Иймээс худалдах худалдан авах гэрээг байгуулах худалдан авагчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь сэлбэгт ашиглах өөр машин байсан тул уг гэрээг байгуулсан гэж үзэх нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

            Хэрэгт Иргэний хуулийн 253 дугаар зүйлд зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд худалдах худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрх худалдан авагч А.Баянжаргалд үүссэн байна.

            Иймээс машиныг иргэн Баянжаргалтай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 1800000 төгрөгөөр худалдан авч эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2018/00080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Нэртөрийн давж заалдах гомдлыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.36 дахь хэсэгт үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шaүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

          ШҮҮГЧ                                      Т.БЯМБАЖАВ

                                                   П.ДОЛГОРМАА